Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

​М.Байгалмаа: Хүүхдийн амны өвчин хүндэрвэл цусанд орж маш том аюул дагуулдаг

​М.Байгалмаа: Хүүхдийн амны өвчин хүндэрвэл цусанд орж маш том аюул дагуулдаг
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 12
 Хүүхдийн амны хөндийн өвчлөлийн талаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн өвчин судлалын төвийн эмч М.Байгалмаатай ярилцлаа.
-Нялх балчир хүүхэд амны хөндийн өвчлөлд ихээр өртдөг. Энэ нь ямар шалтгаантай байдаг вэ?
-Амны хөндийн эрхтэнд шүд, буйл, хэл, хатуу зөөлөн тагнай, үйлсэн булчирхай ордог. Нялх бага насны хүүхдэд амны хөндий өвчлөл элбэг тохиолддог. Хүүхдийн дархлаа сулрах, амнаас ам дамжсан вирусийн гаралтай амны гэмтэл байдаг. Хоёр хүртэлх насны хүүхдэд амны хөндийн нянгийн шалтгаантай амны гэмтэл, үйлсэн булчирхайн үрэвсэл нэлээд элбэг тохиолддог.
Нялх хүүхэд ар гэрийн асаргаанд буюу ээжийнхээ гар дээр байдаг. Тэгэхээр ээж нь халбагадсан хоолоо өөрийн аманд хийгээд буцаагаад хүүхдийнхээ аманд хийдэг. Том хүний орчин өөр учраас хүүхдэдээ өвчин өгөх магадлал их болдог. Үүнээс гадна амьсгалын замын эрхтэн учраас хүйтэн сэрүүний улиралд амьсгалж байгаа агаараас хамааран өвчилдөг. Хүүхэд зургаан сартайгаасаа эхлээд сууж, найман сартайгаас мөлхөж хөдөлгөөнд ордог. Тэр үедээ сониуч байдаг учраас мөлхөж газраар байгаа зүйлийг гараараа барьж амандаа хийдэг. Тэгэхээр эргээд түүнээсээ халдвар авах эрсдэлтэй байдаг.
-Ханиад хүрсэн үед халуурах шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ зарим тохиолдолд хүүхдийн амны хөндий гэмтэхэд халуурдаг. Тэгэхээр амны хөндийн өвчлөлийн үед ямар, ямар шинж тэмдэг илрэх үү?
-Хүүхдийн хэл амны хавьцаа жижиг туурч, удаад ирэхээрээ ногоон болж хордлого ихтэй өндөр халуурдаг, мөн бөөлжиж эхэлдэг. Харин эцэг эхчүүд халуурахад нь хүүхдийнхээ амны өвчлөл гэж мэддэггүй халуурч, бөөлжлөө гэдэг. Ер нь амны хөндийд олон эрхтэн байдаг учраас янз бүрийн шинж тэмдэг илэрнэ. Тухайлбал, шүдний өвчин нэг хоёр наснаас эхэлдэг ч буруу ургалт, буруу хооллолтоос хамаарахаас гадна наснаас шалтгаалан янз бүр байдаг.
-Амны хөндий өвчлөл хүндэрвэл ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Хэрвээ хоолой улайж, өндөр халуурах үед эмчид үзүүлэхгүй даамжирвал хатгаагаа өвчнөөр хүндэрч болно. Хэрвээ вирус нянгийн гаралтай амны гэмтэл байх үед хэлэн дээр нь жижиг тууралт гардаг. Тэр нь удах юм бол ногоон болж бактерийн гаралтай үрэвсээд эхэлбэл цусанд орж үржил явагдан аюултай хэмжээнд хүрдэг. 
-Хүүхдийн амны хөндийн ариун цэвэрт эцэг эхчүүд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?
-Ялангуяа ээжүүд хүүхдийнхээ амны хөндийн ариун цэвэрт төрсөн цагаас нь анхаарах хэрэгтэй. Ээж нь хөхний толгойгоо ариутгаж угаахгүй, гар нь бохир байвал хүүхдэдээ халдвар өгнө. Харин хүүхдийг бор хоолонд ороод ирэхээр ээж нь хоолыг амандаа бүлээсгэж өгдөг гэж түрүүнд хэлсэн. Ингэхдээ хүүхдийн ээж өөрийнхөө аяга, амнаас бус тусад нь аяга таваг бэлтгэх хэрэгтэй. 
Мөн сүүн шүд ургаад эхлэхээр нь хүүхдийнхээ шүдийг маш сайн арчлах хэрэгтэй. Нэг настай хүүхдэд тохирсон зөөлөн, үс нь богино сойзоор угааж хэвшвэл амны хөндий цэвэр байхад тустай. Хүүхдийг дөрөв таван шүдтэй болоод ирэхээр фтор багатай оогоор өдөрт нэгээс хоёр удаа угааж өгөх хэрэгтэй байдаг. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн