Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Ардчилсан намд нэгдэх саналыг ИЗНН, МҮАН-д хүргүүллээ

Ардчилсан намд нэгдэх саналыг ИЗНН, МҮАН-д хүргүүллээ
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 2
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хурал өчигдөр болж Ардчилсан намд ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд “ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналаа хүргүүлэх хэрэгтэй” гэдэг саналыг гаргасан бөгөөд саналаа тухайн намуудад хүргүүлэхээр тогтсон байна. Энэ дагуу Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр ИЗНН-ын дарга С.Оюун, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нартай уулзаж нэгдэх саналыг албан ёсоор гардуулав.

Ардчилсан намын дарга З.Энхболдын ИЗНН, МҮАН-д хүргүүлсэн саналд “Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг байгуулах үйл хэрэгт Монгол Үндэсний Ардчилсан нам чухал үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмэр оруулан ажиллаж байгаа ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн нам гэж Ардчилсан нам үнэлж, дүгнэдэг. Монгол Үндэсний Ардчилсан нам нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд амжилттай оролцож, тус намын гишүүд Улсын Их Хурал болон Засгийн газарт хамтран ажиллаж ирлээ.
Ялангуяа 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг хамтран гаргаж, бүтээн байгуулалтын чухал төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнг үндэслэн Монгол Улсад хууль дээдэлсэн, ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсын улс төр, нийгмийн ирээдүйн хөгжлийг хангах зорилгоор танай намыг Ардчилсан намд нэгдэн ажиллах саналыг хүргүүлж байна.
Энэ асуудлаар хэлэлцээр хийх зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаанаас Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлээд байгаа болно.
Иймд Улс төрийн намын тухай хууль болон тус тусын намын дүрмийн хүрээнд ажлын хэсэг томилон хэлэлцээр хийхийг Ардчилсан намаас Монгол Үндэсний Ардчилсан намд санал болгож байна” гэжээ.
Эл асуудлын хүрээнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян нар мөн уулзаж санал солилцлоо.
Намууд уг асуудлыг Гүйцэтгэх зөвлөл, Их, Бага хурал зэрэг шат шатны байгууллагууд, гишүүдээрээ хэлэлцүүлэн удахгүй шийдвэрлэх юм байна.

Дөнгөж сая ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсэг хуралдаж эхэлсэн байна. Ардчилсан намаас ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ахалж, А.Гансүх нарийн бичгийн даргаар томилогджээ. Ажлын хэсэг Г.Батхүү Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдээс бүрдэн ажиллаж байгаа юм. Харин ИЗНН-аас гарсан ажлын хэсгийг намын дарга С.Оюун ахалж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Ажлын хэсэгт намын дарга Ц.Ганхуяг, ЕНБД Б.Хүдэр-Ян, дэд дарга М.Хүрэлсүх, М.Энхтайван болон Ч.Базар нар багтаж байна. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн