УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хоёр сарын турш шалгалт хийжээ. Ажлын хэсэг шалгалтын дүнгээ энэ долоо хоногт МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороонд танилцууллаа. Шалгалтын явцад Монголбанкнаас нэлээд олон зөрчил илэрсэн байна. 2016 оны эцсийн байдлаар Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3.1 их наяд төгрөгт хүрч, хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар олгосон, шатахууны компаниудад зах зээлийн ханшаас 300 төгрөгөөр бага үнээр доллар нийлүүлэсэн зэрэг нэлээд ноцтой зөрчлүүд илэрчээ. Шалгалтын дүнгийн талаар Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монголбанкны нийт хуримтлагдсан алдагдал 3.1 их наяд гэсэн дүн гаргасан байна. Энэ хэр бодитой дүн юм бэ. Хэзээнээс хуримтлагдаж эхэлсэн алдагдал вэ?
-Монголбанкны алдагдал 2012 оноос эхэлж хуримтлагдсан байна. Жишээ нь, 2011 онд 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос 280 тэрбумын алдагдалтай болсон. Ингэж явсаар 2016 оны эцэст нийт гурван их наядын алдагдалтай болсон байна. Хуулиар энэхүү алдагдлыг төсвөөс хаадаг. Ингэхдээ Засгийн газар үнэт цаас гаргах замаар татвар төлөгчдийн халааснаас гарна гэсэн үг. Ажлын хэсэг үүнийг нягтлаад юунаас болов гээд шалгаад үзэхэд ихэнх нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотойг тогтоосон. Монголбанкны үйл ажиллагааг Төв банкны тухай хуулиар маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гэтэл хуульд заагаагүй арга хэмжээг хэрэгжүүлсэн, түүнээс давсан үйл ажиллагаа явуулсан, зөрчсөн, бодлогын уламжлалт бус арга хэмжээг явуулсан байна. Тухайлбал, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийн эх үүсвэрийг зах зээлд маш бага буюу 0.89 хувийн хүүтэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсныг тогтоосон.
-Аль салбарт, ямар төсөлд 396 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан бэ?
-Шатахууны компаниудад их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгохын зэрэгцээ тухайн үеийн валютын ханшаас 300 төгрөг хүртэлх доогуур ханшаар өгсөн байна. Үүнээс үүдэн төрд 480 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан. Монголбанк ханшийн зөрүүнээс маш их алдагдал хүлээсэн. 212-2016 онд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ тогтмол буурч ирсэн байдаг. Үүнтэй холбогдуулж Монгол Улс руу орж ирж байгаа шатахууны хилийн үнэ гурав дахин буурсан байдаг. Гэтэл шатахууны компаниуд нэг ч төгрөгөөр үнээ бууруулаагүй. Татварын албанаас авсан мэдээллээр шатахууны импортлогч компаниудын ашиг нь энэ хугацаанд 3 дахин нэмэгдсэн байх жишээтэй. Гэвч нөгөө талд нь төр их хэмжээгээр хохирчихсон. Их хэмжээний нийлүүлэлт хийчихээр валютын ханш огцом өсөөд төгрөгийн худалдан авах чадвар огцом суларчихсан. Гэтэл үүнийгээ засахын тулд валютын интервенци байнга хийсэн. Өнгөрсөн хугацаанд нийт долоон тэрбум ам.долларын валютын интервенц хийсний уршгаар валютын нөөцөө шавхчихсан. Үр дүнд нь зах зээлд маш олон эрсдэлийг бий болгосон. Нийт илүүдэл мөнгөө буцааж татахын тулд Төв банкны үнэт цаас гаргасан ч түүнийхээ хүүд нь маш их зарлага гаргасан. Үүнээс гадна своп, форвард хэлцлүүдийг өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудтай байгуулсан байдаг. Үүний алдагдал г 1.7 их наяд төгрөг байгаа. Хүлээгдэж байгаа своп, форвард хэлцлийн алдагдал бас байна.
-“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зарим сайд буруутай үйл ажиллагаа явуулж байсныг ч тогтоосон гэж ярьж байна. Тухайлбал, ямар буруутай үйл ажиллагааг илрүүлсэн бэ?
-2012 онд Үйлдвэр, хөдөө ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын шийдвэртэй холбоотой зөрчлүүд бий. Эдгээр хүнийг хууль хяналтын байгууллагад ийм үндэслэл, баримтын дагуу шалгуулна гэдэг санал гаргачихсан байгаа. УИХ-ын чуулганаас гарах тогтоолоор хариуцлагын асуудлыг тодорхой болгоно. Үүнийг дан ганц УИХ-ын Ажлын хэсгээс тогтоогоогүй. Үндэсний аудитын газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбогдуулж 2015 онд томоохон шалгалт хийсэн байдаг. Тэрхүү шалгалтын дүгнэлтэд гарсан тоо баримт Ажлын хэсгийн одоогийн дүгнэлттэй таарч, нотлогдож байгаа.
-Та түрүүн их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгохын зэрэгцээ тухайн үеийн валютын ханшаас 300 төгрөг хүртэлх доогуур ханшаар өгсөн байсан гэсэн. Хөнгөлөлттэй зээлийн хүү нь хэд байсан юм бол?
-Нийт 369 тэрбум төгрөгийг 3.8 хувийн хүүтэйгээр компаниудад олгосон. Ингэхдээ гэрээний хариуцлага нь зориулалтын бусаар зарцуулах юм бол зах зээлийн буюу арилжааны банкны хувиар төлөхөөр заасан юм билээ. Арилжааны банкуудын хүү 24 хувь байсан. Тэгэхээр 20.2 хувийн хүүг нөхөж төлүүлэх шаардлага бий. Мөн хариуцлага алдсан хүмүүст хариуцлагын асуудал тавих ёстой. Монголбанкны гурван их наяд төгрөгийн алдагдлыг улсаас төлөх ямар ч боломжгүй. Учир нь, төсвийн дарамт маш их байгаа. Тийм учраас Монголбанкны өр авлагыг барагдуулах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зориулалтын бусаар зарцуулсан зөрчлүүдийг гэрээний дагуу нөхөн төлүүлэх, гэм буруутайд этгээдэд тооцох ёстой.
-“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд тухайн үеийн эрх баригчдаас гадна МАН-ын гишүүдийн компани ч мөнгө авсан. Хариуцлага хүлээвэл адилхан хүлээх ёстой гэж яриад байгаа шүү дээ?
-Өнгөрсөн хугацаанд төрийг хэн удирдаж байсан нь ойлгомжтой. Ерөнхийлөгч ямар намаас сонгогдсон юм. Ерөнхий сайд, УИХ-ын дарга ямар намаас томилогдсон юм. Монголбанкны ерөнхийлөгч ямар намаас томилогдсон гэдэг нь маш тодорхой байгаа. Үүний үндсэнд бүх алдаа дутагдал гарсан, түүнийг нь Ажлын хэсэг шалгасан. Шалгалтын хүрээнд гарсан дүгнэлт бүх тоо баримтаар нотлогдож байгаа. Үүнийг улстөржлөө гээд хариуцлагаас зугтах гэсэн үйл ажиллагаа явуулж байна. Хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж, компани байгаа. Тэдгээр компани хэнийх болох нь удахгүй олон нийтэд нээлттэй болгох арга хэмжээг авна. Ажлын хэсгийн зүгээс тал нь тэр намынх, тал нь энэ намынх гэдэг мэдээллийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гэхдээ хэн нэгэн хүний авсан зээл, Монголбанкны ерөнхий бодлогын том алдааг улстөржүүлэх ёсгүй. Нэгэнт алдаа завхралыг нь тогтоосон болохоор яаралтай засч, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Хохирлыг нь нөхөж төлүүлэх ёстой. Тэгж байж одоо ажиллаж байгаа хүмүүст хариуцлагын асуудлыг сануулж, үүрүүлж, хуулийн дагуу зөв шийдвэр гаргахыг шаардана.
-45 компанийн хувьд ямар, ямар зөрчил гаргасан байдаг юм бэ?
-Захирал нь хувьдаа ашигласан, эргэлтийн хөрөнгөө зарцуулсан, хөнгөлөлттэй зээлээр авсан ам.долларыг төгрөгт шилжүүлсэн, зээлээ урт хугацаагаар банкинд байршуулж мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулсан. Өмнөх зээлээ төлөх, татварын өр барагдуулах, хувь хүний дансанд шилжүүлэх, барилга барих, тоног төхөөрөмж худалдаж авах зэргээр гэрээнд заагаагүй маш ноцтой үйл ажиллагаа явуулсан байдаг.