“Гранд повер” компанийн ерөнхий менежер Б.Батдэлгэртэй нүүрсийг боловсруулах төслийн талаар ярилцлаа.
-Танай компанийн хувьд нүүрсийг боловсруулж бүтээгдэхүүн гаргах чиглэлээр нэлээд олон жил ажиллаж, олон судалгаа хийсэн. Ярилцлагын эхэнд өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар мэдээлэл өгнө үү?
-“Гранд повер” компанийн хувьд Монгол Улсад нүүрсийг боловсруулах чиглэлд хамгийн олон төсөл хэрэгжүүлсэн. Нүүрсийг боловсруулж хий үйлдвэрлэж, хийгээр цахилгаан үйлдвэрлэх станцыг анх 2005 онд барьж байсан. Жилд 20 сая шоо метр хий үйлдвэрлэх хүчин чадалтай уг станцыг 2006 онд бас Увсад байгуулсан. Нүүрсийг хагас коксжуулах буюу утаагүй түлш гаргах үйлдвэрийг 2008 онд “Шарын гол энерги” компанийн захиалгаар Дархан-Уул аймагт барьсан. Мөн “Монголын алт” корпорацийн захиалгаар нүүрсийг хагас коксжуулах төслийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчтэй нь холбож өгсөн. 2010 онд Шивээ-Овоо уурхайг түшиглэн хүрэн нүүрсийг хатааж, ичлэгийг нь өндөр болгодог технологийг судалж үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулсан байгаа. Дараа нь 2011 Канадын хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс” компанийн уурхайг түшиглэн жилийн 10 сая тонн нүүрс бэлтгэх үйлдвэрийн угсралтын ажлыг манай компани хийсэн. 2014 онд нүүрсний хийн цахилгаан станцаа 22-ын товчооны тэнд байрлах үйлдвэр техникийн баазыг түшиглэн байгуулж, туршилт судалгааны ажлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж байна. Өнгөрсөн жил Байгаль орчны яамны захилгаар Цэвэр агаар сангийн хөрөнгө оруулалтаар 3.5 км хийн шугам байгуулж, хамгийн ойр байрлах төсвийн байгууллага болох хилийн цэргийн 151 дүгээр ангийг нүүрсний хийгээр хангаж байна. Нүүрсний хийгээр халаалтын зуухуудыг халааснаар агаарын бохирдол хэрхэн буурах талаархи судалгааг Агаарын чанарын алба хийж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад 3000 гаруй халаалтын зуух байгаа. Энэ нь гэр хорооллын агаарын бохирдлын 30-40 хувийг эзэлж байгаа. Тиймээс бүх аж ахуйн нэгжийн зуухыг нүүрсний хийгээр хангахаар судалгаа хийж байна.
-Танайх Хятадын Сенопик корпорацитай хамтран нүүрснээс байгалийн хий гаргах судалгаа хийж байсан байх аа?
-Тийм ээ. 2013 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Сенопик корпораци хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд төслийн нэгж байгуулж, түүнд нь манай компани багтсан юм. Ингээд 2013 оноос Сенопик компанитай хамтран ажиллаж төвийн бүсийн томоохон нүүрсний уурхай дээр судалгаа хийсэн. Манай уурхайнуудын 80-90 хувь хүрэн нүүрс байдаг. Үүнийгээ бараг ашиглаж чадахгүй байгаа. Зөвхөн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсийг цахилгаан станцад хэрэглэдэг. Бусад уурхайд асар их нөөц байгаа ч огт ашиглаж чадахгүй байна. Сүүлийн үед нүүрсний томоохон уурхайг түшиглэсэн хэдэн цахилгаан станцын төсөл яригдаж байна. Гэхдээ эцсийн шийдвэр гарч, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн нь ховор байна. Тиймээс Сенопик компанитай хамтран хүрэн нүүрснээс байгалийн хий гаргах урьдчилсан ТЭЗҮ, судалгаа хийсэн. Судалгааны үндсэн дээр хүрэн нүүрсийг боловсруулах нь ашигтай, цаашлаад Хятад улс руу экспортод гаргах боломжтой, дотоодын хэрэгцээг бүрэн хангах бололцоотой гэдгийг тогтоосон.
Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын зүгээс нүүрснээс байгалийн хий гаргах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Манай улсын хувьд нэлээд том хэмжээний мега төсөл байсан учраас бага зэрэг болгоомжилсон. Төслийн нийт өртөг нь манай ДНБ-ий хэмжээнээс 3-4 дахин их. Тиймээс бодлогын чанартай урьдчилсан боловсруулалт хэрэгтэй учраас хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажлыг хойшлуулсан. Төслийн нэгж Улаанбаатар хотыг нүүрсний хий, байгалийн хийгээр хангах судалгааг явуулж өнгөрсөн хоёрдугаар сард хаагдсан. Энэ судалгааны үр дүнд Монгол Улс хүрэн нүүрсийг боловсруулж байгалийн хий үйлдвэрлэх нь хамгийн үр ашигтай гэж үзсэн. Байгалийн хийгээр цахилгаан гаргахаас гадна авто машины түлш хийж болно. Өөрөөр хэлбэл, шатахууны хамаарлыг арилгаж, ахуйд ч хэрэглэж болно. Тэгэхээр Монгол Улс байгалийн хий үйлдвэрлэвэл эрчим хүчний хувьд бусад улсаас хамааралгүй болох боломжтой.
-Тухайн үед байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийг байрлалын хувьд хаана гэж ярьж байсан бэ?
-Төвийн бүсийн нүүрсний хамгийн том уурхайнууд болох Цайдам нуур, Тэвшийн говь, Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулахаар яригдаж байсан. Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэж гаргахад нүүрсний нөөцөөс гадна усны нөөцийн хэмжээ маш чухал. Тухайн үед үйлдвэр байгуулбал усаа хэрхэн татах талаар иж бүрэн судалгааг хийж, Туул, Орхон голын урсацыг судалсан. Туул голын хурын усыг хуримтлуулж бассейн байгуулахад нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн усны нөөцийг бүрэн хангах боломжтой гэсэн үр дүн гарсан.
-Тэгэхээр манайх нүүрснээс байгалийн хий гаргах төсөл хэрэгжүүлье гэвэл бүх судалгаа бэлэн байгаа юм байна, тийм үү?
-Бүх судалгаа бэлэн байна.
-Эхний ээлжид Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах бага оврын үйлдвэр байгуулах боломж байгаа юу?
-Сенопик компанитай хамтарсан төслийн ТЭЗҮ-ээр үйлдвэрийн хүчин чадал нь 16 тэрбум шоо метр. Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргахаар төлөвлөсөн хэмжээ л дээ. Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангахад хоёр тэрбум шоо метрийн хүчин чадалтай байхад бүрэн хангана. Нэг тэрбум шоо метрийн хүчин чадалтай үйлдвэр байгуулахад гэр хорооллыг бүхэлд нь байгалийн хийгээр хангах бололцоотой гэсэн судалгаа гарсан.
Манай компани энэ жил Улаанбаатар хотын гэр хороолол, нийтийн 900 гаруй тээврийн автобусыг байгалийн хийгээр хангах чиглэлд судалгаа хийсэн. Жилд 50 сая шоо метр байгалийн хий үйлдвэрлэдэг үйлдвэр байхад нийтийн тээврийн бүх автобус, такси-г байгалийн хийгээр хангаж, цаана нь мянган өрхийг хангах бололцоотой гэж үзээд ТЭЗҮ-ийг боловсруулсан. Одоо үйлдвэрээ байгуулах, хөрөнгө оруулалтыг босгох тал дээр ажиллаж байна.
-Байгалийн хийг ихэвчлэн хоолойгоор дамжуулдаг. Тэгэхээр Улаанбаатар хотын гэр хорооллыг байгалийн хийгээр хангахаар болбол яаж дамжуулах вэ?
-Бага хүчин чадалтай, жижиг үйлдвэрт заавал хоолойгоор дамжуулах хэрэггүй. Байгалийн хийгээ шахаж, эзлэхүүнийг 250 дахин багасгаж шахсан байгалийн хий хэлбэрээр баллонд савлаж, 3-4 айлын дунд нэг, эвсэл нэг айлд нэг баллон тавьж шугам хоолойгоор холбож асуудлыг шийдэж болно. Машинд бол машинаар байгалийн хийгээ зөөж авчраад шатахуун түгээх станцуудаар борлуулж болно.
-Хэнтий аймгийн Бор-Өндөрт нефть, зэс, ган боловсруулах үйлдэрийг байгуулах шийдвэр гарсан. Тэнд нүүрснээс хий, байгалийн хий гаргах үйлдвэрийг байгуулах боломж байгаа юу?
-Байлгүй яах вэ. Ер нь хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд хий маш их хэрэгтэй. Төмөр хайлуулах, зэс хайлуулахад хий хэрэгтэй. Учир нь манай хүрэн нүүрсний илчлэг хүнд үйлдвэрийн стандартад хүрдэггүй. Маш өндөр чанарын нүүрс хэрэгтэй бөгөөд түүнийг нь холоос тээвэрлэхэд эдийн засгийн хувьд зардал нэмэгддэг. Тиймээс хүнд үйлдвэрийг дагаж нүүрснээс хий үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. Үүнийг дагаж үйлдвэр хөгжинө. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн комплексийг дагаж нүүрснээс хий үйлдвэрлэх шаардлага үүснэ.
-Манайд нүүрсийг боловсруулж шатахуун гаргах нэлээд төсөл хэрэгжүүлж байна. Танайх нүүрснээс хий, байгалийн хий гаргах чиглэлд анхаарч ажиллаж байх шиг байна. Ер нь нүүрснээс шингэн түлш гаргах, байгалийн хий гаргахад зардал нь ямар байдаг вэ?
-Өнөөдөр нүүрсийг боловсуулах чиглэлд ихэнх төсөл нүүрснээс бензин үйлдвэрлэх төслүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, “MCS” компани Багануурт нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан байна. МАК өөрийн Адуунчулууны ордыг түшиглэн нүүрснээс метанол гаргаж, метанолоос шингэн түлш гаргах чиглэлд ажиллаж байна. “Цэцэнс майнинг Энержи” компани нүүрснээс шингэн түлш гаргахаар ажиллаж байна. Манайх нүүрснээс шингэн түлш биш байгалийн хий гаргах чиглэлд ажиллаж бай-гаа. Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх нь шингэн түлш гаргах зардлаас хоёр дахин хямд байдаг. Тэгсэн хэрнээ ижил энергитэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх нь Монгол Улсад тохиромжтой, олон давуу талтай. Нүүрснээс шингэн түлш гаргахад утаа буурах магадлал бага. Харин байгалийн хийг ашигласнаар наанадаж утаа гэдэг зүйлд санаа зовохгүй болно. Өөрөөр хэлбэл, нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэртэй болсноор Улаанбаатар утаагүй хот болох боломжтой. Тэгэхээр нийгмийн талаас нь харсан ч өндөр өгөөжтэй.
-Эдийн засгийн хувьд нүүрснээс байгалийн хий гаргах нь ямар өгөөжтэй юм бэ?
-Дотооддоо энэ үйлдвэрийг хөгжүүлснээр нэгдүгээрт, гаднаас хамааралгүй болно. Хоёрт, гадаад зах зээлээс хамаарч үнэ савладаггүй, валютын ханшийн өсөлтөөс хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл, монголчууд өөрсдөө эдийн засгаа удирдаж, гаднаас хамааралгүй, валютын нөөцгүй учраас түлшээ авч чадсангүй гэдэг яриа байхгүй болох боломжтой.
-Судалгаа хангалттай хийсэн байна. Одоо үйлдвэр байгуулах хөрөнгийг хэрхэн босгох вэ гэдэг асуудал чухал болж байгаа байх. Энэ чиглэлд төр засгийн зүгээс хэрхэн дэмжвэл зохих вэ?
-Түлш, байгалийн хий үйлдвэрлэх нь өөрөө улс орны эдийн засагт чухал нөлөөтэй учраас стратегийн ач холбогдолтой салбарт багтдаг. Тиймээс заавал төрийн оролцоо шаардлагатай. Хөрөнгө оруулалт босгох гээд хөрөнгө оруулагчидтай уулзахад заавал төрийн дэмжлэг, оролцоо хэрэгтэй гэдэг. Энэ тал дээр Засгийн газар, Аж үйлдвэрийн яам, Уул уурхайн яамтай хамтарч, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг байнга хүсдэг. Мөн Улаанбаатар хотын Захиргаатай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа.