Нийслэлийн дагуул Багануур хотын захирагчийг сонгох санал хураалт өчигдөр болж, тус хотын анхны захирагчаар Н.Тавинбэхийг сонгожээ. Хотын захирагчийн сонгуульд түүнтэй өрсөлдсөн Ш.Отгонбаяр 28.88, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авсан бол Н.Тавинбэх 57.78 хувийн санал тоолуулсан байна.
Н.Тавинбэх нь “Багануур энерги” компанийн захирлаар ажилладаг бөгөөд хоёр жилийн өмнө Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн даргаар ажиллаж байсан туршлагатай цахилгааны инженер мэргэжилтэй нэгэн. Тэрээр “Багануур брэндийг бүтээцгээе” уриатай мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцжээ. Харин Ш.Отгонбаяр 2013 оноос дүүргийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байгаа гэнэ. Харин Д.Цогбаяр 2013-2014 онд дүүргийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад “ЦХХХ” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Нэр дэвшигчдийг намын харьяаллаар авч үзвэл Ш.Отгонбаяр нь АН-аас, Н.Тавинбэх, Р.Ганбаатар МАН-аас, Д.Цогбаяр захирагчийн сонгуульд бие даан өрсөлдсөн байна.