Open iToim app
Чөлөөт цаг | 10 мин уншина

​Б.Батзаяа: Хүнийг шууд таньж чадахгүй тул мэдрэмждээ л найддаг

​Б.Батзаяа: Хүнийг шууд таньж чадахгүй тул мэдрэмждээ л найддаг
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 7
Энэ удаа "Залуус" буландаа “Batu digital” компанийн захирал, “Unread”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Батзаяаг онцоллоо. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгт хамрагдаж, АНУ-д дижитал бүтээгдэхүүний дизайнераар Монголоос анх удаа магистрын зэрэг хамгаалсан юм. Шинэ үеийн бизнесмэнүүдийн хүчтэй төлөөлөл болсон түүний ертөнцөд саатна уу.
-Таныг “Batu Digital” компанийн гүйцэтгэх захирлаас гадна “Unread”-ийг үүсгэн байгуулагчдын нэг гэдгээр тань залуус сайн танина. Үлгэр жишээ болохуйц бүтээлч хүмүүсийн ажлын арга барилаас сонирхуулдаг энэ сайтыг үүсгэн байгуулсан түүхээс яриагаа эхлүүлье?
-“Unread” 2015 оны есдү-гээр сарын 23-нд нээлтээ хийж байлаа. 2015 оны хоёрдугаар сард “Forbes Mongolia” сэт-гүүлийн “30 хүртэлх 30” буюу 30 хүртэлх насны хийж бүтээж яваа залуусын жагсаалтад намайг нэр дэвшүүлсэн байсан. Америкт магистраа хамгаалж ирээд удаагүй байсан үе л дээ. Уг төслийн үеэр Д.Ганзориг, А.Ундрал хоёртойгоо залууст гэрэл гэгээ түгээж, урам зориг, хийж бүтээх эрмэлзлийг нь хурцалж өгдөг медиа суваг дутагдалтай байгаа юм байна гэдэг дээр санал нийлж “Unread” сайтыг хамтран үүсгэн байгуулахаар шийдсэн. Тэгээд зургаан сар шахуу ажиллаж байж нээлтээ хийсэн.
-Одоогоор юун дээр төвлөрч ажиллаж байна вэ. Хийж буй зүйл болон цаашид хийх зүйлээсээ сонирхуулахгүй юу?
-Гарааны бизнес дээр дөрвөн жил ажиллаж байна. Брэндинг, дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг “Batu Digital”, медиа салбарт хүчээ үзэж буй “Unread” хоёр бол миний хамгийн их төвлөрч буй ажил. Мөн “Arvis Publishing” хэмээх ном эрхлэн гаргадаг стартапыг Д.Ганзориг найзтайгаа хамтран хийж байгаа. Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” номыг гаргаснаар нь хүмүүс илүү мэдэх байх. Бид одоо Элон Маскийн намтрыг гаргахаар орчуулгыг нь дуусгаад редакторлоод явж байна. “Evex” хэмээх Монгол Улсад болж байгаагүй арга хэмжээг зохион байгуулах зорилготой стартап бий. Мөн The Color Event UB хэмээх арга хэмжээг 2015, 2016 хоёр жил дараалан зохион байгуулсан. Дээр нь Америкт төгсөгчдийн холбоонд нийгэмд чиглэсэн сайн дурын ажлууд хийдэг. Иймэрхүү зүйлс л хийгээд явна даа.
-“Batu digital” компани үүсэн байгуулагдаад хоёр жил болжээ. Энэ хугацаанд хэчнээн программ, аппликейшн бүтээв. Үүнээс хэчнээнийг гадаадад нэвтрүүлэв. Одоо бүтээхээр ажиллаж буй аппликейшнүүдээсээ сонирхуулаач. Мөн танайх программ зохион бүтээхээс өөр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-2014 оны арваннэгдүгээр сард байгуулагдсанаас хойшхи энэ хугацаанд 50 гаруй харилцагчтай хамтран ажиллажээ. Нийт 18 аппликэйшн, 20 шахуу брэндингийн ажил, 30 гаруй цахим хуудас, дөрвөн томоохон хэмжээний дижитал бүтээгдэхүүн гарга-жээ. Бидний зорилго бол бүтээг-дэхүүн үйлчилгээгээ гаднын зах зээл рүү гаргах. Үүний тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд багаа бүрдүүлж, бэлтгэж, сурч боловсрох гол зорилготой ажиллалаа.Олон улсын зах зээл дээр ажиллахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц боловсон хүчинтэй байх хэрэгтэй шүү дээ. 2017-2018 онд Вьетнам, Малайз, Сингапур, Филиппин, Индонез зэрэг Зүүн өмнөд Азийн зах зээлд гарах төлөвлөгөөтэй байна. Мөн удахгүй шинэ оффистоо орно. Batu Digital маань бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлаг /product agency/ гэсэн тодотголтой явдаг. Баруунд нэлээн тогтчихсон ойлголт л доо. Бүх төрлийн дижитал бүтээгдэхүүн хөгжүү-лэлт энэ дотроо брэндинг, бүтээгдэхүүний дизайн, апп, вэбсайт, төрөл бүрийн үүлэн технологид суурилсан платформууд, консалтингийн үйлчилгээнүүд ороод явчихна. Монголд зөвхөн программ хангамж гэж хараад байгаа нь хэт өрөөсгөл.
-Танайхтай ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани манайд хэр олон бий вэ. Манайд энэ төрлийн зах зээл хэр байдаг юм бол?
-Манайд ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани байдаг ч сайн нь яг үнэндээ гарын таван хуруунд багтахуйц. Олон биш байгаагийн нэг шалтгаан ажлын үнэлгээтэй шууд холбоотой. Оюуны хөдөлмөр манайд маш бага үнэлгээтэй байдаг. Гаднын компаниас энэ төрлийн үйлчилгээ авахдаа 100 мянган ам.доллар төлж байгаа атлаа дотоодын компанийг үүнээс таваас арав дахин бага үнэлэх жишээтэй. Гэхдээ бас буруутгахад хэцүү юм. Үнэлгээ бага байгаа өөр нэг шалтгаан нь боловсон хүчний асуудал. Их сургуулиуд үнэндээ боловсон хүчнийг олигтой бэлтгэхгүй байна. Манай улсад бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг мэргэжлийн төвшинд хийж буй компани, энэ чиглэлийн боловсон хүчин тун хомс тул чадварт нь үл итгэх, түүнд нь тааруулж үнэлэх, болгоомжлох хандлага байдаг. Боловсон хүчнээ сайжруулаад мэргэжлийн түвшинд хийдэг болоод ирэхийн цагт үнэлгээ өснө. Гадаадад гарч чадахгүй байгаа гол шалтгаан нь ч мэргэжлийн боловсон хүчин муу байгаагийнх гэж боддог.
-Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Дижитал бүтээгдэхүүний дизайнер мэргэжилтэй. ШУТИС-ийг 2010 онд мэдээл-лийн технологийн менеж-ментийн чиглэлээр төгсөөд 2012 онд Фулбрайтын тэтгэлэг хүртэж АНУ-ын Айова мужийн их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Мөн АНУ-д байх хугацаандаа Academy of Art University-д график дизайны чиглэлээр онлайнаар суралцаж зэрэг дээшлүүлсэн юм байна.
-Та үндсэн мэргэжлээсээ гадна гэрэл зураг авах, ном орчуулах, кино найруулах зэрэг олон сонирхолтой. Одоогоор хэчнээн ном орчуулж, хэчнээн кинон дээр ажиллав. Энэ бүхнээс хуримтлуулсан туршлага, дурсамжаасаа хуваалцаач?
-Нэг талаас хувь хүний, нөгөө талаас мэргэжлийн онцлог ч гэж болох байх. Хүн шинэлэг юм хийхийн тулд төрөл бүрийн зүйлс сонирхдог байх хэрэгтэй. Бүтээгдэхүүний дизайн өөрөө маш өргөн цар хүрээтэй ойлголт. Ямар нэг бүтээгдэхүүн бий болгохын тулд байж болох бүх л өнцгөөс харж чаддаг байх нь чухал. Үүн дээрээс л үндэслэн гэрэл зураг авах, кино хийх, төрөл бүрийн дизайн, спорт, бүр ном орчуулахыг хүртэл сонирхдог юм. Гэрэл зургийн хувьд гудамжны гэрэл зураг буюу тухайн агшинд болж буй үйл явдлын өгүүлэмжтэй, ахин давтагдахгүй торгон мөчийг буулгадаг төрлийг сонирхдог. Киноны хувьд богино хэмжээний гурван кино найруулсан юм байна. Эхнийх нь одоо надад эх хувиараа байдаггүй юм. Хоёр дахь нь романтик маягийн кино байсан. Гурав дахь нь АНУ-д байхдаа хамт сурч байсан хүмүүстэйгээ хамтран бүтээсэн сэтгэл зүйн маягийн визуаль кино. Одоо баримтат кино хийхээр сэтгэл шулуудаад байгаа. Орчуулга дээр бол би өөрөө бүхэлд нь орчуулаад манай Ганзориг редакторлосон “Шөнө” хэмээх ном гарах гэж байгаа. Зохиогч Эли Визель нь 1976 оны Нобелийн энхтайвны шагнал хүртсэн. Ном уншсан хүн 100 амьдралаар амьдардаг гэдэг дээ. Үүн шиг л төрөл бүрийн юм сонирхсоныхоо шанд олон зүйл олж мэддэг.
-Эдгээрээс өөр нууц авьяас танд бий юү?
-Бодож үзээгүй хэцүү асуулт байна. /инээв/ За, заавал хэлэх ёстой бол би нэлээн сайн “үглэж” чадна. Рэпп утгаараа шүү.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Цаг хэмнэх аргаасаа сонирхуулна уу?
-Ихэвчлэн уулзалтаас уулзалтын хооронд өнгөрнө. Дундуур нь цаг гарвал маш сайн төвлөрч суугаад бусад хийх ёстой ажлаа амжуулдаг. Тиймээс цагийн менежмент сайн хийж сурах ёстой гэдгээ ойлгоод их хичээж байгаа. Мөн календарь, тэмдэглэл маш сайн хөтлөхгүй бол юм мартаж орхигдуулчих гээд байдаг талтай. Тиймээс хийх ажлууд, уулзалтуудаа маш тодорхой бичиж тэмдэглэж, төлөвлөхийг хичээдэг. Эцсийн дүндээ аливаа ажлыг би биш багаараа хамтарч хийдэг учраас багийнхандаа итгэж, аливааг даатгадаг маань цаг их хэмнэдэг. Ер нь бол хэрхэн ажиллахдаа суралцсаар л яваа гэхэд болно доо.
-Багийн гишүүнээ хэрхэн сонгодог вэ?
-Миний хувьд тухайн хүн ур чадвартай гэхээсээ илүүтэйгээр нийцтэй сайн багийн тоглогч, аливаад хариуцлагатай, сэтгэлтэй ханддаг, юмны эцсийг үзэж чадах эсэх нь хамгийн чухал. Мэдээж тэр хүнийг шууд таньж мэдэж чадахгүй тул мэдрэмжиндээ л найдна. Хаа очиж мэдрэмж маань нэг их алддаггүй шүү. /инээв/
-Энэ их ажлын хажуугаар чөлөөт цаг хэр гарч байна. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цаг гарах нь сүүлийн нэг жил маш бага болсон юм байна шүү. Ажлын өдөр, хагас, бүтэн сайн ялгаагүй ямар нэг ажил, арга хэмжээ, уулзалт заавал гарч ирдэг. Харин цаг зав гарвал гэртээ байж амрахыг илүүд үзнэ. Аялах, шинэ содон юм турших, зураг авах их дуртай. Одооноос эргээд өөртөө цаг гаргах, спортоор хичээллэх, фитнесст явах зэрэгт анхаарч эхлээд байгаа. Сониноос гэвэл дөрвөн сарын өмнө нохойтой болсон. Их сонирхолтой байгаа шүү /инээв/.

-Юунаас эрч хүч авч, хөглөгддөг вэ?
-Хамтрагчдаасаа, хийж бүтээж яваа үеийн залуусаас урам зориг, эрч хүч авдаг. Гэр бүлийнхэн, сүйт бүсгүй, найз нөхөд, ойр дотнынхон маань мэдээж маш ихээр нөлөөлнө. Мөн менторуудтайгаа уулзаад гарах үед хэсэгтээ л урагшаа зүтгэх цэнэг орно доо. Очиж үзээгүй газруудаар аялах үед их эрч хүчтэй болдог. Сүүлийн үед алдартай, амжилттай яваа хүмүүсийн намтрыг унших их дуртай болоод байгаа. Надад асуудал юм шиг санагдаад буй зүйлүүд тэдний үзэж туулсан, хийж бүтээсний дэргэд юу ч биш гэдгийг ойлгодог гэх үү дээ.
-Залуу хүний хувьд та юунд эмзэглэж байна вэ. Үүнийг өөрчлөхийн тулд та юу хийж чадах вэ. Залуусыг ямар байгаасай гэж боддог вэ. Тэднийг юунд уриалах вэ?
-Надад Монголын нийгэм, хүмүүс маш их стресстэй санагддаг. Бүгд баргар царайтай, жижигхэн зүйлс дээр асар их уурладаг. Инээгээд явж байгаа хүнийг бараг гайхаж харах шахуу. Хэзээ хэзээгүй дэлбэрэхэд бэлэн байгаа тэсрэх бөмбөгнүүд л яваад байгаа юм шиг. Олон уулзалттай, эсвэл гадуур ажил хөөцөлдөх шаардлагатай өдрүүдэд бол битүү минатай том талбай дундуур явж байгаа юм шиг санагдах нь ч бий. Тэгээд энэ их бухимдал стресс заримдаа надад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Үүнд л жаахан эмзэглэдэг. Залуус маань эрч хүчтэй, аз жаргалтай байж, хажууд байгаа хүмүүстээ ч эерэг энерги түгээдэг байгаасай л гэж хүсдэг. Хүн өөрийнхөөрөө байж чадаж байгаа үедээ хамгийн аз жаргалтай байдаг байх. Тиймээс залуусыг өөрийнхөөрөө бай л гэж уриалмаар байна. Гэхдээ бусдад гай, саад бололгүйгээр шүү. /инээв/
Харин өөрийнхөөрөө байж чадах орчныг бий болгохын тулд маш их хөдөлмөрлөж, хийж бүтээх хэрэгтэй. Миний зүгээс хийж чадах зүйл ч гэсэн тэр л байна.
-Та хэр мөрөөдөмтгий вэ. Багынхаа мөрөөдлөөр амьдарч чадаж байна уу. Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Мөрөөдөмтгий. Тэр бүр ил гаргаад байдаггүй болохоос янз бүрийн л юм бодож, төсөөлж, мөрөөдөж явдаг. Гэхдээ зөвхөн мөрөөдөөд суух биш бодсон юмнуудаа хийх гэж заавал хичээнэ, болж өгвөл бүтээнэ, чаддаггүй юмаа гэхэд оролдож үзээд мухарлаад орхих дуртай. 18 нас дөнгөж хүрээд анх компани байгуулж байсныг бодоход багаасаа тиймэрхүү хандлагатай байсан юм шиг ээ. Ер нь ямар нэг бүтээлч юм хийж, оролдож, бүтээж л байвал сэтгэл дүүрэн байдаг. Одоо ч тийм хэвээрээ. Тэгэхээр багадаа төсөөлдөг байсан амьдралаараа амьдарч байгаа гэж хэлж болох юм болов уу. Тэгэхдээ бас би залуу хэвээрээ байна шүү дээ. Цаашид юу болохыг таашгүй.
10 жилдээ бол онц сурдаг хүүхэд гээд багш нар их хайртай байсан. Нийгмийн идэвхтэй. Янз бүрийн уралдаан, тэмцээн, хот, улсын олимпиадуудад оролцоно. Харин хүүхдүүдийн ид хөдөлгөөнтэй, сахилгагүй болдог насан дээр “шар” өвчин тусаад хоёр жил гаруй хамаагүй гүйж харайж болохгүй болчихсон учраас хөдөлгөөнтэй хүүхэд бол байгаагүй.
-Б.Батзаяагийн ертөнцийг бүтээлцсэн, таны хувьд эрхэм хүмүүс, аав, ээжийнхээ тухай дурсахгүй юу?
-Одоо байгаа Батзаяа гэж хүн, ертөнцийг бий болоход хамгийн ихээр нөлөөлсөн хүмүүс бол маргаангүй миний өвөө, эмээ, ээж гурав.
-Таны амьдралд тохиолдсон хэзээ ч мартамгүй, маш том сургамж үлдээсэн үйл явдал юу байсан бэ?
-Олон найзууд хамтарч бизнес хийнэ гэж байдаггүй юм билээ. Хэдийгээр найзууд хоорондоо хамтран ажиллахад их амархан ойлголцоод, амжилттай байж болох юм шиг санагддаг боловч хэд хэдэн хүндрэл бий. Нэгдүгээрт, хэрэгтэй хэрэггүй юм ярьж, дэмий маазраад ажил урагшилдаггүй. Хоёрдугаарт, нэгэнт бизнес учраас шаардлага тавих, хариуцлага тооцох гээд асуудлууд зайлшгүй гарч ирнэ. Найзууд бие биендээ хамаагүй тэгж чадахгүй дөлөөд байх, эсвэл нэг нь шаардлага тавихаар хүлээж авахгүй байх нь элбэг. Зарим нь бол шууд гомдоод, эсвэл бардаад хэрүүл, үл ойлголцлын шинжтэй болоод явчихдаг. Надад яг энэ асуудлаас болж харилцаагаа бүрмөсөн тасалсан нэг найз бий. Том сургамжтай зүйл гэвэл энийг дурдаж болох юм уу даа. Найзууд хамтран бизнес эрхлэхээр болбол яг өөрийн үүрэг хариуцлагаа сайтар ухамсарласан 2-3 хүнээс илүүгүй байх хэрэгтэй юм байна лээ шүү гэж зөвлөе.
-Залуу хүнтэй ярилцаж байгаа тул хайр дурлалын сэдвийг тойрч өнгөрч болохгүй нь. Хайр дурлалыг юу гэж боддог вэ. Хайр дурлалыг анхныхаар нь авч үлдэхийн тулд залуус ямар байх хэрэгтэй гэж боддог вэ?
-Хайр дурлал бол хүний амьдралын нандин сэдэв. Хамаагүй юм яривал бас буруудчих гээд байдаг талтай. /инээв/ Ер нь сэтгэл хөдлөлөөр яаран шийддэг зүйл биш тул насан туршдаа цугтаа хамт байх тэр л хүнээ олоод, хайрлаад, таниад, хамтдаа бэлэн болсон үедээ гэр бүл зохиох хэрэгтэй байх. Үеийн залуус дунд гэр бүл салалт их байх шиг санагддаг. Өөрийгөө бүрэн таниагүй, юу хүсч байгаагаа мэдэхгүй үедээ яаран гэр бүл зохиосонтой холбоотой юм болов уу. Гэхдээ мэдээж үлгэр жишээ авмаар гоё гэр бүлүүд ч байна. Би сүйт бүсгүйтэй. Хуримаа хийж арай амжаагүй явна.
-Таны хамгийн том зорилгоор яриагаа өндөрлөе?
- Хамгийн том гэж тодорхойлоход их хэцүү юм байна. Мэдээж хэрэг хувь хувьсгалын олон зорилго бий. Тоочоод байвал дуусахгүй. Жижиг ч бай, том ч бай миний хувьд ижилхэн чухал. Batu Digital, Unread-н хувьд 2017 онд ямар ч байсан гадны зах зээлд эхнийхээ бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар нэгэн байдлаар гаргах болно. Энэ бол эхлэл. Цаашлаад гадаадын зах зээл дээрээс хөрөнгө босгохыг үгүйсгэхгүй. Бид одоогоор Google, Apple гээд л гадны нэртэй том компанид орж ажиллах юмсан гэж мөрөөддөг. Харин яагаад тэр мөрөөдлийн компанийг бид өөрсдөө бий болгож болдоггүй гэж бодож, мөрөөдөж явна даа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн