Open iToim app
Улс төр | 4 мин уншина

​Т.Аюурсайхан: Монголбанкны ерөнхийлөгчийн ажлын үр дүнг төгрөгийн ханшаар хэмжинэ

​Т.Аюурсайхан: Монголбанкны ерөнхийлөгчийн ажлын үр дүнг төгрөгийн ханшаар хэмжинэ
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 5
Долларын ханш чангарч, төгрөг суларч байгаад Монголбанк буруутай, үндсэн үүргээ биелүүлсэнгүй, сайн ажиллахгүй байна гэж зарим УИХ-ын гишүүд дүгнэж буй. Тодруулбал, УИХ-ын чуулганаар төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр асуулт асууж, санал хэлж байгаа гишүүдийн ихэнх нь долларын ханшийн асуудлыг хөндөж, Төв банк ханшаа барьж чадсангүй гэж шүүмжилдэг боллоо. Харин мэргэжлийн эдийн засагчдын зүгээс Төв банк ханшид шууд оролцох боломжгүй гэдэг тайлбарыг өгдөг.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баятрсайханд төгрөгийн ханшаа хэрхэн хамгаалж байгаа, гадаад валютын албан нөөц хэд байгаа талаар асуулга тавьсан байна. Мөн тэрээр асуулгадаа долларын ханшийн өсөлтийг зогсоохын тулд валютын хадгаламжийг хязгаарлах боломжтой эсэхийг асуусан.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы асуулгын хариу мэдэгдлийг өнгөрсөн пүрэв гаригт зарим өдөр тутмын сонин болон сайтуудаар дамжуулан нийтэлжээ. Тэрээр мэдэгдэлдээ ганцхан мөнгөний бодлогоор валютын ханшийн өсөлтийг зогсоох боломжгүй гэдгийг илэрхийлсэн байна. Эдийн засгийн суурь нөхцөл байдал, төсвийн сахилга батаас хамаарч ханш тогтвортой байх эсэх нь хамаарна гэдгийг тайлбарлажээ. Тиймээс УИХ-ын гишүүнийг ханшийн асуудал сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байхыг хүссэн байна.
Үүний дараагаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэлд хариу өгчээ. Энэ хоёр эрхмын бие биедээ хаягласан захидлыг хүргэе.

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Нээлттэй захидал хүлээн авлаа. Монголбанктай холбоотой асуудал хөндөхдөө би эдийн засагч хүний хувьд, салбарынхаа эрдэмтдийн төлөөллийн хувьд эдийн засгийн ухааны онол, практик, олон улсын туршлага, чиг хандлага, Монгол улсын онцлог, тодорхой тоо баримтад үндэслэсэн юм. Асуудлыг хөндөхдөө сэтгэл хөөрлөөр хандсан гэвэл ташаа болно. Би танаас зөвхөн шаардах төдий бус, таны ажлыг дэмжиж бодит саналууд дэвшүүлсэн юм. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танаас ард иргэд тайлбар бус, ажлын бодит үр дүн хүсэн хүлээж байгаа. Таны ажлын бодит үр дүн Монгол төгрөгийн ханш, худалдан авах чадвар хэр байгаагаар хэмжигдэнэ. Ухаантай, зоригтой, зоримог, шударга ажиллавал та чадна. Ашиг сонирхлын зөрчилтэй арилжааны банк, бизнес улс төрийн нөлөөнд ажиллавал та чадахгүй, хариуцлагаа хүлээнэ.
Монголбанкны ерөнхийлөгчийн Т.Аюурсайханд бичсэн захидал

- Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр, тооцоо судалгаагүй хандаж болохгүйг эрхэм Та ойлгож байгаа биз.Монголбанкны бодлого, үйл ажиллагаа Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулахад чиглэж буйг УИХ-д танилцуулсныг Та сайн мэдэж байгаа. Харин эрхэм УИХ-ын гишүүн таны хэлж буй шиг Монголбанк болон миний бие зүгээр хараад сууж буй мэт ойлгогдсон бол маш том үл ойлголцол болжээ. Бодлогын хүүгээ ч өсгөхгүй юм байна, интервенцээ ч хийхгүй, ер нь юу ч хийхгүй юм байна хэмээн Та намайг буруутгасан нь сэтгэлийн хөдлөлөөр хийсэн дүгнэлт биз.
Ханшин дээр тулгарч буй өнөөгийн дарамт нь Монгол Улсыг чиглэх гадаад валютын урсгал саарсан, улсын төсөв ихээхэн хэмжээний алдагдалтай байгаа, гадаад өр төлбөр зэрэг олон асуудалтай холбоотойг Та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа хамгаалахын тулд бодлогын хэд хэдэн арга хэмжээ авсныг ч Та мэднэ.
Иргэд, ААН-ийн хадгаламж ам.доллар руу хөрвөх үйл явц саарах, гадаад валютын улсын албан нөөцийн хэмжээг 1.2 гэрбум ам.доллараас буурахгүй байх боломж бүрдсэн юм. Ямар ч улс орон дор хаяад гурван сарын импортыг санхүүжүүлэх валютын нөөцтэй байх ёстой. Одоо бидэнд байгаа валютын нөөц яг энэхүү минимум шаардлагыг хангаж байгаа юм.
Миний хэлсэн зүйл гэвэл нэгд, өнөөгийн нөхцөлд төгрөгийн ханшаа хамгаалахын тулд бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх боломж шавхагдсан байна, Та ч үүнтэй санал нийлэх байх. Хоёрт, эдийн засгийн суурь хүчин зүйлс муудаж буй нөхцөлд төгрөгийн ханшаа дан ганц интервенцийн аргаар хамгаалах нь валютын нөөцийг шавхах эрсдэлтэй юм. Гэтэл валютын ханшийг зохицуулах интервенцийн бус олон арга байгааг бид дутуу ашигласаар иржээ. Тухайлбал, валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх, оролцогчдын мэдээллийн тэгш бус байдлыг арилгах, бирж байгуулах нь чухал юм. Гуравт, дан ганц мөнгөний бодлогоор төгрөгийн ханшийг хамгаалах боломжгүй юм.
Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах асуудлын шийдэл нь юуны түрүүнд улсын төсвийг илүү сахилга баттай болгох, экспортын орлого болон гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг сайжруулах ажлаас эхэлнэ. Бид эдийн засагт үүссэн өвчнөө эмчлэхгүйгээр илэрч буй шинж тэмдэг болох ханшийг хэчнээн буруутгаад нэмэргүй билээ.
Төв банкны Ерөнхийлөгчийн хувьд би мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ зах зээлд суурилсан хэрэгслүүдийг голлон ашиглана гэдгээ удаа дараа цохон тэмдэглэж байгаа.
Харин Таны зөвлөж байгаа шиг долларын хадгаламжийг хориглох замыг бид сонгохгүй гэдгээ УИХ-ын чуулган дээр албан ёсоор илэрхийлсэн.
Эцэст нь хэлэхэд, бид эдийн засаг, валютын захын нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглаж байна. Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг тухай бүр Засгийн газартай хамтран авах болно гэдэгт Та бүрэн итгэж болно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн