АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд энэ жил бүрэн хугацааных нь сүүлийн жил. Тус улсын Үндсэн хуульд заасны дагуу АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр бүрэн эрхийн хугацаанд сонгогдох боломжтой юм. Тиймээс ч хоёр дахь бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа түүнийг “хаачих вэ” гэсэн асуулт олны сонирхлыг татаж байгаа юм. Түүнчлэн Обамагийн гэр бүл Клинтоныхонтой адил замыг сонгож, эхнэр нөхөр хоёулаа АНУ-ын Ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөх, эсэх нь олны дунд таамаг хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд Мишель Обама хүч сорих тухай таамаг их байгаа юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Луизиана мужид очихдоо сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.Энэ үеэр түүнээс нэгэн сэтгүүлч Мишель Обама төрийн тэргүүний албан тушаалд горилох, эсэх талаар асуухад Обамагийн гэр бүлээс Ерөнхийлөгчийн Зууван танхимд дахин хүн суухгүй гэжээ. Өөрөөр хэлбэл Мишель Обамад Ерөнхийлөгч болох хүсэл байхгүйг тэрээр баттай хэлсэн байна. Барак Обама “Амьдралын гурван үнэнийг хэлж өгье. Хүн үхэх нь үнэн. Татвар төлөх нь үнэн. Мишель Ерөнхийлөгч болохгүй нь үнэн” гэжээ. Тэрээр “Мишель ямагт тэргүүн хатагтай чигээрээ үлдэнэ. Тэр одоо “Let’sMove” өсвөр насныхныг таргалалтаас хамгаалах хөтөлбөр болон цэргийн гэр бүлийнхэнд цаг зарцуулаад тун завгүй байгаа. Цаашид ч энэ хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх болно. Гэхдээ энэ нь улс төрийн карьерын тухай асуудал биш гэдгийг хэлмээр байна. Эхнэр минь дуртай зүйлээ хийж, жинхэнэ тэргүүн хатагтайн хийх ёстой зүйлсийг л хийж байгаа. Би Мишелиэр бахархахгүй байж чадахгүй нь. Мишель хэзээ ч улс төр хийхгүй, үүрд тэргүүн хатагтай гэж дурсагдана” гэжээ. Гэхдээ Барак Обамагийн 14, 17 настай Саша, Малиа охид ирээдүйд улс төрд орох, үгүйг хэлэхэд эрт байна гэжээ.
Барак Обамаг Нью-Йоркт төвтэй Колумбын Хуулийн сургуулийн профессороор ажиллах тухай ам дамжсан яриа өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш гарч эхэлсэн байна. Учир нь, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгчийн нэрэмжит номын сангаа Колумбын их сургуульд нээхээр төлөвлөж байсан ч Чикагогийн их сургуульд нээсэн. Гэхдээ үүний дараа тэрээр нэрэмжит сангаа Колумбын их сургуульд нээсэн байдаг юм.Колумбын их сургуулийн ерөнхийлөгч Ли Боллингер АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад 2017 оноос тус сургуульд профессороор ажиллах санал тавихад зөвшөөрсөн тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа тус сургуулийн хуулийн сургуулийн лектор болох аж.
Барак Обама 2004 онд Сенатад сонгогдохоосоо өмнө Чикагогийн хуулийн сургуулийн профессор байсан бөгөөд 1983 онд Колумбын их сургуулийг төгссөн байдаг. Ямартай ч Барак Обама 2016 оны сонгуулийн дараа ажлаа өгснийхөө дараа төгссөн эсвэл ажиллаж байсан их сургуулиудынхаа аль нэгт нь профессороор ажиллах бололтой.