Open iToim app
Улс төр | 7 мин уншина

​Ардчилсан сонгуулийн 25 жил ба “25 хамгийн, хамгийн”

​Ардчилсан сонгуулийн 25 жил ба “25 хамгийн, хамгийн”
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 8
Монгол Улсад ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ бол байнгын ажиллагаатай, олон намын, ардчилсан парламентын түүхийн эхлэл. Парламентын 25 жилийн түүхэнд тохиосон “хамгийн, хамгийн” тодотголтой анхдагч, сонин содон 25 үйл явдлыг нэрлэж байна.
1. Монгол Улс олон намын тогтолцоотой болж анхны ардчилсан сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болов. Тус сонгуулийн үр дүнгээр байгуулсан Монголын парламент-Улсын Бага Хурал /УБХ/-ын анхны чуулган 1990 оны есдүгээр сарын 13-нд эхэлжээ.
2. Үүнээс хойш УИХ-ын зургаан удаагийн сонгууль хийв. УБХ-ын дарга нь Р.Гончигдорж, УИХ-ын анхны дарга нь Н.Багабанди байв.
3. УБХ-аа оруулаад долоо удаагийн сонгуулиар байгуулсан парламентад Р.Гончигдорж /мөн УБХ-аа оруулаад/хоёр, Н.Багабанди, Л.Энэбиш, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд нар тус бүр нэг удаа гээд нийтдээ есөн хүн УИХ-ын даргаар ажиллажээ. Харин Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтээр огцорсон анхны УИХ-ын дарга нь Ц.Нямдорж бол, Н.Энхбаяр УИХ-ын даргаас Ерөнхийлөгч болж, Л.Энэбиш агсан парламентын спикер байхдаа нас барсан юм.
4. Олонхи болсон намын дарга нар ихэнхдээ Ерөнхий сайд болдог нь парламентын засаглалын жишиг. Харин өнгөрсөн 25 жилд Р.Гончигдорж /МСДН/, Н.Энхбаяр /МАХН/, З.Энхболд /АН/ нар намын дарга болон спикерийн албыг давхар хашжээ.
5. Хорин таван жилийн парламентын сонгуулийн түүхэнд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон нь Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нар юм. Тэд 1990 оны УБХ-аас эхлээд 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 оны гээд УИХ-ын зургаан сонгуульд тасралтгүй ялсан байна. /Д.Дэмбэрэл УБХ-д нөхөн сонгуулиар сонгогдсон/. Таван удаагийн УИХ-д энэ хоёр эрхмийн нэг нь Өвөрхангай, нөгөө нь Ховдоос дандаа сонгогдож байсан бол, 2012 оны зургаа дахь УИХ-даа хоёул намын жагсаалтаар сонгогджээ.
6. Зургаан удаагийн УИХ-ын сонгууль хийхэд одоогийн парламентад хамгийн олон буюу 11 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Энэ нь нам тус бүрт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх квоттой холбоотой юм.
7. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жилээс дээш хугацаа байхад гишүүний орон гарвал нөхөн сонгууль явуулдаг хуультай. Одоогоор УБХ 9, зургаан удаагийн УИХ нийтдээ 13 удаагийн нөхөн сонгууль хийжээ. Нөхөн сонгууль л нэртэй болохоос үүний зарим нь сонгуулийн тогтолцооноосоо хамаараад дараагийн нэр дэвшигч нь шууд орж ирдэг байлаа.
8. 25 жилийн түүхэнд хамгийн залуугаараа парламентын гишүүн болсон хүн бол С.Баярцогт. Тэрээр 1990 онд УБХ-ын гишүүнээр сонгогдохдоо 23 настай байжээ.
9. УИХ-д хуульч, эдийн засагчаас гадна бизнесмэнүүд олноор сонгогддог. Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, бөх Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, сүмоч Д.Батбаяр хүн сонгогдсон. Гэхдээ хамгийн содон нь болох ганцхан малчин хүн сонгогдсон бөгөөд Завхан аймгийн харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу агсан юм.
10. Үе, үеийн парламентад ижил нэртэй хүмүүс олон бий. 1996-2000 оны УИХ-д дөрвөн Батбаяр байв. Б.Батбаяр /Баабар/, Батж.Батбаяр /Мо дарга/, Ши.Батбаяр /Шийлэгийн/, Ш.Батбаяр /Шаравжамцын/ гэж.
11. УИХ-ын гишүүн байхдаа бүрэн эрхээ түдгэлзүүлж шүүхээс ял авсан анхны тохиолдол 1996-2000 оны УИХ-ын үед гарсан. УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун агсан нар казиногийн хэргээр бүрэн эрхээ түдгэлзүүлж шүүхээс ял авсан юм. Үүнээс хойш 2004-2008 оны УИХ-ын үед гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарын бүрэн эрхийг мөн л казиногийн асуудлаар түдгэлзүүлэх санал хоёр ч удаа парламентад орж ирсэн боловч УИХ-аас дэмжлэг аваагүй юм.
12. УИХ-ын гишүүн байхдаа бусдын гарт амь насаа алдсан анхны тохиолдол 1996-2000 оны парламентад гарч С.Зориг агсан алагдсан юм.
13. Парламентын түүхэнд одоогоор өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс татгалзсан тохиолдол гурав бий. Эхнийх нь Ц.Элбэгдорж 1992 оны УИХ-аас өөрийн улс төрийн шийдвэрээр, Н.Жанцанноров эрүүл мэндийн, 2012 оны УИХ-аас У.Хүрэлсүх ар гэрийн шалтгаанаар өөрөө хүсэлт гаргаж УИХ-ын гишүүнээс татгалзаж байжээ.
14. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд намуудын суудлын тоо хамгийн их зөрүүтэй гарсан нь 2000, 1992 оны сонгуулийн дүн. 2000 онд тухайн үеийн МАХН 72 суудал авч байсан бол АН нэг, Эх орон нам нэг, ИЗН нэг, бие даагч нэг гишүүн тус бүр сонгогдож байлаа. Тухайн үеийн сонгуулийн тогтолцооны гажгаас үүдэлтэйгээр 2000 оны сонгуульд МАХН нийт сонгогчдын 52 орчим хувийн саналыг авсан атлаа парламентын 90 хувиас дээш буюу 76 суудлын 72-ыг авч байлаа.
15. Хамгийн олон нам парламентад орж ирснийг тодруулахад хэцүү. Учир нь УИХ-д орж ирсэн хойноо нам байгуулдаг тохиолдол хэд хэд бий. Өнөөдрийн ИЗН тэгж л “төрсөн”. Хэрвээ сонгуульд анх бүртгүүлснээр нь үзвэл 2004-2008 оны УИХ-д МАХН, “Эх орон-ардчилал” эвслийн АН, Эх орон нам, ИЗН, болон БНН гэж таван намын төлөөлөл байв. Мөн энэ үед УИХ-ын гишүүн байхдаа Л.Гүндалай Ард түмний нам, М.Энхсайхан Үндэсний шинэ нам байгуулж, парламентад долоон нам суудалтай болж байлаа.
16. Хамгийн олон бие даагч сонгогдсон парламент 2012 оных. Энэ парламентад С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн гэж гурван бие даагч бий.
17. УИХ-ын нэгэн онцгой бүрэн эрх бол Ерөнхий сайд буюу Засгийн газрыг томилж, чөлөөлөх, огцруулах юм. Монголын парламент өнгөрсөн 25 жилийн түүхэндээ давхардсан тоогоор 15 Ерөнхий сайдыг томилжээ. Эдгээрээс Ц.Элбэгдорж, С.Баяр нар тус бүр хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон.
18. Одоогоор хамгийн олон Засгийн газар, Ерөнхий сайдыг томилсон парламент бол 1996-2000 оны УИХ юм. Энэ УИХ С.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал гээд дөрвөн Ерөнхий сайдын дөрвөн Засгийн газрыг томилжээ.
19. Парламентын түүхэнд Ерөнхий сайдад хамгийн олон удаа нэр дэвшсэн хүн бол Да.Ганболд юм. 1996-2000 оны УИХ-ын үед түүнийг долоон удаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн ч, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди мөн тооны татгалзсан хариу өгч байв.
20. Парламентын 25 жилийн түүхэнд төр, засгийн бүх өндөр албан тушаалыг хашсан хүн бол Н.Энхбаяр. Тэрээр Соёлын сайдаас гадна Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болсон. Мөн Н.Багабанди УИХ-ын дарга, хоёр удаагийн Ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
21. Энэ хугацаанд хамгийн олон удаа сайд болсон улстөрчид гэвэл Ч.Улаан таван удаа /Үндэсний хөгжлийн сайд, Шадар сайд, Сангийн сайдаар гурван Засгийн газарт/, Д.Дорлигжав дөрвөн удаа /Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, Хуульзүйн сайд/, С.Баярцогт дөрвөн удаа /Байгаль орчны сайд, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын дарга-сайдаар хоёр удаа/, Н.Алтанхуяг, Ц.Нямдорж нар тус бүр гурван удаа тус тус томилогджээ. Эдгээрээс онцолно гэвэл Ц.Нямдорж гурван Засгийн газарт Хуульзүйн сайдаар томилогдсон бол Д.Дорлигжав АН-ыг УИХ-ын сонгуульд ялах юм уу, засагт хамтрах бүртсайд, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалд очдог. Харин МАН-аас М.Энхболд зургаан жил хотын даргаар ажилласны дараа нөхөн сонгуулиар УИХ-д орж ирснээсээ хойш өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд, хоёр танхимд Шадар сайд, одоо УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаалаас нэг ч өдөр буугаагүй юм.
22. Хамгийн олон сайд томилсон УИХ бол 2004-2008 оных. Энэ УИХ гурван /Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр/ Ерөнхий сайдын 18 гишүүнтэй Засгийн газарт нийтдээ давхардсан тоогоор 59 сайдыг томилжээ. Давхардсаныг хасвал 49 сайд. Давхардсан 59 сайдын 43 нь, давхардалгүй 49 сайдын 35 нь УИХ-ын гишүүн байлаа. Өөрөөр хэлбэл, 2004-2008 оны УИХ 76 гишүүнийхээ 35-ыг сайдаар томилсон юм. Ер нь парламентын түүхэнд 1996-2000 оны УИХ “хамгийн хамгийн” олонтой бол, 2004-2008 оны УИХ албан тушаалын парламент байлаа. Энэ үед УИХ-ын 76 гишүүний 35 нь сайд болохын зэрэгцээ дотроосоо гурван УИХ-ын дарга, гурван УИХ-ын дэд дарга томилж байв.
23. Хамгийн анхны хамтарсан Засгийн газар бол Д.Бямбасүрэнгийнх юм. 1990 оны УБХ-аас байгуулсан Д.Бямбасүрэнгийн Засгийн газар эвслийнх байсан бөгөөд Да.Ганболд, Д.Дорлигжав нар түүний танхимд шадар сайд байлаа. Үүнээс хойш, 2008 оны УИХ-ын үед Ерөнхий сайд С.Баяр мөн хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Харин хамгийн цөөхөн буюу есөн гишүүнтэй Засгийн газрыг 1996-2000 оны УИХ байгуулж байсан бол түүнээсхойш 13, 18 гээд сайд нарын тоо нэмэгдсэн. .
24. Ерөнхий сайд юм уу сайд нар нь танхимаа огцруулах санал гаргах нь маш ховор. Гэтэл хэдийгээр улс төрийн шийдвэр ч танхимын гишүүдийн дийлэнх олонх нь /Л.Цог, З.Мэндсайхан нараас бусад нь/ Ерөнхий сайд /Ж.Наранцацрал/-тай хамтарч ажиллахгүй гэж, 2004-2008 оны УИХ-ын үед, Ц.Элбэгдоржийн хамтарсан Засгийн газрын 50 хувь буюу тухайн үеийн МАХН-аас томилогдсон сайд нар нэгэн зэрэг огцрох хүсэлт гаргаж УИХ ёсоор болгож байв. Энэ бол Монголын парламентын түүхэнд цаашид ч нэн ховор л тохиолдох онцлог үйл явдал.
25. УБХ 27, 1992-1996 оны УИХ 137, 1996-2000 оны УИХ 173, 2000-2004 оны УИХ 140, 2004-2008 оны УИХ 89, 2008-2012 оны УИХ 144 хууль тус тус шинээр баталжээ. Тэдгээрийн дунд өнөөдрийн хэвлэлийн болон хэвлэн нийтлэх эрх чөлөө, гадагшаа хүссэн үедээ зорчих эрх, хувь хүн өмчтэй байх эрх, газар, орон сууц, мал зэрэг өмч хувьчлал, эдийн засгийн томоохон төслүүд зэрэг түүхэн шийдвэрүүдийг чухамдаа үе үеийн УИХ гаргасан юм.
  • Гэхдээ 25 жилийн өнөөдрийн өндөрлөгөөс харахад Монголын парламент:
  • -ардчилал гэж зөвхөн хуулийн засаглал уу,
  • -парламент бол төрийн эрх барих дээд байгууллага уу, хууль тогтоох дээд байгууллага уу,
  • -ер нь нийгмийг хууль удирдах уу, ёс суртахуун удирдах юм уу,
  • -мөнгө ба хууль хоёрын аль нь хүчтэй байх ёстой вэ
зэрэг асуултад хоёргүй үнэнээр хариулж чадахгүй, мэдэхгүй л явна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн