Open iToim app
Улс төр | 4 мин уншина

​АН-ын дараагийн даргын хамгийн боломжит хувилбар-Ц.Баярсайхан

​АН-ын дараагийн даргын хамгийн боломжит хувилбар-Ц.Баярсайхан
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 24
АН-ын ҮЗХ өнгөрсөн пүрэв гаригт хуралдах байсан ч 20 хоногоор хойшиллоо. Эх сурвалжийн мэдээллээр ҮЗХ-аар  намын даргаа эцэслэн сонгохгүй ч, АН-ын даргын тамга атгах эрхмийг хэрхэн тодруулах ерөнхий зарчимаа ярина. Тэгээд арванхоёрдугаар сар болох Их хурлаараа сонгох бололтой юм. Ингэж сонгохдоо улс орон даяар намын даргын сунгаа явуулах, эс явуулах, фракцуудын оролцоо ямар байх, намын дарга заавал УИХ-ын гишүүн байх, эс үгүйг ярих бололтой.
АН-ын түүхэнд Их хурлаасаа сонгогдсон намын дарга ганцхан байдаг нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр Америкаас ирээд 2004 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөгүй ч, шууд хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайд болсон юм. Гэхдээ бүрэн эрхээ дуусгалгүй огцорч, АН-ын даргад С.Баярцогттой, /ер нь бол тэр үеийн Алтан гадас/-тай өрсөлдөж намын Их хурлын төлөөлөгчдийнхөө 50+1 хувийн саналаар ялж байлаа. Түүнээс хойш АН-ын дарга болсон Н.Алтанхуяг, З.Энхболд нар фракцын тохироогоор, ҮЗХ-ноос адислагдаж байв.
АН-ынхан энэ удаа дүрмийн дагуу, дахиад Их хурлаасаа даргаа сонгох хувилбарыг сонгож байгаа нь зөв эхлэл. Тэгэхдээ сунгаа явуулна гэвэл нэр дэвшсэн хоёр өрсөлдөгчийг дагасан талцал нам дотор нь үүснэ. Тийм түүх АН-д бий. МҮАН гэж байхад даргаа тодруулах гэж Ц.Элбэгдорж, Да.Ганболд хоёрын дунд сунгаа явж байлаа. Үр дүнд нь МҮДН фракц бий болсон. Дараа нь 2001 оны Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө Р.Гончигдорж, М.Энхсайхан нарын дунд улс орон даяар сунгаа явсан. Үр дүнд нь Алтан гадас улам хүчирхэгжиж, зохион байгуулалтад орсон юм. Ингэхээр сунгаа бол АН-ын хувьд явж үзсэн зам, намаа хувааж, талцуулж явсан туршлага. Гэтэл сунгаа хийхгүй гэхээр АН-ын орон нутгийн хурлууд, тэндээс ирэх төлөөлөгчдийг худалдаж аваад сонгогдчих фракцын мөнгөтэй хүн АН-д олон бий. Алтан гадас, “Шонхор”-ын дунд ийм тулаан, өрсөлдөөн болно. Тэдний хувьд бүхлээрээ нэгдмэл АН-ын дарга болох нь биш, хэсэг бүлэг фракцдаа болон өөртөө АН-ын эрх мэдлийг төвлөрүүлэх нь хамгийн чухал байгаа юм. Тийм учраас АН-ын хувьд, маргааш эхлэх ҮЗХ-ны хурлын гишүүдийн өмнө буй хамгийн гол шийдэл бол намын дарга хэн байх, яаж тодруулах нь гучдугаар асуудал. Харин АН бодлогын нам байх уу, фракцуудын нам байх уу гэдгээ шийдэх нь хамгийн чухал шийдэл болж байна. Хэрвээ фракцуудын нам хэвээр үлдэнэ гэвэл энэ намаас шинэчлэл хүлээгээд хэрэггүй, малгайгаа сольсон хуучин толгойнууд үлдэнэ. Шинэ даргатай хуучин замаараа, хуучин дуугаа аялаад явах байх. Харин бодлогын нам болж, фракцуудынхаа эв нэгдлийг хангаад, нэг эрх ашиг дор захирагдаад явна гэвэл намын даргын шалгуурт тэнцэх, Их хурлын төлөөлөгчдийнхөө олонхийн дэмжлэгийг авах нэр дэвшигч тун цөөхөн гарч ирэх байх. Ийм шалгуурт тэнцэх, ер нь бол АН-ын дараагийн дарга байх хамгийн боломжтой хувилбарууд МҮДН фракцад л байх. Тэдгээрийн тэргүүн эгнээд Р.Амаржаргал, одоогийн намын дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхан нар багтана. Хамгийн хяслантай нь хүчтэй фракцын нөлөөлөл, Их хурлын төлөөлөгчдөө байг гэхэд ҮЗХ-ынхоо гишүүддээ тараачих, тараадаггүй юмаа гэхэд гар цайлгачих мөнгө энэ гурван эрхэмд байхгүй. Алтан гадас, Шонхортой харьцуулахад шүү дээ. Хэрвээ мөнгөний нөлөөгүйгээр “нэг-АН”-ын, нэгдмэл, хүнээр бол намба суусан тулхтай АН-ыг бий болгоё гэвэл тамга атгах хамгийн боломжтой хүн нь Ц.Баярсайхан.
Р.Амаржаргал өмнө нь АН-ын дарга байсан, Д.Эрдэнэбат бас генсек байсан, энэ хоёр хүний аль нь ч намын дарга боллоо гэхэд 2017 оны Ерөнхийлөгчид нэр өрсөлдөж магадгүй гэдэг байдлаар зарим хүний алергийг хөдөлгөж болох. Даанч УИХ-ын гишүүн юмдаа, Д.Эрдэнэбат бол маш сайн генсек. Түүнийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад АН түүхэндээ байгаагүй улстөрийн амжилт үзүүлж, УИХ, нийслэл, олон аймагт олон суудалтай болж, Монголын түүхэнд анх удаа АН-аас Ерөнхийлөгч, хотын дарга сонгогдож байсан нь намын “гал тогоо”-г баригчийн гавьяа мөнөөс мөн. Д.Эрдэнэбатыг намын ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн дарга, төрийн сайд болсон, 2020 онд АН ялбал намын дарга нь Ерөнхий сайд болох тул дараагийн Ерөнхий сайдыг дахиад Сэлэнгээс бэлдэхгүй гэх зэргээр түүнийг үүрэг гүйцэтгэгчээр орхиж болох. Тэгвэл үлдэж байгаа нь Ц.Баярсайхан. Тэр бол Монголын ардчиллын үйл хэрэгт тэргүүн эгнээнд явсан нэгэн, хотод ирж өлсөж жагсаагүй ч, орон нутагтаа ардчиллын төлөө тэмцэж явсан анхдагчдын нэг. 1996 оноос УИХ-ын гишүүн болж, парламентад олон удаа сонгогдсон. Хоёр удаа төрийн сайд болсон. Энэ намтраас нь харвал Ц.Баярсайхан АН-даа хуучин хүн. Тэгэхдээ АН дотор туршлагатай, ийм хуучин хүмүүсийн дунд Ц.Баярсайхан шиг нэр нь сэвтээгүй, нэр цэвэр улстөрч бараг байхгүй. Ц.Баярсайханыг албан тушаалын төлөө шунадаггүй, фракц гэж гүйдэггүй, “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслөөр Засгийн газрын гишүүдээс санал авахад өөрөө сайд байж “дээлээ тайлах” санал өгч байсан зарчимтай нэгэн. Тэрбээр хэд хэдэн удаа Ерөнхий сайдад нэр гарч байсан ч, албан тушаалын төлөө шунаж гүйж байсан удаагүй. Улстөр судлаачид, жишээлбэл одоо Орост Элчин сайд байгаа Б.Дэлгэрмаа нэгэнтээ ирээдүйн АН-ын дарга байж чадах хүн бол Ц.Баярсайхан гэж хэлж байсан удаатай.
Ер нь л Ц.Баярсайхан биш л бол АН-ын дараагийн даргын асуудал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаараад ирэх оны есдүгээр сард дахин яригдаж ч магадгүй. Үүнтэй зэрэгцээ явах нэг хувилбар бол ерөөсөө 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үүрэг гүйцэтгэгч даргатай, үгүй бол түр “тоглоомын дарга”-тай бужигнаж яваад ирэх оны намраас АН-ын жинхэнэ дарга тодрох улстөр ч энд бий байх талтай. Хэрвээ хүссэнээ авч чадаагүй, зорьсондоо хүрээгүй л бол дараагийн боломжийг ахиж гаргахын тулд хамгийн муу хувилбарыг сонгодог нь АН-ын фракцуудын гэм биш зан юм. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн