Open iToim app
Эксперт | 12 мин уншина

М.Ариунтуяа: Сайн боловсон хүчин, судалгааны баазтай газар сайн оюутан цугларна

М.Ариунтуяа: Сайн боловсон хүчин, судалгааны баазтай газар сайн оюутан цугларна
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 16
Японы Хитоцүбаши их сургуулийн Дээд боловсрол, дэлхийн шилжилт хөдөлгөөнийг судлах Мори Ариноригийн нэрэмжит судалгааны төвийн судлаач, нийгмийн ухааны доктор Мягмарын Ариунтуяатай ярилцлаа. Тэрээр Хитоцубаши их сургуульд Нийгмийн ухааны аспирантурын харъяа “Дэлхийн асуудлыг судлах сургууль”-д харьцуулсан боловсрол судлал, боловсролын хөгжлийн чиглэлээр магистр, докторын зэргээ хамгаалсан юм. Тус их сургуулиа төгсөөд тэндээ одоог хүртэл багшаар ажиллаж байна. Монголд судалгааны ажлаар 14 хоног ирэх үеэр нь Япон улсын дээд боловсролын шинэчлэл болон зөөлөн хүчний бодлогын талаар яриа өрнүүллээ.
-Монголдоо ирсэн ажил нь бүтэмжтэй биз дээ. Ер нь эх орондоо тогтмол  ирдэг үү?
-Хийж буй судалгааны ажилтай холбоотойгоор архивын материал болон сүүлийн үеийн мэдээлэл цуглуулах санаатай ирлээ. Эх орондоо ирсэн юм байна ар гэр, найз нөхөдтэйгээ уулзах мөн ажил албаны шугамаар холбогдох хүмүүстэй уулзаж, бие сэтгэлээ баясгаж байна. Оюутан байхдаа тогтмол ирдэг байсан. Харин ажилд орсоноос хойш эх орондоо ирэлгүй гурван жил болсноо анзаарсан. Сүүлийн жилүүдэд нэг ирэхдээ 2-3 долоо хоногоор ирж байна даа. Японы хэмжүүрээр бол тун урт хугацаа л даа.
-Японы их дээд сургуулиудын хүрээнд ямар шинэчлэл хийж эхэлсэн гэж сонссон. Яг ямар шинэчлүүд хийж байгаа вэ?

-Японд их сургуулиуд нь судалгааны олон төвүүдтэй байдаг. Судалгааны төвүүдэд боловсролынхоо үйл явцаас түрүүлж, урьдчилж харсан төлөв байдлын судалгаа хийх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Японы эрдэмтэд боловсрол бол 100 жилийн настай гэж ярьдаг. Тиймдээ боловсролын шинэчлэлийг барин тавин хийдэггүй байх. Гэхдээ дэлхий хаашаа хөдөлж байна. Үүнд Япон орон яах ёстой вэ гэдэгт их анхаарч ирсэн байдал ажиглагддаг. Сүүлийн 10 хэдэн жил “өрсөлдөөн”-ийг чухалчилж байгаа хандлага ажиглагддаг. Глобалчлал, дэлхийн жишгийг тойрсон өрсөлдөөн болон амьдран орших чадварын талаар их хэлэлцэцгээж байна.
-Монголд ч гэсэн өрсөлдөөн гэж ярих болсон. Японы дээд боловсролын систем дэхь өрсөлдөөн гэхээр юуг хэлж байна?
-Өрсөлдөөнийг нэмсэнээр их дээд сургуулийнхаа чанарыг нь дээшлүүлнэ гэж тооцож байна. Гол нь юуг өөрчилж, юуг нь солих вэ гэдэг асуудал гарч ирнэ. 2008 онд их дээд сургуулийг “хуулийн бие даасан этгээд” болгосон. Энэ нь нэг талаас улсын их сургуулиуд төрийн мэдэлд байгаа хэр нь удирдлага, зохион байгуулалтын хувьд бие даасан эрхтэй тул “тэгшитгэл”-ийг арилгах сайн талтай гэж үзсэн. Гэвч нөгөө талаар, санхүү эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтсон их дээд сургууль гэвэл үүсэн байгуулагдсанаасаа хойш урт удаан жилийн түүхийг туулсан Токио, Киото зэрэг томоохон цогцолбор сургууль юм уу хувийн Васеда, Кейо зэрэг цөөхөн сургуулиуд байх тул ийм сургуулиуд л өрсөлдөөнд ялж хоцрохоос мужийн юмуу жижиг сургуулиудад энэ нь ашиггүй өөрчлөлт болсон гэж шүүмжилж байна.
Японы Засгийн газар өрсөлдөөнийг бас Японы их дээд сургуулиудындэлхийд өрсөлдөх чадварыг нэмэх нэг механизм болгож байна. 2014 онд Японы 30 их сургуулийг “Дэлхийн шилдэг их сургууль” төсөлд хамруулж, шалгарсан сургууль тус бүрт ихээхэн хөрөнгө зарцуулах болсноор нэлээд шуугиан болсон. Шилдэг 30-ийн хөтөлбөрт хамрагдсан их сургуулиудын нэрсийг интернетээс түвэггүй олж болно. Хөтөлбөрийн хүрээнд их сургуулиуд Times Higher Education зэрэг ангилалд шат ахихыг зорих ба үүний тулд тодорхой сургалтуудаа дан англи хэл дээр явуулах, ингэснээр гаднаас чадалтай гэх оюутан авах боломжоо нэмэгдүүлэх юм. Мөн гаднаас тийм сургуулиудыг сонирхох профессорууд ч нэмэгдэнэ. Сайн боловсон хүчинтэй, сайн судалгааны бааз суурьтай газар сайн оюутан цугларна гэсэн үг. Сайн сургуулиудын оюутнууд нь эргээд багшдаа өндөр шаардлага тавьдаг. Багшийн уншсан лекцээр шалгалт өгч дүнгээ тавиулах биш, лекцийн хүрээнд судлаж тунгаах мэдлэг нь арвин бөгөөд гүнзгий болохын зэрэгцээ илүү нээлттэй, шинэ орчинд дасан зохицох чадамж чадвартай болохыг шаардаж байна л даа. Японд одоо ажиллах хүн хүч нь хүрэлцэхгүй, өндөр настангууд их, төрөлт бага учир ганц их дээд сургуулийн хэмжээнд биш, ер нь гаднын зөөлөн хүчинг оруулж ирэх тал дээр шинэчлэлт хийж байгаа. Энэ нь японы системийн шинэчлэлийн томоохон өөрчлөлт болж байна гэж хэлж болох талтай.
-Зөөлөн хүчний шинэчлэлтэй холбоотой судалгааныхаа талаар ярьж өгөхгүй юү?
-Манай судалгааны төв нь дэлхийн зөөлөн хүчин буюу хүн хүчний хөдөлгөөн, дээд боловсролын бодлого, түүний хэрэгжилтийн судалгаа, бодит хөдөлгөөнийг судалдаг. Даяаршлын нөлөөгөөр өндөр чадавхи бүхий боловсон хүчинчөлөөтэй хил дамнан шилжин нүүж байна гэж хэлж болно. АНУ, ИБ, Австрали зэрэг англи-саксон хэл бүхий орнуудаас гадна Герман, Франц, Азиас бол Япон, Хятад, Солонгос, мөн Малайз, Сингапур зэрэг орнууд гадаадын өндөр чадавхи бүхий хүн хүчний төлөө хүчтэй өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, гаднын чадалтай эрдэмтэн судлаач, бизнесмен, урлаг спортын сор болсон хүмүүсийг өөрийн орондоо хэрхэн удаан тогтоох вэ гэдгийг чухалчилж байна гэсэн үг юм.
Дэлгэрүүлбэл, манай судалгааны төв дээд боловсролын хүрээнд зөөлөн хүчин хаашаа хөдлөөд байна, түүний цаана ямар татах хүчин зүйл үйлчилж байна, их дээд сургуулиуд хүч хүчний хөдөлгөөнийг хэрхэн, яаж зохицуулж байна гэдгийг судалдаг. Нөгөө талаар, Япон оюутнуудын гадагш чиглэх хөдөлгөөн буурсан талтай. Тиймд гарахгүй байгаа шалтгаан, гаргахын тулд ямар арга байж болох вэ гэх зэрэг тодорхой асуудлыг мөн судалдаг. Үүний тулд тодорхой хөтөлбөрийн хүрээнд АНУ, ИБ, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад түр хугацаагаар сурсан оюутны судалгааг хийдэг. Юу нь давуу талтай болон сонирхолтой байв, яагаад, ямар зүйл дээр хүндрэл бэрхшээлтэй байв,оюутан өөрөө яавал дээр гэж үзэж байна,цаашлаад ер нь оюутнууд хэдэн жил гадаадад сурах болон ажиллах хүсэлтэй байна, хувийн зардлаар сурах уу, улсынхаар сурах уу гээд дэлгэрэнгүй судалгааг тогтмол хийж байна. Мөн ганц оюутнууд ч биш их сургуулийн сургалтын хөтөлбөрийн судалгааг манай төв хийдэг.
-Манайд бол байхгүй гэмээр тун сонирхолтой судалгаа хийдэг юм байна. Таны Монгол дахь судалгаа дээрх ажилтай тань холбоотой юу?
-Холбоотой. Би Япон дахь зөөлөн хүчний асуудал, тэр дундаа монгол оюутан, залуусын шилжилт хөдөлгөөний асуудлыг сонирхоод хэдэн жил болж байна. Дэлхийн хэмжээний шилжилт хөдөлгөөн Монголчуудад ч бас хамааралтай. Өнөөдөр ар гэр, ах дүү хамаатан садан дотроос нь хилийн дээс алхаж гадаадад ажиллаж амьдрахаар гараагүй гэх айл өрх бараг олдохгүй болов уу даа. Ялангуяа сүүлийн арваад жил сургууль соёлын төлөө гадагш тэмүүлэх залуус олширсон санагдана.
Хөгжилтэй орон гэлтгүй ер нь орж, гарч буй зөөлөн хүчнээ зөв зохистой ашиглая гэх оролдлого хүчтэй болж ирсэн нөхцөлд энэ талаар манайд багцаа баримжаа төдий тоо байхаас нарийн судалгаа алга. Гэтэл зөвхөн Японд гэхэд анх 1977 онд 4 оюутан сурч байсан болөдгөө 20,0 мянган монгол оюутан сурч төгссөн байна. 2010 онд 40,0 мянган монгол залуус гадаадад суралцаж байна гэсэн тоо байдаг.
Хувь хүний хувьд энэ нь чөлөөтэй шилжин нүүх боломж нэмэгдэж байгаагийн илрэл. Нөгөө талаар, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд энэ бол багагүй тоо. Нийт хэчнээн, ямар хүн, хаашаагаа гарч, тэдний хэд нь буцаж ирж байна вэ гээд тооны цаана чанарын асуудал дагалдана. Монгол залуус яагаад гадагш зорьж байна, олсон болон алдсан нь юу байна вэ, хувь хүний хувьд ямар үр дүнтэй болох, улсын буюу бодлогын төвшинд ямар ач холбогдолтой вэ, эдгээр асуудлууд одоогийн эрхэлж буй ажлын агуулгад ойрхоноос гадна Япон дахь Монгол оюутан залуусын шилжилт хөдөлгөөнийг судлан тогтоох нь Японы хувьд ч, Монголын хувьд ч хэрэгтэй байгаа юм. Энэ судалгаагаараа Японы Шинжлэх Ухааныг Дэмжих Сангаас (JSPS, Japan Society for the Promotion of Sciences) судалгааны грант авсан. Үүндээ бас урамтай яваа.
-Та мастер мөн докторын зэргээ одоо ажиллаж буй энэ их сургуулиасаа авсан гэсэн. Ер нь тань шиг ингэж төгссөн сургуульдаа үргэлжлүүлэн ажиллаж буй их сургуулийн багш, судлаач хэр олон бол?
-Нарийн тоог хэлж мэдэхгүй юм байна. Японы иргэний бүртгэл мэдээллийн агентлаг гэж бий. Тэдний өнгөрсөн оны мэдээнд их сургуулийн багш гээд 4-5 хүний тоо байсан шиг санаж байна. Мөн миний мэдэхээр, Цукуба их сургуульд надтай ижил албан тушаалтай 2 хүн бий. Нэг нь Монгол. Нөгөөх нь Казахстаны хасаг багш бий.
-Японы их дээд сургуульд ажиллах ямар байдаг вэ. Маш их ачаалалтай байдаг гэж ярих юм байна лээ.
-Сайн сайхан тал олон бий. Хэрэв их дээд сургуульд багш, судлаачаар ажиллавал судалгаа хийх төсөв бий. Ном сэтгүүлээ уншиж судлаад суух өөрийн гэсэн өрөө тасалгаатай болно. Хэрэгтэй гэсэн эх сурвалж, техник хэрэгсэл гээд материаллаг хангамж дээр толгой өвдөх зүйл үгүй.
Японд бас нэг онцлог нь, их сургуулийн багш нар өөрсдийн судалгааны чиглэлээрээ академик нийгэмлэгт харъяалагдан судалгаа шинжилгээнд илүү түлхүү анхаардаг талтай. Хэлтэй нэгэн нь гадаад болон олон улсын нийгэмлэг, хурал зөвлөгөөнд их оролцож харагддаг. Японоос өөр хэлгүй байлаа ч гэсэн англи хэл дээрх сүүлийн үеийн сэтгүүлийн мэдээлэлтэй япон багш нар их бага хэмжээгээр танилцсан байх жишээтэй. Тиймээс өвөл, зуны оюутан амрах үеэр багш нар судалгаандаа гарах нь элбэг.
Манайд ийм орчин хэр бол доо гэж бодогддог. Ачааллын хувьд ерөнхийдөө их л дээ. Гэхдээ их гэдгийг юу гэж ойлгохоос шалтгаалах юм. Миний ажигласнаар 35-50 хүртэлх насны багш нар, манайхаар бол хар бор ажлыг үүрээд явдаг шиг санагддаг. Дээр хэлсэн өөрийн судалгаа болон академик нийгэмлэгийн ажлаас гадна хичээл заах, оюутан удирдах, хурал зөвлөгөөний янз бүрийн бэлтгэл болон гүйцэтгэх ажлуудаар шахуулсан харагддаг. Дашрамд, би Монголдоо ч гэсэн ийм үеийг туулж байсан гэж боддог. Хүн ам цөөн. Нэг хүний гүйцэтгэх ажил нэгээр биш, олон ажлыг зэрэг гүйцэтгэх хэрэг одоо ч гэсэн байгаа хэвээрээ биш үү? Тэгж элдэв ажилд нухлуулсны ачаар ажлын дөр, практикт сурдаг болов уу. Ялгаатай нь, Японд нэг төрлийн үүрэгт ажлыг алгуур боловч няхуур, олон шат дамжлагаар гүйцэтгэж, түүндээ цаг зарцуулдаг талтай бол Монголд ар араас нь цоо шинэ ажил үүргийг гялс хурдан гүйцэтгэдэг шиг санагддаг. Чанарын хувьд өөр өөр үр дүн гарах л даа.

-Та докторын зэргээ хамгаалаад 4 жил болж байна гэсэн. Их сургуулийн профессор болтлоо явъя гэвэл ер нь хэдэн жил шаардагдах уу?
-Японд 50 насны алдад “профессор” болж жинхлэх нь элбэг гэгддэг. Миний үеийн болон манай ангийн төгсөгч нар бол одоо “туслах” юм уу “дэд профессор”-той яваа. Сүүлийнх нь бүүр цөөхөн шүү. Үүний цаана аргагүй хүний олон гэдэг учир шалтгаан байхаас гадна Япон нийгмийн ах зах, насны эрэмбэ дарааг чухалчлах уламжлал, мөн их сургуулийн профессор гэдэг цолны онцлог чанарыг чухалчилж буй байдал анзаарагддаг.
Гэхдээ бүх их сургууль ижил биш л дээ. Томоохон их дээд сургуулиуд түргэн шуурхай өөрчлөлт шинэчлэлт хийж байна. Жишээ нь миний одоогийн албан тушаалыг Осакагийн их сургууль юм уу, Цукубагийн их сургуульд “туслах профессор/assistant professor” хэмээн авч үздэг. Тиймээс эдгээр сургуульд төгсөөд удаагүй залуус очих дуртай байдаг гэдэг. Харин манайх шиг цомхон боловч уламжлалаа чухалчилж ирсэн сургуульд лектор багшийгаа “assistant professor” гэх ба миний хашиж буй албан тушаалыг бол “research associate” юм уу “adjunct professor” гэж орчуулах жишээтэй. Барууны их сургуулийн жишгээр бол тун ойлгомжгүй юм гэдэг. Учир нь докторын зэргийг хамгаалахын тулд тэртээ тэргүй хангалттай судалгаа хийхийг шаарддагаас гадна докторын оюутнууд “teaching assistant/багшийн туслах” юмуу “research assistant/судалгааны туслах” хийх нь элбэг тул “судлаач”-ын орон тоог илүүц гэж үздэг юм шиг байгаа юм. Тиймээс барууны орнуудад лектороос эхлэж туслах профессор, тэгээд дэд профессор гэж явах нь элбэг аж. Миний хувьд, ажиллаж буй газар маань их сургуулийн тэнхим биш, цэвэр судалгаан дээр ажилладаг судалгааны институц тул “судлаач” гэвэл илүү ойрхон санагддаг.
-Таны хувьд хувиараа сурсан гэж байна. Ер нь улсын зардлаар сурдаг оюутан, хувийн зардлаар сурдаг оюутанд ямар ялгаа байдаг вэ?
-Хувиараа сурдаг оюутан, улсын зардлаар сурдаг оюутан хоёр сэтгэл зүйн хувьд өөр байдаг. Улсын зардлаар сурсан оюутан зөвхөн хичээлдээ анхаараад явахад бүрэн боломжтой гэж хэлж болно. Харин хувийн зардлаар сурсан оюутанд бол сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа яаж шийдэх вэ гэдэг асуулт давхар тулгардаг. Энэ утгаараа хувийн зардлын оюутнуудаас илүү энерги, илүү цаг хүч шаардагддаг. Шийдэж чадахын хэрээр өөрийн гэсэн амьдрах арга учраа олж байх шиг санагддаг. Энд мэдээж хуулийн хүрээнд шийдэж байгааг нь хэлж байна л даа. Эс бөгөөс элдэв хууль дүрмээс гажсан байдлаар асуудлаа шийдвэрлэх гэсэн оролдлогуудыг бол Япон угаас хатуу дэг журамтай улс, толгойг нь илээд өнгөрөөхгүй талтай л даа.
Дээрээс нь сурч байгаа сургалтын төвшин өөр өөр байх шиг байна. Улсын зардлынхан бакалавр, магистрын күрсэд элбэг бол, хувийн зардлынхан хэлний мөн докторын шатанд илүү төвлөрч байх шиг байна. Тухайн сурч буй шатныхаа үнэ цэнийг мэдрэх тухайд өөр байдаг байж магад юм.
-Япон хүмүүсийг ажилч хичээнгүй гэдэг. Та яг тийм орчинд нь ороод их зүйл сурсан байх. Япон хүний чухам ямар зан чанар онц гойд вэ. Монгол хүмүүст байхгүй нь юу байна?
-Япон хүмүүсийн нийтлэг гэмээр чанар нь юмыг нухдаг, бага гэлтгүй зүйлийн ард нь гардагт байна гэж боддог. Хүний олон, цөөнөөс үл хамааран зохион байгуулалтыг сайн хийдэгт бас нэг онцлог нь оршдог болов уу. Сайн зохион байгуулна гэдэг нь төлөвлөлт сайтай, маш нухацтай боддог гэсэн үг. Их сургууль төдийгүй ер нь нийгмийн бүхий л институц/байгууллагад төлөвлөлтийг нарийн хийж байгаа нь анзаарагддаг. Бүтэн жилийн ажил ч бай, сарын ажил ч бай, байгууллагын ажил ч бай, хувийн ажил ч бай тэр шүү дээ. Төлөвлөлт хийхдээ “бүтэхгүй бол яах вэ?” гэсэн эрсдэлээ бас сайн анхаарч тооцдог. Бүүр нурлаа гэхэд ямар үр дүнд хүрч болзошгүй вэ? гэснээ тооцно гэсэн үг. Хувь хүн дээр авч үзэх юм бол зохион байгуулалт, хувийн сахилга сайтай болж байгаа юм л даа. Багаас нь тэгээд сургахаар нийгэм аяндаа дэг журам сайтай болох нь аргагүй гэж хэлж болох байх. Тиймдээ, японд нийтийн дунд мөрдөх дэг жаягийг чухалчилдаг.
Харин манай монголчууд маш гүехэн бодож байна уу гэж санагддаг. Ялангуяа бодлогын чанартай асуудлууд тун түүхий, юун дээр үндэслэж гаргасан нь тодорхойгүй байдаг.
Нөгөө талаар, төлөвлөгөөнөөс гадуур болон гэнэтийн зүйлд Япон хүмүүс дуртай биш, маруухан санагддаг. Ажил даалгавал дургүйцнэ. Төлөвлөгөөнөөс гадуур юм хийлээ /хийлгэлээ гэх. Яаралтай гэнэтийн юм гарвал барьц алдаж, сандрах байдал эргэн тойронд минь анзаарагдаж байсан. Бид харин гэнэтийн юмандаа хурдан түргэн зохицоод байдаг. Гэхдээ харамсалтай нь Монголд өнөөдөр, нийтийн болон нийгмийн гэсэн юм болгон үнэ цэнээ алдаж байгаа нь харамсалтай. Удирдлагад сахилга бат, хариуцлага гэж үгүй бол цэргүүд нь замбараагүй, дураараа л байж таарна. Хууль заалтыг хэн дуртай нь өөрийнхөөрөө тайлбарлах гээд байдаг юм биш үү. Бид барьцтай төлөвлөмөөр байна. Дэгтэй болмоор байна. Тэглээ гээд бас туйлширмааргүй байна. Өнгөрснөө сайн судалж, сайныг нь авах нь чухал байна. Аль ч салбар, шатандаа бусдын сайн гэснийг дуурайхдаа энэ юуны тулд билээ? гэж сайн судалж, тунгааж баймаар байна. Япончууд бол үүн дээрээ их мундаг. Удаан ч гэсэн няхуур ханддаг. Эцсийн эцэст юм болгон хурдаар хэмжигддэггүй шүү дээ. Хурднаас өөр хүний болоод нийгмийн сайн сайхныг хэмжих зөндөө олон хэмжүүрүүд байх шүү дээ.
-Эцэст нь таны хувьд монголын боловсролын системийг яаж харж байна?
-Монголын боловсролын системд янз бүрийн ажлууд хийгдэж ирлээ. Гэхдээ миний дотроо боддог зүйл бол манай боловсролын системд их өнгөцхөн, удаан тогтоцгүй хөнгөхөн шинэчлэлүүд их байдаг юм шиг санагддаг.Гадныхан бас хэлдэг л дээ. Төр засаг, улс төр солигдохоор хөдөлгөөнгүй байх ёстой боловсролын системийн толгойг нь байнга солиод байх юм, ямар учиртай вэ гэж хэлдэг. Толгой хэд солигдоод, хичнээн шинэ бөгөөд гоё ганган уриа лоозон дэвшүүллээ ч гар хөл нь зөрөөд, механизм нь бүхэлдээ гацаад байгаа нь юуных вэ. Үүнийг бодох хэрэгтэй гэж санадаг. Шинэ хөтөлбөр болгоныг туршаагүй сургууль, цэцэрлэг байна уу үгүй юу. Бараг үгүй байх. Шинэ гээд нэрлээд нэвтрүүлэх гээд байгаа хөтөлбөртөө асуудал нь байна уу. Эсвэл шинэ сайхныг хүлээж авахгүй боловсролын нэгждээ асуудал нь байна уу. Бид ер нь юуны тулд шинэчлэл хийх ёстой вэ гэдгээ сайн бодох ёстой. Бид нар хаана явж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Бид “дэлхийн жишигт хүрнэ. Хүрье” гэж ярьдаг, бичдэг. Дэлхийн жишгийг сайн судлах хэрэгтэй. Би бол дэлхийн жишиг нэг байна гэж огт бодохгүй байна. урт хугацаандаа нэвтрүүлэх гээд байгаа зүйл маань хэр тогтвортой байх билээ? Ямар системийг бий болгоход үйлчлэх билээ. “Долоо хэмжиж нэг огтлох” цаг болсон гэж санагддаг.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн