Open iToim app
Нийгэм | 13 мин уншина

​АСЕМ-тай, аваргатай, аадартай долоо хоног

​АСЕМ-тай, аваргатай, аадартай долоо хоног
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 16
Өнгөрч буй долоо хоног дэлхийн чих Монгол руу сортолзоод ёстой л үйл явдлаар дүүрэн байлаа. Айдгаа авдартаа хийсэн улс төрийн намууд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, нийслэлийн удирдлагуудаа томилж, УИХ-ын гишүүд тангаргаа өргөснөөр сая л нэг сонгуулийн бужигнаан намжив. Үргэлжлээд Үндэсний их баяр наадам эхэлж, хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн улсын наадмын хуушууртай, айрагтай яриа одоо ч сарниагүй байна. Аймаг, сумууд наадмаа хийж налайгаад наймдугаар сараас наашгүй нь. Энэ хооронд дэлхийн удирдагчид Монголд чуулж, зочны хөлд дарагдсан, аль сайхнаа дэлгэсэн АСЕМ-ын чуулга уулзалт алсарч байна. Ганц долоо хоногт хэчнээн ч үйл явдал Монголд болов доо. Дэлхийн арай хурдан эргэв үү гэлтэй. Уншигч танд мэдээллийг багцлан хүргэе.
Наадам-2016

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний баяр наадмын нээлт сайхан болсныг иргэд хэлж байгаа. Марзан Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийн зураглалаар эхэлж Хүн гүрнийг байгуулсан хийгээд Их Монгол Улс үүссэн үеийг үзүүлж, эзэн Чингисийн байлдан дагуулал, Ардын хувьсгал ялсан, орчин цагийн Монгол Улсын түүхийн онцлог үйл явдлыг дүрсэллээ. Нээлтийн ёслолд Мотобуудлагын батальоны 850 гаруй алба хаагчаас авахуулаад олон хүний олон сарын хөлс хөдөлмөр шингэсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмыг нээж хүчитний мэх улам уран, хүлгийн давхил улам төгөлдөр, харваачдын цэц улам ончтой байхыг ерөөсөн. Тэрээр үг хэлж дуусаад төрийн есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлснийхээ дараа тойрч дэвсэн нь гэнэтийн зүйл байсан. Ц.Элбэгдорж нь төрийн наадмыг найман жил нээж үг хэлсэн бөгөөд дараа жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгөх билээ.

Хуучин суудал дүүрэхгүйгээс цэрэг суулгадаг байсан Төв цэнгэлдэхийг өргөтгөх шаардлага нэгэнт бий болжээ. Өнөө жил тасалбар олдохгүй, суудал үлдэхгүй байв. Тэгш ойгоор 1024 хүчтэн барилдаж 14 улсын начин шинээр төрсөн. Нутаг ус яривал Л.Шинэбаатар, Ц.Нямдорж, М.Бат-Отгон, Э.Ванданцэрэн нарын Архангайн, Ц.Чимэддорж, Л.Батзориг хоёр Өвөрхангайн, Б.Ганхуяг, Ч.Хөхчирэнгэр хоёр Хөвсгөлийн, Б.Ганзориг Увс, Д.Амарсайхан Булган, Б.Баатарцол Хөвсгөл, Б.Дэлгэрсайхан Сэлэнгэ, Д.Анар Дорнод, Б.Чимэдвандан Завхан нутгийн бөх. Нутгийн ах нь амалж аваад тахимаа өгчихсөн найрааны начин эдгээрийн дунд байж л байна. Ихэнх нь начны давааг уран мэх, ухаан чадал, зүтгэлээрээ давсан. Дорнодын Д.Анарын хувьд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж барилдаад давсныг хэлэх хэрэгтэй.

Т.Баасанхүү, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ нарын таван бөх улсын харцага цол хүртлээ. Эдгээрээс Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Д.Бат-Эрдэнэ аймгийн заанаас улсын харцага цолонд хүрсэн амжилттай. Улсын харцага Б.Пүрэвсайхан Ц.Содномдорж харцгаар долоо давж улсын заан цолны болзол хангасан. Шөвгийн наймын барилдаан удаан үргэлжилсэн. Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, улсын арслан П.Бүрэнтөгс нар барилдаж хаялцаад хоёулаа дэвээд явчихсан. Бичлэг үзэхээр, харахаар П.Бүрэнтөгс давсан мэт. Мань эрийн өвдөг, Пүрэвдагвын тохойны аль түрүүлж шороодсныг хөлийн цэц ялгаж дийлээгүй. Ингээд дахин барилдуулах шийдвэр гарахад хоёр бөх хүлээн зөвшөөрөхгүй байснаас бараг л хоёулаа хасагдах дөхсөн. Дахиж барилдаад Р.Пүрэвдагва давж, гарьд цолны болзол хангасан. П.Бүрэнтөгс арслангийн хувьд цэцийн шийдвэртэй санал нийлээгүй бухимдаж нулимс асгаруулсныг наадамчид харсан байх. Энэ наадмын гол маргаан энэ байлаа.

Даваа бүрээрээ цэнгэлдэхийг доргиосон хамгийн олон “фен”-тэй бөх Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба заан байсан. Бөх сонирхогчид улсын наадмын таавар бүрт түүний нэрийг хэлж, захыг нь мушгидаг. Ямар сайндаа, “Санжаа заандаа зориулаад Төв цэнгэлдэхийнхээ дээврийг битүү болгодог юм билүү” гэсэн яриа гарч байв даа. Цаг сунжирч гурав дахь хоногтоо үргэлжилсэн бөхийн барилдааны Ч.Санжаадамба улсын аварга Г.Эрхэмбаяраар ес давж улсын арслан цолны болзол хангасан. Ингээд арвын даваанд улсын арслан цолны болзол хангасан Р.Пүрэвдагвыг давж улсын аварга цол Ерөнхийлөгчөөс гардсан. Тэрээр улсын наадамд 15 дахь жилдээ барилдаж байгаа юм. Р.Пүрэвдагва Архангай аймгийн Булган сумын харьяат. Энэ удаагийн улсын баяр наадамд Арын сайхан хангай нутгийнхан шинэ аварга, шинэ арслан, дөрвөн шинэ начинтай хавтай сайхан наадсан биз ээ.

Энэ жил хязаалан насны морьдын уралдаанд 385 хурдан хүлэг бүртгүүлснээс 342 нь гараанаас гарав.
Түрүү магнайд, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, уяач Б.Лхагва-Очирын хүрэн үрээ,
Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Алдарт уяач Т.Галбадрахын бор. Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Батжаргалын шарга.
Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Ц.Энхтайваны хүрэн.
Айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэнгийн бор хязаалан хурдаллаа.
Хурдан шүдлэн насны уралдаанд 281 үрээ уралдав. Түрүү, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор халзан, Аман хүзүүнд, Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Ц.Нүүдэлийн хонгор, Айргийн гуравт, Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул, Х.Түмэнбаярын бор Айргийн дөрөвт, Ховд аймгийн Алтай сумын уугуул, улсын Алдарт уяач Ц.Гантөмөрийн халтар, Айргийн тавд, Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, Д.Ганболдын хонгор халзан.
Азарганы уралдаанд газар газрын шандаст 177 хүлэг оролцов. Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун, Аман хүзүүнд, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, улсын Манлай уяач Д.Баянбатын Наран хонгор, Айргийн гуравт, Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн Шовгор зээрд, Айргийн дөрөвт, Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн Яруу хээр, Айргийн тавд, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, уяач Д.Энхтөрийн хул тус тус хурдаллаа.
Их насны морьдын уралдаанд 372 их нас морь гараанаас нэгэн зэрэг эргэснээс: Түрүү, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Энхбаатарын хонгор халзан, Аман хүзүү, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, улсын Манлай уяач Д.Баяраагийн хүрэн, Айргийн гуравт, Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, уяач М.Даваажаргалын хүрэн сарт, Айргийн дөрөвт, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, улсын Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн хонгор халзан, Айргийн тавд, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд нар тус тус хурдаллаа.
Соёолон насны уралдаанд 235 соёолон уралджээ. Түрүү магнай, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн бор үрээ, Аман хүзүүнд, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, улсын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал үрээ. Айргийн гуравт, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач С.Дамбажавын хээр үрээ, Айргийн дөрөвт, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Д.Ганзоригийн зээрд халзан үрээ, Айргийн тавд, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, улсын Алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан тус тус хурдаллаа.
Хурдан дааганы уралдаанд газар газраас ирсэн 212 хүлэг тоосоо өргөлөө. Түрүү магнайд, Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, уяач Н.Доноодойн хээр, Аман хүзүүнд, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, МУ-ын Хөдөлмөрийн баатар уяач Н.Баасанжавын хээр халзан, Айргийн гуравт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн хул, Айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн зээрд халзан, Айргийн тавд, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ бор халзан тус тус хурдаллаа.

Үндэсний сурын харвааны эмэгтэй шигшээ найман харваачаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат, нийслэлийн 52 дугаар сургуулийн харваач Г.Пунсалдулам түрүүлж Улсын мэргэн цол хүртлээ. Удаад нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат "Монде" компанийн харваач Ч.Гандаваа, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Жем интернэшнл" компанийн харваач Д.Норжмаа нар шалгарлаа. Эхний гурван харваач бүгд 37 оноо авчээ.
Харин эрэгтэйчүүдээс Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Орхон аймгийн "Хангарьд" клубийн харваач Б.Дэмбэрэлсайхан /36 оноо/ түрүүлж Улсын мэргэн цол хүртлээ. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, "Хилчин" спорт хорооны "Есүхэй мэргэн" клубийн харваач Б.Ёндон /36 оноо/, Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат, нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Дуулга" багийн харваач Ж.Тулга /35 оноо/ нар удаалжээ.
АСЕМ-20 жил

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян долдугаар сарын 13-14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онд авч ашигласан зээлийн үндсэн төлбөр нийт 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлсөн хэлэлцээр байгуулсан юм. Түүнчлэн уг хэлэлцээний үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Үүний зэрэгцээ манай талаас тавьсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян оролцож, тус төвийн барилгын ажлын гэрээ бодитоор хэрэгжиж эхлэлийг тавьлаа. Хоёр улс худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын тохиролцоонд хүрч, нийтдээ 10 гаруй баримт бичиг байгууллаа.

Бүгд найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүүний айлчлалын хүрээнд “Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ Ерөнхий боловсролын жишиг сургууль барих, техник, технологийн дээд боловсролыг сайжруулах зэргээр боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдсэн. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамтран ажиллах санаачлагыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархан хүлээн авсан бөгөөд цаашид эдийн засаг, тээвэр, байгаль орчин, батлан хамгаалах, хөдөө аж ахуйн болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийх үеэр Вьетнамын тал орны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхижүүлэх, цагаан будаа, хүнсний ногоо, кофе, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна хорио цээрийн стандартыг харилцан тохирч, Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулахаа илэрхийлсэн. Түүнчлэн Монголын талтай ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллаж, бизнес, соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм. Мөн хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрс газрын тосны чиглэлээр хамтран ажиллах бололцоотойг илэрхийлсэн юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд арьс шир боловсруулах хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах Вьетнамын Аж үйлдвэрийн яамны саналыг дэмжиж байгаагаа онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло нарын уулзалтын үеэр Монголын тал эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгож, дараагийн хуралдаанд бэлтгэх нь чухал болохыг тэмдэглээд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт идэвхтэй хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн БНПУ-ын Засгийн газраас авахаар тохиролцсон 50 сая еврогийн экспортын зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, уул уурхайн болон бусад салбарт хамтран ажиллах боломжийн талаар Ерөнхий сайд нар санал солилцсон юм.

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Итали улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилони, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хамтаар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нээлтэд оролцсон юм. Гадаад хэргийн сайд нар Элчин сайдын яамны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсч, тус Элчин сайдын яам нээгдсэнээр Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх нэгэн чухал алхам болж буйг тэмдэглэв. Ийнхүү Монгол Улсад Бүгд Найрамдах Итали Улсын ЭСЯ үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Бүгд найрамдах Казакстан улсын Ерөнхий сайдын хамтаар манай улсад хүрэлцэн ирсэн тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд хатагтай Т.Дуйсенова болон Соёл, спортын сайд ноён М.Мухамедиулы нар өчигдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаатай уулзав. Казакстан улсын хувьд зүрх судасны мэс заслууд, ялангуяа зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэж байгаа талаараа мөн танилцуулж, эдгээр болон бусад чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлсэн юм. Эрүүл мэнд, спортын яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь Казахстан Улсын М.Айкимбаевын нэрэмжит Зоонозын ба хөл хориот өвчний эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, био аюулгүй байдал, био хамгааллын чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтад эмч мэргэжилтнүүд хамрагдсан талаар дурдаж, хил дамнасан халдварт өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажиллах, мэдээлэл солилцох, мэргэжилтэн солилцох боломжтой талаар ярив. Соёл, спортын сайд ноён М.Мухамедиулы удахгүй болох гэж байгаа Рио-де Жанейрогийн зуны олимпод Казакстан улс нийт 104 эрх авсан талаар танилцуулж, спортын салбарт ялангуяа өвлийн спортын салбарт Монгол Улстай хамтран ажиллах өргөн боломжтой талаар дурдав.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ази, Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс Европын холбооны тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, боловсруулах үйлдвэрлэлд Европын технологийг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэх зэргээр тус хөнгөлөлтийг бүрэн ашиглах, уул уурхайн салбараас хэт хараат байдлыг сааруулах зэрэг шаардлага байгааг дурдаад, энэ чиглэлд дэмжиж ажиллахыг Европын комиссын ерөнхийлөгчөөс хүслээ. Мөн Монгол Улсад Европын Холбооны Дипломат төлөөлөгчийн газар нээх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал болохыг тэмдэглэлээ.
Байгалийн гамшиг

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хүчтэй аадар бороо орсны улмаас 770 гаруй иргэн орон гэргүй болсон. Тус аймгийн Онцгой комиссын хуралдаанаар 104 өрхөд шинээр газар олгохоор болжээ.
Онцгой комиссоос үерт нэрвэгдэгсдэд шинээр газар олгох, орон байргүй үлдсэн иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч буй аж.Байгалийн гамшгийн үеэр 18 байшин нурж, нэг хүн нурсан байшинд дарагдаж, 110 орон байр, эд хөрөнгө усанд автаж, голын усанд нэг хүн боогджээ.
Онцгой байдлын газрын албан хаагчид байшинд дарагдсан гурван хүнийг аварч эмнэлэгт хүргэсэн байна. Мөн усанд боогдсон 154 хүнийг аварч, голын усанд боогдсон нэг өрхийн таван хүнийг завиар аюулгүй газарт хүргэжээ. Хүчтэй аадар борооны үеэр Өлгий сумын 9-р багийн иргэн Д-ийн гурван настай хүүхэд устай нүхэнд унаж амь эрсэдсэнийг Цагдаагийн газар шалгаж байгаа аж. Эдгээр өдрүүдэд аврах албаныхан, орон нутгийн иргэд шуурхай ажилласан юм. Мөн Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хандив өгөхөө илэрхийллээ.
Дэлхийн мэдээ

Францын өмнөд хэсгийн Ницца хотод халдлага болсны улмаас 77 хүн амь үрэгдэж, 120 хүн шархадсан байна. Тодруулбал, Францын үндэсний тэмдэглэлт баяр болох “Бастилийн өдөр”-т зориулсан салют буудуулах ёслолыг үзэж сонирхохоор олон хүн цугласан байсан газар руу ачааны машин дайран орж, халдлага үйлджээ. Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, цагдаа нар болон ачааны машин дээр байсан хүмүүсийн хооронд буудалцаан болсон байна. Ачааны машины жолооч буудалцааны үеэр амиа алдсан аж.
Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд улс даяар гурван сарын хугацаанд онц байдал зарлажээ. Мөн терроризмтой тэмцэх арга хэмжээг эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Ницца хотод очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах аж. Түүнчлэн Монголд болсон АСЕМ-ын үеэр дээрх халдлагатай холбоотойгоор улс орны удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргасан юм.

Туркийн цэрэг армийн зарим цэрэг офицерууд төрийн эргэлт гаргахаар оролдож, Турк даяар эмх замбараагүй байдал газар авчээ. Эмх замбараагүй байдлын улмаас 161 хүн амиа алдаж, 1440 хүн шархадсан байна. Туркийн Ерөнхий сайд Бинали Елдрим “Төрийн эргэлт гаргахаар оролдсон хүмүүсээс 2839 хүнийг баривчлаад байна. Байдлыг үндсэндээ тогтоон барилаа" гэж мэдэгдсэн ч одоог хүртэл гал зогсоогүй байгаа талаар “СNN” мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор таван генерал, 29 хурандаа байгаа аж.Туркийн Ерөнхий сайд энэ үйл явдлыг “Туркийн арчиллын хар толбо” хэмээн нэрлэжээ.
Туркийн армийн доторх нэгэн бүлэглэл Засгийн газрыг түлхэн унагаахаар оролдсон гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн билээ.Цэргийн эргэлт хийх оролдлого гарснаас хойш төдийлөн удалгүй Эрдоган мэдэгдэл хийхдээ “зам талбай руу гарч жагсан, эргэлт хийх гэж байгаа хүмүүст хариуг нь өгөхийг” иргэдэд хандан уриалсан байна. Тэрээр хэдэн цагийн дараа Истанбулд буусныхаа дараа улс оронд байдал намжих хүртэл "Ататурк" нисэх онгоцны буудлаас гарахгүй гэдгээ мэдэгджээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн