Сонгуулийн тогтолцоог өөрчилсөн хүмүүс нь АН, МАН-ынхан өөрсдөө. Тэд зөвшилцөлд хүрсэн учраас л 2011 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон . Хуулиа өөрчилж байхдаа ард түмнээсээ асуух нь бүү хэл ширвэж ч хараагүй нь үнэн. Аль аль нь сонгуулийн тогтолцооноос олох улс төрийн ашиг хонжоогоо л бодоод байснаас ард түмэн юу гэж бодох нь чухал биш байв. Шууд хэлэхэд сонгогчдын итгэлийг хүлээхээ больж, УИХ-ын чуулганы танхимаас өшиглөж гаргахад бэлэн болсон хэдэн улстөрчөө тооноор оруулж ирэх зорилготойгоор Сонгуулийн хуулиа өөрчилсөн шүү дээ. Одоо болохоор “Сонгуулиа яаж явуулахыг ард түмнээсээ асууя” гэх юм. Бодитоор харвал, хаалгаар өшиглөөд гаргасныг нь тооноор оруулж ирдэг нь Холимог тогтолцооны сул тал . МАН-ынхан энэ өнцгөөс харж, санал асуулга явуулъя гэж байгаа бол тэдний зөв. Гэхдээ харах өнцгөө жаахан өөрчлөх юм бол зарчмын асуудал гэхээсээ сонгуульд ялагдсан намын гоморхол харагдаад байгаа юм. “Ерөөсөө Холимог тогтолцоогоор сонгуульдах нь буруу юм байна. Энэ тогтолцооноос болж л МАН сонгуульд ялагдсан. Тийм учраас хуучин мажоритар тогтолцоогоор явуулдаг байснаа сэргээе. Цагийн сайханд МАН 76 жижиг тойрогт өрсөлдөөд 72 суудал авч байсан” гэсэн хандлага илт ажиглагдаад байгаа хэрэг. Үүний оронд Үндсэн хуулиа өөрчлөх үү, УИХ-ын гишүүд “давхар дээл” өмсдгийг болиулах уу гэж асуувал болж байна. Сонгуулийн тогтолцоо, технологи асууна гэдэг нь жижиг асуудал . Тухайн үед “мажоритар буюу харьцангуй олонхийн саналаар сонгогддог тогтолцоо нь шударга бус” гэдгийг аль аль нам нь хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, энэ тогтолцооны сул тал нь харьцангуй олонхийн саналыг тооцдогт байсан. Зарим хүний хэлээд байгаа шиг нэг суманд олигтойхон ах, дүүтэй бол гишүүн болчих боломжтой тогтолцоо гэсэн үг. Сонгогчдын саналыг 100 хувь гэж үзвэл харьцангуй олонхийн санал буюу 25 хүний саналаар гишүүнийг тодруулж болно. Гэм нь цаана нь үлдэж байгаа 75 хүний санал хөсөр хаягддаг . Ер нь бол “мажоритар бол сонгуулийн хамгийн сул бөгөөд шударга бус тогтолцоо” гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн. Гурван жилийн өмнө бүгд дуу нэгтэйгээр үүнийг хүлээн зөвшөөрсөн учраас л Сонгуулийн хуулиа өөрчилж байлаа. Харин өнөөдөр урагш нэг алхсныгаа хойш нь хоёр алхах болгох гээд байгаа нь МАН-ын хувиа хичээснийх. Тэгээд ч сонгууль яаж явуулах технологио санал асуулгаар шийднэ гэдэг цаг, мөнгө үрсэн утгагүй ажил . Хоёр тэрбум гаруй төгрөг гэдэг өнөөдрийн нөхцөлд тоглоом биш. Бүх нийтийн санал асуулгыг арай өөр төвшиний асуудал дээр авч үзэх хэрэгтэй. Түүхэндээ бид Тусгаар тогтнолынхоо төлөө нэг удаа саналаа өгснөөс өөрөөр сонгуулийн бус цагаар санал асуулгад оролцож байсангүй. Энэ түүх нь өөрөө бэлэн хувилбар шүү дээ. Үүнтэй дүйцэхүйц асуудал дээр бүх нийтээрээ санал асуулгад оролцоно уу гэхээс, улс төрийн намын сонгуульд ялагдсан гоморхол, шаралхал дээр суурилсан, дээр нь сонгуулиа яаж явуулах технологи асуусан юман дээр бол буруу хойшоо асуудал. МАН-ын хүсээд байгаа хувилбар үеэ өнгөрөөсөн идэвхтэй цөөнх нь идэвхгүй олонхио дарангуйлдаг гаж буруу тогтолцоо юм. Тэгээд ч МАН-ынхан жижиг 76 тойрогт өрсөлдье гээд байгаа нь МАХН-д аль болох бага санал өгүүлэх буюу Н.Энхбаярын намтай санал хуваахаас айх айдастай нь холбоотой. АН-ын хувьд Холимог тогтолцоогоо хадгалж үлдье гэж зүтгээд байгаагийн цаана тэд ардчилал гэдэг нэрийг өмчилсөн учраас намын нэрээр олон санал авах гэсэн башир арга явж байгаа юм.