Open iToim app
Улс төр | 2 мин уншина

АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томиллоо

АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томиллоо
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 8
16.15 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, саналаа хэлж дууслаа. Ингээд чуулганы хуралдаанд оролцсон 67 гишүүний олонхи буюу 88.1 хувь нь АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилохыг дэмжлээ. Уг тогтоолын төсөл батлагдсан цагаас дагаж мөрдөж эхлэх юм.
12.20 цаг
Хуульзүйн байнгын хороо хуралдаж, хуралдаанаар АТГ-ын даргад Х.Энхжаргалыг томилуулах асуудлыг хэлэлцэж гишүүдийн 88.2 хувийн санаал дэмжлээ.
Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчид санал хэлж, асуулт тавьсан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: Авлигатай тэмцэх бол Монгол төрийн чухал бодлого байгаа. Төрийн хараа хяналтад байж хэрэгжих ажил. Тиймээс хэрвээ энэ албан тушаалд томилогдвол авлигатай тэмцэхэд ямар бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлэх бол?
-Х.Энхжаргал: Энэ албан тушаалд томилогдвол авлигаас урьдчилсан сэргийлэхийн тул төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү ажиллана.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Өнгөрсөн жилүүдэд албан тушаалаар айлган сүрдүүлэлт, залхаан цээрлүүлт явуулж байсан шүү. Дахин ийм асуудал байж болохгүй. АТГ чамгүй үүрэг гүйцэтгэсэн. Хичнээн ч олон хүн барьж хорьсон билээ. Мөн улс төрийн явуулгад ажиллагаанд оролцож болохгүй шүү. Улс төрийн захиалга биелүүлж, дарга нарын даалгавраар ажиллах асуудал хэзээ ч байж болохгүй. Хэрэг хийсэн нь гарцаагүй бол битгий ухарч няцаарай.
Х.Энхжаргал нь НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр дүүргэжээ. Тэрээр Эрдэнэт хотын, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, ЗЦГ-ын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан байна. Эдүгээ ЦЕГ-ын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа аж. Улсад 34 жил ажилласан.
Түүний гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чадвар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх албыг удирдах туршлага, эдийн засаг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, мэргэжил зэрэг нь АТГ-ын даргаар томилох үндэслэл болсон байна.
АТГ-ын дарга Х.Энхжаргал гэж хэн бэ
  • Авлигатай тэмцэх газрын даргад санал болгосон Хүрэлсүхийн Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 
  • 1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль,
  • 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 
  • 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. 
  • Мөн тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч,
  • Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 
  • Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. 
  • Одоо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байна.
Тэрээр цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан. Хуульч мэргэжилтэй. Хуульд заасан 45 насны болзлыг хангасан бөгөөд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх шаардлагыг хангажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн