Бали арлын “Mount Agung” галт уулын идэвхжилт нэмэгдэж, аюултай төвшинд хүрсэн тул галт уулын орчим дахь оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил эрчимтэй явагдаж байна.
Индонезийн эрх баригчид галт уулын идэвхжилт хамгийн өндөр төвшиндөө хүрсэн хэмээн түгшүүр зарлаад байгаа аж. Бали арлын нисэх онгоцны буудал хаагдсан бөгөөд аялал жуулчлалын газруудыг мөн бүгд орхин явах хэрэгтэй болжээ.
Уулын оройгоос дээш 3400 метрт хар утаа суунаглаж байна. Гамшгийн менежментийн үндэсний зөвлөлийн мэдэгдэж буйгаар оргилоос 12 км гүнд дэлбэрэлт мэдрэгдсэн аж.
Орон нутгийн цагаар ням гаригийн өглөөний 06:00 цагаас хойш идэвхжилт улам нэмэгдсээр байгаа гэнэ.
Эрх баригчид орон нутгийн оршин суугчдад зориулж маск тараан, галт уулын бүсээс 10 км зайд орших ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан тус бүсээс 70 км зайд байрлах Кута болон Сэминяакад тусгаарлах байр бэлтгэжээ.
Индонез нь галт уулын идэвхтэй бүст тооцогддог бөгөөд одоогоор 130 гаруй идэвхтэй галт уул байна. Хамгийн сүүлд 1963 онд “Mount Agung” галт уул дэлбэрэхэд 1000 гаруй хүн нас барж байсан юм.