“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн арван жилийн ой 2017 онд тохиож буйтай холбогдуулан эмнэлгийн эмч, хамт олон Батсүмбэрийн “Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв”-д энэ амралтын өдрөөр ажиллаа. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай эм тариаг эмнэлгийн зүгээс бэлэглэсэн юм. Нарийн мэргэжлийн эмч нар хүн бүртэй тулж ажиллаж эмчилгээ, зөвлөгөөг хүргэсэн бөгөөд үзлэгт хамрагдсан ахмадуудаас эмнэлэгт биеэр ирж, шинжилгээнд орох шаардлагатай арван ахмадыг сонгон, иж бүрэн шинжилгээ хийлгэх эрхийн карт гардууллаа. Мөн таван ахмадыг хагалгаанд орох шаардлагатай гэж үзлээ.
Эрхийн картыг ахмадуудад гардуулах үеэр УБ Сонгдо эмнэлгийн ажилтан Баасансүрэн, “Иж бүрэн шинжилгээнд хамрагдах 10 ахмадыг бид өөрийн унаагаар ирж авч, буцаан хүргэж өгөх юм. Бидний үйл ажиллагаа үүгээр зогсохгүй бөгөөд улирал бүр үзлэг, оношилгоог хийж дараагийн арван хүнд эрхийн карт олгох болно. Жилд дөчин хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Тэгэхээр өнөөдөр карт авч буй ахмадууд шинжилгээнд хамрагдаж, эмчилгээ хийлгэсний дараа манай үйл ажиллагааны талаар сэтгэгдлээ бусад ахмадууддаа хуваалцаарай” хэмээн хэллээ. Ахмадуудыг шинжилгээнд хамруулсны дараа шаардлагатай эмчилгээг хийж байнгын холбоо, харилцаатай байна гэдгийг ч онцолсон юм.
“УБ Сонгдо” эмнэлгийн Бөөрний мэс засалч, эрэгтэйчүүдийн эмч М.Мөнхжаргал, “Хүн өөрийн хүслээр үзлэгт хамрагдах эрхтэй. Тиймээс хүссэн хүн бүрийг үзлэгт хамруулсан. Миний хувьд бөөрний мэс засал чиглэлээр 15 хүнийг үзэж, эмчилгээ бичиж өгсөн. Бусад эмч нар маань төдий тооны хүн үзсэн. Мөн хагалгаанд орох таван хүн байна. Ахмадуудыг шинжилгээнд хамруулсны дараа харилцан тохиролцсоны үндсэн дээр хагалгаа хийх боломжтой . Хагалгаанд орох шаардлагатай таван хүнээс нэг ахмад хийлгэхгүй гэж шийдсэн. Мөн нэг ахмад хараахан шийдэж чадахгүй байна. Харин үлдсэн гурван ахмадыг манай байгууллагын зүгээс хяналтдаа авлаа. Эдгээр ахмадыг хагалгаанд оруулах боломжтой” хэмээлээ.
Өнөөдрийн байдлаар Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвөөр 127 ахмад үйлчлүүлж байгаагаас 30 орчим ахмад байнгын хэвтрийн байдалтай байна. Харин бусад ахмадуудын хувьд асаргаа, сувилгаанд байдаг. Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хэмээн тус төвд 29 жил ажиллаж буй сувилагч Ц.Бодоо хэлсэн юм. Мөн тэрээр, “Сүүлийн жилүүдэд манай төвийн үйл ажиллагаа, орчин нөхцөл харьцангуй сайжирсан. Анх ирэхдээ асрамжийн төвд ажиллана гэдгээ мэдээгүй. “Их гоё газар очно” гэж бодсон байсан учраас их цочирдож байсан. Тэр үед ахмадууд сульдсан, бие нь дагтаршсан хиртэй ирэх нь их байсан. Одоо харьцангуй өөр болжээ. Хэчнээн харах хандах хүнгүй байлаа ч усанд орчихоод ирдэг болсон шүү дээ. Бид шинэ барилгаа хүлээн аваад удаагүй байгаа. Ахмадууд дасгал хөдөлгөөн хийх, иж бүрэн тоног төхөөрөмжтэй дасгалын өрөөтэй болсон. Орчин нөхцөл хүнд үнэхээр их нөлөөлдөг гэдгийг бид ажиглаж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд албан байгууллагууд, оюутан залуучууд сайн дурын ажлаар их ирэх болсон. Үүнд манай ахмадууд үнэхээр баяртай байдаг. Бид л эмчлээд байх тийм ч үр дүнтэй биш. Энэ хүмүүсийн сэтгэл санааг дэмжих нь их чухал. Бодоо үзээд зүгээр байна гэж хэлэх, өөр эмч зүгээр байна гэж хэлэх энэ хүмүүст асар ялгаатай. Баруун гарт нь тариа хийсэн байтал зүүн гараа өвдөж байна гээд л бариад явж байдаг хүн бий. Ихэнх нь эмчид үзүүлэхээрээ эмчлүүлсэн юм шиг л болдог. Энд байгаа хүмүүс бусдын анхаарал халамжийг хүртэх их дуртай. Сэтгэл санаанд нь ч их сайнаар нөлөөлдөг” хэмээлээ.
Д.Буяннасан гуайн өрөө тун цэмцгэр. Эхнэртэйгээ хамт байдаг учир нэг өрөөгөө гал тогоо болгон тохижуулж, нөгөө өрөөндөө бурхан тахилаа залсан харагдана. Д.Буяннасан гуай өмнө жил эрэгтэйчүүдийн хагалгаанд орсон бөгөөд одоо гуурс ашиглаж байгаа юм. Энэ сардаа багтааж түүнийг үзлэгт оруулж, шаардлагатай эмчилгээг хийж гуурснаас нь салгаж өгөх боломжтой гэдгийг “УБ Сонгдо” эмнэлгийн эмч М.Мөнхжаргал үзлэгийн үеэр хэлсэн юм. Д.Буяннасан гуай залуудаа Д.Моломжамц даргын жолооч хийж явсан бөгөөд хорьдугаар тогтоол гарч халагдсаныхаа дараа ганзагын наймаанд хэсэг хугацаанд явж байжээ. Харин эхнэр С.Цэнджав гуай Дархан аймагт бага сургуулийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Ингээд Д.Буяннасан гуайтай цөөн хором ярилцлаа.
-Та хоёр хэзээ энд ирсэн бэ?
-Намайг эхнэртэйгээ энд ирчихнэ гэж хэн ч төсөөлөөгүй ээ. Одоо таньдаг хүн энд ирээд таарахаараа цочирддог юм. “Хүүе та хоёр” гээд уулга алдана. Бид ч зүүдлээгүй явлаа. Гэхдээ хүний хувь тавилан гэж төсөөлөх аргагүй юм байна. Бид хоёр залуудаа цалгиж явлаа. Омголон ч явлаа. Хоёулаа тогтсон ажил төрөлтэй. Хөдөлгөөнтэй хүмүүс байсан. Тэгээд л тэтгэвэрт гарсан даа. Цаг хугацаа ч хурдан юм. 2006 онд эхнэр минь хөлөө хугалаад, тэтгэврийн бид хоёр их самгардсан. Хоёул айлын ганц дээр нь үр хүүхэдгүй учраас бид хоёрыг түших хүн байхгүй ээ. Одоо “Үр хүүхэдгүй юмаа гэхэд хоёулаа айлын ганц байдаг нь ямар ч учиртай юм” гэж ярилцаж суух юм. Гэхдээ зүгээрээ, эндээ хоёулаа нэгнээ түшээд л насыг барна. Муудсан зүйл алга. Тэтгэвэрт гараад хоёулаа юм, юмыг хийх гэж их оролдсон. Наймаа панз үсэргэж, гахай шувуу тэжээгээд адаг сүүлдээ хөдөө очиж мал маллахаар явсан. Хөдөө явахдаа хоёр өрөө байраа холын хамаатандаа үлдээсэн, ирэхэд зарчихсан байсан. Гэр аваад хөдөө гарахад хот сууринд удсан хоёр хөгшинд их хүнд ажил юм билээ. Эхнэр минь л гэрт, гадаагүй хамаг зүйл хийсэн дээ. Энэ хөгшний хөл муудахаар би гэрийн ажил хийх гэж холион бантан хутгаад. (инээв) Барах зүйл биш. Ер нь сүүлд ухаарсан даа. Хүн хань ижилдээ түшигтэй байх хэрэгтэй юм. Гэрийн ажил гэдэг эмэгтэй хүний л хийх юм гэж бодох их буруу санагдсан.
- Энд байгаа хүмүүсийн ихэнх нь ганцаараа юм. Та хоёр маань гангар гунгар гээд хамт байх их сайхан байна. Өдрийг та хоёр хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Гангар, гунгар гэх зав тийм ч их олдохгүй дээ. Тэгээд бид хоёр дандаа хамт байдаг болохоор ярих зүйл ч дуусчих юм. Өглөө сэрээд дасгалаа хийчихээд, хоолоо иднэ. Бөөнөөрөө лекцэд очиж сууна. Нийгмийн ажилтан цаг үеийн асуудлаар ярилцана. Оюутан, залуучууд ирнэ. Тэд нарыг ирэхээр ёстой хөлгүй нь мөлхөж, хөлтэй нь хөлхөнө дөө. Дуу дуулж, шүлэг уншаад л... Бүжиглэхгүй гэсэн ч татаж босгоод бүжиглэж харагддаг юм. Энд сэтгэл санааны хувьд асуудалтай олон хүн бий. Харж хандаад түшээд явах хамаатан садангүй, үр хүүхэдгүй, үр хүүхэд байсан ч голд нь ортол гомдоочихсон учраас сэтгэл санаа ямар дээр байв гэж дээ. Ганцаардмал хүмүүс л гэх байх. Эрүүл мэндийн хувьд эмч нарийн үзлэг их хийгддэг. Дасгал хийх нөхцөл нь бүрдчихсэн. Тэнд хэдэн хөгшдийгөө онгироогоод байнга л цовхчуулж байдаг юм. Сүүлд цэргийн баяраар Цэргийн эмнэлгийнхэн ирсэн. Солонгосын нүдний эмч нар бас ирсэн. Өвөл “УБ Сонгдо” эмнэлэг ирсэн, өнөөдөр бас ирж байна. Мөн өнөөдөр сүмийн залуучууд ирж гитар тоглоод, жүжигчилсэн тоглолт хийж байна. Амралтын өдрөөр залуучууд их ирдэг. Төрийн бус байгууллагынхан ирж лекц орно. Лекцэд суухгүй гэвэл ч хийх юм бас олдоно. Эхнэр гар урлалаар юм хийж байгаа. Манай энд гар урлалаар юм хийдэг хүн олон. Эхнэр юмаа хийж байтал залуучууд ирээд, хамжиж хийгээд дуусгалцаж өгнө. Тэрийгээ ханан дээрээ хадчихаад хараад суух сайхан. Ер нь оюутан, залуучуудтай ярилцах хамгийн сайхан байдаг. Тэд их эерэг энергитэй. Цоглог гэж жигтэйхэн. Хана ширтээд сууж байхаар хүнтэй ярилцахаар илүү сайхан шүү дээ. Бид нар залуудаа сайн дурын ажил гэж байсангүй ээ. Хувьсгалт залуучуудын эвлэл гээд явж өгдөг байлаа. Одоогийн залуус их өөр болжээ.
-Та яриандаа ахмадуудтай хамт гэж төдий л дурдсангүй. Ахмадууд хоорондын харилцаа хэр байдаг вэ?
-Бид хоёр сэтгэл, санаа эв эрүүл. Хоёулаа болохоороо л ирсэн. Харин энд хөгжлийн бэрхшээлтэй, ярилцаад ч ойлгохгүй хүмүүс их бий. Гэхдээ огт найзлаад, хөөрөөд суух хүн байхгүй гээгүй шүү. Өдрийг ахмадуудтай хамт өнгөрөөнө. Сайхан хүмүүс их бий. Гэхдээ эвдэрсэн хүмүүс нь олон. Архи тамхи хэрэглээд, болж бүтэхгүй болохоороо ирсэн хүн ч бий. Хүчирхийлэлд өртөөд сэтгэл санаа нь эвдэрсэн хүмүүс түүнээсээ ч олон. Ингэхээр бас чөлөөтэй харилцах хэцүү юм. Тусгаарлагдсан л орчин шүү дээ. Бид хоёрыг анх ирэхэд хоолоо хоригдол шиг оочирлож зогсоод, нэг жижигхэн цонхоор хоолоо авдаг байлаа. Тэр үедээ “За хөгшөөн хоёулаа буцах уу даа” гэж байсан юм. Гэтэл хэдхэн жилийн дотор өөрчлөгдсөн зүйл олон бий. Өнөөдөр бөөнөөрөө тойрч суугаад хоолоо инээж, хөхрөөд иддэг нь харахад жижигхэн өөрчлөлт боловч, бидэнд бол их том өөрчлөлт гэж би бодож байна. Орчин хүний сэтгэл санаанд ямар их нөлөөлдөг гэж бодно. Эндхийн агаар, ус сайхан нь ч нөлөөлнө. Байшин барилгын засвар ч нөлөөлнө. Нам солигдоод, дарга солигддог л гэдэг. Манай энд ямар ч дарга ирсэн өмнөхөөсөө дээрдүүлдэг. Хүний буян заяа гэж бас бий. Оргилдоо гартал хөгжсөн гэхгүй ээ. Аажим, аажмаар л хөгжөөд явж байна.
-Ус, агаар их сайхан юм. Орчин нөхцөл бас жигдэрч яваа харагдана. Шүүмжлэлтэй зүйл байдаг уу?
-Эвдэрсэн хүмүүсээ, эвдрээгүй хүмүүстэйгээ хамт байлгаад байх буруу. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүмүүс бол одоо дүүрсэн хамт байг гэхэд сэтгэл зүй тогтворгүй хүмүүсээ тусад нь байлгах хэрэгтэй л санагдах юм. Манайхан шинэ барилгадаа ийм зохицуулалт хийх гээд хөөцөлдөөд байх шиг байна. Ямартай ч гэр бүлээрээ ирэхэд их хэцүү. Бид хоёроос гадна үр хүүхэдгүй, хамаатан садан нь түшээгүй хүмүүс энд ирнэ гэдэг хэцүү. Бас энэ ахмадуудад сэтгэл зүйч хэрэгтэй. Сайн сэтгэл зүйч. Шинээр ирж байгаа ихэнх ахмадууд анх ирэхдээ дуу нь ч гарахгүй, илүү хөдөлгөөн ч хийхгүй. Орчиндоо дасахгүй байгаа харагддаг. Хэд хоноод л чарлаад эхэлнэ. Энэ хэдэн ажилтнуудын өөдөөс элдэв зан гаргаад, дүрмээ зөрчөөд эхэлдэг. Манайд сэтгэл зүйч бий. Гэхдээ хүн бүртээ тулж ажиллах байтугай нэг хүнтэй тайван ярих ч зав нь одохгүй ачаалалтай харагддаг. Уулын мухарт, тусгаарлагдсан хүний сэтгэл зүйг анхаарах л хэрэгтэй санагдана.