Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үг байдаг. Би Баян-Өлгий аймагт 10 жилийн зайтай хоёр очихдоо хоёуланд нь казах түмний зан заншилтай богинохон хугацаанд ч болов танилцаад бас ч үгүй бага сага бэрхшээлтэй учрав. Надаас өөр хүндсэн бол юуных нь бэрхшээл хүндрэл байв гэж.
Анх 1991 оны хонгор намраар Өлгий хотод буусан юм. Онгоцны цонхоор харж явахад Ховд гол цайвалзан урсч, голын хоёр шугуй хүрэнтээд намар болсныг илтгэнэ.
Би өөрийн шавь аймгийн прокурор Мэреихантайгаа газ-69 машин хөлөглөн Алтай, Буянт, Сагсай сумдаар явж, малчин олны аж амьдралтай танилцахаар аймагт очсоныхоо маргааш өглөө эртлэн босоод, гарч өглөө Алтайн уулсыг олон өнгөтэй гэж номоос ч уншсан, зурагнаас ч харсан одоо өөрийн биеэр үзэж яваа минь энэ.
Тэр шар салхи, хөх салхи, ногоон, цэнхэр, улаан гээд тэр олон янзын өнгөнүүдийг нь сайн харж авъя, сэтгэлээ чимье гэж бодон аян замд үүргэлэх зүүрмэглэх байхгүй цовоо цолгин явлаа. Цавчим өндөр хясаан дээгүүр явахад тэртээ доор гол урсч, хөвөөнд нь намаржиж буй айлуудын цагаан гэр мөөг шиг л харагдах юм. Эгц өөдөөс машин гараад ирвэл яанаа, ямар ч зөрөх аргагүй нарийхан, аль нэг нь машинтайгаа нисчих юм шиг санагдахаар байв.
Гэтэл нутгийн жолооч огт тоосон шинжгүй явах юм. Харин мань эр Улаанбаатар хотод яваа бол бас ч жаахан сандрах байх даа гэсэн шүү юм бодож явлаа. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг тэр биз ээ.
Өглөөний хяруу арилж үнээ тугалаа бэлчээрт гаргаад, өглөөний цайгаа ууж байх үеэр нь Буянт сумын малчин өвгөн Өнөрбекийнд буулаа. Амар мэндээ мэдэлцэн цай ууж, өвгөн ахын амьдрал ахуйг асуун ярилцаад, хэрэг зоригоо ч ярьж, гарахаар завдтал та ингээд шуудхан л гараад явчихаж болохгүй.
Би ганц бие өвгөн хүн, тэтгэвэр авдаг, найман хоньтой. Тэрнийхээ нэгийг танд зориулна гэв. Хаанаас болохов. Бараг хар үүрээр хонь гаргуулна гэдэг чинь явуулын хүнд зохихгүй гэж учирлан байж арай л зугатаах нь холгүй гарч машиндаа суулаа. Өвгөн ахаа уучлаарай зөв ойлгоорой, алба ажлаар яаруу давчуу явж байгаа гэж хэлээд гар даллан хөдөллөө. Өвгөн ч гэрийнхээ үүдэнд торойгоод зогсож байгаа нь харагдав.
Ингээд цааш Алтай сумын айлуудаар явсаар Монгол Алтайн гол давааны наад өехий шар говьд намаржиж буй урианхайн домогт анчин өвгөн Ерөөлт гуайнд очлоо. Ерөөлт өвгөн эмгэнтэйгээ эвий хөөрхий болон угтлаа.
Давааны ердөө л цаахна улсын маань хил байгаа зах хязгаар нутагт зочин бага ирдэг ч байх өвөө хөөрөн дуу орж хүү маань их сургууль төгсөөд аймгийн төвд ажилладаг. Хөгшин бид хоёр төрж өссөн нутагтаа байгаад л дуусна гэж боддог. Бага залуугаасаа хөл нүцгэнээр Алтай нурууг давж, ан гөрөө хийж явлаа хэмээн нилээн удаан хууч хөөрсөн юм. Харин өнгөрсөн жил даваан дээр гараад овоон дээр нь буугаа мартчихжээ. Гэтэл хавар цас хайлахаар бууг маань байгаль хамгаалагч олоод, хурааж авчихаад өгөхгүй байна. Миний буу бол карбин буу. Намайг зөвшөөрөлгүй ан хийх гэлээ гээд байгаа юм гэв. Ерөөлт гуай та нас сүүдэр хэд хүрч байна гэвэл 93-тай. Би ан хийхээ болиод удаж байна. Гэхдээ жилдээ нэг удаа Алтайн даваан дээрээ мориор гарч хийморио сэргээдэг юм гэж байна. Та одоо морь унаж байна уу гэвэл энэ хадан дээр гарч зогсоод мориндоо мордчихдог юм гэж гэрийнхээ гадаах үхэр чулууг зааж, гараараа хадыг илж байлаа. Та санаа зоволтгүй таны бууг буцааж өгүүлэхийг бодьёо гэвэл гялайлаа хүү минь өвөөгийнх нь ангийн тоо гүйцсэн. Гэхдээ энэ карбинаар нэг намар анд яваад 13 баавгай агнаж байсан юм гэж ярилаа. Нутгийнхнаас нь үүнийг өмнө нь сонссон учраас гайхсангүй. Ерөөлт гуайн ан хийж байх үед баавгай ч Алтайн нуруунд элбэг байсан биз гэж бодлоо. Хоёр буурайг сайн сууж, урт наслахыг ерөөгөөд хөдөллөө.
Ийнхүү Алтай, Буянт сумын казах, урианхай айлуудаар <<хэсч>>явсаар бараг харуй бүрий тасарч, намрын дунд сарын аравдын сар тэнгэрт хөөрсөн үед Алтай сумын Тажебекийнд нохой хуцуулан буулаа.
Алтайн нурууны зам харгуй, 69-ийн сэгсчээнд агсагдсан хотын хүн би бушуухан л айлд ороод ортой, оргүй унаад л өгье гэж бодлоо. Өвгөнийх хүүгийнхтэйгээ хоёр гэрээрээ намаржаандаа байгаа юм байна. Өндөр гэрийн дотор үүдэнд сүүтэгнэн зогсоод мэнд мэдэж буй хоёрыг лааны гал дээгүүр өнгийн харсанаа сайн намаржиж байнаа. Та нар чинь хэн хэн гээч улсууд байна даа хэмээн явган ширээнийхээ баруун хойд өнцөгт суугаа хөвөнтэй дээл сугалдаралсан гэрийн эзэн өвгөн асуув.
Гал дээр бүхэл мах чанаж байгаа бололтой уур савсаж, үнэр нь хамар цоргино. Намрын дан бүрээстэй гэрийн хаяагаар хүйт даавч, гал хөстэй тул дулаахан сайхан унтлаа. Энэ хүн миний багш тэр хэмээн Мэреихан намайг казахаар танилцуулав. Би ч мөн л түрүүчийн айлуудад ярьснаа товчхон хүргэж, шөнө орой болсон тул танайд хоноё гэж бодож байна. Анх удаа казах айлд хонох гэж байгаа маань энэ хэмээн хэмээн үнэнээ хэлж суулаа. Хоорондоо казахаар л яриад байх юм. Казах хүмүүс чинь гэр дотроо өөр яах ч билээ. Хаалга үүд нээгдээд хүмүүс ч орж гараад л байсан юм. Харин нэг хартал томоо хонь гэртээ оруулаад ирчихсэн толгойг нь над руу харуулаад гэрийн эзэн маань казахаар юм ярив. Мэреиханы царай хувьсхийн, яанаа багшаа, энэ хонийг танд зориулж байгаагаа хэлж байна. Өмнө нь түмпэн тавьчихсан казах заншлаар хоолойгий нь огтолж гаргах гэж байна гэж аяархан хэллээ. Би өөрийн мэдэлгүй гараа дээш болгон боль, одоохон больж үз. Заавал гаргах юм бол гадаа гарга гэж хэлээ ч гэж Мериханд хэллээ.
Ингээд л “хэлэлцээ” эхэллээ дээ. Манай казах түмний ёс заншил, манай гэрт төрийн түшээ хүн ирж хонож байхад заавал хонь гаргаж өгөх ёстой. Энэ бол манай гэр бүлийн үүрэг, нэр хүндийн асуудал. Иймээс манай ёс заншил, уламжлалыг хүндэтгэх ёстой бусуу гэж тулгасан зүйл ч ярьж байна. Хариуд нь Мерихан манай багш бол аян замд ядарсан, өнөөдөр гэхэд хорь, гучин айлд орж, орсон айл өрх болгондоо маш их зүйл ярилцсан. Энэ хүн үнэхээр ядарч байгаа. Амраах хэрэгтэй байна гэх зэргээр учирлаж байв. Өвгөний бага хүү ч хонийг хүзүүнээс нь барин тонгойн зогссоор л. Гэтэл хаалга сэвхийн нэг хүүхдээ хөтөлж, өлгийтэй хүүхэд тэвэрсэн залуу орж ирсэн нь өвгөний том хүү юм байж.
Бригадын бага эмчээр ажилладаг аавынхтайгаа айл, хоёр хүүхэдтэй залуу гэр бүлийн тэргүүн тэр юм. Эхнэр нь үнээгээ сааж байгаа, мань залуу хүүхдүүдтэйгээ аавындаа орж ирсэн хэрэг. Хонь гаргах эсэх асуудлаарх “улс төрийн” хэлэлцээ явц муутай байхад том хүү нь орж ирсэнд би дотроо баярлав. Мерихан залууд учир явдлыг дахин тайлбарлав. Ингээд хэлэлцээнд зуучлагчаар оролцохоор болов.Тэрбээр Мерихантай хамтран хоёулаа өвгөнийг ятгах ажилд оров. Гэрийн эзэгтэй толгойгоо том цагаан алчуураар ороосон хижээл эмэгтэй зуухныхаа ам руу үе үе мөчир гишүү хугачин шидэж тэр нь пис пас хийн галыг нь улам дүрэлзүүлнэ. Тогоон дотор мах буцалсаар л байна .
Хэрэв шинээр мах чанаж дайлъя гэвэл хананд чинь өлгөөтэй мах байна, үүнийгээ чанаад өгөхгүй юу гэж гуйвал том хүү Марат үүнийг овжин ашиглаж, ааваа хэн гуай ядарсан байна. Шөнө орой болжээ. Харин бэлэн байгаа махнаас чанаж өгөх нь зүйтэй байна. Энэ хонийг гаргачихъя гэвэл арай гэж зөвшөөр ч байгаа бололтой. Тогоон дахь махны дараа дахин мах чанахаар боллоо гэж зөвшилцсөнөө хэлэв. Хонио гэрээс гаргаж хотонд нь тавив. Тэр хонины том гэдэг. Казахын ууцан сүүлт гэдэг нь л энэ байх. Уртаа гэгчийн амьсгаа аваад цайны том аяга дүүрэн хийсэн сүү болсон казахын сайхан цайг ууж суулаа. Баруун Монголын цайны амт гэж өөр юм.
Тэр дотроо казах түмний цай үнэхээр сайхан ажээ. Сая л нэг уужран машиндаа авч явсан ганзагалаагаа задлан аксакалд барьж, төдөлгүй том хүү Марат нь эхнэрээ дуудан домбороо авчруулж дуу хуур болоод явчив.
Бидний хүсэлтээр “Ахтамааг” хоёр ч удаа дуулуулав. “Миний амраг хотод бий” гэдэг 70,80-аад оны хит дууг казах монгол хэл дээр аль алинаар нь нэг нэг бадаг дуулж, бид хөгжилдөн түрж байлаа.
Мэрихан ч их сургуульд урлагийн үзлэгт уншиж дуулдаг Латифын алдарт 17 хүүхнийг домбордож дууллаа.
Тогоотой мах буцалсаар шөнө дунд өнгөрч, миний ядарч байсан нь ч дорхноо алга болж энэ жирийн казах айлын зочломтгой сайхан занд уярч гүйцсэн байлаа.
Мах ч болж ёс заншлаа гүйцээгээд унтах болоход хот айлын зүүн талын гэр буюу Маратынд унтах болов. Өндөр ор засаж бэлджээ. Намрын шөнийн зэврүүн хүйтэн эхэлчихсэнийг хэлэх үү, бушуухан л оронд орж явчихлаа.
Төдөлгүй гэрийнхэн гэрлээ унтрааж, унтацгаахад бүхэл шөнөжингөө казах цайгаар дайлуулсных давсгаа сулламаар ганцаараа гарах гэхлээр бяруу шиг том том гарз нохойнуудаас нь айгаад гэрийн эздийг дуудаж сэрээхээсээ нэрэлхээд үүр цайж өглөө болохыг хүлээсээр бараг унтаж чадсангүй. Одоо бодоход цай уухаа ч татах нь яасан юм, юу ч гэж нэрэлхээд уугаад л суусан юм гэж боддог, бас л нэг сургамж юм даа.
Муу хүн идсэнээ, сайн хүн явснаа гэдэг үг байдаг ч хоол цай бас том соёл, ёс заншлыг илэрхийлэгч юм байна гэдгийг мэдэрч авснаа дурсан саналаа. Бас Баруун монголын цайны амтыг казах, урианхай, баяд, дөрвөд, өөлд, захчин, торгууд айлуудаар орж явахдаа мэдэрсэн юм.
Харин саяхан баруун монголынхоо цайг уух завшаан тохиож, жин өвлийн тэсгэм хүйтэн цагаар Алтайдаа дахиж очив.
Би багадаа С.Эрдэнэ баавайн “Алтай” өгүүллэгийг уншаад тэр дороо л Алтайд сэтгэлээрээ хүрчихэж билээ. Харин жинхэнээсээ очиж үзэхийн хүслэнг олон жил тээж яваад өмнө нь нэг, одоо ингээд цан хүүрэг савссан мөнгөн цагаан өвлөөр ирж байгаа минь энэ. Сайхь өгүүллэгт манай Дашдооровын хар нүдэн энд харагдаж гэж байдаг санагдана. Дооров зохиолчийн хар нүдэн казах бүсгүйн тухай бичсэн зохиол байдаг юм болов уу гэж бодоод өнгөрч билээ. Дараа бодохноо энэ бол бүсгүй ч мөн, Алтайн хар нүдэн болсон Толбо нуур ч мөн юм байна.
Хасбаатар, Байкаловын цэргүүд 42 хоног бүслэлтэд байсан Саруул гүний хүрээний тууриар дайрч явсаар Толбо нууран дээр ирэв. Шуудхан л нуурын толигор мөсөн дээгүүр давхиж гарлаа.
Нууран дээр майхан сав барьчихсан гадаа нь нэлээд хүн зогсож харагдана. Тэдэн дээр очиж, машинаасаа гарвал нуурын тунгалаг мөсөн дээр нар гялбаж, гэрэл нь хугаран солонгорон байх нь нүд баясгаж, сэтгэл бадраам сайхан. Хүмүүс рүү хурдан хурдан алхлан очих замдаа доошоо хартал өлмий дор маань тунгалаг усан цэлэлзэж, загас жараахай үсчин байхыг хараад баярлах балмагдах зэрэгцэн өвдөг чичрэв.
Тэд тороор загас барин гадаад руу гаргадаг хөлсний загасчид юм байна.
Усандаа байгаа загас шиг эрх дураараа гэж ярьдаг, боддог маань санаанд орж, мөсөн доогуур дал наян метр урт тор татаж чөлөөтэй омголон байсан загаснууд тэр аяараа торонд унаж, торны бяцхан нүхээр гарахаар зөнгөөрөө зүтгэн овооролдон шавааралдан байхыг хараад гол харлав.
Нуурын мөсөн дээгүүр машин маань тэшиж явахад хөлийн чичиргээ арилсан ч зүрхний чичиргээ зогссонгүй. Толбоос гарч давхин сумын төвийн ойролцоох нэгэн шовгор оройтой жижигхэн байшингийн гадаа ирсэн нь энэ сумын мечет буюу лалын шашны мөргөлийн сүм юм байна. Тэнд хоёр залуу зогсож биднийг угтав.
Бид гэдэг нь УИХ-ын гишүүн Х.Жекей бид хоёр. Тэр хоёр залуу бол лалын шашны цөөн өдрийн курс дүүргэсэн молла буюу эндхийн лам нар юм байна.
Тус сумын сургуулийг хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин Сэрикбайн нэрэмжит болгох шийдвэрийг дүрэм номоор нь танилцуулах ажилтай явсан бидний хувьд тухайн цагтаа Ардын Их Хурлын орлогч даргаар сонгогдон ажиллаж байсан энэ алдартай аксакалын дурсгалд зориулсан номыг хурах гэж байгаатай таарчээ.
Олон хоног онгойлгоогүй бололтой сүмийнхээ хаалганы цоожийг оролдон байж тайлаад биднийг дотогш ор гэж урив. Том том хилэн дээлтэй нутгийн аксакалууд мөн орж ирэв. Жижиг сүм ч дүүрэв. Лав хориод хүн багтаад орчихов.
Гунын эвэр хугарахаар гурван есийн хүйтэнд Алтайн уулсын цас мөсөн дунд коран судар сонсож суугаа хүмүүсийн амьсгалаар бяцхан сүм төдөлгүй дулаацах нь магад болов ч бас цаг хэрэгтэй. Ах дүү казах нөхдийн дунд ганц халх би ээтэн монгол гутал, ээжийнхээ хийж өгсөн хурган дээлийн хүчээр уншлагыг дуустал сууж хорвоогийн түмэн олон янз байдал, түүний дотор Алтайн их уулсынхаа унаган дагшны дүр төрхийг сэтгэлдээ харж суулаа.
Казах эмэгтэйчүүд ээж нарын гар сэтгэл шингэсэн өтгөн шаргал цайны амт нүнжиг ч бас бидний олон эрсийг дулаацуулаад өглөө. Японоос эхлээд азийн бар орнууд цайны ёслол гээд хийж л байдаг. Цайгаа тэгж хүндэтгэдэг.
Тэгэхлээр ирсэн зочиндоо заавал шинэ цай уулгадаг, зүгээр нэг нь цай өгсөн болж нөгөө нь уусан болоод өнгөрдөггүй баруун монгол түүн дотор Казах ёс бол идээ цайгаа ч, ирсэн зочноо ч хүндэтгэдэг бас нэг цайны ёслол л юм даа.
Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг. Харин энд “өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэдэгтэй жаахан төстөй нэг үг хэлбэл яах бол. Монголдоо, магадгүй дэлхийд ч алдартай амттай шаргал цайн дээрээ заавал нэг хонь нэмэх гэдэг нь л хэцүүгээс хэцүү байдаг шиг санагдсан. Тэртэй тэргүй зочломтгой Казах эмэгтэйчүүдийн маань чанасан цай сайхан, өлтэй шимтэй. Мөн л казах түмний ур ухаан, уламжлал, соёл шингэсэн алаг ширдгэн дээр дүүрэн зассан идээ цагаа хангалттай сайхан. Өндөр өндөр гэрийнх нь тооноор харагдах уулс, байгалийн үзэсгэлэн мартагдашгүй. Уулсын салхи, эрмэг Казах түргэн явдал, уулын горхийг санагдуулам домборын эгшиг бас байна.
Их соёл, их урлаг, их өндөр ёс юм даа. Ах дүү нарын маань алдарт цайны хамгийн сайхан “хольц” эд биш үү гэж.