Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ганцхан улсын банктай байж, түүгээрээ дамжуулан мөнгөний бодлого, зээл, төлбөр тооцоо, гадаад гүйлгээг явуулж байв. Харин чөлөөт зах зээлд шилжсэнээр 1991 онд баталсан “БНМАУ-ын банкны хууль”-д банкны тогтолцоо нь Төв банк, арилжааны банкнаас бүрдэнэ гэж зааснаар хоёр шатлалт банкны тогтолцооны хөгжлийн үндсийг тавьсан юм. Хууль эрх зүйн болон эдийн засаг, санхүүгийн орчин бүрэлдэхийн хэрээр арилжааны банкууд дараалан байгуулагдаж, 1992 оны эцэс гэхэд 11, 1996 онд 13 банктай болсон бол өнөөдрийн байдлаар 15 банк үйл ажиллагаа явуулж байна.
Банкны тухай хуулиар Төв банк, арилжааны банкны эрх, үүргийг зааглаж, арилжааны банк нь өмчлөлийн хувьд төрийн болон хувийн, бий болсон хэлбэрээрээ хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай, гадаадын, эсвэл гадаадын хөрөнгийн оролцоотой байж болохыг тодорхойлсон юм. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 15 банкны 13 нь ямар нэгэн байдлаар гаднын хөрөнгө оруулалттай байгаагаас дөрөв нь талаас илүү хувиа гаднын эзэмшилд шилжүүлжээ. Банкны салбар өнөөдөр санхүүгийн зах зээлийн 88 хувийг дангаараа эзэлж байгаагаас Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Хас банк хамгийн өндөр хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр банкуудын өөрийн хөрөнгө, санхүүгийн эргэлт бусдыгаа бодвол өндөр, нийт хадгаламжийн ихэнхийг төвлөрүүлсэн. Мөн гаднын хөрөнгө оруулалтын хамгийн өндөр хувь ч эдгээр банкуудад байна. Тухайлбал,
Нийт актив нь 2015 оны байдлаар таван их наяд 117 тэрбум төгрөг бөгөөд өөрийн хөрөнгийн зохистой хэмжээ нь 788 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт хувьцааных нь 41.30 хувийг Японы “Савада Холдингс” компани, 13.10 хувийг нь Эйч Эс Интернэйшнл компани эзэмшиж байна. Эйч Эс Интернэйшнл нь “Савада Холдингс”-ийн Ази дахь охин компани юм байна. Өөрөөр хэлбэл, Хаан банкны нийт хувьцааны 54.4 хувийг Японы Савада Холдингс компани эзэмшдэг. Дээр нь Олон улсын санхүүгийн корпораци 9.32 хувийг эзэмшиж, Хаан банкны нийт хувьцааны 63.72 хувь гаднын хөрөнгө оруулалттай гэсэн үг. Харин 36.28 хувийг Таван Богд трейд компанийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, түүний эхнэр Д.Хулан нар эзэмшдэг байна.
Нийт активийн хэмжээ 2015 оны байдлаар гурван их наяд 804 тэрбум, өөрийн хөрөнгийн зохистой хэмжээ 428 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт хувьцааны ихэнх хувь буюу 83.76 хувийг Голомт Файнэншил групп эзэмшдэг. Голомт Файнэншил групп нь 2014 онд үүсгэн байгуулагдсан, бизнесийн төвлөрсөн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлийн 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани юм байна. Харин үлдсэн 14.91 хувийг гаднын иргэд эзэмшдэг бол нэг хувийг банкны ажилчид эзэмшдэг гэжээ. Уг нь “Голомт” банк нь “Бодь” группийн нэг салбар байсан ч Лу.Болд, Д.Баясгалан нарын зөрчлийн дараа “Голомт” одоо Д.Баясгалангийн мэдэлд очоод буй. Лу.Болд, М.Зоригт нар аль 1990-ээд оны дунд үеэс Монголын оюутны холбоонд бие сэтгэл, гар хөл нийлэн зүтгэж явсан андууд хамтран ажиллахаа больж, Д.Баясгалан, М.Зоригт нар банкаа авч, Л.Болд, Л.Болдхуяг нар нь Бодь группээ эзэмших болжээ. Тэд “Богд” гэж банк байгуулахаар зөвшөөрлөө авсан гэх боловч “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын” гэх банкууд шиг чимээгүйхэн үйл ажиллагаа явуулдаг бололтой.
Нийт актив нь таван их наяд 540 тэрбум, өөрийн хөрөнгийн зохистой хэмжээ нь 800 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гол хувьцаа эзэмшигч болох Лос Анжелесд төвтэй “Global investment and development” компани нийт хувьцааны дийлэнх хэсгийг буюу 65 хувийг эзэмшдэг. Үлдсэн 30 гаруй хувийг “US Global investment” ХХК эзэмшдэг. Тус компанийн захирал Т.Цолмон нь тус банкны ТУЗ-ын гишүүн аж. Гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-д Рандолф Коппа хэмээх гадаад иргэн бий. ТУЗ-ийн дарга нь Д.Эрдэнэбилэг хэмээх эрхэм юм байна. Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Х.Баттулга болон тус банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Г.Мэдрээ нар хувьтай гэх яриа бий ч албан ёсны сайтад нь энэ талын мэдээлэл байхгүй.
Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпораци хувьцааг нь эзэмшдэг. Нийт актив нь нэг их наяд 700 тэрбум, өөрийн хөрөнгийн хэмжээ 169 тэрбум төгрөгт хүрчээ.
Тус банкны активын зохистой хэмжээ жил ирэх тусам эрчимтэй өсч байгаа бөгөөд 2015 нийт активын хэмжээ нэг их наяд 900 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Хас банк нь “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн эзэмшилд харьяалагддаг. “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн нийт хувьцааны 20 хувийг “МАК” эзэмшдэг бөгөөд тус компанийн захирал Нямтайширын охин Цэлмүүн Хас банкны ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг байна. Олон улсын санхүүгийн корпорац 17.17 хувь, Европын сэргээн босголт хөгжлийн банк 12.91 хувь, Японы ORIX корпораци 16.81 хувь, Канадын National bank 10.52 хувь, RONOC олон улсын санхүүгийн байгууллага 10.15 хувь, Монголын компаниудын нэгдэл 6.63 хувь, үлдсэн 5.82 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэшдэг байна.
Улаанбаатар банкны 99.9 хувийг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг эзэмшдэг байна. Үлдсэн 0.01 хувийг Д.Бат-Эрдэнэ гэх эрхэм эзэмшдэг байна. Нийт активын хэмжээ нэг их наяд 444 тэрбум төгрөг.
Уг банкийг “Петровис”-ын Ж.Оюунгэрэл үүсгэн байгуулж байсан гэдэг. “НИК”-ийг авахдаа Ж.Оюунгэрэл УИХ-ын гишүүн Х.Баттулгаас их хэмжээний мөнгө зээлж өрөндөө “Капитрон”-ыг өгснөөр тус банкны хувьцаа УИХ-ын гишүүн Х.Баттулга, Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийнх болсон гэдэг. Тус банкны албан ёсны сайтад Д.Эрдэнэбилэг, Д.Бат-Эрдэнэ, Д.Мөнхсайхан нар хувьцаа эзэмшигчид гэж тодотгожээ. Нийт активын хэмжээ нь 147 тэрбум төгрөг.
Эрэл банк нь “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбатын 100 хувийн эзэмшлийнх.
Тус банкны 69.6 хувийг Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Энхтайван эзэмшдэг байна. Гэхдээ сүүлийн үед тэдэнтэй УИХ-ын гишүүн асан, “Оюуны Ундраа” компанийн С.Отгонбаяр болон түүний ах дүү нар хувьцааны маргаан өрнүүлж байсан ч шүүхийн маргаан эцэслэгдсэн байна.
Тус банкны 99.9 хувь “Бишрэлт холдинг” ХХК-ийнх, 0.1 хувь нь “Таван эрдэнэ” ХХК-ийн эзэмшлийнх аж.
Арилжааны томоохон банкууд хөрөнгө орлогын хэмжээг харвал манай улсын банкны системийн 30 орчим хувийг Худалдаа хөгжлийн банк, 25 хувийг Хаан банк, 20 хувийг Голомт, Хас банк 15 орчим хувийг тус тус эзэлж байгаа юм байна. Яг энэ эрэмбээрээ банкны системийн эрэлт, Засгийн газрын арилжааны банкуудтай харилцах харилцаа явдаг гэх үг ч бий.
Банк бол эмзэг салбар. Зээлийн хүү өндөр, ломбард шиг мөнгө хүүлдэг гэх шүүмжлэлийг эс тооцвол Монголын арилжааны банкуудыг хамгийн эрүүл тогтолцоотой гэж шинжээчид дүгнэдэг. Харин сүүлийн үед ашигтай салбар болгон руу дайрдаг “уламжлалт улстөр”-өөр банкууд руу дайрах “Банк оф Чайна”-г оруулж ирнэ гэх зэргээр айлгах, дарамтлахыг хослуулж байгаа.
Банкуудыг илүү эрүүл орчинтой, шударга өрсөлдөөнтэй, зээлийн бага хүүтэй болохыг шаардах нь харилцагч хадгаламж эзэмшигчдийн эрх. Тийм эрх зүйн орчныг бүрдүүлж, хяналтаа тавих нь төр, засгийн үүрэг. Гэхдээ нийтээрээ нэг зүйлийг ойлгомоор байна. Улстөрчид, улсөр хоёр банкуудаас л хол баймаар байна. Банкныхан ч намуудын байр, Төрийн ордноос бус харилцагч хадгаламж эзэмшигчдээсээ хамааралтай явах хэрэгтэй. Яагаад гэвэл Монголын эдийн засаг, Монголчуудын амьдрал өнөөдөр Засгийн газраас биш арилжааны банкуудаасаа хамааралтай явна. Засгийн газар огцорлоо, уналаа гэхэд Монгол Улс дампуурахгүй, банкныхан зөв удирдвал эдийн засагт хүчтэй доргилт үүсэхгүй. Харин “А” банк дампуурвал зөвхөн банкны хувьцаа эзэмшигч иргэн “Б” хохирохгүй. Тэнд хадгаламжгүй, тэр банктай харилцдаггүй байсан ч “А” банкны дампуурлын салхинд монголчууд нийтээрээ Монголын эдийн засаг бүхлээрээ өртөнө. Тийм учраас ер нь “засаг битгий унаасай, сонгууль тэр энэ нам ялаасай” гэхийн оронд “банк битгий дампуураасай” гэж “залбирах” ёстой юм. Хэрвээ улстөрөөс хамааралгүй л бол банкууд ч дампуурахгүйн тулд илүү эрүүл тогтолцоогоор өрсөлдөнө. Эрүүл тогтолцоо гэдэгт “хүү, зээлийн менежмент, үйлчилгээ” гээд харилцагчаа дээдэлсэн эрүүл өрсөлдөөн бүгд багтана шүү дээ.