Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

​ Ц.Батсайхан: Дөрвөн магнитудын газар хөдлөлтөд барилга нурахгүй

​  Ц.Батсайхан: Дөрвөн магнитудын газар хөдлөлтөд барилга нурахгүй
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 5

Улаанбаатар хотод өнгөрсөн бямба гаригийн 17.30 цаг 58 секундэд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Энэ талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын секторын Судалгаа арга зүйн багийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц.Батсайханаас тодрууллаа.

-Бямба гаригт болсон газар хөдлөлтийг иргэд байсан газраасаа хамаараад зарим нь хүчтэй мэдэрсэн бол зарим нь огт мэдрээгүй байна. Яг хаана хэдий хэмжээтэй газар хөдөлсөн бэ. Энэ нь яагаад иргэдэд харилцан адилгүй мэдрэгдсэн юм бол?
-Аравдугаар сарын 3-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр 17.30 цаг орчимд Улаанбаатар хотын иргэдэд хоёр газар хөдлөлт мэдрэгдсэн. Хэдхэн секунтын зайтай хоёр газар хөдлөлт болсон. Нэг нь 3.4 нөгөө нь 4.4 магнитудын хүчтэй байсан. Газар хөдлөлтийн хүчийг магнитудаар хэмждэг. Энэ нь дэлхий нийтээр тархсан багаж. Энэ багажаар тооцоолоод газар хөдлөлтөөс чөлөөлөгдөж байгаа энергийг нь тоолж байгаа юм. Түлхэлтийг нийслэлийн зүүн талд байдаг Гачуурт орчмын иргэд хүчтэй мэдэрсэн. Тэр байтугай газрын нүргэлээний дуу сонссон. Дуу гарч байна гэдэг нь нэлээн хүчтэй магнитудын газар хөдлөлт болсон гэсэн үг. Ер нь газар хөдөлсөн газрын ойр орчимд 5 магнитуд болохоор нүргэлээн сонсогддог. Нийслэлийн иргэд байсан газраасаа хамаараад газар хөдлөлтийг мэдэрсэн. Тухайлбал, би 120 мянгатад таван давхарт байсан. Тэнд жижигхэн түлхэлт мэдрэгдсэн. Манай жижүүрүүд газар хөдлөлтийг хянаж үзээд цаг тухайд нь шуурхай алба руу мэдээлсэн. Газар хөдлөлт Гачууртаас хойш 7-8 км-т Гүнжийн хагарал гэдэг газар болсон. Нийслэлтэй маш ойрхон газар. Бараг хотын бүст газар хөдлөлт болсон гэж хэлж болно. Энэ Гүнжийн хагарал 1980 оноос судалгаанд орсон. Туул голын эхэн дээр далан барихад Гүнжийн хагарлын орчмыг судалж байсан. Тэр үед Гүнжийн хагарал гэж байдаг, энэ нь ямар нөлөөтэй вэ гэж судалгаанд орж ирсэн. Цаашдаа явсаар байгаад бид 2008-2009 оноос судалсан. Тэнд 3500 жилийн өмнө, долоон, найман магнитудтай хагарал байсан гэдийг тогтоосон. Энэ хагарал дээр Орос, Францууд ирж багажийн туслалцаа үзүүлж байсан. Сансарын зургийг нь хүртэл бид авсан. Бидний судалж байгаагаар үр нөлөө нь өндөр байгаа боловч сансарын зургаас харахад эдгэрцэн байдалтай хагарал байгаа юм.
-Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн хэдэн хагарал байдаг вэ?
-Улаанбаатарыг ойр орчимд хоёр томоохон хагарал бий гэж бид судалдаг. Нэг нь Гүнжийн хагарал, нөгөө нь Хустайн нуруун хагарал, мөн Эмээлтийн орчимд газар хөдлөлтийн төв байдаг. Ерөнхийдөө Улаанбаатар хотод нөлөөлөхүйц газар хөдлөлтийн бүс Дундговь, Булганы Могод, Сэлэнгэ аймгийн нутагт гурван гол голомт бий.
-Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Ер нь хэдэн магнитудын газар хөдлөлт байшин барилгад нөлөөлөх вэ?
-Яг голомтон дээрээ 5-6 магнитудын газар хөдлөж байж байшин барилгад нөлөөлнө. Ингэхдээ байшингийн хана туурга цуурах, шохой нурах, цонх хагарах, сулхан барьсан тоосгон яндан нурах төвшинд хүрнэ. Онцгой аюул байхгүй.
-Улсын хэмжээнд газар хөдлөлтийн мониторинг хийдэг хэчнээн газар байдаг вэ. Газар хөдлөлт болохыг урьдчилан хэлж болохгүй ч магадлалаар гаргах боломж бий юу?
-Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн мониторинг судалгааг ганцхан Одон орон геофизикийн хүрээлэн хийдэг. Манайх 1957 онд байгуулагдаж тасралтгүй газар хөдлөлтийн судалгаа хийж байна. Манайх станц буюу багажаар газар хөдлөлтийг бүртгэдэг. Энэ багажийг баруун бүсийн долоон, найман аймагт байруулсан. Газар хөдлөлтийн 90-ээд хувь нь Улаанбаатар хотоос баруун тийш болдог. Газар хөдлөлтийг урдьчилан мэдэх арга үнэхээр байхгүй. Харин 600 жилд нэг, 500 жилд нэг гэсэн магадлалаар бид үнэлгээ өгдөг. Тэр магадлалыг бас манайх судалдаг. Газар хөдлөлтийн эртний ул мөр, одоо болж байгаа газар хөдлөлтийн судалгааны үр дүнд магадлалыг гаргадаг. Жилийн жилд л бидний судалгаа илүү нарийвчлалтай болдог.
-Тэгвэл саяын газар хөдлөлтийг магадлалаар тогтоосон байсан уу. Ер нь ойрын хугацаанд нийслэлд ч юм уу, улсын хэмжээнд томоохон газар хөдлөх магадлал бий юу?
-Гүнжийн хагаралд газар хөдлөлт 6-7 магнитудын газар хөдлөх боломжтой. Давталт хугацаа нь нэлээн ойртсон. 6500, 3500 жилийн өмнө газар хөдөлсөн гэсэн судалгааг Орос, Францын эрдэмтэдтэй хамтарч хийсэн.
-Манай улс газар хөдлөлтийн идэвхтэй бүст оршдог гэж байсан. Тэгэхээр одоо баригдаж байгаа барилгуудад газар хөдлөлтийн үнэлгээ хийдэг үү?
-Япон, Номхон далайн галт бүст болдог газар хөдлөлтийн хүч, тоотой харьцуулбал манай улс харьцангуй тайван. Гэхдээ 20 дугаар зуунд манай улсын нутаг дэвсгэрт наймаас дээш магнитудын газар хөдлөлт хэд хэд болсон байдаг. Тухайлбал, 1905 оны Цэцэрлэгийн Булнай, 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлт гээд тав зургаан том газар хөдлөлт болсон. Тухайн үед өндөр байшин барилга байгаагүй. Хүн амын нягтаршил байгаагүй. Мал чулуунд цохиулан нэлээн хорогдож, 7-8 хүн нас барсан гэсэн мэдээ байдаг. Харин орчин үед байшин барилга ихээр баригдаж, хүн амын нятаршил их бий болсон. 20, 30, 40 давхар барилга баригдаж байна. Энэ цаг үед л газар хөдлөлтийн аюулгүйн үнэлгээний асуудал маш чухал. 15 давхраас дээш барилгуудад дандаа үнэлгээ өгдөг. Энэ үнэлгээг барилгынхан маань хариуцлагатай хийлгээд явдаг. Үнэлгээний дагуу байшин барилгаа бэхжүүлж барьдаг. Ер нь найман магнитудын газар хөдлөлтийн бүс гээд байшин барихыг хорьдоггүй. Зүгээр л хамгаалалтаа сайн хийж, стандартын дагуу л барих ёстой.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн