Ардчилсан нам хааддаа дэндүү ээнэгшжээ. АН-д нэг бус нэлээд хэдэн ширээтүүд заларч, улс төрийг бужигнуулж, эдийн засгийг хямрааж байна. Тэд хэдхэн жилийн өмнө Н.Энхбаярыг хаан гэж, тэрхүү хааныг үзэн ядах үзлээр амьсгалж байсан. Н.Энхбаяр үнэтэй торгон дээл өмслөө, дэнж хотойтол наадлаа, тойрон хүрээлүүллээ, улс төрийг захирлаа, бизнесийнхнээс зарцууллаа хэмээж, хааныг жигшин зэвүүцэж байв. Хааныг өрөөсөн нүднийхээ булангаар ч харж чаддаггүй байсан тэд өдгөө хаангүйгээр улс төрийг төсөөлөх чадвараа алдав. Хаан болох, аль эсвэл аль нэг хааны шадар албат байхыг хүсэмжлэх тогтолцоог АН-ынхан өөрсдөө дотооддоо бий болгожээ.
Орчин цагийн Монгол Улсад бага хаадын сэргэн мандлын үеийг АН авчирлаа. АН-ын бага хаад тус бүртээ эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, албат зарцтай, аймаг сумдтай. Хаан бүр асар бариулж даншиг хийх агаад дэргэдээ лам хуврагуудыг эгнүүлэн суулгаж, сүр хүчийг үзүүлнэ. Хаад өөрсдөдөө зориулан хууль журам гаргана, авлигын тор сүлжинэ. Өөрсдийнхөө дүрмээр амьдарч, ажиллахаа хүрвэл зөвхөн өөрийнхөө тааллаар хөдөлнө. Бусдад мөн л өөрийн ашиг сонирхлыг тулгана. Эс бөгөөс “дайтна”. Бага хаад сэргэн мандахад улс орон хагаран бутарч, сөнөж мөхөх аюулд нэрвэгдсэн түүхтэй.
АН дотор МҮДН, МоАХ, “Алтангадас”, “Шонхор”, “Нэг ардчилал” гэсэн фракцууд байх бөгөөд эдгээрийн оршин тогтнохуй хийгээд бодлого, үйл ажиллагаа нь ардчиллын хэм хэмжээнээс хэдийнэ ангижирч, бага хаадын бат бөх систем болон хувирчихаад байна. АН энэ хэдэн фракцынхаа хүчинд л явж байдаг мэтээр хэлж ярьдаг байсан үе бий. Харин одоо гэм зэмгүй асан тэдгээр фракц “бага хаадын улс” болон өөрчлөгдөж, АН засгийн эрхийг атгасан биш бага хаадынхаа балгаар балчиг намагт живж байх шиг.
АН уг нь ардчилсан үзэлтэй нам. Түүнийг байгуулсан хүмүүс шударга төр, парламентын засаглал, ардчилсан хуулийн төлөө нэгдсэн гэдэг. Өнгөрсөн хугацаанд хааныг жигшин зэвүүцэж, цаг ямагт ардчиллын үзэл санааг магтан дуулж байснаараа АН шударга ёсны нүүр царай мэт харагддаг байлаа. АН 1996 оноос хойш 16 жилийн дараа анх удаа сонгуульд үнэмлэхүй ялж, засгийн эрх бариад гурван оныг үдэж байна. УИХ-д төлөв түвшин сууж буй АН-ын бага хаад гурван жилийн хугацаанд хоёр дахь Засгийн газраа байгуулаад буй бөгөөд сайд нарын танхим гэдэг нь тэдний хувьд гүйцэтгэх засаглалын утгаа нэгмөсөн алдаж, мөрийтэй тоглоомын газар болжээ. Бага хаадын хэн мөнгөтэй нь сайдын суудалд мөрий тавьж, төсвийн хөрөнгөөс аз ёндоогоо үзсээр буй.
АН-ын эрх барих дээд байгууллага Гүйцэтгэх зөвлөл уржигдар хуралдсан боловч тэд Засгийн газрынхаа сандал суудлын учрыг ололгүй таржээ. АН-ын хаад том байгаагийнх. Сайдад нэрлэгдсэн хүмүүсийг өөрсдийнх нь хаад л тоосон байх. Түүнээс биш тайзан дээр гаргаад тавьчихад л үзэгчдийн элэг хатаах нөхөд Төрийн ордонд амьхандаа бөөн хөөр явна лээ. Засгийн газарт илгээгээд буй “амбангуудыг” солих тухай яриа бага хаадын дургүйцлийг төрүүлж, гэдэнг хөдөлгөв бололтой, Гүйцэтгэх зөвлөлийнхөө хурлыг хойшлуулаад байна. Ийм нэгэн бага хаадтай АН-ыг МАХН-ынхан хүртэл шоолж эхэллээ. О.Баасанхүү гишүүний “Ерөнхий сайд огцорвол таарна” хэмээн даапаалсан нь түмэн зөв. Гуравхан сайд тодруулахдаа л нэгдсэн шийдвэр гаргаж чадахгүй байгаа хүмүүс бүхэл бүтэн улс орны ажил хэргийг хэрхэн гүйцэлдүүлэх билээ.