Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Сайншандын аж үйлдвэрийн паркийн тендерийн хэрэг сэжигтнээр цагдан хоригдоод байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түшинжаргал өлсгөлөн зарласан тухай мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?
- Өнөөдрийн байдлаар Сайншандын аж үйлдвэрийн паркийн тендерийн хэрэгт сэжигтнээр цагдан хоригдоод байгаа иргэн Түвшинжаргал өлсгөлөн зарлаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа сэжигтэн өлсгөлөн зарласан тохиолдолд цагдаагийн байгууллага, прокурорт мэдэгддэг. Үүний дагуу комисс ажиллаж тухайн хүнийг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж байж дотоод журмаар тусгаарлах арга хэмжээг авдаг. Прокурор болон тухайн сэжигтнийг цагдан хорьсон байгууллагад нь албан ёсоор мэдэгддэг. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар цагдаагийн байгууллагад албан ёсоор иргэн Түвшинжаргал өлсгөлөн зарласан гэж мэдэгдээгүй байна.
-Түвшинжаргалаас мэдүүлэг, байцаалт авахгүй байгаа гэсэн мэдээлэл мөн гараад байгаа?
-Энэ худал, ташаа мэдээлэл. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч нар уулзаж, тайлбар мэдээлэл авч байгаа. Өчигдөр гэхэд хэрэг шалгаж байгаа мөрдөн байцаагч нь сэжигтнээс мэдүүдэг авсан. Мөн Түвшинжаргалтай холбоотой шалгаж байгаа хэргийг улс төрийн хэрэг гэсэн мэдээлэл гарч байгаа. Монгол Улсын Эрүүгийн хуульд улс төрийн хэрэг гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлмээр байна.
-Цагдаагийн дарга Р.Чингис сэжигтнээр татагдсан Түвшинжаргалын хүүхдийг гурван нас хүрсэн гэж худал мэдээлэл цацсан тухай ярьж байна. Цагдаагийн байгууллагаас сэжигтнийг сатуулахдаа хүүхдийнх нь насыг худал хэлсэн юм уу?
-Цагдан хоригдож байгаа иргэн Түвшинжаргалын хүүхэд нэг ой найман сартай. Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис сайдад хүүхдийг гурван настай гэсэн мэдээлэл өгөөгүй. Хөхүүл, хөхүүл биш гэсэн ойлголт л явж байгаа. Цагдаагийн байгууллагаас өмгөөлөгчийн гуравдугаар сарын 21-ний өдөр тавьсан хүсэлтийг 24 цагийн дотор шийдвэрлэсэн. Сэжигтний хүүхэд, ар гэрийнхнийг уулзуулах эрхийг олгосон байгаа. Сэжигтэнтэй ар гэрийнхэн нь уулзах, хүүхдээ хөхүүлэх өмгөөлөгчийн тавьсан хүсэлтийг хангасан байгаа.