Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.
-Арав гаруй хоногийн өмнө Өмгөөллийн тухай хуулийг төслийг Засгийн газраас өргөн барьсан. Гурван жилийн өмнө хүчингүй болгосон энэ хуулийг дахиж гаргах ямар шалтгаан байгаа юм бэ?
-Гол асуудал юунд байна гэхээр, өмгөөллийн үйл ажиллагааны бие даасан байдал, өмгөөлөгчийн хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин өмнө байснаасаа дордчихлоо. Шүүх дээр хэрэг маргаанд оролцоод явж байгаа өмгөөлөгчдийн талаар шүүгч, прокуроруудын зүгээс шүүмжлэлүүд гарах боллоо. Өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар суларсан байна гэж. Иргэдийн болон хууль сахиулах байгууллагуудын зүгээс өмгөөлөгчдийн хариуцлагын асуудлыг их хөндөж байгаа. Хариуцлагагүй өмгөөлөгчдийн тоо нэмэгдэж байна гэдэг ч юм уу. Энэ нь нэг талаасаа өмгөөлөгч болоход тавьдаг байсан шаардлага буюу шалгуур байхгүй болсонтой холбоотой. Хуульчийн гэрчилгээ авсан байсан олон хүн шууд өмгөөлөгч болох, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах болсонтой холбоотой л доо. Аливаа мэргэжлийн үйл ажиллагаа өөрийн гэсэн онцлог арга зүй эзэмшсэн байхыг шаарддаг. Тэр тусмаа өмгөөллийн үйл ажиллагаан дээр бол илүү өндөр ур чадвар, дадал зүй шаарддаг. Яагаад гэвэл, үүний цаана хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудал яригдаж байдаг. Өмгөөлөгчид нэг эрх нэмэгдүүлье, өмгөөлөгчийн эрх зүйн орчныг сайжруулъя л гэж байгаагийн цаана иргэний эрхийн асуудал хөндөгдөөд явж байдаг юм. Өөрөөр хэлбэл иргэнд хууль эрх зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдлэхэд нь туслах тухай шүү дээ. Урган гарсан эдгээр асуудлаас үүдэж Өмгөөллийн тухай хуулийг сэргээе гэж байгаа юм.
-Энэ хуулиас ямар өөрчлөлт хүлээж байгаа вэ?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахаас өмнө 2011 онд Засгийн газраас Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьчихсан. Түүнийг нь УИХ хэлэлцэх шатандаа явж байсан. Энэ хууль дээр зарчмын хэд хэдэн зохицуулалт хийгдээд явж байсан юм аа. Тухайлбал өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох эрхийг Өмгөөлөгчдийн холбоонд өөрт нь олгоё гэдэг ч юм уу. Ийм шинэчлэлийн өөрчлөлт явж байсан ч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарсантай холбоотойгоор тэр хуулийг өөрчлөх явц зогссон. Тэгэхээр тэр явж байсан төслийг өнөөдөр бий болоод байгаа эрх зүйн орчинтой нийцүүлээд шинэ хуулийн төсөл болгоод УИХ-д өргөн бариад байгаа.
-Өмгөөлөгч хууль, хууль сахиулах байгууллагын дарамтаас болж үйлчлүүлэгчээсээ татгалздаг боллоо гэж УИХ дээр ярьж байсан. Үнэхээр ийм дарамтад орсон өмгөөлөгчийн эрх ашгийг Хуульчдын холбоо, МӨХ хамгаалдаг юм бэ?
-Хуульчдын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг Хуульчдын холбоонд хадгалагдаж байгаа. Өмгөөлөгчийг мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж байхад эрхийг нь зөрчсөн асуудлаар Хуульчдын холбоонд ханддаг. Ер нь бол хандаж байгаа хүмүүс их цөөхөн. Гэхдээ Хуульчдын холбоо бол өөрсдийн тодорхой бодлого, судалгаа, чиг үүргийн хүрээнд энэ асуудлыг гаргаж тавина. Холбогдох байгууллагуудтай санал солилцож ийм асуудал гарахгүй байх талаар анхаарч байгаа. Өмгөөлөгч ч өөрөө мэргэжлийн үйл ажиллагаандаа хариуцлагагүй хандах асуудал ч илэрч байх жишээтэй. Ер нь манай хууль, олон улсын гэрээ конвенцод өмгөөлөгчийг өмгөөлсөн хэрэгтэй нь холбогдуулж эсвэл өмгөөлж байгаа хүнтэй нь адилхан байр суурь, адилхан түвшинд тавьж харилцахыг хориглосон байдаг. Энэ шаардлагыг хангуулах талаар Хуульчдын холбоо тодорхой ажлыг зохион байгуулна. Цаашдаа яах вэ, Өмгөөллийн тухай хууль батлагдаж, хэрэгжээд эхэлбэл өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой тодорхой чиг үүргүүд МӨХ руу шилжинэ. Нөгөө талаар хуульч гэдэг утгаараа Хуульчдын холбоогоор эрх ашгаа хамгаалуулаад явна.
-Хуульчдын холбоо цаашаа ажиллах юм уу. Энэ холбоог мэргэжлийн холбоодод задалж өгнө гэж салбарыг сайдыг ярьсан гэх мэдээлэл ирсэн юм?
-Хуульчдын холбоог байхгүй болгох тухай ямар ч яриа хөөрөө байхгүй. Хууль зүйн сайдын ярьсныг буруу ойлгосон хүмүүсийн яриа байх. Өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг ч хоёр хуулиар зэрэг зохицуулаад байгаа зүйл байхгүй. Одоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд байгаа өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, үүнтэй холбоотой бодлого тодорхойлох, шийдвэр гаргах чиг үүргүүдийг шинээр Өмгөөллийн тухай хууль гаргаад Өмгөөлөгчдийн холбоо руу шилжүүлье гэж байгаа юм. Энэ хууль батлагдвал дээрх чиг үүргүүд Хуульчдын холбоонд үлдэхгүй гэсэн үг. Харин өмгөөлөгчдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг Хуульчдын холбооны дэргэдэх Ёс зүйн хороо хянаж шалгаж шийдвэрлэх зохион байгуулалтыг шинэ хуульд санал болгоод явж байна.
-Эрүүгийн процессын хуулийн төслийн ажлын хэсэгт та өмгөөлөгчийн байгууллагыг төлөөлж орж байсан. Өмгөөллийн үйл ажиллагаанд өмгөөлөгчийн эрх ашгийг тусгасан ямар заалтууд орж байгаа вэ?
-Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тодорхой хэмжээнд зарим боломжуудыг нэмж өгөх нь өгсөн. Гэхдээ орох ёстой зохицуулалтууд хангалттай орж чадсангүй. Энэ талаараа бид тусгайлан санал бэлтгэж ажлын хэсэгт оруулах ажлыг МӨХ-той хийж байгаа. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог нарын санаачилгаар хуульчдын дунд өмгөөлөгчдийн талаарх байр суурийг сонссон. Ер нь хуулиар өмгөөлөгчид тодорхой эрх олгогдож байгаа. Гол нь тэр эрхүүдийг яаж баталгаатай эдлүүлэх вэ гэдэг зохицуулалт сул байдгаас өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл гараад байдаг. Жишээлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бол үүнийгээ өмгөөлөгчид албан ёсоор мэдэгдэж, тэмдэглэл үйлдэж, хэргийн материалтай боломжтой хугацаа олгож танилцуулах зохицуулалт байхгүй. Танилцуулна гэсэн болохоос ямар хугацаанд танилцуулах тухай байхгүй. Ингээд танилцуулахгүй байсаар дараагийн шат руу хэргийг явуулахаар өмгөөлөгч хэргийн материалаа мэдэхгүй өнгөрдөг. Гэтэл прокурор бол тэр хэргийг үүссэнээс авахуулаад бүх үе шатыг мэдэж байгаа. Ингээд өмгөөлөгч, улсын яллагч хоёр шүүх хуралдаанд орж мэтгэлцэхээрээ тэгш бус мэдээлэлтэй орж ирээд, өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрдэг. Үүнийг засч сайжруулах заалт төдийлөн сайн ороогүй байгаа. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулиуд бол нийгмийн нэлээд том харилцааг хөндсөн хуулиуд учраас эдгээр хууль дээр нэлээд ултай суурьтай хандаж нэлээд судалгаатай ажиллаж судлаасай гэж хүсч байгаа. Тэгэхгүй бол нэг мөрийн хөтөлбөрт туссан гэж хэлээд ч юм уу, хоёр сонгуулийн хооронд хийж чадахгүй ажил гэж юу бай вэ ч гэдэг юм уу. Ийм байдлаар хэт шуурхайлаад, хэт хүч давамгайлсан байдлаар хууль батлагдвал эргээд нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл асар их. Тийм учраас сөрөг нөлөөллийг батлах үүднээс нэлээд сайн судлаасай гэж үзээд байгаа. Одоо бол нэлээд эрчимтэй хэлэлцэж байна. Үүнд хуульч хүний хувьд эмзэглэж байгаа.