Open iToim app
Улс төр | 7 мин уншина

АСЕМ-ын уулзалтын эхний үр дүнгүүд ба Монголд үлдэх өгөөж

АСЕМ-ын уулзалтын эхний үр дүнгүүд ба Монголд үлдэх өгөөж
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 16
Олон улсын дээд түвшний уулзалтуудын үр дүн тэр даруйдаа гардаггүй, ач холбогдол нь алс хэтдээ мэдрэгдэж эхэлдэг. Гэвч өчигдөр, өнөөдөр хоёр өдөр болж өндөрлөсөн Ази, Европын дээд хэмжээний уулзалт, түүний дагалдах хурлууд, хоёр талт уулзалт, хэлэлцээрүүд Монгол Улсад хэдийнэ үр дүнгээ өгч эхэлсэн гэж болно. АСЕМ-ын уулзалт манай улсад болж буйтай холбоотойгоор интернэт орчин дахь Монголын талаар хайлт гурав дахин ихэсч нэг тэрбум хүн Монголын тухай хайлт хийжээ. Энэ бүхнээс харахад АСЕМ-ын уулзалт олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд, байр суурь, оролцоог шинэ түвшинд хүргэж байна. Мөн өмнөх олон улсын хурлуудаас энэ удаагийн арга хэмжээ цар хүрээ, зочдын хүрээллээр өргөн болсон нь олон улсын тавцанд итгэл олж, үүрэг хариуцлага хүлээж чадахуйц хэмжээнд хүрснийг илтгэж байна. Алсдаа үр дүнгээ өгөх олон улсын тавцан дахь үр өгөөжөөс энэ уулзалтаар Монгол Улс тусгаар тогтнолоо бататгаж чадлаа. Энэхүү уулзалт эх орноо сурталчлах томоохон боломжоос гадна эдийн засгийн хувьд ч чухал ач холбогдолтой байлаа. Энэ үеэр Монголын бизнес эрхлэгчид шинэ түншүүдтэй болж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг эргүүлэн татаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чухал алхам болсон. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монголтой холбоотой яриа хэлэлцээрүүд болж, эхний үр дүнгүүд гарч эхлээд байгаа юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян долдугаар сарын 13-14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онд авч ашигласан зээлийн үндсэн төлбөр нийт 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлсөн хэлэлцээр байгуулсан юм. Түүнчлэн уг хэлэлцээний үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Үүний зэрэгцээ манай талаас тавьсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян оролцож, тус төвийн барилгын ажлын гэрээ бодитоор хэрэгжиж эхлэлийг тавьлаа. Хоёр улс худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын тохиролцоонд хүрч, нийтдээ 10 гаруй баримт бичиг байгууллаа.
Бүгд найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүүний айлчлалын хүрээнд “Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ Ерөнхий боловсролын жишиг сургууль барих, техник, технологийн дээд боловсролыг сайжруулах зэргээр боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдсэн. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамтран ажиллах санаачлагыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархан хүлээн авсан бөгөөд цаашид эдийн засаг, тээвэр, байгаль орчин, батлан хамгаалах, хөдөө аж ахуйн болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийх үеэр Вьетнамын тал орны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхижүүлэх, цагаан будаа, хүнсний ногоо, кофе, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна хорио цээрийн стандартыг харилцан тохирч, Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулахаа илэрхийлсэн. Түүнчлэн Монголын талтай ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллаж, бизнес, соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм. Мөн хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрс газрын тосны чиглэлээр хамтран ажиллах бололцоотойг илэрхийлсэн юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд арьс шир боловсруулах хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах Вьетнамын Аж үйлдвэрийн яамны саналыг дэмжиж байгаагаа онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло нарын уулзалтын үеэр Монголын тал эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгож, дараагийн хуралдаанд бэлтгэх нь чухал болохыг тэмдэглээд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт идэвхтэй хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн БНПУ-ын Засгийн газраас авахаар тохиролцсон 50 сая еврогийн экспортын зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, уул уурхайн болон бусад салбарт хамтран ажиллах боломжийн талаар Ерөнхий сайд нар санал солилцсон юм.
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Итали улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилони, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хамтаар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нээлтэд оролцсон юм. Гадаад хэргийн сайд нар Элчин сайдын яамны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсч, тус Элчин сайдын яам нээгдсэнээр Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх нэгэн чухал алхам болж буйг тэмдэглэв. Ийнхүү Монгол Улсад Бүгд Найрамдах Итали Улсын ЭСЯ үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимовтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Хоёр орон худалдаа, эдийн засгийн бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс Монгол, Казахстан хоорондын өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтын төслүүдээр баяжуулж, идэвхжүүлэн өргөжүүлэхээр талууд харилцан тохиролцов. Мөн Казахстан улсын Ерөнхий сайд Карим Масимов Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хандив өгөхөө илэрхийлсэн юм. Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан арваннэгдүгээр сард зохион байгуулагдана. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаа ярилцаж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэв.
Бүгд найрамдах Казакстан улсын Ерөнхий сайдын хамтаар манай улсад хүрэлцэн ирсэн тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд хатагтай Т.Дуйсенова болон Соёл, спортын сайд ноён М.Мухамедиулы нар өчигдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаатай уулзав. Казакстан улсын хувьд зүрх судасны мэс заслууд, ялангуяа зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэж байгаа талаараа мөн танилцуулж, эдгээр болон бусад чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлсэн юм. Эрүүл мэнд, спортын яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь Казахстан Улсын М.Айкимбаевын нэрэмжит Зоонозын ба хөл хориот өвчний эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, био аюулгүй байдал, био хамгааллын чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтад эмч мэргэжилтнүүд хамрагдсан талаар дурдаж, хил дамнасан халдварт өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажиллах, мэдээлэл солилцох, мэргэжилтэн солилцох боломжтой талаар ярив. Соёл, спортын сайд ноён М.Мухамедиулы удахгүй болох гэж байгаа Рио-де Жанейрогийн зуны олимпод Казакстан улс нийт 104 эрх авсан талаар танилцуулж, спортын салбарт ялангуяа өвлийн спортын салбарт Монгол Улстай хамтран ажиллах өргөн боломжтой талаар дурдав.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ази, Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс Европын холбооны тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, боловсруулах үйлдвэрлэлд Европын технологийг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэх зэргээр тус хөнгөлөлтийг бүрэн ашиглах, уул уурхайн салбараас хэт хараат байдлыг сааруулах зэрэг шаардлага байгааг дурдаад, энэ чиглэлд дэмжиж ажиллахыг Европын комиссын ерөнхийлөгчөөс хүслээ. Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргээд ажилд нь амжилт хүслээ. Мөн Монгол Улсад гурав дахь удаагаа зочилж байна гэдгээ тодотгоод цаашид Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана гэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсад Европын Холбооны Дипломат төлөөлөгчийн газар нээх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал болохыг тэмдэглэлээ. Тус холбооны зүгээс манай улсад Дипломат төлөөлөгчийн газар нээх талаар улс төрийн ямар нэгэн асуудал байхгүй, гагцхүү төсөв санхүүгийн хязгаарлагдмал байдал тулгамдаж байна. Цаашид энэ асуудлыг үргэлжлүүлэн ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн