Open iToim app
Эксперт | 8 мин уншина

Б.Батзориг: Төрийн хяналт шалгалтыг торгох гэж биш зөрчлөөс сэргийлэх гэж хийдэг

Б.Батзориг: Төрийн хяналт шалгалтыг торгох гэж биш зөрчлөөс сэргийлэх гэж хийдэг
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 20
Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Батзоригтой ярилцлаа. Хууль зүйн доктор, дэд профессор тэрээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр судлаачийнхаа хувьд ажиллаж байгаа юм. Бидний яриа энэ сэдвээр өрнөлөө.
-Зөрчлийн хуультай холбоотойгоор Захиргааны хариуцлагын тухай хуулийг өөрчлөх болсон нь тодорхой. Үүнээс өөрөөр тайлбарлахад, энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар солих болсон шалтгаан юу вэ?
-Монгол Улсын хэмжээнд Захиргааны хариуцлагын тухай хуулиар зөрчлийг шалгах ажиллагаа явуулж байгаа. Гэтэл энэ хуулиас хамаарахгүйгээр салбарууд өөрийн хууль дээрээ улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан ийм эрхтэй гээд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, зөрчил шалгах ажиллагааг өөр өөрийн хууль дээрээ янз бүрээр заагаад өгчихсөн. Зарим улсын байцаагч маш өндөр эрхтэй байхад, зарим байцаагч бага эрхтэй байх жишээтэй. Уг нь бол ижилхэн л зөрчил шалгах ажиллагаа явуулж байгаа.Тэд Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл хүлээж аваад шалгах ажиллагаагаа өөр өөрөөр явуулдаг. Гэтэл цагдаа, тагнуул, АТГ-ын мөрдөн байцаагч нар нэг стандартаар хэрэг шалгах ажиллагаа явуулдаг. Эх орноосоо урвах хэргийг тагнуулын мөрдөн байцаагч шалгахдаа цагдаагийн мөрдөн байцаагчийн хулгайн хэргийг шалгадаг аргатай адилхан аргаар шалгадаг. Байцаах арга нь, үзлэг, нэгжлэг хийх арга нь, хураан авах арга нь адилхан байдаг. Эрүүгийн хэрэг дээр ийм өндөр стандарт тавьсан байтал зөрчил шалгах ажиллагааны стандартууд өөр байна. Жишээлбэл, байгаль орчны улсын байцаагч нэг журмаар ажиллаж байхад татварын улсын байцаагч болон гаалийн улсын байцаагч гурав өөр аргаар ажлаа явуулаад байна. Хуулиар зөрчил шалгах ажиллагааг нь журамлаад өгсөн байхад тухайн байгууллагын дарга нь тушаал гаргаад өөр арга ажиллагаагаар зөрчил шалгах журмыг нь тогтоочихдог. Хүнээс тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа ямар зөрчлийг шалгаж байгаагаас үл хамаараад байгууллага, байгууллагын онцлогоос шалтгаалан өөр байна. Гэтэл хууль зөрчсөн хүмүүсийн хувьд аль байгууллагад шалгагдаж байгаагаасаа хамаараад өөр маягаар тайлбар өгөөд байж болохгүй. Бүгд нэг стандарттай байж журамлагдах ёстой. Үндсэн хуульд, хүний эрхэнд хязгаарлалт тогтоох ажиллагааг зөвхөн хуулиар тогтооно гэж заасан байдаг. Ийм учраас энэ бүх үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулах шаардлага үүссэн. Ингээд тэр бүх журмыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай энэ хуульд татаж оруулсан гэсэн үг.
-Өөрөөр хэлбэл, зөрчил шалгах ажиллагаа нэг тоглоомын дүрэмтэй, нэг стандарттай болж байгаа гэсэн үг юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Монгол Улсад салбар салбарын хуулиар тогтоосон байсан зөрчлийг нэгтгээд Зөрчлийн хуулийг гаргаад ирсэн. Салбар салбарын онцлогоос хамаараад тэдгээр салбарын хууль дээр зөрчлийг шалгадаг журам нь өөр байсан. Одоо бол бид зөрчлийг янз бүрээр шалгаж байгааг нэг журамд оруулж байна . Монголын нутаг дэвсгэр дээр хууль нэг адил мөрдөгдөх ёстой. Хаана байгаагаас, хэн гэдгээс, ямар зөрчилд холбогдсон гэдгээс үл хамаараад нэг процессоор явна гэсэн үг. Гэхдээ процесс нь хоорондоо жаахан өөр. Жишээ нь, улаан гэрлээр гарсан жолоочийг цагдаа дээрээ аваачаад машиныг нь журамлаад, камерийг нь шүүгээд, мэдүүлэг аваад, таньж олуулах ажиллагаа явуулаад байх шаардлагагүй. Цагдаа харж байхад жолооч зөрчил гаргалаа, зогсоогоод арга хэмжээ авна. Ингээд зөрчил шалгах ажиллагаа хялбаршуулсан журмаар явна. Хог хаялаа гэхэд хүн гомдол гаргаж камерийн бичлэг үзүүлэхэд зөрчил гаргагчид арга хэмжээ авна. Татварын хяналт шалгалт хийж байхад нуун дарагдуулсан зөрчил илэрлээ гэхэд нөгөө хүн хүлээн зөвшөөрсөн бол торгууль оногдуулна. Зөрчил нь гэмт хэргийг бодоход илүү богино процессоор явдаг. Гэтэл зарим зөрчил, тухайлбал байгаль орчны эсрэг журам зөрчсөн асуудлыг шалгахад тусгай мэргэжлийн хүмүүс оролцдог учраас процесс нь урт. Нөгөө талаар, харахад гэмт хэрэг шиг мөртлөө хохирол нь бага зөрчлүүд бий. Жишээлбэл, 10-ын бидон хулгайлсан асуудал орхигддог. 30 мянган төгрөгийн хуучин гар утас хулгайд алдвал бас л орхигддог. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар энэ асуудлыг шийдвэрлэх арга ажиллагааг нь зохицуулаад өгчихсөн.
-Зөрчил гаргасан иргэнийг торгох, шийтгэл оноох, албадлага хэрэглэх эрхтэй хэдэн албан хаагч байгаа вэ?
-Торгууль шийтгэл оногдуулах эрх бүхий 11 мянга гаруй албан тушаалтан улсын хэмжээнд байна . Энэ тоонд торгууль оногдуулдаг цагдаагийн албан хаагчид ороогүй. Дээрх 11 мянган хүн шүүгчээс гадна 28 чиглэлээр зөрчил шалгахтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Энэ 28 дотор мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын хяналтын чиглэлийг оруулбал дахиад цаашаа задарна. Эдгээр хүмүүс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байгаа.
-Жишээ нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчилье гэхээр АТГ, цагдаа хоёр харьяалан шалгадаг зүйл заалтаа булаацалдах ч юм уу, прокурор, шүүх хоёр эрх мэдлээ булаацалдах асуудал гардаг юм байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх улсын байцаагчтай энэ олон байгууллагууд амбицаа гаргаж, эрх мэдлээ булаацалддаг юм уу?
-Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хувьд бусад хуулийн байгууллагуудын дунд үүсдэг байгууллагын амбиц байхгүй. Яагаад гэвэл тэд урд байгаа хийх ёстой зүйлээ хийгээд явдаг. Тэд нэгдсэн нэг тоглоомын дүрэмтэй болж байна. Ингэснээр төрийн хяналтаас гадуур байдаг хууль байхгүй болно гэсэн үг. Бүх хуулийн хэрэгжилтийг хэн хариуцаж хангах вэ гэдгийг зөрчлийн процессын хуулиар журамлаж байж тэрхүү хууль ажиллах тогтолцоо бий болж байна. Нэг хуулийг батлахдаа тэр хуулийг зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн мөртлөө хэн хэрэгжүүлэхийг нь тодорхойгүй үлдээдэг асуудал давтагдахгүй гэсэн үг.
-Төрийн хяналт шалгалтыг явуулдаг улсын байцаагч нар зөрчил шалгана. Нэг гараараа хянаад, нөгөө гараараа шалгана гэхээр бусдыг торгож, шийтгэхийн тулд ажилладаг гэдэг шүүмжлэл гардаг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь төрийн хяналт шалгалтаас ялгаатай . Төрийн хяналт шалгалт нь хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байна гэдэг дээр хийгддэг. Энэ бол ямар нэгэн зөрчил илрүүлэхэд биш хуулийг яаж зөв хэрэгжүүлэх вэ, яаж хэрэгжүүлж байна вэ гэдэг дээр явагддаг. Энэ ажиллагааны явцад ямар нэгэн хүний эрхийг хязгаарлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Тийм учраас байгууллагынхаа даргаар удирдамж батлуулаад, тодорхой хугацааны өмнө нөгөө хүмүүстээ удирдамжаа явуулаад, “Танайд шалгалт явуулна шүү. Юмаа бэлдэж байгаарай” гэж бэлдүүлж байгаад үздэг. Гэнэтийн шалгалтууд бол байна. Гэхдээ ямар ч тохиолдолд удирдамжаа үзүүлж шалгадаг. Үр дагавар нь зөрчил юм уу, ямар нэг алдаа дутагдал олоход чиглэгддэггүй. Хуулиа зөв хэрэгжүүлж байна уу гэдгийг хянадаг. Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бол “Тэнд ийм зүйл болжээ” гэдэг мэдээлэл ирээд, эсвэл шалгалтын явцад зөрчил илэрч байгаа тохиолдолд ажиллагаа эхэлнэ. Тэр тохиолдолд урьдчилж удирдамжаа үзүүлнэ гэж байхгүй. “Чи ийм хууль зөрчсөн байна. Энийг чинь шалгана” гэж урьдчилаад хэлчих юм бол нөгөө хүмүүс нь хууль бус үйл ажиллагаагаа нуун дарагдуулах, ул мөрөө далдалж байна гээд өөр бусад гэмт хэргийг үйлдэх ч магадлалтай. Гэхдээ тухайн хүмүүст зөрчил шалгах ажиллагаа эхэлснийг, ямар зөрчилд холбогдуулан шалгаж байгааг хэлэх ёстой. Жишээлбэл, таныг явган хүний гарцгүй газраар зорчсон зөрчлөөр торгох гэж байна, татварын хууль тогтоомж зөрчсөн гэж торгох гэж байна гэдгэ хэлнэ гэсэн үг. Дээрээс нь зөрчил шалгах ажиллагааны явцад хүний эрхийн хязгаарлалтууд орж ирдэг. Зорчих эрхийг нь хязгаарлах, эд зүйлийг нь хурааж авах, үзлэг, нэгжлэг хийх ажиллагаа явагдана. Мөн төрийн албадлага хэрэглэнэ. Хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоож, буруутай эдгээдэд нь хариуцлага хүлээлгэх үүргийг хүлээж байгаа учраас төрийн албадлага хэрэглэдэг. Ийм учраас албадлага хэрэглэж байгаа албан тушаалтанд удирдлагын хяналтаас гадна прокурорын хяналт орж ирдэг.
-Яагаад прокурорын хяналт орж ирдэг билээ?
-Хүний эрхийг хязгаарлах ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлэхдээ хүний эрхийг, хуулийг зөрчиж байна уу, хуулийн дагуу ажиллагаа явуулж байна уу гэдэгт нь оролцогчийн гомдлоор хяналт тавина гэсэн үг. Дээрээс нь зөрчил шалгах ажиллагааг дур зоргоороо явуулах ёсгүй. Ийм үндэслэлээр зөрчил шалгах ажиллагаа эхэлнэ гэж хуульд заасан байгаа. Эхлэхээсээ өмнө улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж дугаар авна. Ингэснээр хэн гэдэг хүний эсрэг зөрчилд холбогдуулан шалгах ажиллагаа эхэлсэн бэ гэдэг мэдээлэл нэгтгэгдээд эхлэхээр тэр хүний эрхийг хамгаалах прокурорын хяналт сайжирна. Одоо бол хэчнээн зөрчил хаана үйлдэгдэж байгаа вэ гэдэг бүртгэлийн тогтолцоо боловсронгуй бус байна. Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлого гэж байдаг. Энэ бодлогыг боловсруулахын тулд бид юутай тэмцэх вэ гэдгээ эхлээд ойлгох ёстой. Тоолох ёстой. Үүний тулд нэгдсэн бүртгэл хэрэгтэй болоод байгаа юм. Ингээд төрийн бодлогоо боловсруулж хэрэгжүүлэхэд бүртгэлээсээ хараад аль зөрчил нэмэгдэж, аль нь буурч байгааг үнэлж цэгнэх боломжтой болно.
-Хууль чангарлаа, хяналт шалгалт эрчимжлээ гэх юм. Гэтэл баялаг бүтээгчдэд ээлтэй хуулийн орчин алга. Багахан алдаа гаргахад дарга, нягтлан нь шоронд орж, бизнес нь дампуурах эрсдэлтэй байна гэдэг шүүмжлэл өнгөрсөн хугацаанд явж ирсэн. Энэ талаар таны бодлыг сонсоё?
-Хуулийн дагуу ажиллаж байгаа хүмүүс хуулиас айх шаардлагагүй . Төрийн хяналт шалгалт сайжраад, тэр хүмүүсийг хууль зөрчихөөс сэргийлж чадвал зөрчил гарахгүй. Зөрчил гаргахгүй бол аж ахуйн нэгжүүд торгууль хүлээхгүй. Бизнесийнхэн хуулиас айж байна гэдэг нь төрийн хяналт шалгалт ямар байгааг харуулж байна гэсэн үг. Хүнийг зөрчил үйлдсэнийх нь дараа биш үйлдэхээс нь өмнө хамгаалдаг төрийн хяналт шалгалт сайн байх ёстой. Модны ард нуугдаж байгаад зөрчил гаргахаар нь торгодог байж болохгүй. Улсын байцаагч нар торгууль оногдуулахын тулд биш хууль зөрчигдөхөөс сэргийлсэн төрийн хяналт шалгалтыг тогтмолжуулах учиртай.
-Заримдаа ялихгүй зүйл дээр шалтаглаж торгох, эсвэл зөрчил гаргаагүй байхад торгох асуудал гардаг. Ийм тохиолдолд иргэн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж болох уу?
-Одоогийн хуульд ч шүүхэд хандаж гомдох эрх нь бий. Гэвч зарим тохиолдолд иргэд шүүхэд хандаж маргадаггүй. Яагаад хүмүүс маргадаггүй нь өнөөгийн хуулиудын ойлгомжгүй байдалтай холбоотой. Зөрчил шалгаад арга хэмжээ авдаг процесс нь олон хуульд заагдсан учраас жирийн иргэн тэр олон хуулийг уншаад гаргалгааг нь мэдэх боломж байхгүй. Нэг хууль дээр нь шийтгэдэг, нэг хууль дээр нь шалгадаг, өөр хууль дээр гомддог эрхийг нь заагаад өгчихсөн. Одоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дээр шалгадаг, шийтгэдэг, тэр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд ханддаг асуудлыг хамт тусгаад оруулсан.
-Шүүхэд хандлаа гэхэд торгосон албан тушаалтны өмнө хүчгүйдээд байх тал бий юу?
-Машинтайгаар улаан гэрлээр гараагүй байхад нь торговол шүүхэд гомдлоо гаргаж болно шүү дээ. Зөрчил үйлдсэн хүн өөрийгөө нотлох үүрэг шүүхийн өмнө хүлээхгүй. Нөгөө талд нь торгосон албан тушаалтан үндэслэлээ шүүхэд нотлох үүрэгтэй. Иргэн бол өөрт байгаа баримтаа гаргаж өгч болно. Чи буруугүй гэдгээ нотол гэсэн шаардлагыг шүүх тавихгүй гэсэн үг шүү дээ. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн