Монголын оюун ухааны академийн багш, дасгалжуулагч Б.Баасандоржтой ярилцлаа.
-Үүний өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Монголын оюун ухааны академид 2009 оноос хойш багш, дасгалжуулагчаар ажиллаж байна. Миний бие 2009 онд Монголын оюун ухааны академийн долоо дахь элсэлтийн төгсөгч. Төгсөөд сургуульдаа багшлах санал ирсэн. 2012 оноос эхлэн бага, дунд насны ангилалд оюун ухааны баг тамирчдыг гардан бэлтгэж байна.
-Таны нас залуу байна. Яагаад оюуны спортоороо хичээллэхгүйгээр багш, дасгалжуулагчаар ажиллахаар болсон юм бэ?
-Ой тогтоолт, оюун ухааны спортоор хичээллэх нь миний хобби байсан л даа. Сайн тамирчин болж, олон амжилт үзүүлнэ гэж боддог байсан. Тамирчин болоод явах боломж ч байсан. Гэхдээ амьдралд надад ажиллах зайлшгүй шаардлага гарсан. Тиймээс ажиллахыг сонгож, олон хүүхэд багачуудад өөрийн мэдсэн сурснаа заахаар шийдсэн. Манай улсад оюуны спортоор хичээллэдэг дунд насны ангилал тасарсан байсан. 2012 оноос хойш дунд насны хүүхдүүдийг ой тогтоолтоор хичээллүүлж, Монгол Улс дунд насны ангилалдаа эргээд дэлхийд номер нэг болж чадсан байна. Миний гардан бэлдсэн дунд насны ангиллын хүүхдүүд ой тогтоолтын дэлхийн 17 рекордын 10-ыг нь бүрэн эзэмшсэн байна. Энэ бол миний хамгийн том амжилт гэж боддог. Одоо бол тамирчин болохоос илүү тамирчдаа амжилтад хүргэх нь миний зорилго. Хүүхдүүдээсээ илүү эрч хүч авч, илүү ихийг зааж сургахыг хүсдэг.
-Ер нь ой тогтоолтоор хичээллэх, оюун ухааны академид суралцахад насны хувьд ойртоно гэж байх уу?
-Байхгүй. Насны хязгаар гэж байдаггүй. Хүний бие махбодь хөгширдөг болохоос уураг, тархи хэзээ ч хөгширдөггүй. Ой тогтоолт, оюун ухааны спортоор хичээллэх нь тархины фитнесс гэж ойлгож болно. Гэхдээ ой тогтоолтоор хичээллэхэд асар их цаг зав зарцуулдаг, хүнд спорт. Жишээ нь, дэлхий аваргад оролцох гэж буй тамирчин нэг төрлийг нэг цаг цээжилнэ. Цээжилснээ эргүүлэн санахад хоёр цаг зарцуулна. Өөрөөр хэлбэл, нэг төрөл дээр гурван цаг сууж тогтоодог. Тэгэхээр маш их хугацаа, тэсвэр хатуужил шаарддаг. Тиймээс ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд ой тогтоолтоор хичээллэхэд цаг бага байдаг.
-Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнийг угтсан олон улсын тэмцээнд манай баг тамирчид багийн төрөлд тэргүүн байр, өсвөрийн тамирчид эхний гурван байрыг эзэлжээ. Та дасгалжуулагчаар оролцсон байна.?
- Ирэх сарын 15-нд 24 дэх удаагийн ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнийг угтаж Тайваньд олон улсын ой тогтоолтын томоохон тэмцээнд баг тамирчид маань оролцоод ирлээ. Дэлхийн аваргаас дутахааргүй ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн болсон. Дэлхийд ой тогтоолтын 4000 гаруй тамирчид байдаг. Тэднээс чансаагаараа хоёрт жагсдаг Германы тамирчид болон Швед, Хятадын шилдэг тоглогчидтой өрсөлдсөн. Ой тогтоолтын тэмцээнд оролцогчид бүгд 10 төрлөөр хоорондоо өрсөлддөг. Бүх тамирчиг заавал эдгээр 10 төрөлд оролцож нийлбэр дүнгээр нь эхний гурван байрыг жагсаадаг. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд хоёр, дунд насны ангилалд дөрөв, бага насны ангилалд хоёр тамирчин оролцоод ирсэн. Насанд хүрэгчдийн ангилалд Монголын хамгийн чансаа өндөр, дэлхийд тавд жагсаж буй Ө.Сэнгэсамдан, дэлхийд чансаагаараа 24-д жагсаж байгаа С.Цогбадрах нар оролцсон. С.Цогбадрахын хувьд дуут цифр буюу сонсголын ой тогтоолтын төрлөөрөө дэлхийд шинэ рекордыг тогтоосон.
-Дуут гэхээр ямар хэлбэрийн ой тогтоолт вэ, тайлбарлаж болох уу?
-Англи тоог секунд тутамд цифр болгож хэлдэг. С.Цогбадрахын хувьд энэ төрөлд нийт 470 секунд тасралтгүй 433 англи цифр хэлсэн. Маш их анхаарал төвлөрөл шаарддаг, ой тогтоолтын хамгийн хүнд төрөл гэж үздэг. Нийт 470 секундэд 470 цифр цээжилж, буцааж санахдаа 433 дээр алдаа гаргаж, 432 оноо авснаар дэлхийд шинэ рекорд тогтоосон. Бидний таамаглаж байгаагаар С.Цогбадрахын 432 гэдэг амжилтыг ойрын хоёр жилдээ бусад орны тамирчид эвдэх боломжгүй. Учир нь энэ бол хамгийн хүнд төрөл. Секунд дойль бүрийг алдахгүй байх ёстой байдаг.
/Баруун гар талаас тамирчин Ө.Сэнгэсамдан, дасгалжуулагч Б.Баасандорж, тамирчин С.Цогбадрах, Дээд эгнээний баруун гар талаас тамирчин М.Тамир, М.Төгөлдөр, А.Ануддарь, Э.Ялгуун, Т.Энхжин, Ш.Шижир-Од/
-Бусад төрөлд оролцсон тамирчид ямар амжилт үзүүлсэн бэ?
-Дунд насны ангилалд оролцсон дөрвөн тамирчдын хувьд мөн амжилттай оролцсон. Эхний гурван байрт манайхан орсон. Дунд насны ангилалд оролцсон Т.Энхжин аварга болж, дэлхийн рекордыг мөн шинэчилсэн. Арван минутад зургаан багц хөзөр буюу 320 ширхгийг цээжилсэн. Бага насанд оролцсон Тамир тэргүүн байранд орж гурван багц хөзрийг цээжилж буцаж санахдаа нэг ч алдаагүй.
-Ер нь ой тогтоолтоор хичээллэснээр хүүхдэд ямар өөрчлөлт гардаг юм бэ. Энэ чиглэлээр олон жил хичээллэсэн тамирчид амьдрал дээр чадвараа хэрхэн ашигладаг вэ?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд ой тогтоолтоор хичээллэх хүүхдийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Дэлхийн нийтэд ч оюуны спорт ид хөгжиж байна. Гэхдээ энэ спортыг хөгжүүлээд юунд хэрэгтэй юм гэдэг асуулт гардаг. Хүн тархиа хөгжүүлэх тусам оюун ухаан тэлж, сэтгэн бодох чадвар нэмэгддэг. Тэгэхээр ой тогтоолтоор хичээллэсэн тамирчид маань амьдрал дээр тэрийгээ ашиглаж амьдарч байна. Хэн сайн сэтгэж байна, тэр хүн сайхан амьдрах боломж үргэлж нээлттэй байна шүү дээ. Манайд сурч байгаа ихэнх тамирчид ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байдаг. Ой тогтоолт нь тэдгээр хүүхдүүдийн суралцах арга барилд эергээр нөлөөлдөг. Цаашлаад ахлах анги, сургуульд суралцах зөв суурийг бий болгодог. Хүүхэд цэгцтэй сэтгэж чаддаг болдог. Нэг жишээ хэлье. Дөрөвдүгээр ангийн хүүхэд шүлэг цээжлэхдээ дөрөв, дөрвөн мөрөөр нь цээжилж, маргааш нь асуухад санадаг байсан. Гэтэл ой тогтоолтоор хичээллэж эхэлсний дараа шүлгийг хамгийн багадаа 50 мөрийг нэг уншаад тогтоож чаддаг болж чадсан. Буцаад санахдаа 13 дахь мөр дээр юу байсныг хэлэх чадвартай болдог. Цээжлэх аргаас гадна цээж бодолтын төрлийн хичээл ордог. Хүүхдийн сонирхолд тулгуурлан ой тогтоолтын хичээлийг заадаг. Инээж, тоглож байх үедээ тоо бодож, шүлэг, томьёогоо цээжлэх чадварыг суулгадаг. Таван настай хүүхэд 0.3 секундын интервалаар хоёр оронтой 100 тоо анивчаад өнгөрөхөд бодож чадаж байна. Энэ чинь хүүхдэд өөрөө өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрүүлж, өөртөө итгэх итгэлтэй болгож байгаа юм. Энэ чадвар нь хувь хүний зан чанар, амьдрах арга барилд эергээр нөлөөлдөг. Ой тогтоолтоор хичээллэсэн хүүхдэд утасны дугаарыг нэгхэн цээжилтээр тогтоож, утас унтрахад буцаагаад нөгөө хүний дугаарыг санах чадвартай болдог. Энэ чинь хүний амьдралд байнга л хэрэглэгдэх зүйл шүү дээ.
-Хүүхдийг хэдэн наснаас нь ой тогтоолтоор хичээллүүлэх арга барилд суралцуулдаг вэ?
-Хүүхдийн 3-5 насанд суурь тархи бүрэлддэг гэж үздэг. Энэ үед хүүхдэд тоо бодуулж, тархийг нь байнгын ачаалалд байлгах бус тоглоом тоглох байдлаар тархийг нь хөгжүүлэх аргыг хэрэглэдэг. Багаас нь цэгцтэй сэтгэх аргыг тоглоом тоглуулах байдлаар бий болгодог. Дунд нас, насанд хүрэгчдийн сургалтаараа мэдээллийг цэгцтэй цээжилж, эргээд системтэйгээр санах аргачлалыг заадаг.
-РС тоглоомд донтсон хүүхдүүд гэж ярьдаг. Ой тогтоолт оюун ухааны спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийн хувьд мөн донтолтын шинж тэмдэг илэрдэг гэж ярьдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Оюуны спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийг зөв донтолттой гэж үздэг. РС –г хүүхдүүд өдөржин шөнөжин тоглодог. Дээр нь, хэт ягаан туяа, дэлгэц байнга ширтдэг учраас хүүхдийг илүү их ядраадаг. Гэхдээ хүүхдүүд РС тоглоод огт хөгжихгүй байна уу гэвэл, үгүй. РС-г тодорхой үе шаттай тоглож спортын төвшинд хөгжүүлсэн тамирчид Монголд байгаа. Сүүлийн үед кибер спорт маш хүчтэй дэлгэрч байна. Тэгэхээр РС тодорхой хугацаатай тоглож, донтолт биш, спортын төрлөөр хөгжүүлж тоглодог хүүхдүүдийн логик сэтгэлгээ их өндөр хөгжсөн байдгийг судалгаагаар нотолсон. Мөн төсөөлөн бодох чадвар нь сайжирч, богино хугацаанд шийдвэр гаргах чадвар бусад хүүхдээс илүү болсон байдаг. Байнга тогловол донтолт, өвчин болох хэмжээнд хүрнэ гэдгийг санах хэрэгтэй. Ой тогтоолтын хувьд хүүхдүүд өдөржин, шөнөжин улайрч бэлтгэдэггүй. Зөвхөн тухайлсан сургалтын цагуудад л өөрийгөө хөгжүүлдэг байгаа. Ой тогтоолт, оюун ухааны спортоор хичээллэх нь 100 хувь тухайн хүний сонирхлоос шалтгаалдаг. Тэгэхээр ой тогтоолтыг донтолт гэхээс илүү зөв хобби гэж нэрлэдэг.
-Монголчуудын хувьд оюуны чадамж өндөртэй ард түмэн. Гэхдээ оюуны чадамжаа өөрийн болгож, хөгжүүлэх тал дээр нэлээд дутагдалтай ч гэдэг?
-Энэ асуулттай холбогдуулан нэгэн сонирхолтой жишээ хэлье. Монгол хүн уураг тархи, генээрээ дэлхийд тавд жагсдаг. Харин уураг тархи, генээ хэрхэн үр дүнтэй ашиглаж байгаа вэ гэдэг үзүүлэлтээр сүүлээсээ тавдугаарт жагсаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчууд байгаа нөөц боломждоо таруулан өөрийгөө огт хөгжүүлдэггүй гэсэн үг. Бид Чингис хааны удам гэж ярьдаг хэр нь технологийн хөгжил, ур чадвараар урд, хойд хоёр хөршдөө барьцаалагдах хэмжээнд хүрээд байна. Тиймээс уураг тархиа хөгжүүлж, хүн бүр эрхэлсэн ажилдаа эзэн болж, сэтгэлээсээ ажилладаг болох хэрэгтэй. Энэ тохиолдолд Монгол Улс маань хөгжинө гэж боддог. Ер нь Монгол гэдэг улсыг авч явах хүмүүс бол залуу үеийнхэн. Хүн бүр дор бүрнээ зөв бодолтой, сэтгэлтэй байвал улс хөгжинө. Улс хөгжихийн гол үндэс хүний хөгжил байдаг. Хүн нь өөрийгөө хөгжүүлж, зөв цэгцтэй сэтгэж чадсанаар улс хөгжинө. Юун түрүүнд хүн бүр ухамсартай, хийж байгаа ажил мэргэжилдээ эзэн л байх хэрэгтэй. Мөн монгол хүний оюуны гайхамшгийг дэлхийд мэдрүүлцгээе гэж уриалмаар байна.
- Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт ой тогтоолтын төрлийг оруулъя гэсэн бодол байдаг уу?
-Өнгөрсөн жилүүдэд ой тогтоолтын хичээлийг ерөнхий боловсролын сургалтын системд оруулах санал тавьсан. Ерөнхий боловсролын 2-3 сургууль дээр туршсан. Гэхдээ зарим шалтгаанаас болж бүрэн нэвтрүүлэхэд хүндрэл байгаа. Манай академиас цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллаж цэцэрлэгийн насны хүүхдүүд дээр ажиллаж байна. Франчайзын гэрээгээр нийт 10 гаруй цэцэрлэг дээр манай хөтөлбөрийг хэрэгжүүлж маш сайн үр дүн гач байгаа. Бид академийнхаа дэргэд ерөнхий боловсролын сургууль байгуулахаар ажиллаж байна. Ирэх жилээс сургуультай болно. Энэ сургууль тусгай хөтөлбөртэй, ой тогтоолт, цээж бодолтын хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын хөтөлбөртэй хослуулж заана. Сэтгэхгүйн хувьд өндөр потенциальтай, зөв бодолтой, хүмүүжилтэй хүүхдүүд олон гарна гэж бодож байгаа. Боловсролын яам биднийг дэмжиж ажиллавал боловсролын системд ой тогтоолын хичээлийг нэвтрүүлэх боломжтой. Харин дэмжих асуудал дээр дутмаг байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ой тогтоолтын дасгал гэж байх уу. Ер нь саажилттай хүүхдийн тархийг хөгжүүлэхэд чиглэсэн оюун ухааны дасгал гэж байдаг уу?
-Тархи, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүдэд ой тогтоолтын талаар зааж байгаа. Нийслэлийн гэр бүл хөгжлийн төв манайхтай хамтран нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд, гэр оронгүй, халамжийн мөнгөөр амьдардаг хүүхдүүдэд ой тогтоолтын хичээл зааж, тархийг нь хөгжүүлэх санал тавьсан. Бид энэ чиглэлд ажиллахаар төлөвлөгөө гаргаж байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тархиндаа гэмтэлтэй, саажилттай хүүхэдтэй ажиллахад маш их ур чадвар шаардагддаг. Саажилттай хүүхдүүдэд зөвхөн тоглоомын зарчмаар тархийг нь хөгжүүлэх аргыг хэрэглэдэг. Саажилттай хүүхдийн бие нь томордог ч тархи нь хүүхдээрээ л байдаг. Тэгэхээр тухайн хүүхдүүдийн тархийг хөгжүүлэхийн тулд ямар анхаарал, сонирхолтой аргыг хэрэглэж болохыг эхлээд сайтар судална. Манай академид нэг саажилттай хүүхэд явдаг байсан. Тухайн хүүхэд нэг хийсэн зүйлээ асар богино хугацаанд мартдаг. Багшийн заасан хичээлийг ойлгож байгаа хэр нь тэрийгээ богино хугацаанд мартдаг. Гэхдээ тэр хүүхэд манайд явсны дараагаар бага багаар мартсанаа санаж эхэлсэн. Ер нь бол сонирхолтой байдлаар хичээллэдэг учраас хөгжих боломжууд бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ой тогтоолтын хичээл зааснаар нийгмийн идэвх сайжрах олон давуу тал харагдаж байгаа.
-Танайд англи хэлийг суралцах гэж олон иргэд очдог гэж сонссон. Хэлний хичээлийг ой тогтоолтын арга барилтай яаж хослуулж заадаг вэ?
-Манайх англи хэлний хичээлийг нэг бүрчлэн заадаг газар биш л дээ. Харин тухайн хүнд гадаад хэлийг богино хугацаанд хэрхэн үр дүнтэй сурах аргачлалыг заадаг. Олонхи хүн англи үгийг механик давталтаар цээжилдэг. Сургуулиуд ч энэ маягаар хичээл заадаг. Харин манай академи англи үгийг яаж сонирхолтой байдлаар цээжлэх аргыг л заана. Тухайлбал, цээжлэх гэж буй англи үгтэй дуудлага нь төстэй монгол үгийг гаргаж ирдэг. Дуудлага төстэй монгол үгийг тухайн англи үгийн орчуулгатай нь холбож ой тогтоолтын аргачлалаар төсөөлж цээжилдэг. Төсөөллийн аргаар үг цээжлэхэд дараа нь мартахгүйгээр эргэн санаж чаддаг. Ийм аргачлалаар төрөл бүрийн шалгалтад өргөн хэрэглэдэг 600 үгийн ном гаргахад бэлэн болоод байна.
-Энэ аргачлал нь хүний төсөөлөн бодох чадварыг илүү хөгжүүлдэг гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Ер нь хүний баруун, зүүн тархийг зэрэг ажиллуулж байгаа юм. Хүний баруун хагас бөмбөлөг нь биеийнхээ зүүн хагасыг удирддаг. Харин зүүн хагас бөмбөлөг нь баруун хагасаа удирддаг. Монголчуудын хувьд зүүн тархиа л ихэвчлэн ажиллуулдаг. Ихэнх нь баруун гараараа бичиж, ачааллыг үүрдэг. Механик давталтын аргаар хичээллэж байгаагийн цаана зүүн тархи л илүү хөгждөг. Ой тогтоолтын арга барилыг эзэмшиж богино хугацаан дуу, шүлэг цээжлэх, цэгцтэй сэтгэдэг болсноор баруун тархи илүү хөгждөг. Харин төсөөлөн бодох чадвараар юмыг тогтоож, цээжилж байгаа нь хоёр тархиа хоёуланг нь зэрэг ашиглаж байгаа хэрэг. Хоёр тархийг зэрэг ажиллуулж чадсанаар аливаа зүйлийг системтэйгээр цээжилж, буцаагаад түвэггүй санаж чаддаг болдог. Системтэйгээр сэтгэж чаддаг болбол хүн аливаа зүйлд хандах хандлага өөрчлөгдөж, сэтгэхдээ нэг талаас биш нөгөө талаас давхар харах чадвартай болдог. Хүнд насан туршийнх нь амьдралд хэрэгтэй.
-Хүүхдүүд зургаан талт шоо их эвлүүлдэг болсон. Энэ нь ч мөн тархиа хөгжүүлэх нэг арга уу?
-Тархи хөгжүүлэх аргадаа орно. Рубик шоо эвлүүлснээр асуудлыг шийдэх хурд, магадлал гаргах чадвар илүү сайтай болдог. Ер нь рубик шоо, аяга өрөх нь өөрөө хүнээс асар их хурд шаарддаг. Монголын оюун ухааны академийн тамирчид рубик шоог 11 секундын хугацаанд эвлүүлдэг. Өөрөөр хэлбэл 11 секундын хугацаанд тэр олон нүдийг зөв дараалалд оруулж чадаж байна. Энэ нь оюуны асар өндөр чадвартай байгааг илтгэж байгаа юм.
-Ярилцлагынхаа төгсгөлд манай уншигчдад англи үгийг цээжлэх аргыг нэг үгээр жишээ болгон тайлбарлаж болох уу?
-Болно оо. Англи үгийг монгол дуудлага төстэй үгээр цээжилдэг гэж хэлсэн. Тэр зарчмаар үг цээжлэх энгийн аргачлалыг зааж өгье. Dromedary. Энэ нь ганц бөхтэй тэмээ гэсэн англи үг. Эхлээд энэ үгтэй дуудлага төстэй монгол үгийг олно. Dromedary, Dromedary... гээд хэлэхэд дромон дээрээ дромон дээр, магадгүй драма дээр гэсэнтэй дуудлага төстэй сонсогдож байгаа биз. Үүний дараа энэ төстэй үгээ үндсэн монгол орчуулгатайгаа холбож төсөөлөн бодох чадварыг ашиглана. Жолооны дадлага хийдэг дром дээрээ жолооны шалгалт өгөх гэж байна гэж төсөөлье. Дром дээрээ ганц бөхтэй тэмээ унаад оччихлоо. Гэтэд шалгалт өгөх гэж ирсэн хүмүүс дром дээрээ жолооны шалгалт өгөх гэж ирчхээд ганц бөхтэй тэмээ унаж ирлээ гэж хошигнож байна. Гэтэл тухайн хүн ганц бөхтэй тэмээгээ унаж дромон дээрээ шалгалтаа өгнө гэж зүтгэж байгаагаар төсөөллийг бий болгоно. Ийм төсөөлөх аргыг хэрэглэж Dromedary гэдэг үгийг цээжилж, буцаагаад санахад ганц бөхтэй тэмээ гэдэг үгийг хэзээ ч мартахгүйгээр санаж чаддаг. Энэ бол үг цээжлэх хамгийн энгийн аргачлал л даа. Хүн бүхэн гэртээ туршаад үзээрэй.