Open iToim app
Ерөнхийлөгч | 2 мин уншина

Ахмадуудад барьсан Ерөнхийлөгчийн бэлэгт юу, юу багтсан бэ

Ахмадуудад барьсан Ерөнхийлөгчийн бэлэгт юу, юу багтсан бэ
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 2
Монгол Улсын Ерөнхийлөгч “Ахмад настны нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай ахмад настанд жил бүр мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахмад настан зориулсан гарын бэлэгт есийн тоог бэлгэдэж, есөн төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн бэлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, хонины ноосон дээлийн даавуу, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, цагаан идээний дээж ааруул, ёотон, цай, "Алтанговь" үйлдвэрийн шоколад, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг” гэсэн бичигтэй бэлгийн хайрцаг зэрэг зүйлийг багтаажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг үндэсний соёл, сэтгэлгээний уламжлалыг баримтлахын сацуу харьцуулсан судалгаа хийж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр бэлтгэжээ.
Түүнчлэн билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар ахмад настнуудын төлөөлөл болсон есөн өтгөс бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн А танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгасан юм.
Төрийн золголтод ахмад саальчин, Булган аймгийн Тэшиг сумын уугуул, 96 настай Ж.Цэрэн, мал аж ахуйн ахмад ажилтан, Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул 100 настай Д.Өрнөх, ахмад дайчин, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул, 93 настай С.Гомбосүрэн, ахмад дайчин, Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Төв аймгийн Баянбараат сумын уугуул 99 настай П.Шагдарсүрэн, Соёл, урлагийн ахмад ажилтан, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, 93 настай Л.Цогзолмаа, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Улаанбаатар хотын уугуул 90 настай Ш.Бира, Зам тээвэр, батлан хамгаалах салбарын ахмад ажилтан, Онц тээвэрчин, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, 84 настай Б.Бадамсэд, Үйлчилгээний ахмад ажилтан, Архангай аймгийн Хангай сумын уугуул, 84 настай О.Нагуужанай, Монгол Улсын Ардын багш, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, 82 настай Ж.Лхамсүрэн нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар алд цэнхэр хадаг дэлгэн ахмадуудын амрыг эрэн золгож, шинээр айлчлан ирж буй улаагчин тахиа жилийн өнгийг хэлэлцэн, ажил үйлс, үр хүүхэд, ач зээ нарынх нь талаар яриа хөөрөө өрнүүллээ. Үүний дараа Төрийн есөн хөлт цагаан тугийн өмнө дурсгалын зураг татуулжээ. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн