Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 40 минутын өмнө цагдаагийн хурандаа Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргад албан ёсоор нэр дэвшүүлж, УИХ-ын даргад өргөн барьсан талаар эх сурвалж мэдээллээ.
Авлигатай тэмцэх газрын даргад санал болгосон Хүрэлсүхийн Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. Мөн тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. Одоо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байна.
Тэрээр цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан. Хуульч мэргэжилтэй. Хуульд заасан 45 насны болзлыг хангасан бөгөөд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх шаардлагыг хангажээ.
АТГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сангарагчааг албан тушаалаас нь чөлөөлсний дараа Х.Энхжаргалын нэр яригдаж байжээ. Тухайн үед АТГ-ын дарга 55 настай байх шаардлага хуулиар тавигдаж байсан учраас нас хүрээгүй шалтгаанаар түүнийг нэр дэвшүүлээгүй юм байна.
Дашрамд дурдахад, АТГ-ын даргаар ажиллаж байсан Н.Ганболд нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ерөнхийлөгч хүсэлтийг нь хүлээн авч УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлснээр Н.Ганболдыг чөлөөлж, түүний тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хангасан юм.