Open iToim app
Хуулийн цаг | 6 мин уншина

Арбитрын шинэ хуулийг судлаачид ингэж дүгнэлээ

Арбитрын шинэ хуулийг судлаачид ингэж дүгнэлээ
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 22
“Арбитрын тухай Монгол Улсын хууль ба Олон улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурал өчигдөр Төрийн ордонд болсон. УИХ-аас Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр баталсан. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгыг НҮБ-ын Олон улсын худалдааны комиссоос 1985 оны зургадугаар сарын 21-ний өдөр баталж, 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Олон улсын худалдааны арбитрын Загвар хуульд нийцүүлэн боловсруулсан.Хууль батлагдсанаар Монгол Улс уг загвар хуулийг нутагшуулсан орны тоонд багтсан байна. Хуралд оролцсон  судлаачдын сэтгэгдлээс хуваалцлаа.

МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа:
-Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга бизнесийн орчинд маш олон эерэг нөлөөг авчирна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагч, бизнесийнхэн Монгол улстай хамтран ажиллахад эерэг нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт, дотоодын бизнес эрхлэгчдэд, ялангуяа гэрээнээс үүдэлтэй маргаан шийдвэрлэхэд хугацаа болон зардал бууруулах чиглэлд үр нөлөөтэй гэж үзэж байна. “Doing business”гэдэг Монголбанкнаас гаргадаг судалгаанд гэрээний биелэлт нь 10 үзүүлэлтийн нэг болж ордог. Энэ үзүүлэлтээр Монгол Улс 2017 онд 85 дугаарт орсон байгаа. 2016 онд 83-т байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хойшоо ухарсан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ Арбитрын энэхүү хууль болон түүнийг дагаж мөрдөх журам, эдийн засгийн бусад эрх зүйн шинэтгэлтэй уялдаад Монгол Улсын маань гэрээний үзүүлэлтээр авч байгаа үнэлгээ сайжрах болов уу гэж харж байгаа. 2003 оны Арбитрын хуулиас хойш 2016 он хүртэл 505 хэрэг Монголын ба Үндэсний олон улсын арбитраар хянан шийдвэрлэгдсэн. Эдгээрээс авч үзвэл 30 хувь нь олон улсын гэрээний маргаантай холбоотой байдаг. Энэ тоо иргэний шүүхийн 48 мянган маргаантай харьцуулбал маш бага тоо ч гэсэн олон улсын загвар стандартад нийцсэн Арбитрын хууль гарснаар Монголын арбитрыг сонгох нь ихсэнэ гэж үзэж байгаа.

“Сидлей Аустин” хуулийн фирмийн партнер Дэвид Патрик Рони:
-Монгол Улсын Арбитрын хууль UNCITRAL-аас тавьсан стандартад нийцсэн гэдгийг UNICITRAL-ын ерөнхий нарийн бичгийн дарга баяр хүргэсэн мэндчилгээн дээрээ онцоллоо. Мөн НҮБ-ын Олон улсын худалдааны байгууллагын албан ёсны цахим хуудсан дээр Монгол Улсыг загвар хуульд нийцсэн хуультай орнуудын жагсаалтад орууллаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдад томоохон дохио өгч байгаа. Хөрөнгө оруулагчид гэрээ байгуулахаасаа өмнө тухайн улсын Арбитрын хууль ямар байгааг чухалчилж хардаг. Монгол Улс энэ тал дээр санаа зоволтгүй боллоо. Цаашдаа хуулийн хэрэгжилтийг сайн сурталчилаад явбал гадаадын шууд хөрөнгө оруулалтыг улс орондоо татан хүчтэй арга хэрэгсэл болох юм. Хууль гэлтгүй бодлогын орчин нь өөрөө тогтвортой байх, урьдчилан таамаглаж болохуйц байх нь их чухал байдаг. Дээрх нь Оюуны өмчийн тухай хуулиа боловсронгуй болгохыг хөрөнгө оруулагчид хүлээж байдаг. Гэрээ хэлцлийг чанд сахиж мөрдөх тал дээр баталгаатай байх, бодлогоо тууштай хэрэгжүүлэх зэргээс хөрөнгө оруулалт татах ирээдүй шалтгаална.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баясгалан:
Монгол Улс Арбитрын тухай хуулиа өмнө нь хоёр ч удаа шинэчлэн баталсан. Гэвч UNCITRAL-ын Загвар хуультай орны жагсаалтад багтаж, олон улсын стандартад нийцсэн Арбитрын хуультай гэж үнэлэгдэж чадаагүй. Олон улсад тавигддаг стандартыг тусгахгүйгээр Монголын арбитр хүлээн зөвшөөрөгдөхөд хүндрэлтэй. Иймээс Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар хууль болгон батлуулсан нь удахгүй хүчин төгөлдөр үйлчлэх гэж байна. Хуулиа баталснаар бид UNCITRAL буюу НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арилжааны арбитрын тухай Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд 2017 онд орж чадлаа. Энэ бол олон улсад, гадаадын хөрөнгө оруулагчдад Монголоос өгсөн эерэг дохион. Хуульд батлагдсанаар хэд хэдэн чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулагчид бизнесийн маргаанаа хурдан шуурхай шийдвэрлүүлэх боломж бүрдэнэ. Бид хурдан шуурхай, үр нөлөөтэй механизмтай болсноор Монгол Улсад хөрөнгө оруулах гаднынхны итгэл нэмэгдэнэ. Хоёрдугаарт шүүхийн ачаалал буурах боломжтой. Статистикаас үзэхэд шүүх олон мянган маргаан шийдвэрлэж байхад арбитр зуугаар тоологдох маргаан шийдвэрлэж байгаа. Хууль батлагдсан учраас шүүхийн ачааллаас арбитр үүрээд явах боломжтой. Бидэнд эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлсэн сайн туршлага бий. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсанаас хойшхи богино хугацаанд 15 мянга орчим маргаан эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэгдсэн байна. Тиймээс ийм үр дүнг арбитраас хүлээж байгаа. Гуравдугаарт, арбитрын ажиллагааны үр нөлөө дээшилнэ гэж харж байгаа. Олон улсын стандартад нийцсэн шинэ зохицуулалттай болсноор арбитрын шийдвэр бүрэн, бодитой биелж, арбитрт итгэх итгэл нэмэгдэнэ гэж ойлгож байна.

MDS Хаан Лекс ХХН-ийн партнер Д.Дүгэржав:
Аливаа маргааныг шүүхийн аргаар, шүүхийн бус аргаар шийддэг хоёр арга байдаг. Шүүхийн бус арга нь эвлэрүүлэн зуучлах, нөгөө нь Арбитрын журмаар маргааныг шийдвэрлэх юм. Арбитрын хууль шинэчлэгдэн батлагдсанаар олон улсын жишигт нийцсэн хууль болж, чадсан.Арбитрын ажиллагаа бол бусад шүүх ажиллагаатай харьцуулахад зарчмын хувьд өөр, талуудын тохиролцоонд үндэслэж, явдаг. Тэр онцлог зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн баталсан.Ихэвчлэн манайхан Арбитрыг гадаадын этгээдүүдтэй байгуулсан гэрээ хэлцэл дээр сонгож, маргаанаа шийдүүлдэг гэж ойлгодог. Ийм тохиолдол голчилдог нь үнэн ч, дотоодын аж ахуйн нэгж, хувь хүн, байгууллагууд хоорондоо гэрээ байгуулахдаа арбитрыг сонгож болно гэж ойлгох хэрэгтэй.Талуудын сонгож тохиролцсон журмаар явдаг. Хэрэв сонгож тухайн журмыг тодорхойлоогүй бол энэ хуулиар тодорхойлсон журмаар явдаг. Өөрөөр хэлбэл, гэрээний эрх чөлөө буюу талуудын эрх чөлөөг хангаж чадсан. Жишээ нь бид шүүх дээр очоод энэ шүүгчээр маргаанаа шийдүүлнэ гэж хэлж чадахгүй. Харин Арбитраар маргаанаа шийдэх бол би нэг арбитрчийг сонгоод, нөгөө тал өөр нэг арбитрчийг сонгоод тэр хоёр арбитрч дундаа даргалагч арбитрыг сонгоод шийдэж явдаг.Энэ мэтээр талуудын тохиролцсон бүх журмын дагуу тэр тохиролцооны хуулийг зөрчөөгүй бол тэр журмын дагуу явдгаараа онцлог.Нөгөө талаар, манайхан гаднаас зээл авах ч юм уу, хөрөнгө оруулах ч юм уу, маш олон гэрээ байгуулж байгаа. Энэ тохиолдолд Монголын Арбитрыг сонгох, Монголын Арбитрыг сонгож маргаанаа шийдүүлэх боломж илүү өргөн хүрээнд нээгдэж байгаа.

МҮХАҮТ-ын дэргэдэх Олон улсын ба үндэсний арбитрын арбитрч Л.Баасан:
-Би 1985 оноос хойш арбитрын маргаан шийдвэрлэхэд оролцож байгаа хуульч. Арбитр дээр ихэвчлэн бизнесийн харилцаанаас үүсч байгаа иргэний эрх зүйн гэрээ хэлцэлтэй холбоотой бараа нийлүүлэх, худалдах янз бүрийн маргаанууд шийдвэрлэгддэг. Гол онцлог нь түншлэгч талууд гэрээ байгуулахдаа маргаанаа арбитраар шийдүүлнэ гэж тохиролцоход оршиж байгаа юм. Түншлэгч талууд санал зөрөлдөж байгаа зүйл дээрээ тохиролцоод гуравдагч этгээд буюу арбитраар маргаанаа шийдүүлдэг. Мөн арбитр маргааныг шуурхай шийддэг. Шүүх шиг олон шат дамжлага,чирэгдэл байхгүй. Маргалдаж буй талууд эцсийн шийдвэрт сэтгэгдэл өндөр байдаг. Учир нь өөрсдөө гэрээ байгуулж, маргаан шийдэх арбитраа сонгодог онцлогтой. Арбитрын шинэ хууль бол Монгол Улсад бизнесийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа аж ахуйн нэгж түншлэгч талуудын маргаант асуудлыг зохицуулах, шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Монгол Улсын бизнесийн нэр хүнд, хөрөнгө оруулалтын таатай уур амьсгалыг дээшлүүлэх нь дамжиггүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
-Бизнесийн харилцааны оролцогчид хүсэл хүсэл зоригийн дагуу гэрээ хэлэлцээрээ байгуулахын хамт уг гэрээнээс үүссэн асуудлыг шийдвэрлэх субьект, шийдвэрлэх журам, хэрэглэх хууль тогтоомжийг өөрсдөө тодорхойлох эрх зүйн боломжийг энэ хуулиар бүрэн олголоо. Энэ нөхцөл байдал нь манай улсын арбитрын үйл ажиллагаа дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартад бүрэн нийцэж байгааг харуулж байгаа юм. Ингэснээр манай оронд зөвхөн дотоодын төдийгүй бусад орны бизнес эрхлэгчид өөрсдийн эрх, ашиг сонирхлоо баталгаатай хамгаалуулах эрх зүйн орчныг энэхүү хуулиар бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт, компаний үйл ажиллагааг эрхлэх, бизнесийн аливаа гэрээ хэлцлийг хийх, түүнээс үүсэх сөрөг үр дагаварыг арилгах зэрэг асуудлыг нийтийн худалдааны нийтлэг жишгийн дагуу зохион байгуулах боломжтой болсон юм. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа арбитрт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон сонгох явдал нэмэгдэх эерэг үр дагавар бий болно гэж үзэж байна. Эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулах нь энэ хуулийн гол онцлог юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн