Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Ард иргэд нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас татгалзсан Италийн Ерөнхий сайд огцрохоо мэдэгдлээ

Ард иргэд нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас татгалзсан Италийн Ерөнхий сайд огцрохоо мэдэгдлээ
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 5
Европын гуравдахь том эдийн засагтай Итали улсад өнгөрсөн ням гаригт Үндсэн хуулийн шинэчлэл хийх, эсэх талаар олон нийтийн дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцогчдын 59.6 хувь нь Ерөнхий сайд Маттео Ренцигийн санал болгож буй Үндсэн хуулийн шинэчлэл нь парламент болон гүйцэтгэх засаглал хоорондын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг өөрчилнө хэмээн үзэж, Үндсэн хуулийн шинэлчлэл хийхээс татгалзжээ.
Италийн Ерөнхий сайд Маттео Ренци Үндсэн хуулийн шинэчлэлийг хийх боломжгүй нь тодорхой болсны дараа “хариуцлагаа бүрэн хүлээнэ” гэдгээ илэрхийлээд огцрохоо мэдэгдсэн байна. Тэрээр санал асуулга явуулахын өмнө өгсөн амлалтынхаа дагуу огцрох хүсэлтээ ийнхүү илэрхийлсэн бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгчид албан ёсоор огцрох өргөдлөө өгөх юм байна.
Тэрээр санал асуулга явуулахын өмнө Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар кампанит ажил өрнүүлж байсан бөгөөд "Хэрэв ард иргэдийн олонхи нь Үндсэн хуулийг шинэчлэхээс татгалзвал Итали Европ дахь хамгийн өндөр өртөгтэй, хамгийн удаан парламенттай хамгийн том улс хэвээр байх болно" хэмээн хэлж байжээ.
Ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүсэлтэй байсан Маттео Ренцигийн Засгийн газар огцорч, сүүлийн жилүүдэд хүчээ авах болсон барууны үзэлтэй "Таван Од" хөдөлгөөнийхөн засаглах боломжтой болж байгаа юм. Ренци “Ардчилал юу хийхээ өөрөө шийдлээ. Би ард түмний сонголтыг хүндэтгэж байна. Одоо ялсан тал юу хийхээ шийднэ. Би ялагдсаныхаа хариуцлагыг хүлээж огцорно" хэмээн мэдэгдсэн байна.
1947 онд батлагдсан одоогийн Үндсэн хуулийг шинэчлэн, өөрчилснөөр Италийн Засгийн газарт бүх эрх мэдэл төвлөрнө хэмээн олон нийтийн зүгээс үзжээ. Италийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах агуулгад голдуу сенатын эрх мэдлийг сулруулах, гишүүдийн тоог багасгах, сенатын сонгуулийг хүчингүй болгох болон орон нутгийн захиргааны шийдвэр гаргах эрхийг төв захиргаанд төвлөрүүлэх зэрэг засаглалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд багтаж байсан юм.
Дэлхийн II дайны дараа фашист дарангуйлагч Бенито Муссолиниг түлхэн унагасны дараа Итали улс парламент болон Засгийн газрын эрх мэдлийн тэнцвэрийг хадгалсан Үндсэн хуулиа баталж байжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн