Open iToim app
Улс төр | 6 мин уншина

О.Баасанхүү: "Эрдэнэт"-ийн 49 хувийн тухайд хоёр л хувилбар үлдсэн

О.Баасанхүү: "Эрдэнэт"-ийн 49 хувийн тухайд хоёр л хувилбар үлдсэн
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 19
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Та өөрийгөө намын их хурлаасаа МАХН-ын шинэ даргаар сонгогдсон гэж мэдэгдсэн. Удахгүй  Улсын дээд шүүхэд материалаа өгч, албан ёсоор бүртгүүлнэ гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ, Дээд шүүхэд хандсан уу?
-МАХН-ын дүрэмд намын Их чуулганыг намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга , намын Бага чуулган шаардсанаар хуралдуулна гэж заасан. Бид Бага чуулганы шаардлагаа 20 гаруй хүнд өгсөн. Тэр үед манай нэг хүн зодуулсан хэрэг гарсныг харсан байх. Бидний шаардлагын дагуу тэд хуралдсан ч үндсэн шаардлагыг нь биелүүлээгүй. Энэ нь Их хурлыг зарлах шаардлага байсан. Тиймээс Бага чуулганыг үргэлжлүүлж, бид хуралдаад, дүрмийн дагуу 40 хоногийн дотор Их чуулганаа зарласан. Тэр нь арванхоёрдугаар сарын 9, 10-нд таарсан. Эдгээр өдрүүдэд МАХН Их чуулганаа Төрийн ордонд хийсэн. Их хурлаар намын даргыг чөлөөлж, намын дүрэмд өөрчлөлт оруулсан. Улс төрийн намын тухай хуулийн дагуу 10 хоногийн дотор Их хурлаас гарсан тогтоолыг Дээд шүүхэд бичиг баримтаа өгөх хугацаатай учраас өнөөдөр /2017.12.18/ материалаа өгсөн. Өнөөдөр МАХН-ын даргын суудлыг ярих нь нэгдүгээр асуудал биш. Гол нь Их хурлаар гарсан тогтоол шийдвэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр нам оршин тогтнож цааш явна. Тиймээс намын даргын тамга чухал биш л дээ.
-Дээд шүүх таны хүргүүлсэн бичигт хэзээ хариу өгөх хугацаатай вэ?
-Материал өгснөөс хойш хуулийн хугацаанд өргөдөл гомдол шийддэг ердийн журмаар шийднэ.
-МАХН-ын Их чуулганы тогтоолыг Улсын Дээд шүүх баталчихвал таныг намын даргаар баталж байна гэж ойлгож болох уу?
-Намын даргыг намын Их чуулганаас томилдог. Намын их чуулган 2011 онд хуралдаж, МАХН-ын даргад дөрвөн хүн өрсөлдсөн байдаг. Шинэбаяр, Молор-Эрдэнэ, Энхбаяр, Удвал нар өрсөлдсөнөөс Н.Энхбаярыг намын даргаар сонгосон. Манай намын дүрэмд намын дарга дөрвөн удаа улирч сонгогдож болно гэж заасан. Хоёр жилд нэг удаа намын Их чуулганыг хийх хууль дүрмээрээ яривал нэг хүн дээд тал нь найман жил нам удирдах боломжтой. Нэгд, Н.Энхбаяр даргын хувьд найман жилийн хугацаа нь дууссан. Хоёрт, их чуулганы шийдвэрээр намын дарга мөн, биш асуудлыг ярина. Тэгэхээр Их чуулган нь МАХН-ын түүхэнд хоёр дахь удаагаа болж байна.
-Танай намын хуваагдсан хэсэг чинь Түмт, зуутын хурлаа хийгээд таныг намаасаа хөөх шийдвэрийг гаргасан байгаа шүү дээ?
-МАХН дүрэмтэй. Дүрэмдээ Их чуулганаар намын дүрэмд өөрчлөлт оруулна гэж заасан байдаг. Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын дүрэмдээ Бага чуулган хийж болно гэх юм бол хориглоогүй. Манайх Бага чуулган хийнэ гэж дүрэмдээ оруулаагүй ч  дүрэмдээ өөрчлөлт оруулаад Улсын Дээд шүүхэд өгөхөд шүүх дүрэмдээ Их чуулганаар өөрчлөлт хийнэ гэж заасан учраас дүрмийн өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Хоёрт, хоёр тал намын Их чуулганаа хийх сонирхолтой байгаа учраас хуралдах нь зөв гэж үзээд бүртгээгүй. Энэ шаардлагын дагуу бид Их чуулганаа хуралдуулсан.  
-Дээд шүүх та нарын зохион байгуулсан Их чуулганыг хууль бус гэж үзвэл яах вэ. Ингэх үндэслэл байгаа юу?
-Ингэж үзэх хоёр шалтгаан байна гэж харж байгаа. Нэгд, Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог. Өнөөдөр  Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэсэн хоёр хүний томилсон шүүгч нар тэнд ажиллаж байна. Энэ талаас  нь харвал хууль бусаар бялдуулчлан 1000 хүний шийдвэрийг эсрэг дарах гэж явдаггүй л юм бол одоогийн  дүрэм,  хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд бүх зүйл явсан. Энэ хүрээнд Дээд шүүхэд хуулийн хүрээнд материалаа хүргүүлсэн. Бүх шийдвэрийг тогтоолоор баталгаажуулаад явдаг. Сүүлийн үед олон асуудлаар гүтгэлэг явж байгаа. Хоёрт, намайг 850 сая төгрөг босгосон, түүнийг тогтоосон мэтээр ярьж байгаа. Энэ асуудлыг удахгүй бид шүүхэд өгч шалгуулна.  Хүн бүрт 100 мянган төгрөг тараасан асуудалтай холбоотой бүх баримтыг цуглуулж байгаа. Хоёр тал аль аль нь өөрөө өөрийнхөө нотлох баримтыг шүүхэд гаргаж өгнө. Нөгөө тал бодитой нотолгоо гаргаад ирвэл би УИХ гишүүн байгаад ч хэрэггүй. Учир нь, би хууль бус зүйлтэй хэзээ ч эвлэрч чаддаггүй.
-Өнгөрсөн баасан гаригийн чуулганаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг УИХ хаалттай хэлэлцэж томиллоо. Хаалттай хэлэлцэх саналыг та гаргасан байсан. Ард түмнээсээ сонгогдсон гишүүд ард түмнээсээ нууж томилгоо хийж болдог юм уу. Таныг хуйвалдаанд оролцож, хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан гэж зарим хүн хардаж байсан. Энэ асуудал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурал Б.Хурцын томилгоог хаалттай хийх үү, нээлттэй хийх үү гэдэг асуудал яригдаад нээлттэй хийхээр болсон.  Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний зөвшөөрөл, дээр нь гадаад яамны хүсэлтийн дагуу аюулгүй зөвлөлийн шинжээч нартай хамт миний бие Хойд Солонгост айлчлал хийсэн. Энэ айлчлалын дараа Б.Хурцын томилгооны асуудал яригдсан учраас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон миний бие гишүүдийн асуултад хариулахад бэлэн байгаа учраас хаалттай хэлэлцэх санал тавьсан. Ерөөсөө ийм л шалтгаантай.
-Тэр нь Б.Хурцтай ямар холбоотой юм. Төрийн нууцын зэрэглэлтэй холбоотой байсан гэсэн үг үү?
-Хойд Солонгостой холбоотой асуудлыг илэн далангүй ярьснаас хойш маш олон асуудал үүссэн. Үүнийг цааш нь нэгдсэн чуулган дээр яривал тэр дунд олон хүний нэр, он сар, дугаар ярьж, нэлээд дуулиан тарих байсан учраас хаалттай горимоор хэлэлцэх санал гаргасан.  Хувийн эрх ашиг биш, цэвэр төрийн бодлогоор хийсэн ажил.
Харин энэ асуудал дээр нэг юмыг маш их гайхсан. Парламентад Элчин сайдыг Засгийн газар нь оруулж ирдэг. Гэтэл Засгийн газрын сайд Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн нар кабинеттайгаа зөрчилтэй байгаа юм бол тэрийгээ Засгийн газартаа хэлэх ёстой. Засгийн газрынхаа хэрүүлийг УИХ-д оруул ирчихээд парламент  томилчихсон  юм шиг яриад байгаа. УИХ Элчин сайдыг томилдоггүй, биднээс зөвшөөрөх үү гэж л асуудаг. Харин Ерөнхийлөгч Элчин сайдыг томилдог юм шүү дээ.
-УИХ-д Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг зөвшөөрөх ямар шалтгаан байсан гэж  Та харж байгаа вэ?
-Үнэндээ Б.Хурцыг ТЕГ-ын даргын ажлаас нь халаагүй ш дээ. Харин шилжүүлэн ажиллуулсан. Халах, чөлөөлөх, шилжүүлэх гэсэн гурван ойлголт байгаа. Шилжүүлсэн үндэслэл нь Засгийн газрын өөрсдийнх нь шийдвэр. Тагнуулын байгууллага чинь илд, далд гэсэн хоёр хэлбэртэй үйл ажиллагаа явуулдаг. Ил тагнуулын байгууллагыг Элчин сайдын яамаар төлөөлдөг бол далдыг нь Тагнуулын байгууллагаар төсөөлдөг.  Монгол Улс өнөөдөр Солонгосын хойг болон бусад асуудлаас шалтгаалан Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлөөгүй, харин шилжүүлж байгаа юм. Тиймээс цаана нь төрийн хар хайрцагны бодлого явж байгаа үед зориуд зохион байгуулалттайгаар ийм үйлдэл хийж байгаад гайхаж байна.
-Б.Хурц таныг сүрдүүлсэн юм уу, эсвэл мөнгө амласан юм уу. Дээр нь таныг Эрдэнэтийн асуудалтай холбож, захиалгаар ажиллаад байна гэж яриад байгаа шүү дээ?
-Нэгд, би Б.Хурц гэдэг хүнийг сайн мэдэхгүй. Эрдэнэтийн асуудалд МАХН, АН-тай нийлээд УИХ-ын авна гэсэн шийдвэрийг нууцлаад, 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд өгсөн байдаг. Үүнийг өөрчлөх саналыг миний бие гаргаж тавьсан ч намайг Ажлын хэсгээс хассан.  Дараа нь нууц тохироо хийсэн гэж би хардаж байгаа. Учир нь, 51 хувьтай тохирсон гэж бодсон. Тэр тогтоолоор Монголбанк Хөгжлийн банкнаас авсан мөнгө нь хоорондоо хэлэлцээр хийгдэх тогтоол байсан. Өнөөдөр хоёр тал хэлэлцээр хийхгүйгээр шийдвэр гаргах гээд шүүхдээд УИХ-ын тогтоол нь нэгэнт ийм байгаа юм чинь 49 хувь нь Худалдаа хөгжлийн банкинд байх нь зөв гэж шүүхийн шийдвэр гарсан. Тэгэхээр тогтоолыг үзээгүй байж хүний нэр төрд халдаж байгаа хэрэг гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоолыг өндөр авахуулж ярьчихаад тогтоолоо буруу баталчихсан. Өнөөдөр яаж шийдэх нь 65-ын бүлгийн өөрсдийнх бүрэн эрх.
Миний хувьд жилд 50 сая долларын цэвэр ашиг олдог бизнесийг 4, 5 гэр бүл идэж болохгүй, гурван сая иргэндээ өг гэдэг байр суурьтай байгаа. Харамсалтай нь, миний эрх мэдэл гэж байхгүй шүү дээ.
Эрдэнэтийн 49 хувийн тухайд хоёр л хувилбар үлдсэн. Монголын төр Худалдаа хөгжлийн банкинд 450 сая ам.доллар бэлнээр төлнө. Үгүй бол хоорондоо тохиролцоод 49 хувь Худалдаа хөгжлийн банкинд үлдээнэ гэсэн үг. Ийм л ноцтой тогтоол баталсан ш дээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн