Монголын Үнэн сонины орлогч эрхлэгч асан, www.info.mn сайтын эрхлэгч сэтгүүлч С.Баттулгыг өнөөдөр шүүгчийн захирамжаар цагдан хорилоо. Мэдээллийг олон нийтэд дамжуулах үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчийг гэм бурууг нь тогтоогоогүй байхад цагдан хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ноцтой үр дагаврыг бий болгож байна хэмээн Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид болон Глоб интернэшнл төрийн бус байгууллагын хуулийн зөвлөх Д.Мөнхбүрэн нар мэдэгдэв. Хэвлэлийн бага хурлын үеэр С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. -Таны үйлчлүүлэгч С.Баттулгыг ямар үндэслэлээр долдугаар сарын 27 хүртэл цагдан хорих шийдвэр гарчихлаа. Энэ байдлыг ямраар хүлээн авч байна вэ?
-Эрүүгийн хуулийн 111.3-т заасан буюу хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, бусдад хүнд хор уршиг учруулах гэмт хэрэгт холбогдуулан миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.1-т зааснаар шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэж заалтын дагуу миний үйлчлүүлэгч өнөөдөр гэм буруугүй этгээд. Зөвхөн шүүгдэгчийн байр сууринаас шүүх хуралд оролцсон. Гэтэл түүнийг бусдын хэвлэн нийтлэж өгөөч ээ гэж хүссэн баримт, мэдээллийг тавьсных нь төлөө эх сурвалжтай нь цуг ялласан. Сэтгүүлчийг эх сурвалжтай нь ялласан анхны тохиолдол энэ болж байна. Энэ дээр гомдолтой байгаагаа шүүх хурал дээр хэлнэ гээд бэлдэж байтал миний өмгөөлөгчийг цагдан хорьсон.
-Шүүхээс яагаад ийм шийдвэр гарсан юм бол?
-Тухайн шүүх хурал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 253-т заасны дагуу нээлттэй шүүх хурал байсан. Өөрөөр хэлбэл нууц зүйл гэж байхгүй. Ингээд явагдаж байх үед шүүгдэгчдийн өмгөөлөгч нарыг үг хэлэх эрхээр хангаагүй. Мөн ЭБШХ-ийн 91.2, 17.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай, түүнд оногдуулж байгаа ял үндэслэлтэй эсэхийг прокурор магадлах эрхийг хүлээдэг. Ийм байхад хохирогчийн өмгөөлөгч нарын “цагдан хориод өгөөч, ингэхгүй бол биднийг гүтгээд байна” гэх үндэслэлгүй үндэслэлийг гол болгосон. Уг нь хуульд үүнийг хязгаарласан байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дугаар хэсэгт хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хүнийг баривчлан хорьж, цагдахыг хориглодог. Ийм байхад миний үйлчлүүлэгчийг шууд цагдан хорих захирамж гарсан.
-Уг нь яллах болон цагаатгах талын байр суурийг сонсч, тэнд мэтгэлцээн өрнөх ёстой биз дээ?
-Хохирогчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч хоёр ялгаатай байдаг. Өмгөөлөгч гэхээр бүх эрхийг эдэлнэ гэсэн үг биш. Хохирогчийн өмгөөлөгч хуульд зааснаар, “Бүх хохирлын талаар ярьж, болсон үйл явдлын талаар хэлэх үүрэгтэй” байдаг. Ийм байхад цагдан хориод өгөөч гэсэн хууль бус хүсэлт гаргасныг нь шүүх хүлээж авсан. Тэгээд шүүгдэгчийн өмгөөлөгчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй. Ганцхан хохирогчийн өмгөөлөгч нарыг яриулаад шүүх хурлыг хаачихсан. Ингээд давж заалдах эрхгүй цагдан хорих захирамж гарсан. Тийм болохоор үүнд гомдох боломжгүй болсон. Ийм учраас шүүн таслах ажиллагааны процесс ажиллагаа зөрчигдсөн байна. Мөн миний өмгөөлөгчийн гэм буруу тогтоогдоогүй байхад шүүхэд аль хэдийнэ дотоод итгэл үнэмшил бий болчихжээ. Гэм буруутай гэсэн дүгнэлтээ шүүх хийсэн гэж бодож байна. Энэ талаар хүний эрхийн болон бусад байгууллагад хандана.
-Шүүх хуралд нийтдээ таван хүн шүүгдэгчээр оролцож байгаа. Бүгдийг нь хэргийн бодит үнэнийг тогтооход саад болж магадгүй гээд шүүх хурал болох өдөр хүртэл цагдан хорихоор болжээ. Энэ таван хүн тавуулаа ийм үйлдэл гаргаж болзошгүй гэж шүүх үзсэн хэрэг үү. Хардлага, таамаг дээр биш бодит баримтад тулгуурлаж ийм шийдвэр гарсан уу?
-Шүүх ЭБШХ-ийн 68.1-т заасан үндэслэлээр шийдвэрээ гаргасан. Энд хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах үндэслэл байна гэсэн. Энэ бол ямар ч тодорхойгүй үндэслэл байхгүй юу. Яг ямар үндэслэл байгаа юм гэхээр байхгүй. Энэ заалтыг тодорхойгүй хэвээр нь олон жил байлгаснаас нь болж хүн хилсдэх, хууль бусаар цагдан хоригдох маргаан үүсч ирсэн. Дээд шүүхийн тайлбар ч байхгүй. Ийм учраас миний өмгөөлөгчийг хууль бусаар цагдан хориод байна гэж би хэлнэ. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийх байдал хавтгайрлаа.
-Таван хүн тавуулаа шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж шүүх үзжээ. Дараа нь өөрсдөө ийм баримт байсан учраас болзошгүй гэж хорьсон гэж үндэслэлээ нийтэд зарлах биз. Үнэхээр ялгамжтай байдлаар хандаж, энэ хүн тэгэхгүй ээ гээд хорихгүй байж болоогүй юм байх даа?
-Шүүгчийн захирамж бол 250-иар гарсан. Тэр нь бол давж заалдах эрхгүй захирамж. Ямар гаргалгаа байна гэхээр хүсэлт гаргах журмаар үйлчлүүлэгчийн бие өвдөж байна, цагдан хоригдох боломжгүй нөхцөл байдалд байна гэвэл шүүгч өөрөө тогтоолдоо өөрчлөлт оруулж болно. Нэг шүүгдэгчийн өмгөөлөгч өчигдөр орой осолд орсон. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа. Ийм байхад “Шүүгдэгчийн өмгөөлөгч байхгүй байгаа нь хэргийн бодит үнэнийг тогтооход саад болж байна. Үүнээс болж шүүх хурал удаа дараа хойшилдог учраас хорьж байгаад шүүх хурлаа хийнэ” гэдэг байдлаар хорилоо. Энэ бол эрүүдэн шүүж байгаа явдал шүү дээ.
-Энэ хүнийг ийм байдлаар хорьсны эерэг үр дүн юу байж болох вэ. Ийм шийдвэр гарснаар нийгэмд гарах үр дүн, хүний эрх, эрх чөлөө хангагдах уу?
-Нэг юм хэлье. Гүтгэх гэмт хэрэг Эрүүгийн шинэ хуулиар байхгүй болж байгаа. Тэртэй тэргүй гэмт хэрэг гэж үзэхгүй, хорих ялаар шийтгэдэг нь буруу юм байна гэж хаа сайгүй ярьж энэ зүйл заалтыг Эрүүгийн хуулиас авч хаяж байхад шүүх эцэслээгүй хэрнээ хорьж байна. Яагаад гэвэл, хохирогчийн өмгөөлөгч нарын яриагаар энэ хүнийг гадуур байлгавал зурагт, радиогоор ярьж, өөрийгөө гэм буруугүй гэж хамгаалаад байх юм байна л даа. Мөн цагдаа, шүүхэд Эрүүгийн хуулийн 139 буюу сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж байна гэж хандаад байна гээд хориод өг гэлээ. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дугаар хэсэгт заасан “Төрийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй” гэснийг зөрчиж байна. Яах вэ, бусдын хууль бус үйлдлийг шалгуулахын тулд өргөдөл гаргаж болно. Гэхдээ өөрөө хууль бус үйлдэл гаргаж өгөхгүй. Шүүх хурал дээр ч миний үйлчлүүлэгчийг “чи бол хууран мэхлэгч, залилагч” гэж хараан доромжилж болохгүй шүү дээ.
-Энэ явдлыг манай хэвлэл мэдээллийн салбарынхан анхааралтай ажиглаж байгаа. Мэдээлэл дамжуулсныхаа төлөө мэдээллийн эх сурвалжтайгаа хамт эрүүгийн хариуцлага хүлээх нь байна шүү дээ.
-Эх сурвалж гэдэг зүйлийг хуульд ялгамжтай болгохгүй бол болохгүй байна. Ганцхан зүйлд би гайхаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай дөрөвхөн зүйлтэй хууль гарчихсан. Тэр хуульд сэтгүүлч нарыг хамгаалсан заалт юу ч байхгүй. Эх сурвалжтай зүйл хэвлэлд гарвал сэтгүүлчид нь хариуцлага тооцдоггүй байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Уянга зэрэг сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс энэ талаар ганц ч зүйл хийсэнгүй. Тэгээд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нь сэтгүүлчийнхээ эрхийг хязгаарласан заалтууд орж ирсэн. 3.1 буюу хэвлэн нийтлэсэн зүйлийн хариуцлагыг тухайн байгууллага хариуцна гээд зааж өгсөн. Гэтэл дөрөвхөн зүйлтэй энэ хуульд олон жил болж байхад ямар ч өөрчлөлт оруулсангүй. Эх сурвалж гэж яриад байдаг хэрнээ энэ тухай үг хэллэг хуульд байхгүй. Хуульд байхгүй учраас Дээд шүүхийн тайлбар байхгүй. Тийм болохоор “Эх сурвалж бол яах вэ. Түүнийг олон нийтээс нууцлаж болно. Бид нараас нууцлахгүй шүү дээ” гэдэг байдлаар хэлдэг. Эх сурвалжаа хэлсэн тохиолдолд ч хариуцлагаас мултрахгүй. Эх сурвалжтайгаа яллагдана. Тэгэхээр сэтгүүлч хүн ажлаа хийснийхээ төлөө, иргэдийн мэдээлэл авах эрхийн хүрээнд мэдээллээр хангасныхаа төлөө шоронд орох нөхцөл байдал нүүрлэчихээд байгаа.