Open iToim app
Улс төр | 4 мин уншина

​Б.Батзаяа: Тийм ээ, би “Женко”-гийн багийн хүн

​Б.Батзаяа: Тийм ээ, би “Женко”-гийн багийн хүн
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 2
Цагдаагийнхан өнгөрсөн баасан гаригийн орой Б.Батзаяаг гэрээс нь баривчилжээ. Зарим хүн энэ үйл явдлыг Б.Батзаяаг бус, Х.Баттулга гишүүнийг “барьчихсан” аятай сонордон хүлээж авав бололтой. Уг үйл явдлыг мэдээлсэн хэвлэлийн гарчиг, мэдээний агуулгаас тэгж харагдана. Х.Баттулга гишүүнийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байх үед яамных нь бүтцэд багтдаг “Монголын төмөр зам” компанийн захирлын, 2012 оны сонгуулийн дараа МоАХ фракцад Зам, тээврийн яам ногдоход Төрийн нарийн бичгийн даргын албыг Б.Батзаяа хашиж байлаа. Энэ утгаараа тэрээр Х.Баттулга гишүүнийн багийн хүн яахын аргагүй мөн юм.
Энэ баривчилгааны дараа, улс төр бужигналаа, “Женко”, “MCS” хоёрын зөрчил даамжирлаа, Тавантолгойн төслийг ахин оруулж ирэхэд З.Энхболд, Х.Баттулга нарыг дахин “саад” болгохгүйн тулд Б.Батзаяаг баривчиллаа” гэх зэргээр янз бүрийн таамаг, “бор шувуу”-д аль хэдийнэ нисээд эхэлжээ. Тэр тухай таамаглах, бичихэд эртэднэ.
Харин Баасандоржийн Батзаяа гэж бие хүний тухай, түүний хэн болохыг товч танилцуулах нь сэтгүүлзүйн ажил, бас үүрэг юм. Ингээд бичихээр “нөгөө Х.Баттулга нь Б.Батзаяагаа жийхээр шийдэж, надад хамаагүй, бие хүн шүү гэх ухааны юм” бичүүлж гэж хэн нэгэн хардана, зарим нь тэгж жиргэх л байх. Тэгэхдээ тэдгээр нь сэтгүүлзүй биш. Хэн нэгнийг “унасан” дээр нь нэмж дэвсэлдэг нь мэргэжлийн сэтгүүлчдийн ч ажил биш учраас ойлгох нь олон биз ээ. Хэдэн жилийн өмнө Гаалийн дарга байсан Х.Баатарыг цагдаагийнхан баривчилсан. Тэр үед өнөөдрийн Х.Баттулга-Б.Батзаяа нар шиг шадарлан явж Гаалийн даргаар томилсон Сангийн сайд Ч. Улаан нь “Би Х.Баатарыг танихгүй” гэж ярилцлага өгсөн л гэдэг юм. Урьдын ийм араншинг Х.Баттулга гишүүн энэ удаа давтахгүй биз ээ. Б.Батзаяа ч өөрөө нэгэн ярилцлагадаа “тийм ээ, би Монголдоо ихийг бүтээсэн, ихийг бүтээнэ гэж боддог Х.Баттулгын багийн гишүүн. Би энэ хүнтэй ах дүүгийн ёсоор 15 жил сайхан нөхөрлөж явна” гээд түүнийг макро төвшинд сэтгэж, асуудлыг өргөнөөр харж чаддаг улстөрчдийн нэг хэмээн үнэлжээ.
Харин тэр өөрөө хэн бэ. Б.Батзаяа гэж энэ эрхэм гурван хүүхэдтэй, 18 дугаар сургууль, Удирдлагын академи төгссөн нэгэн юм байна. Түүний намтарт содон, бусдад сонин гэмээр хэд хэдэн тодотгол бий. Тухайлбал, Б.Батзаяа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын ганц эмэгтэй дүүгийнхүү юм байна. Тэрээр улсын Ерөнхийлөгч болсон нагац ахаараа бахархахын зэрэгцээ, янз бүрийн тусламж дэмжлэг хүсч садаа болохгүйг хичээж явдаг гэжээ. Өөрөө Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн ээж ээжийн өвөр дээр өссөн тухайгаа “Пунсалмаа эмээ маань” гэж байгаад дурссан байдаг. Түүний ураг төрөлд багтах олны танил өөр нэгэн хүн бол хорих байгууллагад олон жил ажилласан, Монголын цөөхөн эмэгтэй хурандаа нарын нэг Оюунбадам ажээ. Б.Батзаяагийн ээж Жаргал П.Очирбатын дүү бол, Оюунбадам хурандаа анхны Ерөнхийлөгчийн ээжийн эгчийнх нь хүүхэд ажээ. Б.Батзаяа гэрээт хамгаалалтын компаниа байгуулахаас өмнө цагдаагийн тусгай тасаг, Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байжээ.1990 оноос каратэгээр хичээллэж киокүшин каратэгийн хар бүс хоёр дан зэрэгтэй болсон байна. Мөн JCI байгууллагын гишүүн, 2011 онд үндэсний ерөнхийлөгчөөр нь ажиллаж байжээ. Б.Батзаяа Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуягаас удаа дараа сануулга авч, эцэст нь ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаасаа нь чөлөөлөгдсөн юм.
Цагдаагийнхан Б.Батзаяа ямар хэрэгт шалгаж, юуны учир барьсан нь тодорхойгүй. Хоёр ч төрлийн гэмт хэргийн сэжиглэлд түүний нэр холбогддог. Б.Батзаяа 2009 онд “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “China CNP Corporation limited” корпорациасзургаанзүтгүүрхудалданавчээ. Харамсалтайньугзүтгүүрүүдийг Монголд ашиглахболомжгүй, стандартыншаардлагахангахгүйгэсэндүгнэлтийг "Улаанбаатартөмөрзам"-ынхан гаргасан байдаг юм байна. Эдгээр зүтгүүрүүдийн үнийн дүнг хэвлэлүүд 60 сая доллар, 35.7 орчим сая ам.доллар гэж хоёр янзаар бичдэг. Зүтгүүрээс гадна 28.5 сая долларын үнэтэй 62 ширхэг засварын машин авсан нь бас ашиглалтгүй байдаг тухай мэдээ бий. Өөрөөр хэлбэл, түүний авсан зургаан зүтгүүр төмөр замын депогийн хашаанд, засварын машинууд нь “Болд төмөр-Ерөө” компанийн хашаанд ашиглалтгүй сул зогсч байдаг тухай хэвлэлүүд их олон бичсэн. Хоёр дахь “хэрэг” нь гэвэл сая өөртэй нь хамт хэд хэдэн захирал нь баригдсан гэж мэдээлэгдээд байгаа Солонгосын “Самсунг C&T” компанитай холбоотой дуулиан юм. Энэ нь Б.Батзаяа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын далангийн 200 гаруй сая долларын ажлыг энэ компаниар гүйцэтгүүлсэн, гүйцэтгүүлээгүй тухай төлбөртэй, төлбөргүй нийтлэл энэ хавар, зуны турш явсан юм. Тэр төрийн нарийн бичгийн дарга байхдаа энэ компанийн ажилтай газар дээр нь очин танилцаж, бондын мөнгөнөөс 200 сая доллар өгсөн тухайгаа мэдэгдэж байв.
Хуулийнхан эдгээр “хэрэг”-үүдийн аль нэгийн мөрөөр орсон нь болов уу. Гэмт хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээх нь хуульзүйн талаасаа шударга ёс. Харин энэ баривчилгааг нийгмийн талаас нь авч үзвэл олон жил сунжирсан Тавантолгой, баригддаггүй төмөр замыг тойрсон бүлэглэлүүдийн маргааны үнэн зөв тодроход бага боловч ач холбогдолтой. Магадгүй, энэ Монголдоо багтахаа байсан мэт зөрчилддөг, байгаа баялаг нь зөвхөн тэднийх мэт булаацалдан тэмцэлддэг улс төр эдийн засгийн бүлгийнхэнд энэ баривчилгаа ямар нэгэн байдлаар эерэг дохио бөгөх биз ээ. Хамгийн гол нь энэ хэргийг зөв, шударгаар шалгаж шийдвэл шүү дээ. Харин Б.Батзаяаг Х.Баттулга гишүүнийг дэмждэг хэсэг нь багийн гишүүн гэж өмөөрөхгүй, дэмждэггүй хэсэг нь Х.Баттулгын хүн гэж өшиглөхгүй байх нь олон нийт үнэнийг мэдэх, хэргийг шударга шийдэхэд тустай.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн