Open iToim app
Хөндөх сэдэв | 3 мин уншина

​Бариад өгсөн сэжигтнийг "тавиад явуулсны" хариуцлагыг хэн хүлээх вэ

​Бариад өгсөн сэжигтнийг "тавиад явуулсны" хариуцлагыг хэн хүлээх вэ
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 16
Байсхийгээд л хэвлэлд нэр нь бичигдэж, бараг дөрвөн жилийн өмнөөс “олны танил” болоод буй “Мунзуй” хочит Г.Нямдоржийг ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрынхан болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгч нар Хэнтий аймгийн Норовлин сумаас энэ сарын 14-ний шөнө буюу уржигдар орой баривчилжээ. Г.Нямдоржийг баривчлахын тулд цагдаагийн тусгайгийнхныг хүртэл дайчилж, 10 хоног хайсан нь цагдаагийнхан өөрсдөө түүнийг хамар дороосоо алдсантай холбоотой. Гэхдээ түүнийг хариуцлага алдаж алдсан уу, тавиад явуулчихсан уу гэдгийг цагдаагийнхан дотоод хяналт шалгалтаараа тогтоох биз ээ.
Ер нь бол Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нар өнгөрсөн зун “Rich Hill” зочид буудлаас баривчилж байсан. Тухайн үед Г.Нямдоржийг бусдыг дээрэмдсэн, дарамталж мөнгө авсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээлж байв. Энэ хэрэг шалгагдаж явсаар Г.Нямдоржид прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 149.3-т заасан үйлдэлд буруутай хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурлын өмнө батлан даалтад гараад байсан Г.Нямдорж гэнэт алга болж цагдаагийнхныг түргэн авахуулжээ.
Прокурорын хяналт, шүүхийн шатанд хэрэг нь байгаа хүн хол газар зорчихоор бол харьяа орон нутгийнхаа цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Гэтэл хэл чимээгүй явсан Г.Нямдорж Алтанбулагаар дамжиж ОХУ руу гарах гэж байгаад Гадаадын иргэн харьяатын газрын шалганы байцааагч нарт баригдсан юм байна. Тус албаныхан түүнийг саатуулж байгаад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын цагдаад 2016 оны аравдугаар сарын 25-нд хүлээлгэн өгчээ.
Хүлээж авсан, хүлээлгэж өгсөн гарын үсэг, баримт нь энэ байна.

Хил дээр баригдсан Г.Нямдоржийн гадаад паспорт ч энэ байна.

Гэтэл юунаас болов, Г.Нямдорж дахиад л цагдаагийнхны хамар дороос алга болчихжээ. Уншигч та санаж байгаа бол Г.Нямдоржийг алга болсны дараа, “Г.Нямдорж Сэлэнгэаймгийн нутгаар ОХУ руу хилээр нууцаар нэвтрэх гэж байгаад баригдсан. Ингээд “Мунзуй” хочит Г.Нямдоржийг Улаанбаатар хот руу ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р хорих ангид хүргүүлэхээр эрүүгийн зургаан шилдэг мөрдөгч нүд салгалгүй манаж галт тэргэнд суусан байна. Харуул хамгаалалттай тусгай купенд сууж явсан хүмүүс "..үүр хаяарах үеэр нэгэн үл мэдэгдэх утааны нөлөөгөөр агшин зуурт бүгд мансууралд автан ой ухаанаа алдаж, биеэ хянаж чадахгүй байдалд орсон ба энэ үед гав гинжтэй гэнгэнэн хэвтэж байсан мунзуй нь нүдэн дээр нь агаарт замхрах мэт уусч хоёр цагийн дараа ухаан ороход алга болсон байсан" гэх ухааны зүйлийг манай мундаг чекистүүд ам нэгтэй гайхшран мэдүүлцгээж арга тасарсан байдалтай алгаа дэлгэснээр эрлийн үзүүр мухардсан байна” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн юм. Тухайн үед мэдээллийг уншсан шал худлаа юм бичжээ хэмээн шагширсан.
Өчигдөр цагдаагийн байгууллагын хариуцлагатай албан тушаалтнаас, “Г.Нямдоржийг бариад өгч байхад яагаад алдчихсан юм. Мань хүн орсон юм уу, эсвэл тавиад явуулчихсан юм уу. Г.Нямдоржийг зугтаахад тусалсан асуудалд холбогдуулан шалгаж байгаа хүмүүс нь хэн юм бэ” гэхэд хариулсангүй. Ерөөсөө “Мэдсэнгүй. Сонирхсонгүй” гэв. Хэрвээ шар мэдээний сайтад нийтлэгдсэн цагдаагийнхны өчил үнэн бол Г.Нямдорж нэг бол үнэхээр утаа мэт замхран арилдаг, эсвэл сумын цагдаа тэгж “бантдаг” юм байна.
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг шүүх хуралд дуудан ирүүлэх, цагдан хорих байр руу хуяглан хүргэх чиг үүрэгтэй Тахарын ерөнхий газар гэдэг байгууллага байлаа. Хоёр жил болгоод л шинэ Засгийн газар татан буулгасан юм. Гэрч хохирогчийг хамгаалах, оргон зайлсан сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах, шүүхийн аюулгүй байдлыг хангах зэрэг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн хүн хүчгүйгээсээ болоод хийж хүчрэхгүй байсан ажлыг хийлгэхээр Тахарын албыг байгуулсан. Тахар руу цагдаа, дотоодын зэрэг, арми, хилийн цэргээс нэлээд хэдэн албан хаагч “урваж” шинэ байгууллагын түүхийг бичилцэхээр зүтгэсэн. Хоёр жил ажиллахдаа цол, зэргийн нэмэгдлээ ч авч чадаагүй дээ, хөөрхий. Уг нь энэ байгууллага байсан бол Г.Нямдоржийг хоёр ч удаа алдахгүй, цагдаагийн ажилтнууд хөдөө рүү түргэн авч, бензин тос гарздахгүй байсан юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн