Долоо хоногийн лхагва гаригт уншигчдад хүрдэг “Эксперт” буландаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч, өмгөөлөгч Н.АРВИНТАРИА-г урьж ярилцлаа.
-Та хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 1990 онд Хууль цаазын дунд сургуулийг төгсөөд 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулиас эрх зүйч мэргэжил эзэмшсэн. 2003 оноос хойш өмгөөлөгчөөр ажиллахдаа, 2006 оноос яг гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, хүний наймааны хохирогчдод зөвлөгөө өгөх, эрхийг нь хамгаалах чиглэлээр дагнан ажиллаж байгаа. Дээрээс нь эрх нь зөрчигчдсөн эдгээр хүмүүст үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.
-Өмгөөлөгч нар янз бүрийн л чиглэлээр ажилладаг. Таны хувьд яагаад хүчирхийллийн сэдвийг барьж авсан юм?
-Намайг их сургууль төгсөхөд Монгол Улсад хохирогч хамгааллын чиглэлээр хуулийн нааштайхан зүйл, заалтууд байхгүй. Дээрээс нь төлбөрийн чадваргүй хохирогч нар маш их байсан. Тэр үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст Азийн сангийн санхүүжилтээр “Гэмт хэргийн хохирогчдод мэдээлэл өгөх төв” гэж байгуулагдаж байлаа. Энэ төвд анх төлбөрийн чадваргүй хохирогчдод зөвлөгөө өгч ажлаа эхэлсэн л дээ. Төвөөс үйлчилгээ авч байсан хүмүүсийн ихэнх нь гэр бүлийн хэргийн хохирогч байсан. Эсвэл хүчирхийлэлд өртөөд өөрсдөө гэмт хэрэгтэн болсон хүмүүс байлаа. Тэгээд энэ хүмүүст үйлчилгээ үзүүлэх явцдаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй холбогдож, одоо хүртэл хамт ажиллаж байна.
-Монголд хэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна вэ?
-Ерөнхийдөө эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Ахмад настнуудын хувьд хүүхдүүдийнхээ хүчирхийлэлд өртчихөөд хэн нэгэнд ханддаггүй. Хандсан ч хүүхдүүдийнхээ зан үйлийг л өөрчлөх хүсэлтэй болохоос шоронд оруулъя, эсвэл тусад нь байлгая гэсэн бодол тээхгүй. “Миний хүү архи уухаа больчихвол, түрэмгий авир нь үгүй болчихвол муу хүн биш” гэдэг хүлээлттэй байдаг. Эмэгтэйчүүдийн ч гэсэн “Надад хэдэн удаа гар хүрлээ гээд би салахгүй, шоронд явуулахгүй, хүмүүст муугаа мэдүүлэхгүй” гэж боддог. Зөвхөн танай байгууллагад мэдэгдээд орхиё, шүүх цагдаагаар явахгүй гэдэг. Нэг биш 3-4 жилийн дараа л Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж ирдэг. Үүнээс өмнө олон удаа хүчирхийлэлд өртөж, байдал нэлээд даамжирсан хойноо ханддаг. Тэрний наана хадам талаасаа “Та хүүхэддээ нөлөөлж хэлж өгөөч, надад туслаач, архинаас гар гэж шаардаад өгөөч” гэж хэлдэг. Лам, бөөд үзүүлж засал ном хийлгэж, ойр тойрныхоо хүмүүсээс тусламж хүсдэг. Ингэж явсаар үнэхээр хөндлөнгийн тусламж хэрэгтэй болсон үедээ манайд ханддаг. Бүр эцсийн шатанд хүрэхээрээ цагдаад ханддаг байхгүй юу.
-Манай монгол эмэгтэйчүүд л гэр бүлээ хадгалж, хүнд муугаа үзүүлэхгүй гэж тэвчээд байна уу. Хүний эрхийг дээгүүр авч үздэг, хүчирхийллийг тэвчдэггүй бусад улсын эмэгтэйчүүд яадаг юм бол оо?
-Дэлхийн 125 орон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай. Дээрээс нь Эрүүгийн хуульдаа гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсон байдаг. Зарим улс гэр бүлийн хүчирхийлэлд нэлээд хүнд шийтгэх оноодог бол зарим улс хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг засах, гэр бүлийг хэвийн байдалд нь оруулахад чиглэсэн үйлчилгээнүүдийг илүү сайн үзүүлэх, урьдчилан сэргийлэх механизмыг түлхүү бүрдүүлсэн байдаг. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагаар гарах хүчирхийлэлтэй кино, уран бүтээлийг хориглосон байдаг. Гол нь урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж байж гэр бүлийн хүчирхийлэл гарах, даамжрах, тархахаас сэргийлдэг юм байна. Тэгж чадвал аллага, хүчирхийлэл маш сайн буурдаг. Ийм учраас хамгийн түрүүнд хүнийг хүүхэд байхаас нь эхэлж яаж найз нөхөртэйгээ хүчирхийллийн бус аргаар харилцахыг, асуудлаа яаж зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг зааж сургадаг. Цэцэрлэг, сургууль, коллежийн шатанд ийм сургалтыг шат шатаар явуулдаг учраас хүн аливаа асуудлыг хүч хэрэглэхгүй шийдвэрлэж төлөвшдөг. Ингэж төлөвшсөн хүн асуудлыг тайван замаар, уур уцааргүйгээр шийдвэрлэх чадвартай болдог. Ийм хүн гэр бүлдээ тайван амгалан байж, гэрээсээ гараад нийгэмдээ бас л эерэг байдлыг бий болгодог. Энэ бол нэг байгууллага биш нийгмийн, хувь хүний оролцооноос шалтгаалдаг юм байна. Ёс зүйн ийм төлөвшил эргээд хүнийг хүчирхийллийг үл тэвчих хандлагатай болгодог. Урлаг соёл, боловсрол, төрийн бүх байгууллага үүнд оролцдог. Монгол эмэгтэйчүүд хүчирхийллийг тэвчээд байна гэж үү. Үгүй ээ, тэднийг хамгаалах эрх зүйн орчин нь дутуу байсанд, бас багаас нь хүчирхийллийн талаарх ойлголтыг өгөөгүйд учир байгаа юм болов уу.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчилж, удахгүй мөрдөх гэж байтал Засгийн газар буцаагаад татчихлаа. Саяхан буцааж өргөн барьсан мэдээтэй. Энэ хууль дангаараа хэрэгжих үү?
-Дангаараа бол хэрэгжихгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эхний хуулийг 2004 онд УИХ баталсан нь тухайн үедээ гэрч, хохирогчийг хамгаалахад маш том дэвшил болсон юм. Хуулийг батлах үед маш их эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Тэр үед хуулийг батлахдаа дагалдах бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, дангаар нь баталсан. Хуулийг хэрэгжүүлэх явцад цагдаагийн байгууллагад хамгаалах байр, эмнэлэг дээр нэг цэгийн үйлчилгээний төвүүд нээгдэж практик дэвшлүүд гарсан. Хэдийгээр дэвшил байгаа ч практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл их тулгарсан. Яагаад гэвэл, хуулийн дэвшилттэй үзэл санааг бусад хуульд оруулж өөрчлөөгүй учраас дангаараа хэрэгжих боломж байсангүй. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг иргэний журмаар шийднэ гээд хуульд заачихсан. Хохирогч гомдлоо гаргаж, шүүхэд нэхэмжлэл өгөхдөө 70200 төгрөг төлнө. Дээрээс нь хэдэн удаа бэртэж, шарх сорви авч, цагдаа, хүчирхийллийн эсрэг төвд хандаж байснаа өөрөө нотлох шаардлагатай болдог. Хэрвээ тэр нь нотлогдохгүй бол авч хэлэлцэхгүй. Ийм хүндрэл байдгаас гадна иргэний хэрэг шалгах шийдвэрлэх процесс 60 хоног. Энэ хугацаанд нэг тогооноос хооллож, нэг гэрт байгаа хүмүүс нэгнээ хүч түрэмгийлээд эвлэрэх, эсвэл гомдлыг нь татуулдаг. Улмаар хүчирхийлэл даамжирч нэг нь гэмт хэрэгтэн, нөгөө нь амь нас, эрүүл мэндээрээ хохирч, гэр бүл цуцлагдаж, хүүхэд өнчирдөг. Уг нь шүүхээс хүчирхийлэгчийг хохирогчоос тусдаа амьдрах, уулзахгүй байх зэрэг эрх хязгаарлах шийдвэр гаргадаг. Өнгөрсөн хугацаанд шүүхээс 50 гаруй удаа ийм шийдвэр гаргасан байдаг юм. Гэвч шийдвэр гүйцэтгэл дээр очоод энэ шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй болдог. Хуульд нь өөрчлөлт оруулаагүйгээс болоод тусдаа амьдруулах шийдвэрийг яаж хэрэгжүүлэх, хэн хяналт тавих, хэрвээ зөрчвөл яах вэ гэдгийг нь тусгаж өгөөгүй. Буруу практик ингэж тогтсон учраас хүчирхийлэлд өртсөн хохирогчдын тоо буурсангүй. Энэ байдлыг засахын тулд бусад хуульд өөрчлөлт оруулж цогц болгох ёстой юм байна гэж үзээд 2011 оноос хуулийг шинэчлэн найруулах ажил эхэлсэн. Ингээд 2016 оны тавдугаар сарын 19-нд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан ч шинэ парламент хуулийг бусад хуультай нь хамт татаад авчихсан. Одоогийн байдлаар хэрэгжих процесс нь удааширсан байдалтай л байна.
-Түрүүн та хэлсэн, 2004 онд хуулийг анх батлахад эсэргүүцэлтэй тулгарч байсан гэж. Ямар хүмүүс, ямар зүйл заалтуудыг нь эсэргүүцэж байв?
-“Гэр бүлийн хүчирхийлэл чинь ноцтой асуудал биш, байдаг л асуудал. Эр эмийн хооронд болдог асуудлыг дэвэргэж гаднын хуулийг хууллаа” гэсэн эсэргүүцэл маш их гарч байсан. Энэ эсэргүүцэл УИХ-аас, тэр дундаа Хууль зүйн байнгын хорооноос гарч байсан нь тэмдэглэгдсэн байдаг юм билээ. Тэр үед УИХ-ын гишүүд дунд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүмүүс ч байсан.
-Өнгөрсөн хавар хуулийг батлахад ийм эсэргүүцэл бараг л гараагүй. Магадгүй хуулийг боловсруулах хугацаанд хүүхдээ заазуурдсан, хазсан, хөнөөсөн, эхнэрийнхээ аминд хүрсэн зэрэг харамсалтай хэргүүд гарсан нь цочроо өгсөн юм болов уу?
-Тийм дээ, аливаа эсэргүүцэл гараагүй. Нийгмийн сэтгэл зүй бэлтгэгдэж, ажил хэрэгч шаардлагууд гарсан. УИХ-ын гишүүдийн зүгээс ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг хуульд хэр сайн суулгаж өгсөн бэ гэдэг асуудлыг тавьж байсан шүү.
-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд оногдуулах хариуцлагыг ямар байдлаар тусгасан бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол бүхэлдээ урьдчилан сэргийлэх хууль. Дээрээс нь хохирогчид хэн, ямар төрлийн үйлчилгээ үзүүлэх вэ, бүтэц нь ямар байх вэ гэдгийг зохицуулсан. Хуучин хуулиас ялгаатай нь гэр бүлийн хүчирхийлэлд оноох хариуцлагыг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тусдаа бүлэглэж оруулсан. Мөн гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх үүргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааж өгөөд, хэрвээ мэдээлээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг Зөрчлийн тухай хуульд суулгаж өгсөн. Хамгаалах байрны нууцлал зөрчсөн, хууль бусаар нэвтэрсэн хүнд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд зорчих эрхийг нь хязгаарлах, уулзахыг хориглох, тодорхой газраар явахыг хориглох заалтыг оруулсан нь хохирогчийг хамгаалахад том алхам боллоо. Тэгэхгүйгээр хүчирхийлэл үйлдэгчийг 7-10 хоног шууд хорьчихоор нөгөө хүн улам өширхөж, гарч ирээд хүчирхийлэл үйлддэг. Харин шинэ хуулиар хүчирхийлэл үйлдэгчийг зан үйлээ засах албадан сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх ял оноож өгсөн.
-Шинэ Эрүүгийн хуулиар танихгүй хүний биеийг зориуд гэмтээх, гэр бүлийнхээ хүнийг зориуд гэмтээх хоёрын аль нь илүү ял шийтгэлтэй байх вэ?
-Зарим төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүнийг хүнд, хүндэвтэр гэмтээсэн бол хүндрүүлэх нөхцөл болоод явчихаж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн өөрийнх нь бие даасан гэмт хэрэг нь хүнийг зодохоос арай ялгаатай. Одоогийн Эрүүгийн хууль дээр заавал гэмтлийн зэрэг тогтоогдож, хөхөрсөн няцарсан байх шаардлагатай гэсэн хатуу шаардлагатай байдаг. Харин шинэ Эрүүгийн хууль дээр тийм хатуу шаардлага тавиагүй гэдгээрээ онцлогтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль дээр дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн хийсэн дүрс бичлэг нотлох баримт болно. Мөн цагдаагийн албан хаагч гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад түрүүлж очих үүрэгтэй болсон. Бас хүчирхийлэл үйлдэгдэж байгаа газар зөвшөөрөл авахгүйгээр нэвтрэх, хүчирхийлэл үйлдэхдээ ашигласан зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хурааж авах, хохирогчийн талаар нийгмийн ажилтанд мэдэгдэх зэрэг онцлог заалтууд орж ирсэн.
-Тахарын ерөнхий газрыг татан буулгачихлаа. Гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг цагдаагийн байгууллага хариуцаад явах боломжтой юу. Өмнө нь энэ чиг үүрэг хаягдаад байна гээд тахарыг байгуулж хариуцуулсан. Та бүхэн ямар санаа бодолтой байна вэ?
-Тахар бол Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд үндэслэж бий болсон хүний эрхийн маш чухал байгууллага байсан. Үүнээс өмнө гэрч хохирогчийг хамгаалах ямар ч бүтэц төрд байсангүй. 2012 онд нэг харамсалтай явдал болсон тухай ярья. Манай байгууллагын хамгаалах байрнаас дөнгөж гараад шүүх хурал руу явж байсан эмэгтэйг замд нь нөхөр нь хөнөөсөн хэрэг. Нөхөр нь хамгаалах байранд байсныг нь мэдчихсэн, эмэгтэйг дагаж яваад шүүх хурлаас 30-хан минутын өмнө найзынх нь дэргэд 12 хутгалж хөнөөсөн. Тэрнээс хойш гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг бид ч хүчтэй тавьсан, иргэд ч нэлээд шаардсан. Үүний дараа Тахарын ерөнхий газрыг байгуулахад бид талархалтай хүлээж авсан. Яагаад гэхээр хохирогчоо бид тахарт хариуцуулахаар тэд хамгаалалтын янз бүрийн арга хэмжээг авч өгдөг байсан. Дээр нь бидэн шиг төрийн бус байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын аюулгүй байдал давхар хамгаалалтад орсон юм. Одоо цагдаагийн байгууллага энэ чиг үүргийг их ажлынхаа хажуугаар цалгардуулалгүй аваад явж чадна гэхэд итгэхэд бэрх. Гэрч хохирогчийг сайн хамгаалж байж л нууц далд аргаар үйлдэгддэг, онц хүнд аюултай гэмт хэргүүд илрэх болно. Одоо манай цагдаагийнхан чинь хохирогчийг, гэмт этгээдтэй хамт суулгаж байгаад байцаалт авдаг шүү дээ. Энэ тохиолдолд хохирогч заналхийлэлд орох, мэдүүлгээсээ буцах эрсдлүүд байсаар л байна.
-Одоо тэгээд яах ёстой вэ. Тахарын ерөнхий газрыг татан буулгаад, дарга албан тушаалтнууд нь ажлаа өгөөд, байрыг нь суллаад, албан хаагчдыг нь бусад байгууллагад шилжүүлчихлээ шүү дээ?
-Тахарын байгууллагыг дахиад байгуулах ёстой. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр “тахарын байгууллага хамгаална” гээд заачихсан хэвээрээ л байгаа. Ийм учраас оройтоогүй гэж бодож байна.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийхдээ, гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэж байна гэсэн. Арав гаруй жил та гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллаж байна. Энэ хугацаанд энэ төрлийн хэрэг Монголд улам л нэмэгдээд байсан хэрэг үү?
-Гэр бүлийн хүчирхийлэл Монголд номер нэг асуудал болсон. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тусам нэмэгдэж байна. Сүүлийн зургаан жилийн байдлаар гэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 95 хүн амиа алдсан байна. Энэ бол хуулийн зохицуулалт нь цогцоороо амьтай болох хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, үүнд зарцуулах төсөв хөрөнгийг хүрэлцээтэй тавьж өгөх ёстойг харуулж байна. Зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл гэлтгүй хүч хэрэглэсэн гэмт хэргийн гаралт өсч байгааг давхар харах ёстой. Хүч хэрэглэсэн гэмт хэргийн улмаас нэг жилд 300 гаруй хүн амиа алдаж байна. Энэ бол дайн дажинтай улсаас ч илүү эмзэг байдалд байгааг харуулсан тоо.