Open iToim app
Анализ | 11 мин уншина

​Африкт хүмүүнлэгийн үйлст зүтгэж буй монгол бүсгүй

​Африкт хүмүүнлэгийн үйлст зүтгэж буй монгол бүсгүй
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 26

“Одоо цагт ярвайсан нь байтугай ядарсан нь ч хүн чанараа алдсан” гэж хаа нэгтэйгээс уншиж билээ. Хүн бүр эдийн засгийн хямралд өртөж буй талаар ам нээж, бусдад байтугай өөрийнхөндөө ч илүүчлэхэд хэцүү болсон энэ цагт олсон орлогынхоо талыг бусдад зориулна гэдэг гайхамшигтай. Хүний, өөрийн гэлтгүй бүгдэд нэг сэтгэлээр тусалж, дэм үзүүлэх нэгэн өнөө үед бидний дунд ховорхон биз ээ.
Тэгвэл сайхан сэтгэлийн төлөөлөл болсон Э.Цэлмэгтэй танилцлаа. Э.Цэлмэгийн хувь хүний нийгэмд хандах хандлага, сайн дурын ажлыг нь олон хүн үнэлж, тэрээр өөрөө олон хүний урам зориг, нийгэмд хүн чанартай хүн үлдсэн итгэлийг сэргээж, түгээж байгааг анх фэйсбүүкээс хараад бахархах сэтгэл төрж байлаа. Бидний очихыг хүсдэг ч зориглодоггүй тэр л газар руу зориг гарган явсныг нь хараад цагаахан атаархал төрж байсан юм.
Э.Цэлмэг угтаа “Meg’s Guesthouse” гэх аялал жуулчлалын компанийн захирал. Гэхдээ тэрээр өөрийн амьдралын багагүй хугацааг сайн дурын үйл ажиллагаанд зарцуулж байгаа юм. Аялал жуулчлалын компаниасаа олсон ашгийнхаа тал гаруй хувийг хандив, сайн үйлсэд зориулдаг тэрээр одоо охинтойгоо хамт зүүн Африкийн Малави улсад арьс цайрах өвчтэй, дауны гажигтай хүүхдүүдтэй ажиллаж байгаа юм. Түүнийг Африкт ажиллаж байна гэж шүүмжлэх хүн олон ч тэрээр Монголдоо ч бас сайн дурын ажил хийж, одоогоор Малави руу туршлага судлахаар яваад байгаа аж..
Түүний сайн дурын ажил нь нэг удаагийн хандиваас гадна тухайн хүний амьдралыг тэтгэх насан туршийнх байдгаараа онцлог. Мөн дан ганц эд материалаар биш бие сэтгэлээр дэмжих нь хамгийн том сайн үйлс гэдгийг тэрээр хэлж байсан юм.
Энд түүний бяцхан охин Ц.Тэмүүлэнгийн талаар дурдахгүй байхын аргагүй. Тавхан настай ч ээжтэйгээ хамт алс холын Африк руу явж, хүнд туслах, аз жаргалын амт нь юу байдгийг мэдэрч байгаа бяцхан охин Тэмүүлэн Монголын хамгийн бяцхан сайн дурын ажилтан. Хар багаасаа амьдралын амтыг мэдэрч буй охин нь ээжийнхээ хамгийн сайн туслах нь гэдгийг тэрээр хэлсэн юм. Монголд байхын л ээжийгээ даган сайн үйлсийн аянд нэгдсэн бяцхан охины ирээдүй ч тодорхой, гэрэлтэй байх биз ээ. Тэрээр сайхан ээж байхаас гадна сайн ээж байхыг хичээдгээ бас ярьсан.
Ингээд Э.Цэлмэгтэй хувь хүний нийгэмд хандах хандлага, гэр бүл, ирээдүйн зорилго, мөрөөдлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Таныг фэйсбүүкт “Meg Erdenekhuu” нэрээр зарим хүн мэднэ. Зарим нь аялал жуулчлалын компаниар тань мэдэх байх. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Хэзээнээс сайн дурын ажил, аялал жуулчлалтай холбогдсон бэ?
-Намайг Эрдэнэхүүгийн Цэлмэг гэдэг. Улаанбаатар хотын уугуул иргэн. Үнэнийг хэлэхэд би их сургуульд суралцаагүй л дээ. Өөрийн англи хэлний багахан мэдлэгээр 17-19 настайдаа Америк руу дунд сургуульд сурахаар явсан юм. Тэнд очоод хичээлийнхээ хажуугаар зөөгч хийж, аяга таваг угааж, пицца, Итали хоолны газарт ажиллаж, хүний газарт хийж болох бүхий л ажлыг хийж байсан даа. Бензин колонкны дэлгүүрт шөнөөр худалдагч хийж, өдөр нь настай хүний жолооч хийж олдсон ажил болгоноо голохгүй хийж байлаа.
Эх орондоо ирээд 2005 оноос гаднын жуулчдыг дагуулан Монголынхоо бүхий л үзэсгэлэнт газруудаар аялж, түүх соёл, малчин ардын аж амьдралыг танилцуулсаар ирсэн. Ингээд бодоход би Монголынхоо 20 аймгаар аялсан байгаа юм. Хэдий гадаадуудад эх орноо таниулах нь миний ажил байсан ч энэ үед би өөрөө ч бас эх оронтойгоо танилцаж, өөрийгөө олж нээж чадсан гэж боддог. Аймаг болгоны үзэсгэлэнт байгаль, уул усаар аялахдаа би эх орныхоо түүх соёлоор бахархаж, шүтэж улам гүн судлах болсон юм. Өвөг дээдэстээ ийм сайхан газар шороог бидэнд үлдээсэнд өдөр болгон талархдаг.
Ингээд л миний аяллын түүх эхэлсэн байдаг юм. Олон газраар аялахдаа миний багаасаа боддог байсан “хүн бүр адилхан” гэх үзлийг минь улам бататгаж өгсөн. Цаашлаад улс орнуудаас туршлага хуримтлуулж, тухайн орны сайн сайхан бүхнийг Монголдоо хэрэгжүүлэхийг хичээх болсон. Ингэж л аялал, сайн дурын ажил маань холбогсдон гэх үү дээ.
-Анхны аялал чинь хаанаас эхэлсэн бэ?
-АНУ-д амьдарч байсан үеийг тооцохгүйгээр хамгийн анхны ганцаараа хийсэн аялал маань Европ тивийн таван улсад хийсэн аялал байсан. Охиноо дөнгөж нэг настайд нь ээждээ үлдээгээд л аялалд гарсан даа. Охиноо маш их санаад галт тэрэг автобусанд уйлаад л явдаг байж билээ.
-Одоо бол та охинтойгоо хамт аялдаг шүү дээ. Та хоёр хаана амьдарч байгаа вэ?
-Зүүн Африкийн Малави гээд улсад амьдарч байна. Миний байгаа Малави улс өмнөх Ерөнхийлөгчийнхөө үед улс орон нь хямарч гадуур машин ч явахгүй болж, ямар ч бензингүй, хоол хүнсний дутагдалд орсон юм билээ. Гэтэл Ерөнхийлөгч нь нас барж, олон улсаас нэг байгууллага ирж гэрийг нь нэгжихэд таван тэрбум ам.долларын үнэ бүхий тухайн орны валют гарч ирсэн гэдэг. Түрүү жил байсан эмэгтэй Ерөнхийлөгч нь бас ажлаа өгөөд Америк руу зугтаасан гэсэн. Ингээд л улс орон нь хямрахын хэрээр аймшигт өвчин нэмэгдэж, энгийн хүн ард нь зовох болсон юм билээ.
-Хүмүүс өндөр цалинтай ажил хийхээр, их хотод амьдрахаар гадаад явдаг. Гэтэл таны хувьд эсрэгээрээ юм. Хориод улсаар аялахдаа танд хамгийн таалагдсан нь ямар улс байв?
-Би Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Сингапур гээд өндөр хөгжилтэй орнууд руу анх аялалд явж байсан. Надад ийм улсуудад амьдраад, ажил хийгээд, мөнгө хуураана гэсэн бодол ер төрдөггүй. Миний сонирхол бол хөгжил буурай мөртлөө үзэсгэлэнтэй, хүн ам соёл, түүх дурсгалаараа гойд онцгой тийм газруудад очиж, аялж, байгалийн сайхантай нь танилцах. Уугуул иргэдтэй нь танилцаж, санаа бодлоо хуваалцах нь надад илүү сонирхолтой байдаг. Өндөр хөгжилтэй орнууд хөгжлийн нэг загвартай харагддаг бол миний мөрөөдлийн орнууд тус бүр өөр өөр ёс заншилтай байдаг.

-Африкийн орнуудад очиж үзэх хүсэлтэй ч зориглох хүн нь цөөн байх. Та Малавид одоо юу хийж байгаа вэ?
-Миний байгаа бүс нутаг бол зүүн Африк. Тэгэхээр аймшигт тахал, өвчин зовлонд нэрвэгдээд байгаа Өмнөд Африкаас өөр л дөө. Африкт зэрлэг ан амьтан ихтэй, уугуул иргэд ихтэй эртний хүн үүссэн тив болохоор сонирхлыг минь их татдаг. Африкийн 55 улсын зөвхөн таван улсад л одоохондоо очоод байгаа. Африкт очих хамгийн гол шалтгаан бол сайн дурын ажил хийж байсан. Сайн дурын ажлаар холбогдсон миний найз залуу энэ улсад ажилладаг юм. Тэгээд л би хамт байя, сайн дурын ажил хийе гээд хоёр жилийн өмнө энд ирсэн. Найз залуу маань хөдөлгөөн засалч-эмч хүн болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг. Би ч бас Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байсан болохоор их дөхөм байдаг юм.
-Охины чинь анхны гадаад аялал тэгвэл Африкаас эхэлжээ.
-Энэ удаад охиноо хамт авчирч энд сургаж, сайн дурын ажилдаа туслуулж, өөр ертөнцийг нүдээрээ харж, хүмүүст туслах ямар сайхан байдгийг мэдрүүлэхийг хүссэн. Материаласт, дандаа бэлэн юман дээр хүүхдийг өсгөх биш, амьдралыг өөрөө олж мэдэрч ухаарч байгаадаа талархах сэтгэлтэй, өөрийн хүч бололцоог ашиглаж сураасай гэсэндээ би охиноо шаналж байгаа хүүхдүүдэд жаахан ч болов инээд бэлэглээсэй гэж хүссэн юм. Миний охины амьдралд энэ нь том туршлага болох байх гэж найдаж байгаа. Миний гэр бүл илүү дутуу, чамин ганган зүйлсээр сэтгэлээ баясгадаггүй. Дуртай ажлаа хийж, хүмүүст тусалж байгаагаар аз жаргалаа олдог. Охин минь Монголын хамгийн залуу сайн дурын ажилтан шүү дээ. Монголд байхдаа эх орноороо аялахдаа, сайн дурын ажилдаа охиноо дагуулж явдаг байсан. Нэг удаа бид асрамжийн газрын хүүхдүүд дээр очиход нэг охиныг тэврээд тавихгүй байхыг нь хараад үнэхээр сайхан санагдсан. Энд ирээд “Ээж ээ, энэ охин яагаад юм хардаггүй юм бол” гээд тэр охины нүд нь болоод, хөтөлж явахыг хараад би охиноороо үнэхээр бахархаж байгаа.

Ц.Тэмүүлэн охин /одоо, багадаа/
-Дараа нь та хаашаа аялах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бид ирэх сард гэр бүлээрээ Кени рүү аялахаар төлөвлөж байсан юм. Даанч Аль-шибааб террорист бүлэглэл нэгэн их сургуульд дайран орж, алан хядагчид амиа золиосолж 147 оюутны аминд хүрсэн аймшигт хэрэг саяхан гарсан. Африкт иймэрхүү халдлага болохоор, мэдээ ер нь цацагдаад байдаггүй юм байна. Нэгдүгээр сард Францад халдлага болох үеэр Нажир улсад Боко Харам бүлгэм халдлага үйлдэж, 1000-аад хүн амиа алдсан. Энэ бас л мэдээгээр гараагүй.
Африкийг үзэж дуусгаад Дундад Ази, тэр дундаа Хятадын баруун хэсэг Шинжаан руу, бас Пакистан, Иран, Казакстан, Кыргызстан болдог бол Афганистан руу очиж үзмээр байна. Энэ газрууд бол 800-аад жилийн тэртээх Ил Хаант улсын газар нутаг байсан. Мөн одоо хүртэл тархан бутарсан монгол цустай хазар үндэстэн, дээд монголчууд, цагаан монголчууд гээд их хаадын минь үр сад байгаа гэж бодохоор очих хүсэл минь маш их төрдөг.
-Хоёулаа таны сайн дурын ажлын талаар яриагаа үргэлжлүүлье. Хэзээнээс бусдад тусламж үзүүлэх болов?
-Би Монголдоо өөрийн гэсэн аяллын жижиг компанитай. Ажилдаа маш их дуртай. Дуртай зүйлээ хийгээд,олсон ашиг орлогынхоо талыг бусдад зориулах зарчим баримталдаг. 2007 оноос сайн дурын ажил хийж, бусдад тусламж үзүүлж эхэлсэн гэж хэлж болно. Хамгийн анх “Танайд хоноё” нэвтрүүлгээр оролцож байсан талийгаач Тунгалаг эгчийг харчихаад байгаа бүх мөнгөө өгч байлаа. Түүнээс хойш олсон орлогынхоо тал хувийг нийгмийн эмзэг бүлэгт байгаа хүмүүст туслахад ашиглах болсон. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд амьдардаг гэдэг шүү дээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах, өрх толгойлсон ээжүүдэд туслах гээд л хуваагаад амьдраад болоод л байна. Өвөлдөө аялах санхүүгээ цуглуулж аваад л үүргэвчээ үүрээд, аялалд явчихна. Аялахдаа ч бас дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст тусламжийн гараа сунгахыг хичээж явдаг.
-Хүмүүс сайн дурын ажил, тэр дундаа хүмүүнлэгийн ажлын талаар мэддэг ч тэр бүр өргөн мэдээлэлгүй байдаг шүү дээ. Та яг ямар чиглэлд юу хийдэг вэ?
-Би одоо, амьдарч байгаа газраасаа Монгол дахь жижиг бизнесээ удирдаж байгаа. Ажиллагаа ихтэй л дээ. Дараа жилийнхээ аяллуудыг бүртгэх, жуулчдаа олох, и-мэйлд хариу бичих гээд. Гэхдээ энэ орлогоосоо илүүчилдэг болохоор илүү их зүтгэл гаргаж хийхийг хичээдэг.
Миний сайн дурын ажил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдээр хязгаарлагддаггүй. Аль болох тусламж хэрэгтэй хүн бүрт л дэм болъё гэж хичээдэг. Ер нь бол нэг өдрийн амьдралын хоол хүнс гэхээсээ бүх насны амьдралд тус болохыг зорилгоо болгодог. Тухайлбал, тухайн эмзэг бүлгийн айлын аав эсвэл ээжийг нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхлүүлэхийг боддог. Гэртээ юм оёод зарах ч юмуу. Гол нь ээж, аав нь ч хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг үүднээс. Би өрх толгойлсон ээж нарыг оёдлын машинаар хангаж байсан юм. Тэд одоо зах дээр оёсон дээлээ зарж гэр бүлээ тэжээдэг. Тэтгэвэл тэнхэртэл нь эмнэвэл эдгэтэл нь гэдэг шүү дээ. Цаашид ч энэ зарчмаар л ажиллах байх.
-Таны одоо Малавид хийх ажил тань эргээд Монголтой яаж холбогдох вэ?
-Малави улсад сайн дурын ажлаа хийнгээ суралцсаар л байна. Зарим хүн чи Монголдоо амьдраач, монгол хүмүүст туслаач гээд байдаг юм. Ер нь Малавид ажиллаж байгаа нэг шалтгаан нь бас эргээд Монголдоо юм хийх гээд туршлага хуримтлуулаад байгаа юм шүү дээ.Би Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ойр ажиллаж, хүмүүнлэгийн ажил хийж үзээгүй байсан бол, энэ хүүхдүүдтэй ингээд сууж байхгүй байсан биз ээ.
Хүн ер нь амьдралынхаа туршид суралцдаг гэдэг үнэн юм байна. Монголд хэрэгжүүлье гэсэн санаанууд зөндөө орж ирж байгаа. Энд сайн дурын ажил хийхдээ Монголд хийдэг шигээ тэр бүр хүмүүст санхүүгээр туслаад байж чаддаггүй. Тухайлбал, долоо хоногийн хоёрдахь өдөр болгон 150-иад эцэг эх, тэдний хүүхдүүд дээр очдог. Хүүхдүүд нь ихэвчлэн тархины саажилт, дауны синдром, хөдөлгөөний бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй байдаг. Мөн албино хүүхдүүд ч байгаа. Тэднийг нийгэмшихэд тусалж, хөдөлгөөн засах эмчилгээнд хамрагдуулж, эцэг эхэд нь тус дэм болдог. Монголд ч бас ийм төрлийн өвчтэй хүүхэд их төрөх болсон. Тэгэхээр тэднийг яаж нийгэмшүүлэх, яаж илүү чадваржуулах талаар суралцаж байна. Монголд очоод хийх ажил их байна. Энд маш их туршлага хуримтлуулж, хийх ажил минь толгойд багтаж ядаж байна. 
Гэхдээ манай гэр бүл ганцаараа энд хүмүүст тус дэм болоод байгаа юм биш л дээ. Энд маш олон улсын сайн дурын ажилчид байгаа. Тэд биднээс ч илүү, хоол хүнсний хэрэглээгээр хангадаг.
Үнэндээ би Монголдп хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр авч өгөх гэх мэт санхүү шаардсан тусламж их үзүүлж байсан. Тэрийгээ үргэлжүүлж хийсээр байх болно. Гэхдээ санхүүгээс гадна нийгэмшихэд туслах, эргээд энгийн хүмүүст тэднийг ойлгуулах ажил чухлыг ойлгосон.

Үүнээс гадна албино хүүхдүүд болон дауны хам шинжтэй, тархины саажилт болон бусад бэрхшээлтэй том хүмүүс болон хүүхдүүдийн зургийг нь гэр бүлтэй авч өгөөд шинэ жилээр нэг айлд 2-3 зураг бэлэглэх гэж байгаа. Энэд ихэнх нь хэзээ ч өөрийнхөө зургийг харж байгаагүй. Жижиг зүйл ч тухайн хүнийг ямар их аз жаргалтай болгодог гээч. Тэднийг харахад нүд хальтрам дүр төрх харагддаг ч, хүүхдүүд эцэг эхчүүдийн хажууд миний сэтгэл өвдөх юу ч биш шүү дээ. Өөрийгөө зовж буй хүмүүсийн оронд тавьж зүйрлэхэд надад маш их зориг, тэвчээр илүү хүнлэг байхыг мэдрүүлдэг. Өөрт байгаа зүйлдээ бид сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Мөрөөдөл гэхээсээ илүүтэй би хүн бүрийг бусдад чин сэтгэлээсээ тусалж, дэмжиж, нэг л агаар нэг л тэнгэр дор амьдарч байгаа юм чинь нэгэндээ илүүрхэж, биесээ битгий үзэн ядаасай гэж хүсдэг. Үүнийг би зорилгоо гэж хэлнэ. Зорилго бол мөрөөдөлдөө хүрэх шат гэж хэлдэг шүү дээ.
-Таны хүүхдээ хүмүүжүүлэх арга барил их содон санагдлаа. Та хүүхдийн хүмүүжлийн талаар яриач?
-Хүүхдийн хүмүүжил бол цэвэр эцэг эхээс шалтгаалдаг. Хүүхдийг багаас нь хүмүүстэй ярилцуулж, харилцуулж байх хэрэгтэй. Ирээдүйд бүрэг хүн болгохгүйн тулд, хүнтэй санаа бодлоо сайхан хуваалцдаг, хүнээс айж эмээлгүй зөв гэж бодсоноо хэлдэг байх ёстой. Би хувьдаа хүүхдээ гадаад орчинд байлгах, байгальд, ан амьтанд хайртай болгох цаашилбал, эх орноо дээдлэн хүндлэхэд сургахыг хичээдэг. 

Ц.Тэмүүлэн охин
Хүүхдээ саатуулж байна гээд утсаа өгөөд тоглуулах биш, зурах дэвтэр, харах номыг нь урд нь тавих ёстой гэж боддог. Хүүхэд гадаа гүйж харайж, зургаа зурж, тоглож наадаж, үлгэрийн ном уншиж байж өөрийнхөө ертөнцийг бий болгодог. Хүүхэд таниас төрсөн ч тусдаа хувь хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс өөрийнхөө ертөнцийг олоход нь та зөв хөтөлж, залуур гэхээсээ илүү чиглүүлэг нь байх ёстой гэж боддог. Хэзээ ч бэлэнчлэх сэтгэлгээг суулгаж болохгүй. Эцэг, эх нь хоорондоо яаж харилцаж байна, хүүхэд түүнийг л дуурайна. Тиймээс хүүхдийнхээ дутагдлаас илүүтэй өөрийнхөө дутагдал, муу зуршил, зан аашийн доголдлыг засч байж хүмүүжүүлэх болов уу гэж боддог. Өөрөө утас барьчихаад утас оролдохоо боль, өөрөө нэг ном хүүхдийнхээ нүдэн дээр нээгээгүй байж ном унш гээд байвал тэр хүүхэд хэзээ ч хүсч байгаа шиг нь болохгүй. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн