Open iToim app
Нийслэл | 14 мин уншина

​С.Батболд: Хөшигийн хөндий орчимд 100 мянган хүн амтай "Аеро сити" хотыг байгуулна

​С.Батболд: Хөшигийн хөндий орчимд 100 мянган хүн амтай "Аеро сити" хотыг байгуулна
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 10
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.БАТБОЛД-той ярилцлаа.

-Хотын даргын албыг аваад албан ёсоор ярилцлага өгч байгаа нь өнөөдөр байх. Та бол улс төрд 20 орчим жил явчихсан, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн туршлагатай хүн. Хотын даргаар ажиллахдаа Улаанбаатарыг ямар болгоно гэсэн амбиц танд байгаа вэ?
-Би орон нутгийг мэднэ. Тэндээс улс төрийн ажлын гараагаа эхэлсэн. Өнгөрсөн 20 жил улс төрд явахдаа Үндсэн хууль, засаг захиргаа, нутгийн удирдлагын чиглэлээр ажиллаж иржээ. Тийм учраас онолын хувьд хийсэн судалгаа, хуулийн чиглэлээр хийсэн ажлаа нийслэлд хэрэгжүүлэхэд маш сонирхолтой байна. Яагаад гэвэл, би асуудлаа мэдэж байгаа учраас, хийх боломжтой учраас чадна гэсэн амбиц надад байна. Амбицаа би мөрийн хөтөлбөртөө тусгасан. Би Улаанбаатар хотын ирээдүйг эзэнгүй юм шиг замбараагүй хот биш маш эмх цэгцтэй, энд амьдардгаараа иргэд нь бахархдаг, бие биеэ хүндэлсэн, орчин үеийн хөгжиж байгаа хотын дүр төрхөөр хардаг. Улаанбаатар хотод ирсэн гаднынхан “Танай хотод “аймаар их” ирээдүй харагдаж байна. Улаанбаатараас эрчим, энерги мэдрэгдэж байна. Яагаад гэвэл, Улаанбаатарын хүн бүр эрмэлзлэлтэй, хөдөлгөөнтэй байна. Улаанбаатар залуу хот учраас тэр их энергитэй, эрчимтэй хүмүүстэйгээ хамтраад ажиллавал сайхан болно” гэж хэлдэг. Надад ч гэсэн тэгж бодогддог. Тийм учраас би өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Өмнө нь хэрэгжсэн сайн ажлыг илүү сайжруулж үргэлжлүүлнэ. Шинээр маш олон хийхээр төлөвлөөд байгаа. Намайг хүмүүс хэнтэй ч харьцуулж болно. Гэхдээ С.Батболд Улаанбаатар хотын төлөө өөрийн гэсэн өнгөтэй ажиллана.
-Сангийн сайд ажлаа аваад Монгол Улсын төсөв хөрөнгийн данс маш хүнд байна гэж мэдэгдсэн. Харин Э.Бат-Үүл дарга танд ажлаа хүлээлгэж өгөхдөө өмнө нь байгаагүй хэмжээний дансандаа хөрөнгөтэй хот хүлээлгэж өглөө шүү гэсэн. Үнэхээр тийм байна уу?
-Ялгаа байхгүй хотын төсөв хүнд байгаа. Тэр үед Э.Бат-Үүл дарга жаахан шоудчихсан байхгүй юу. Хотын төсвийн дансанд угаасаа 60 тэрбумаас 100 тэрбум төгрөг байнга байж байдаг. Хот хүмүүсээ цалинжуулах, үйл ажиллагаа явуулах, засвар тохижилтоо хийх урсгал зардлын төсөвтэй байдаг юм. Энэ мөнгийг шинээр бий болгоогүй, угаасаа л байдаг мөнгө. Одоо ч хотын дансанд 70 тэрбум төгрөг байгаа. Татвараар орж ирээд буцаад гардагийм мөнгө. Тэрнээс хотын дансанд сан үүсгээд, тэрийгээ надад хүлээлгэж өгсөн бол би “Тэгсээн” л гэнэ.
-Сая та ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө НИТХ-аар батлууллаа. Мөрийн хөтөлбөрт хэр биелэх боломжтой зорилтууд туссан бэ?
-Шинээр томилогдсон Засаг даргын хувьд өөрийн хийх мөрийн хөтөлбөрийг батлуулна гэдэг бол маш том ажил байдаг. Тэр утгаараа сая НИТХ-аар “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө амжилттай хэлэлцүүлж батлуулсан. Энэ хөтөлбөрийн үндэс нь мэдээж Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр байгаа. Хоёрдугаарт Нийслэлийн МАН-ын хорооноос иргэдэд амласан амлалтыг үндэс болгосон. Мөрийн хөтөлбөрийг батлуулахдаа би тэнгэр рүү харж байгаад тоо тавиагүй. Монгол Улсын урт болон богино хугацааны хөгжлийн бодлогуудад нийцүүлсэн. Мөрийн хөтөлбөртөө би томоохон зорилтууд багтаасан. Яагаад гэвэл, Улаанбаатар хотод хугацаа алдахгүй шийдэх ёстой асуудлууд бий.Эдгээр асуудлыг хөрөнгө мөнгө муу байна, төсвийн хямралтай байна гэсэн шалтгаанаар хойшлуулах боломжгүй учраас би сонгогдож, томилогдсон хүний хувиар шийдүүлэхийн төлөө ажиллана. Ийм учраас шийдвэрлэх боломжтой асуудлууд туссан.
-Улаанбаатарт хүн ам ихээр төвлөрч байна. Энэ төвлөрлийг хотын захын нутаг дэвсгэрийг хөгжүүлэх замаар задлах ямар шийдэл байгаа вэ?
-Дэлхийн хэмжээнд 400 гаруй хот 1.5 сая орчим хүн амтай байна. Улаанбаатар хот мегаполис хотын хэмжээнд хүрсэн. Дэлхийн хэмжээнд 400 гаруй хот 1.5 сая орчим хүн амтай. Албан тоогоор Монгол Улсын хүн амын 45 орчим хувь нь Улаанбаатарт амьдарч байгаа. Энэ бол нэг сая 350 мянган иргэн. Жилд 30 мянган хүн хөдөө орон нутгаас наашаа шилжиж ирж байгаа. Энэ их төвлөрөл, суурьшлийг дагаж бий болж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг бол хотын өмнө тулгарч байгаа зорилт. Хотод төвлөрөх нь сайн зүйл. Хүн ам ихээр төвлөрвөл түүнийг дагасан үйлчилгээ, худалдаа бизнес өргөжиж байдаг. Гэхдээ төвлөрлийг дагасан нийгмийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудал гардаг. Улаанбаатар хотын хувьд зөвхөн хүн суурьшсан суурьшлын хэсгээсээ гадна дагуул хотууд, алслагдсан хотуудтайгаа хамт хөгжих бодлого мөрийн хөтөлбөрт туссан байгаа. Хоёрдугаарт, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татсан үйлдвэрлэлийн районуудыг хотын гаднах бүсэд байгуулна. Гуравдугаарт, Улаанбаатар хот ганц төвтэй хотоос олон төвтэй хот болж шилжих учиртай. Бага тойруу, Их тойрууг тойрсон төвлөрлийг сааруулж Баянхошуу, Сэлбэ, Яармаг гэсэн шинэ дэд төвүүдийг бий болгох замаар төвлөрлийг сааруулах бодлого туссан байгаа. Хотын иргэд төвийнх, захын хорооллынх гэдгээрээ ялгаагүй үйлчилгээг жигд хүртэх ёстой. Соёл, боловсрол, нийгмийн эрүүл мэнд, төрийн үйлчилгээг жигд хүртэх ёстой. Хотын төвийг л гоё болгохоос илүүтэйгээр тэнд ч бас боломжийг бий болгоно. Бид хотын дэд төвийг байгуулж, захын хороолол руу зам тавих гээд байгаагийн цаад зорилго тэр.

-Хөшигийн хөндийн тэнд “Аеро сити” хот байгуулна гэсэн заалт Засаг даргын мөрийн хөтөлбөрт байна. “Аеро сити” гэдэг нь ямар хот байх юм бэ?
-Улаанбаатар хотын хөгжлийн шинэ төлөв бол Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал. 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгч долдугаар сард анхны нислэгээ хийх ёстой. Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны замын ажлыг үүнээс өмнө дуусгах учиртай. Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн 100 мянган хүн амтай “Аэро сити” хотын төлөвлөлт явж байгаа. Энэ хот бол нийслэлийн төвлөрлийг сааруулах томоохон бодлогын арга хэмжээ юм. Бид Улаанбаатарыг Хөшигийн хөндийтэй холбосон төмөр замыг барих асуудлаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй санамж бичиг байгуулсан. Цаашлаад Богд хаан төмөр зам төслийг хэрэгжүүлнэ. Бидний төлөвлөж байгаагаар “Аеро сити” бол шинэ нисэх онгоцны үйл ажиллагаа, хэрэгцээг хангах хот байна. Нөгөө талаасаа Улаанбаатарын эдийн засгийн тусгай бүсийг тэнд байгуулах юм. “Аеро сити”-д зочид буудал, зугаа цэнгэл, үйлчилгээний томоохон цогцолборууд байна.
-Шинэ нисэх буудалтай болчихвол Чингис хаан /Буянт-Ухаа/ нисэх буудлаа ямар байдлаар ашиглах бол?
-Тэр байгууламжийг томоохон үйлчилгээний цогцолбор байдлаар ашиглах саналаа Засгийн газарт өргөн барья гэсэн бодолтой байгаа. Бас өөртөө нислэг хүлээж авдаг, гадна дотны хөрөнгө оруулагчид тэнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг том төв болж хөгжүүлнэ. Бид Зүүн хойд Азийн аялал жуулчлалын томоохон төв болгож хотоо хөгжүүлнэ гэсэн зорилго тавьсан. Ийм учраас жуулчид ирээд Монголд аялах, зугаацах, худалдан авалт хийх бололцоог нь хангах учиртай. Тэр боломжийг нь Аеро Сити, Чингис хаан нисэх буудлыг холбож хөгжүүлж бий болгох юм.
-Шинэ суурьшилын бүс, дэд төвүүд, дагуул, хаяа хотын тухай хоёулаа ярилцлаа. Нийслэлийг өргөжин тэлэхэд, өдөр бүр шинэ орон сууц баригдахад цахилгаан, дулааны хомсдол гарч байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэр ТЭЦ-V-ийн асуудал таны мөрийн хөтөлбөрт үг үсгээрээ алга. Яагаад вэ?
-ТЭЦ-V-ын станцыг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаагүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх өргөтгөсөн хуралдаан дээр би энэ асуудлыг Ерөнхий сайдад хэлсэн. Улаанбаатар хотод дулааны болон цахилгааны шинэ эх үүсвэр зайлшгүй хэрэгцээтэй байна гэж. Гэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ТЭЦ-III-ыг өргөтгөнө гэж л орсон. Энэ өргөтгөлийг хийхэд экологийн болон хотын ачааллын хувьд асуудал байгаа. Хотын төвөөр дахиад л нүүрс зөөж ТЭЦ-III руу аваачна, дахиад л тэнд утаа униар бий болно. Ийм учраас боломжгүй гэж судалгааны төвшинд үзсэн байдгийг хэлсэн. Би ТЭЦ-V-ыг бариулахын төлөө хөөцөлдөнө. Хоёрдугаарт, Улаанбаатар хотыг дулааны шинэ эх үүсвэрүүдээр хангана. Хотын дэд төвүүдийг Амгалан дулааны станцтай адилхан шинэ төвүүдээр хангах зорилт мөрийн хөтөлбөрт суусан. Тухайлбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд яг Амгалан дулааны станцтай дүйцэх хэмжээний эх үүсвэрүүдийг бий болгоно. Цахилгаан хангамж бол зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас ТЭЦ-V-ын асуудлыг Засгийн газартай дахин ярина. Энэ бол Улаанбаатарын өнөө маргаашийн биш олон жилийн ирээдүйн хөгжилтэй холбоотой асуудал.
-Төв цэвэрлэх байгууламжийг засч өргөтгөх, шинэ цэвэрлэхтэй болох асуудлыг олон нийт байнга шаардаж байгаа. Өмхий үнэр дийлдэхээ байсан. Хотын даргын хувьд таны нэн тэргүүнд шийдэлцэх асуудал энэ байх?
-Цэвэрлэх байгууламжийн концессын гэрээ Засгийн газар дээр явж байгаа.Би холбогдох талуудтай хэд хэд уулзсан. 2018 оны эцэс гэхэд шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглалтад оруулах нь зүйтэй. Хот дээр концессын гэрээгээ аваад шинээр эхэлнэ гэвэл хугацаа алдана. Ийм учраас Засгийн газар дээр явж байгаа концессын гэрээг үргэлжлүүлж, барих-шилжүүлэх биш барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр баригдах нь зүйтэй гэж үзсэн. Хоёрт, хуучин цэвэрлэх байгууламжаа шинэчлэх ажлыг зэрэг эхлүүлэх учиртай. Хуучнаа ч шинэчилнэ, шинээ ч бариулна. Таатай мэдээ дуулгахад, АНУ-ын Мянганы сорилын сангийн шугамаар Улаанбаатар хотод хоёр дахь компакт гэрээ хэрэгжих гэж байгаа. Би АНУ-ын Элчин сайдтай уулзаж ярилцсан. Энэ гэрээгээр Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлнэ гэж ерөнхийдөө тохирсон байгаа. Төслийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг дулааны хоёр том цахилгаан станцын хөргөлт болон технологид ашиглах шийдэлтэйгээр цуг явъя гэж байгаа юм. Ер нь бол Улаанбаатар хэрэглэж байгаа цэвэр усныхаа 20 хувийг шууд цахилгаан станцуудад нийлүүлдэг. Хэрвээ саарал усыг цахилгаан станцуудад ашиглавал Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 20 хувиар хэмнэгдэнэ.
-Намар болгон цэцэрлэг, сургуулийн асуудал тулгардаг. Хүүхдэд боловсрол эзэмшүүлнэ гэдэг бол эцэг, эхийн сугалааны аз, ёндоо мэдэх асуудал боллоо. Газар байхгүй, хөрөнгө байхгүй гэх юм. Хотын удирдлагын зүгээс үүнийг шийдэх ямар зорилттой байнавэ?
-Бид сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлнэ гэсэн зорилт тавьж байгаа. Цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ. 85 хувьд хүргэхийн тулд улсын цэцэрлэг нэмж барихаас гадна хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлаа өгөх арга хэмжээ авна. Ер нь шилжин ирэгсэдтэй холбоотойгоор цэцэрлэгийн асуудал хүнд байгаа. Захын дүүргүүдээс гадна хотын төвийн дүүргүүдэд ч асуудал хүнд байгаа. Шинэ хорооллууд баригддаг хэдий ч сургууль, цэцэрлэг барихгүй байна. Хот бол тэдэнд сургууль, цэцэрлэгээ хамтад нь төлөвлөж орон сууцны хорооллоо барьж гэсэн нөхцөл шаардлага тавина. Яагаад гэвэл энэ нь тэдний нийгмийн хариуцлагын асуудал. Тэгэхгүй бол доод давхартаа дэлгүүр эсвэл гарааш л хийгээд байгаа шүү дээ. Тодорхой жишээ хэлэхэд, төмөр замын урд талын Баянмонгол, Олимп хороолол цэцэрлэггүй, XIII хорооллын бараг бүх сургууль гурван ээлжид шилжих болоод байна.
-Таны өмнө Засаг даргаар ажилласан Э.Бат-Үүл баатар зам барьж, түгжрэлийг сааруулах менежмэнт хийсэн. Одоо иргэд таниас бас шинэ шийдэл хүлээж байгаа. Замын түгжрэлийг бууруулах ямар боломж байна вэ?
-Улаанбаатар хотын замын түгжрэлийг сааруулахад дугаарын хязгаарлалт эхний нэг жил үр дүнгээ өгсөн. Харамсалтай нь, жилд 30 мянгаас 40 мянган автомашин шинээр хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд шинэ арга зам хэрэгтэй боллоо. Хоёр зүйлийг ярьж болно. Нэгдүгээрт, зохион байгуулалтын арга хэмжээ авна. Хоёрт, шинээр зам барьж, уулзваруудыг өргөтгөнө. Зохион байгуулалтын арга хэмжээ гэхэд эхний ээлжинд Баруун болон Зүүн дөрвөн зам, Гэсэр сүм, Саппорогийн уулзвараар баруун гар тийш гэрлэн дохио харгалзахгүй чөлөөтэй нэвтрэх боломжтой болголоо. Замын цагдаагийн газартайгаа ярьж байгаад гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг сайжруулж, зохицуулагчдын тоог нэмэх боллоо. Энэ намар бид замын тэмдэглэгээг олон улсын стандартад нийцүүлнэ. Ирэх хавар гэхэд замын хэвтээ тэмдэглэгээг хамгийн ойлгомжтой хэлбэрээр шийднэ гэж үзэж байгаа. Хоёрт, ирэх хавраас BRT буюу тусгай замын автобусны төсөл хэрэгжиж эхэлнэ. Төслийн хүрээнд ирэх оны сүүлч гэхэд Энхтайваны өргөн чөлөөнд тусгай замын автобусаа явуулна. Мөн Улаанбаатар хотод хэд хэдэн замын төсөл хэрэгжүүлнэ. Өмнө нь Улаанбаатараас гурван тийш гарах замыг сайжруулсан. Бид зүүн тийш Улаанбаатар-Налайхын замыг шинэчилнэ. Улаанбаатар хотод Баянзүрх, Сонсголон, Яармагийн шинэ гүүрийг 2018 онд хүлээлгэж өгнө.
-Гурван шинэ гүүр юм уу?
-Тийм. Хоёр, хоёр эгнээтэй гурван шинэ гүүр барина. Мөн Замын цагдаагийн гарам гэж ярьдаг төмөр замын гарам дээр давхар гүүрэн гарц барина. Дээр нь нэмж, Баруун, Зүүн дөрвөн зам дээр давхар гүүр барина. Улаанбаатар хотын Туулын хурдны зам, Их тойруугийн хурдны замыг эхлүүлнэ. Миний тавьж байгаа эдгээр зорилтууд хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч зайлшгүй шийдэх ёстой асуудлууд. Тийм учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шийдээд явахаас аргагүй.

-Улаанбаатар хот шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болно гэсэн заалт мөрийн хөтөлбөрт байна. Бас Засаг даргын дэргэдэх спортын багтай болно гэсэн байна. Соёл урлаг, спортын томоохон наадмыг жил бүр зохион байгуулна гэсэн байна. Залууст, иргэддээ зориулсан энэ мэт заалтуудын талаар тодруулж ярина уу?
-Дэлхийн том хотууд өөрийн гэсэн багтай байдаг. Улаанбаатар хотын захирагчийн хувьд би багийн спортыг дэмжинэ. Улаанбаатар хот өөрийн гэсэн сагсны баг, хөлбөмбөгийн багтай байх ёстой. Үүнийг бий болгоно. Нөгөө талаар ирээдүйтэй тамирчдыг дэмжиж, бэлтгэхэд хотоос анхаарна. Нөгөө талаар иргэдээ эрүүл байлгахын тулд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дугуйн шинэ замуудыг бий болгох асуудал байна. Дугуйн замыг явган хүний замын хажуугаар зураас татсан байдлаар биш тусад нь барьж шийднэ. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг байгуулахаар хөрөнгө оруулагчидтай уулзаж байна. Хүй долоон худагт, Яармагийн дэнжид, хуучин цэнгэлдэх гэсэн 2-3 байршлыг судалж байна. Би хотын даргын хувьд одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэнгээ 30 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн болгож шинэчилэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхгүй, Хүй долоон худагт байгуулбал 30 мянган хүний нэг зэрэг үйлчлүүлэх үү. Бид Яармагт спорт цогцолборыг ашиглахад л хэцүү байгаа шүү дээ. Ийм учраас хотын төвдөө стадион байгуулах бодолтой байгаа. Хөлбөмбөгийн стадионы тухайд холбооныхоо шугамаар яригдаж байгаа юм билээ. Хэрвээ Монгол наадам цогцолборт цэнгэлдэх барина гээд хувийн хэвшлийнхэн барих-ашиглах-шилжүүлэх байдлаар орж ирнэ гэвэл асуудалгүй. Нөгөө талаар хотын удирдлагын салшгүй нэг хэсэг нь соёл, урлаг. Мегаполис хотод сонгодог урлагийг хот зайлшгүй дэмжиж явах учиртай. Би нэлээд амбицтай зорилт тавиад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд санал тавья гэж бодож байгаа. Дуурын театрыг хотод өгчихөөч ээ гэж. Тэгвэл дуурын болон сонгодог урлагийг дэлхийн хэмжээнд хөгжүүлэх боломжтой. Яг Зүүн хойд Азийн бүс нутагтаа Монголд хүмүүс дуурь, баллет, сонгодог урлаг үзэх гэж ирдэг байгаасай гэж хүсдэг. Тийм учраас маш гоё юм хийх санаатай байгаа. Сонгодог урлаг бол хотын даргын ивээл дор байна. Улаанбаатар бол залуучуудын хот учраас соёл, спортын арга хэмжээг жилийн турш зохион байгуулах ёстой. Хамгийн эхнийх нь “Улаанбаатарын намар” болж залуучуудад их хүрсэн байна лээ. Төсвөөс мөнгө гаргахгүйгээр хөрөнгө оруулагч, компаниудынхаа хүчээр ийм арга хэмжээг явуулж байна гэсэн бодолтой байгаа. Би хотынхоо нэг зүйлээр бахархдаг. Улаанбаатарт бүх төрлийн, бүх улс үндэстний хоолыг амталж болохуйц ресторанууд нээгдсэн байдаг. Жуулчдыг хоолоороо, соёл урлагийн тоглолт, шоу үзүүлбэрээрээ татах олон арга хэмжээ авна. Мөн “Улаанбаатар хотын бренд”-тэй болно. Улаанбаатар хот өөрийн брендтэй, уриатай болно. Улаанбаатарын тухай бодохоор тэр бренд, дүрс, үгс санаанд нь буудаг болгоно. Нисэх буудал дээр буусан жуулчин Улаанбаатарт ирээд заавал худалдаж авдаг бренд бүтээгдэхүүнтэй, иддэг хоол, үздэг арга хэмжээ, үйлчлүүлдэг газруудтай болно.
-Өвөл хаяанд ирж, утаан хөшиг татаад эхэллээ. Хот утааг багасгах чиглэлээр ирэх дөрвөн жил ямар ажил хийх вэ?
-Өнгөрсөн дөрвөн жил утаатай тэмцэх ажилд шат шатандаа бууж өгсөнд би шүүмжлэлтэй ханддаг. Агаарын бохирдлын бүсчлэлийг болиулж, хуулийг өөрчилж, түүхий нүүрс түлэхийг дэмжсэн. Тэрний өмнөх жилүүдэд утаатай бүх талаар тэмцэж байсан. Миний хувьд утаатай тэмцэх тэмцлийг бүх л төрлөөр дэмжинэ. Зуух тараах, дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх, коксжсон, шахмал түлш борлуулах ажил үргэлжлэх ёстой. Гол нь яндангийн тоог бууруулах хэрэгтэй. Би Засгийн газарт санал тавиад байгаа, найман хувийн зээлийг яндангийн тоотой уях хэрэгтэй гэж. Яндангийн тоог цөөлөх маягаар орон сууцжуулах ипотекийн зээлийг холбож явахгүй бол утааны асуудал шийдэгдэхгүй. Нөгөө талаар 10 жилээс дээш ашигласан хуучин автомашины асуудал дээр шийдэл хэрэгтэй. Зарим компани хотын төвд барилга барина гэж газар авчихаад хашаандаа 2-3 айл буулгаж, өвөлжүүлж байна. Үүнийг зогсоох ёстой. Бас компаниуд дулаанд холбогдоогүй гэх шалтгаанаар уурын зуух, нам даралтын зуухууд барьж байна. Нэг талд нь хот утаатай тэмцэх ажил хийж байхад нөгөө талд нь компаниуд утааг бий болгож байна. Үүнтэй хатуу тэмцэнэ.

-Эдийн засгийн хүндрэлээр үүд хаалгаа барьсан компаниудыг сэргэхэд тусална. Өрхийн болон жижиг, дунд бизнесийг дэмжинэ гэсэн. Мөрийн хөтөлбөрийн энэ зорилт яаж биелэлээ олох вэ?
-Засаг даргын мөрийн хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал өргөн хүрээтэй орсон. Иргэдтэй уулзаад явахад, иргэд олон зүйл хүсдэггүй. Ерөөсөө л орлоготой, ажлын байртай болмоор байна гэж хүсдэг. Аз жаргалтай иргэн гэдгийг янз бүрээр л тодорхойлдог. Манай нэг иргэн, “Аз жаргалтай иргэн гэдэг өглөө ажилдаа, орой гэр рүүгээ яардаг хүнийг хэлнэ” гэж оновчтой тодорхойлсон байна лээ. Гэтэл маш олон залуучууд өглөө босоод юу хийх вэ, яаж хоолоо аргалах вэ, яаж гэр бүлээ дулаан байлгах вэ гэж санаа зовж байна. Тийм учраас миний мөрийн хөтөлбөр хүн рүү чиглэсэн, иргэдээ орлоготой болгох чиглэл рүү байгаа. Бид эдийн засгийн хүнд үед ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдээ урамшуулах тал дээр бодлого гаргаж явъя гэж байгаа. Хоёрдугаарт, хөдөлмөр эрхлэлтэд зориулж төсвөөс гаргаж байгаа мөнгийг хувийн хэвшилдээ зарцуулъя гэж байгаа. Дүүргийн Засаг дарга, хөдөлмөрийн хэлтэст мөнгө өгч, “Тэдэн хүн ажилтай болгоорой” гэхээсээ илүүтэйгээр ажлын байр бий болгосон компаниудаа дэмждэг байя гэж байгаа юм.
-Нийслэлийн Засаг дарга, хурлын даргын дэргэд орон тооны бус Зөвлөхүүдийн, Эрдэмтдийн, Экспертийн зөвлөл ажиллах юм байна. Та энэ талаар тодруулаач?
-Би хоёр зөвлөлийг дэргэдээ байгуулсан. Эхнийх нь хотын өмнөх удирдлагууд, бүх салбарын тэргүүний мэргэжилтнүүдийг оруулсан Зөвлөхүүдийн зөвлөл. Зөвлөл сардаа нэг удаа хуралдаж хотын даргад зөвлөгөө өгдөг, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад тусалдаг байх юм. Хоёр дахь нь, нийслэл дэх хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж байгаа. Энэ зөвлөл хөрөнгө оруулалттай холбоотой ямар нэгэн дарамт, шахалт, саад тотгор юу байгаа юм бэ гэдгийг судалж, мэдэж, Засаг даргад уламжилж байх юм. Гуравдугаарт, миний түшиж ажиллах бас нэгэн газар бол Улаанбаатар хотын худалдаа аж үйлдвэрийн танхим. Танхим нь дэргэдээ арбитртай. Энэ танхим хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангана. Би ямар нэгэн байдлаар, хөрөнгө оруулагчдыг үргээсэн, шахаж дарамталсан, үйл ажиллагааг нь зогсоох гэсэн оролдлогыг гаргахгүйн төлөө ажиллана. Ирэх жил төсвийн хөрөнгө оруулалт багасч байгаа нөхцөлд бидний түших хүмүүс бол хөрөнгө оруулагчид. Тийм учраас тэдний эрх ашгийг хамгаалах асуудлыг түрүүнд тавина.
-Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль эхэлсэнтэй холбоотойгоор нэг асуулт тавья. Нийслэлийн ажлыг хороо, дүүрэгт хэрэгжүүлэхэд танд ямар баг хэрэгтэй вэ?
-Иргэд төр, засаг, аймаг нийслэлийн түвшинд Монгол Ардын намд саналаа өгсөн. “Та нарт боломжийг чинь хангалттай олголоо. Одоо нэг баг болоод ихийг хийгээрэй” гэсэн том итгэл хүлээлгэсэн гэж үзэж байгаа. Нэг талдаа энэ бол ялалтын баяр хөөр боловч, нөгөө талдаа асар их хариуцлага. Сум, дүүргийн сонгууль удахгүй явагдана. Нийслэлийн Засаг даргын хувьд ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх ажлаа би нэлээд тодорхой ярилаа. Үүнийг хэрэгжүүлэхэд маш сайн баг хэрэгтэй. Миний хийх ажлыг хороо, дүүрэгт хэрэгжүүлэх боломжийг олгооч ээ гэж нийслэлчүүддээ хэлмээр байна. Ажил аваад гурван сар болоход зарим дүүрэгт ажил гацаадаг, өгсөн үүрэг даалгаврыг улс төрийн шалтгаанаар биелүүлэхгүй байгаа тохиолдол гарч байна. Тийм учраас дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-ыг сонгож өгөөч ээ гэж хэлмээр байна. Тэгж чадвал Засгийн газар, нийслэлээс гаргасан шийдвэр дүүрэгт, хороонд хэрэгжих үндэс бүрдэх учиртай. Төрийн бодлогыг анхан шатанд нь улстөржиж гацаадаг, зогсоодог биш нэг зорилгын төлөө иргэдтэйгээ хамтраад хийж чадах хүмүүсийг дэмжээрэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн