Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.БАЛГАНСҮРЭНТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гар утасныхаа дугаарыг өөрчлөхгүйгээр өөр оператор компанийн хэрэглэгч болох боломжийг нээнэ гээд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Дугаартайгаа шилжих энэ үйлчилгээг Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайлаас тусдаа байгууллага хэрэгжүүлнэ гэсэн. Сүүлд сонгон шалгаруулалт зарласан гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-УИХ-аас дугаартай шилжих үйлчилгээг нэвтрүүлэхээр 2014 оны долдугаар сарын эхээр Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу ажлын хэсгийг есдүгээр сараас байгуулаад хоёр удаагийн завсрын тайлан танилцуулсан. Хууль эрх зүйн хувьд зөвлөх үйлчилгээ авах, тусгай зөвшөөрлийн ангилалтай холбоотой асуудлыг судласан. Ингээд энэ оны наймдугаар сар хүртэл үндсэндээ хагас жил ажиллалаа. 2015 оны наймдугаар сард сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтын явцад оролцогч компаниудын зүгээс хугацааг сунгах хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу нэг удаа сунгаад, сая арванхоёрдугаар сарын ХЗЗХ-ны хурлаар сонгон шалгаруулалтын дүнг албан ёсоор зарласан. Дугаартайгаа шилжих үйлчилгээний дундын өгөгдлийг санг ажиллуулах компаниар“U-planet” гэдэг компани шалгарсан байгаа.
-“U-planet”гэж Монголын компани юм уу?
- Монголынх. Энэ бол Юнител группийн нэг салбар компани. Тус компани Дугаартайгаа шилжих үйлчилгээний төв гэдэг тусгай зөвшөөрөл аваад ажиллах юм.
-Хэрэглэгчдийн дунд судалгаа явуулахад дугаартайгаа шилжүүлэх үйлчилгээг нэвтрүүлснээр Мобикомын хэрэглэгч багасч, Юнителийн хэрэглэгч нэмэгдэнэ гэсэн байна лээ?
-Хууль батлагдахаас өмнө явуулсан судалгааг манайх өөрийн веб сайт болон сэтгүүл дээрээ нийтлэсэн байгаа. Энэ үйлчилгээ аль нэг компанид ашигтай гэхээсээ илүү үйлчилгээ эрхлэгчдийн дуртай зүйл биш. Бусад орнуудын хувьд ч үйлчилгээ эрхлэгч компаниуд нь ийм үйлчилгээ нэвтрүүлэх сонирхол байдаггүй юм билээ. Ийм учраас хуульд өөрчлөлт оруулж байж дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон.
-Дугаартайгаа шилжих үйлчилгээний төв өөр үйлчилгээ нэмж явуулах уу. Хэрэглэгч хэдэн төгрөг төлж дугаартайгаа шилжих вэ?
-Төв бол өөр ямар нэг төрлийн үйлчилгээ үзүүлэхгүй. Зөвхөн хэрэглэгч шилжих процесстой холбоотой үйл ажиллагааг хариуцаж байгаа. Аль нэг үйлчилгээний хэрэглэгч дугаартайгаа шилжих хүсэлтээ үйлчилгээ эрхлэгч компанидаа тавиад, үйлчилгээ эрхлэгч компани нь дундын төв дээр бий болсон өгөгдлийн сан дээр мэдээллээ бүрдүүлж ажиллана.
-Тэгэхээр энэ он үүрэн холбооны оператор компаниудын хувьд хэрэглэгчээ хадгалж үлдэх, нэмэхийг тулд үйлчилгээгээрээ өрсөлдөх жил байх нь ээ?
-Ер нь бол 2014, 2015 оны статистик дүнг харахад хэрэглэгчдийн тоо ханалтын горимд шилжсэн байна. Монголын хүн амын тоо гурван сая, хэрэглэгчийн тоо 3 сая. Цаашаа эдгээр идэвхтэй хэрэглэгчийн тоо өсөх боломжгүй. Дугаартайгаа шилжих үйлчилгээ иргэдэд ямар үйлчилгээ эрхлэгчийг сонгох вэ гэдэг сонголт өгч байгаа. Харин идэвхтэй хэрэглэгчдийг цаашдаа ямар багц, хөнгөлөлтүүд, шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлж татах вэ гэдэг компаниудын бизнесийн өрсөлдөөн болж байна.
-Иргэд дугаартайгаа шилжихдээ ямар бичиг баримт бүрдүүлж, хэдэн төгрөг төлөх вэ?
-Журмаар зохицуулна. Монгол Улсын нийт үүрэн холбоо хэрэглэгчдийн 88 хувь нь урьдчилсан төлбөрт. Дугаартайгаа шилжих үйлчилгээ авах төлбөр тооцоо нь шинээр сим карт авах өртөгтэй ойролцоо байх урьдчилсан тайлан танилцуулсан. Мэдээж үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хэрэглэгчийн мэдээлэл, үндсэн өгөдлийн сангаа энэ үйлчилгээг эхлүүлэхэд бэлтгэх асуудал чухал байгаа. Чамгүй их хөрөнгө оруулалт хийгдэхээр байна. Мэдээж хэрэглэгчдийн хувьд үйлчилгээг хүлээж байгаа. Харин үйлчилгээ эрхлэгчдийн хувьд найдвартай, зохистой хүргэхийн тулд хөрөнгө оруулалт, процессын хувьд маш их ачаалалтай ажиллаж байгаа.
-Зарим аж ахуйн нэгж иргэдийг дата, яриагаар нь шулж байна гэсэн шүүмжлэл их явах юм. Танайд ч бас ийм санал, гомдол их ирдэг байх?
-Одоо бол үнэ тарифаа буулга гээд шаарддаг. Эсвэл үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээ муу байна гэдэг. Монгол Улсад үүрэн холбооны үйлчилгээ үзүүлж байгаа дөрвөн аж ахуйн нэгж жил болгон маг өндөр хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр ийм их хөрөнгө оруулалт хийж байгаа бизнесийн байгууллага нөгөө талдаа ашигтай ажиллах ёстой. Иймээс судалгаан дээр үндэслэж үнэ тарифаа тогтоож байгаа. Тэрнээс биш хийсэн хөрөнгө оруулалтаа үнэгүйдүүлж, байнга алдагдалтай ажиллах юм бол бизнес биш шүү дээ. Бусад улсад ч ийм зарчмаар ажилладаг учраас үнэ тариф өндөр байна гээд гомдол маргаан үүсгээд явах нь нэг талаар өрөөсгөл. Нөгөө талаар бизнес эрхлэгч компаниудаа ойлгох хэрэгтэй. Бүх юм гэнэт сайхан болчихгүй. Харилцаа холбооны 95 жилийн түүхэнд шат дарааллаад улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийж ирсэн. 1990-ээд он гараад хувийн хэвшлийнхэн энэ салбарт орж, өрсөлдөөнд орсны үндсэн дээр өдий зэрэгтэй олон улсын төвшинд хөл нийлүүлээд ашиглаж байна. Энэ бол яах аргагүй хувийн хэвшлийн дэмжлэг туслалцаа мөн. Ийм учраас хэрэглэгчдийн зүгээс бас ойлгож, хүлээцтэй хандах хэрэгтэй.
-Хэзээнээс дугаартайгаа шилжээд эхлэх бол. 2016 он гэдэг сүүлийн тоо тавигдсан гэж сонссон?
-Ер нь бол 2014 оноос эхлээд л цаг хугацаа асууж байгаа. Хууль батлагдлаа, судалгаа хэрэгжилтийн ажил бүтэн жил явлаа. 2016 он бол яг л хэрэгжүүлэх, гүйцэтгэх жил болно. Түүнээс гурван сарын дотор, зургаан сарын дотор гэж хэлэх боломжгүй. Хорооны зүгээс сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжтэй аль болох богино хугацаанд гэрээ, зөвшөөрлийн зүйлүүдийг гүйцэтгэхийг хүсч байна. Мэдээж хэрэг харилцаа холбооны тусгай зөвшөөрөл авах, гэрээгээ байгуулах процесс маань 30 хоногийн дотор шийдэгдэх ёстой. Хэрвээ нөгөө талаас ямар нэг хүсэлт шаардлага тавибал түүнийг яаж шийдвэрлэх талаар яригдана.
-4G, LTE технологиуд хэзээ орж ирэх вэ. Үүрэн холбооны оператор компаниуд судалгаа, туршилтаа хийгээд эхэлсэн гэсэн. Нэгэн зэрэг шилжих юм уу?
-Дараа үеийн хөдөлгөөнт холбооны технологи буюу 4G, 5G гээд манайхан их л ярьж байна л даа. Нэг л их технологи дагаж яарсан, шинэ технологи ашиглахыг хүсч мөрөөдсөн хэсэг бүлэг хэрэглэгч байна л даа. Энэ бүхнийг ажиглаад сууж байхад Монгол Улсын үүрэн холбооны гурван сая хэрэглэгчдийн хэрэглэж буй тоног, төхөөрөмжийн хэдэн хувь нь 4G-д бэлэн байна гээд үзвэл маш бага тоо гарч байгаа. Энэхүү судалгааг компаниуд дор бүрнээ хийж байгаа. Оны эцсийн байдлаар манайд статистик мэдээллээ нэгтгээд ирүүлэх байх. Энэ бүгдийг ажиглаад үзэхэд ялгаа байхгүй хөрөнгө оруулалтын асуудал дахиад яригдана. Гурван сая хүнд 4G технологийн үндсэн сүлжээ байгуулж, системээ шинэчлэх, төлөвлөгөө гаргах нэг өөр асуудал. 100 мянгаас 300 мянган хэрэглэгчид зориулж сүлжээ хөрөнгө оруулалтаа тооцоолох шал өөр асуудал. Тэгэхээр энэ бүхнийг харгалзан үзэж цаг хугацаа зарлана уу гэхээс Харилцаа холбооны зохицуулах хороо төдөн сард тийм болно гэж зарлах ямар ч боломжгүй.
Мэдээж үйлчилгээ эрхлэгчдийн хувьд өрсөлдөөний асуудал чухал учраас дор бүрнээ судалгаа хийж байгаа. Хэн нь зах зээлд түрүүлж орж, шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх нь тухайн компанийн асуудал. Нөгөө талаар 4G технологийг нэвтрүүлэхийн тулд үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсны үр дүнд үйлдвэрлэгч тоног төхөөрөмж нийлүүлнэ. Хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг хэрэглэгч өөрийн мөнгөөр худалдаж авна. Харин энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд үндсэн сүлжээний тоног төхөөрөмжийг үйлчилгээ эрхлэгч үйлдвэрлэгчээс худалдан авна. Тэгэхээр хэрэглэгчийн тоног төхөөрөмж хамгийн багадаа 200-300 мянган төгрөг, түүнээс дээш үнэтэй байгаа. Харин үйлчилгээ эрхлэгчийн хувьд хэдэн арван тэрбум төгрөг зарцуулах учраас маш нарийн судалгаатай хийнэ л дээ. Тийм учраас цаг хугацаа хэрэгтэй.
-4G технологи одоогийн 3G-ээс ямар давуу талтай вэ?
-Анх 1990-ээд оны дундаас дэлхий даяар 2G буюу хоёр дахь үеийн технологи гэж үүрэн холбоо нэвтрүүллээ. Зөвхөн яриа, богино хэмжээний текстэн мэдээлэл дамжуулдаг байлаа. Энэ хөгжөөд 2000 оны дундуур дэлхийн зах зээлд нэвтэрсэн. Энэ дээр нэмэгдээд тодорхой хэмжээний хурдтай өгөгдөл дамжуулах хэрэгтэй байна гээд, стандарт нь батлагдаад, радио долгионы зурвасууд нь чөлөөлөгдөөд өдий хүрлээ. Энэ гурав дахь үеийн технологи3G маань хөгжиж явсаар ялгаа байхгүй үргэлжилсээр байна. Энэ бүх хэрэгцээ 1990-ээд оны дундаас бий болсон интернэтийн хөгжилтэй холбоотой байна. 2000 оны дунд үе гэхэд оффистоо суугаад байхаас илүү хөдөлгөөнт байдалд интернэт үйлчилгээг авах сонирхол бий болсон учраас үүрэн холбооны технологи хөгжиж 42 mb хүртэлх өндөр хурдыг бий болгох боломжтой боллоо. Дөрөв дэх үеийн технологи үүнийг хамгийн багадаа 3, цаашлаад 4-5 дахин өндөр хурдаар хүргэх боломжийг бий болгож байна. Боломж гэдэг маань одоо ажиллаж байгаа 3G-ийн радио долгионы зурвасыг илүү ашигтайгаар ашиглах стандартыг бий болгож байна.
-Энэ технологийг хүссэн хүн бүр ашиглах техникийн боломж манайд байна уу?
-Манай гурван сая хэрэглэгчийн ашиглаж байгаа гар утас 4G-ийг маш бага хэмжээтэй дэмжиж байгаа. Хэрэглэгчийн тоног төхөөрөмж хувьд гар утас, таблет, модем, wi-fi rooter гээд янз бүр. Нэгэнт нэвтрээгүй байгаа технологийг дэмжих хэрэглэгчийн төхөөрөмжийг ашиглаж байгаа нь цөөн шүү дээ. Яах вэ, АНУ, Япон, БНХАУ-ын Хонконг, Сингапураар аялж байх үедээ 4G технологи дэмждэг төхөөрөмж аваад ашиглаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь маш бага тоо. Ийм учраас 4G-ийг нэвтрүүл гэж шаардах нь зөв биш.
-Орон даяар аналог системийг унтрааж, дуу дүрсний өндөр чанартай тоон системд шилжлээ. Гэхдээ зарим газарт үл ойлголцол бас гарч байх шиг байна. Жишээ нь, зарим суманд сүүлийн үеийн хавтгай дэлгэцтэй зурагттай айлд set-up box заавал тавих шаардлагатай. Тэгэхгүй бол кабелийн суваг хүлээн авах боломжгүй гэсэн мэдээлэл гарч байна. Үүнээс болоод хэрэглэгч, кабелийн телевиз хоёрын хооронд маргаан үүсч байгаа юм байна. Ийм зүйл байж болох уу?
-Бид суурин утсан дээр телефон аппарат ашигладаг байлаа. Үүрэн холбоонд шилжээд телефон аппарат ашигласаар л байгаа. Гурав дахь, дөрөв дэх үеийнх боллоо, дэлгэц нь томроод өөр төрлийн аппарат ашигласаар л байна. Үүнтэй адилхан телевизийн аналог системийн тоног төхөөрөмж нь зурагт байлаа. Одоо тоон технологид шилжлээ зурагт маань байж л байна. Түүнээс гадна шинэ технологийг дэмжих боломжгүй үйлдвэрлэгдсэн телевизүүдэд хүлээн авагч төхөөрөмж хэрэгтэй байгаа юм. Электрон бараа бүтээгдэхүүн борлуулдаг компаниуд DVBT2стандарт хангасан зурагт борлуулж байгаа бол тэндээс авсан зурагтаар үнэгүй цацагдаж байгаа өргөн нэвтрүүлгийг зургаан телевиз, цаашлаад 10 телевизийг хүлээн авах бүрэн боломжтой. Хэрвээ түүнээс олон сувгийг үзэх сонирхолтой байгаа бол олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч компанийн үйлчилгээ авах боломжтой. Эдгээр компанийн үйлчилгээг авах шаардлагатай бол зайлшгүй төхөөрөмжийг нь ав. Хэрвээ зурагт нь DVBT2стандартыг дэмждэггүй бөгөөд хэрэглэгч үнэгүй 6, 10 сувгийг үзэх бол заавал хүлээн авагч төхөөрөмжийг авах ёстой.
-Зурагт нь DVBT2стандарт хангасан байгаад иргэн үнэгүй 10 сувгаа үзье гэхээр кабелийн телевизийнхэн санаатайгаар долгионыг хаах боломж байх уу?
-Тийм боломжгүй. Яагаад гэвэл, улсын хэмжээнд 370 гаруй цэгт дахин дамжуулалт хийж байгаа Радио телевизийн үндэсний сүлжээ гэдэг байгууллага байдаг. Тэдгээрийн ашиглаж байгаа зурвас шал өөр. Нөгөө кабелийн телевизийн зурвас өөр. Ийм учраас хэн нэгний ашиглаж байгаа радио долгион дээр саад болох, нөлөөлөх боломжгүй.