iToim сайт өнгөрсөн долоо хоногийн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УРЬДЧИЛГАА 10 ХУВЬ, ХУГАЦАА 30 ЖИЛ
Өнгөрч буй долоо хоногийн хамгийн сайн мэдээ гэвэл ипотекийн зээлийн хугацааг 30 жил, урьдчилгааг 10 хувь, ам.метрийн хязгааргүй болгож зээлийн журамд өөрчлөлт оруулах талаар Барилга хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар ярьсан байна. Өнөөдрийн журмаар бол 30 хувийн урьдчилгаа төлж, 80 ам.метр хүртэл байр сонгож 20 жилийн хугацаатай арилжааны банкны зээлд хамрагдаж байгаа билээ. Дээрх журмыг биелүүлсэн 69 мянган иргэн зээлд хамрагдаж байртай болоод байгаа юм. Өнөөгийн нөхцөлд ипотекийн зээлд нэмэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, 30 хувийн урьдчилгаа төлж чадах иргэдийн тоо хумигдаж байна гэсэн үг. Энэ он гарсаар банкуудын зээл олголт хэвийн үргэлжилж байгаа ч ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо хэд дахин буурсаар байна. Үүнд, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлж байгаа ч нөгөө талд 30 хувийн урьдчилгаа төлөх чадвартай иргэд байхгүй болж байна гэсэн үг. Тиймээс ипотекийн зээлийн 30 хувийн урьчилгааны 20 хувьд нь төрөөс баталгаа гаргаж иргэд 10 хувийн урьдчилгааг төлдөг болох талаар ярьж эхэлсэн. Үүнээс гадна ипотекийн зээлийн хугацаа 20 жил байсныг 30 жил болгож, ам.метрийн хзягааргүй болгох тухай ярьж байгаа юм байна. Зээлийн хугацаа 30 жил болгосноор иргэдийн сард төлдөг зээлийн төлбөр багасна гэсэн үг. Харин ам.метрийг хязгааргүй болгосноор дунд болон дундаас дээш амьдралтай хүмүүс зээлд хамрагдах, хүсэн ам.метрийнхээ байрнаас сонголт хийх боломжтой болох юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ДЭМЖСЭНГҮЙ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Харин байнгын хорооны гишүүдийн олонхи буюу 62.5 хувийн саналаар энэхүү тогтоолын төслийг дэмжээгүй юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ямар мөнгөөрөө эрчимжүүлэх гээд байгаа юм, түүнийхээ оронд хоёр нам хамтрахдаа тохиролцсон эдийн засгаа эрчимжүүлэх, өнөөгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийн талаар ярилцах нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн. Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж , Батцэрэг, Н.Алтанхуяг нар тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байв. Учир нь, Засгийн газрын зорилго чиглэлийг энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрөөр тодорхойлогддог. Цаашид ямар чиглэл барьж ажиллахыг тусгасан чухал баримт бичиг учраас батлах зүйтэй гэж байсан юм.
Тус байнгын хорооны хуралдаанаар Н.Алтанхуяг гишүүн “Тогтоолоо батлах нь зөв. Засгийн газрын хөтөлбөрт багтсан ажлууд 100 хувь биелэхгүй байж болно. Та бүхэн одоо мөнгө цаас байхгүй юм байна гэдгээ ойлгож байна. МАН-ынхан Засгийн газрын ажилд хоноцын сэтгэлээр хандаж болохгүй. Явж явж хариуцлагыг АН үүрнэ шүү. МАН-ынхан та нар хөтөлбөрийг эрчимжүүлэх мөнгөгүй гэж юу яриад байгаа юм. Ийм шалтагаар Засгийн газрын ажлыг зогсоож болохгүй. Та нар яах гэж олон толгой нийлүүлж, хоёр нам нийлээд алаад өгнө гэсэн юм. Юм ярихаараа л хоёр толгой, мөнгө ярьцгаах юм. Хэрэгжих боломжгүй гэж хэн хэлээд байгаа юм”. гэв.
МАН-ын дарга М.Энхболд “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах үед нөхцөл байдал ямар байсныг эргэж харах ёстой. Тэр үед улс оронд бүтээн байгуулах боломжтой, иргэдийн амьдралыг өөд нь татах хөрөнгө санхүүгийн бололцоо байсан. Мөрийн хөтөлбөрийг батлах үеийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулбал ялгаа байна. Тиймээс мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрчимжүүлэх тогтоол гаргах бус эдийн засгийг эрчимжүүлэх, дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай” гэв.
Өөрөөр хэлбэл, хоёр намын гишүүд байнгын хорооны хурал дээр мөрийн хөтөлбөрөө цаашид хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гэж хоёр хуваагдсан нь энэ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг нь 2012 оны сонгуульд улс төрийн намуудын ард түмэнд амласан ажлын нэгдсэн жагсаалт гэж хэлж болно.
Харин өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж ирэх 2016 он хүртэлх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагагүй гэж байнгын хорооны гишүүд үзэж байна. Гэхдээ цаашид мөрийн хөтөлбөрөө эрчимжүүлэх үү, мөрийн хөтөлбөргүй Засгийн газар байх уу гэдгийг УИХ шийднэ. 2012 оноос хойш Засгийн газрын мөрний хөтөлбөрийн биелэлт 50 орчим хувьтай байгаа юм. Улс мөнгөгүй, бүтээн байгуулалтын ажил зогсч байгаа нь үнэн. Гэхдээ 2016 оны сонгуулиар ард түмэн хамгийн түрүүнд улс төрийн намуудын амлалт хэрхэн биелэснийг харах нь ч үнэн.
ДИПЛОМАТ ЁСОНД НИЙЦЭХГҮЙ МЭДЭГДЭЛ
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай П.Кэмбэллийн Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөл дээр хэлсэн үг өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал байв. Тэрээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин болон Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт төслийнүндсэн шалгуурын талаар мэдээлэл хийсэн байна. Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар Америкийн Элчин сайдын яамнаас судалгаа хийсэн. Судалгааны үр дүнг танилцуулахаас гадна Монгол Улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн талаар байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ Монгол Улсын хууль эрх зүйн орчин тогтворгүй, сул муу байгаа гэж хэлсэн байна. Улс төрийн орчин нь тогтворгүй шүүхийн байгууллагууд л хангалттай төвшинд ажилладаггүй талаар ярьсан аж. Тэрээр Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэхгүй дотоодын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа талаар ярих үедээ 2016 оны улс төрийн сонгууль өнгөртөл Монгол Улсад хөрөнгө оруулахаа азнах хэрэгтэй гэсэн утгатай мэдээллийг хийсэн юм байна. Мөн Ерөнхий сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн мэдэгдэл, УИХ-ын даргын хаврын чуулган дээр хийсэн мэдэгдэл буюу хоёр даргын зөрчлийг ч нэг бүрчлэн тайлбарлан ярьсан байв. Америкийн Элчин сайд худлаа зүйл зохиож яриагүй нь мэдээж. Монголд болсон явдалд анализ хийж хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгсөн гэж зарим хүн ярьж байна. Гэхдээ нөгөө талд Америкийн Элчин сайдын хэлсэн үг нь манай улсын гадаад болон дотоод бодлогод сөрөг нөлөө авчрах эрсдэлтэй. Монгол Улсын Засгийн газар тэгж ажилладаг, ингэж үзэж байна гэж манай улсын Засгийн газрын өмнөөс ярих, манай дотоод бодлогод нөлөөлөх эрх аль ч Элчин сайдад байхгүй. Дээр нь Монгол хөрөнгө оруулж болохгүй гэсэн агуулгатай мэдээллийг өгч, хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлсэн нь дипломат ёсонд нийцэхгүй юм. Америкийн Элчин сайдын мэдэгдлийн талаар шуугиж байхад хооронд АНУ-ын ерөнхийлөгч Монгол Улсад суух дараагийн Элчин сайдын нэрийг зарласан. П.Кэмбэллийн Элчин сайдаар томилсон үүрэгт хугацаа энэ тавдугаар сард дуусч байна.
ХӨГЖЛИЙН БАНК ТОЙРСОН УЛСТӨРЖИЛТ
Өнгөрсөн долоо хоногийн улстөр хийсэн сэдэв нь Хөгжлийн банк. Тус банкинд аудитын шалтгалт хийж хэд хэдэн ноцтой баримт илэрснийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд долоо хоногийн эхнээс ярьсан. Жишээ нь, УИХ-ын гишүүн Хүрэлбаатар, Хөгжлийн банкны олон улсын зах зээлээс босгосон Самуурай бондын эх үүсвэрээс 50 сая ам.доллар дутуу орж ирсэн. Мөн Хөгжлийн банкны удирдлагууд сард зургаан сая ам.долларын цалинтай авдаг, бондын хөрөнгөөс банкны ажилчид болон зарим улс төрчдийн компанид зээл олгосон талаар мэдээлсэн. Харин өнгөрсөн лхагва гаригт Хөгжлийн банкны удирдлагууд энэ асуудлаар мэдээлэл хийв. Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар буруу мэдээлэл өгч, улстөр хийж байна гэж тэд тайлбарлав. Ингэж тайлбарлахдаа бондын мөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааныхаа талаархи бүх мэдээллийг хавсаргасан баримт бүхий материалыг сэтгүүлчдэд тараалаа. "Аудитын албан ёсны дүгнэлт биш, буруу үндэслэлгүй мэдээллийг нийгэмд тарааж байна. Манай банкны үйл ажиллагаагаар улстөржилт хийхгүй байхыг хүсмээр байна" гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирад Н.Мөнхбат онцолсон. Самуурай бондыг олон улсын зах зээл гаргахад 50 сая биш 5.7 тэрбум төгрөгийг Японы олон улсын хамтын ажиллагааны банкинд шимтгэл хэлбэрээр өгсөн гэлээ. Мөн Чингис, Самуурай бондын хөрөнгийг УИХ болон Засгийн газрын чиглэл өгсөн төслүүдэд зарцуулж, одоогоор 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэр байгааг гэдгийг хэлсэн юм. Харин удирдлагууд болон ажилчдынхаа цалингийн хэмжээг Хөдөлмөрийн хуулийн дагуу нууцалсан бөгөөд хэвлэлээр ярьж байгаа шиг зургаан сая ам.долларын цалин авдаг хүн байхгүй гэдгийг хэлсэн. Хөгжлийн банк үүссэн асуудал хариу мэдэгдэл хийсэн энэ. Гэхдээ Хөгжлийн банкны өгсөн мэдээлэл үнэн үү, зарим гишүүдийн хэлж байгаа шиг ноцтой асуудлууд илэрсэн үү гэдгийг УИХ-д танилцуулах аудитын дүгнэлт болон ажлын хэсгийнхний шалтгалтын үр дүн харуулах биз.
АУГАА ИХ ЯЛАЛТЫН БАЯРЫН 70 ЖИЛИЙН ОЙ
Хүн төрөлхтөний түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн Дэлхийн II дайн болон Чөлөөлөх дайны 70 жилийн ой энэ бямба гаригт тохилоо. Дэлхийн гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь нь татагдан орж, 70 сая хүн амь насаа алдсан энэхүү дайн Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, хүн ардын амгалан тайван байдалд ч нөлөөлсөн билээ. Мөн дайны үед Монголын төр ОХУ-д бүх хүчин дайчлан дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. ОХУ-ын Москвагийн Улаанталбайд болсон Ялалтын баярын 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мөн Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалд манай улсын цэргүүд анх удаа оролцлоо.
Ялалтын баярын цогц мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү.