Open iToim app
Улс төр | 4 мин уншина

​АН сонгуульд ялагдвал намын даргаа огцорсонд тооцдог дүрэм боловсруулжээ

​АН сонгуульд ялагдвал намын даргаа огцорсонд тооцдог дүрэм боловсруулжээ
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 23
Ардчилсан намаас томилогдсон ажлын хэсэг намын Үндсэн дүрмийн төслөө эцсийн байдлаар хэлэлцүүлж дуусчээ. Үндсэн дүрмийн төслийг нэгдүгээр сарын 29-нд болох намын VII их хурлаар хэлэлцэх батлах товтой. Дүрмийн төслийг онцлох заалтаас дурдая.
  1. Улсын дээд шүүх АН-ыг 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Ардчиллын төлөөх намуудын дэргэдэх Их хурлын тогтоолоор МҮАН, МСДН, МШАН, МАСМН, МоАН-ууд нийлж байгуулагдсан гэж бүртгэсэн. Харин шинэ Үндсэн дүрмээр 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж, манлайлан удирдсан Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/, Ардчилсан Социалист Хөдөлгөөн /АСХ/, Шинэ Дэвшилт Холбоо /ШДХ/, Монголын Оюутны Холбоо /МОХ/ зэрэг улс төрийн хүчнүүдээс үүсэн байгуулагдсан ууган ардчилсан улс төрийн хүчин мөн гэж тодорхойлжээ.
  2. Намын удирдах дээд байгууллага нь АН-ын Их хуралдай бөгөөд жил бүр нэгээс доошгүй удаа намын тэргүүн /одоогийн дарга/, Үндэсний бодлогын хорооноос /одоогийн Гүйцэтгэх зөвлөл/ зарлан хуралдуулна. Ээлжит бус Их хуралдайг ҮБХ-ны нийт гишүүдийн 2/3-ын саналаар эсвэл намын тэргүүн зарлан хуралдуулна.
  3. Их хуралдайн төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд өөрөөр шийдээгүй бол Нийслэлийн хороо тус бүрээс 2, 10 мянгаас дээш хүн амтай сумын баг бүрээс нэг, бусад сумдаас тус бүр нэг төлөөлөл сонгох ба Намын тэргүүн, Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүд томилогдоно.
  4. Намын төлөөллийн төв байгууллага нь Үндэсний бодлогын хороо мөн. ҮБХ нь сонгуулийн тойргийн мандатын тоог тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдтэй байна. Үүнээс 76-аас доошгүй нь эмэгтэй, 76-аас доошгүй нь 39-өөс илүүгүй насны гишүүдэд ногдоно. ҮБХ-ны гишүүний бүрэн эрх хоёр жил бөгөөд хариуцлага тооцогдоогүй бол дахин сонгогдох эрхтэй.
  5. Бодлогын зөвлөлтэй байна. Бодлогын зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын бүтцийн дагуу ҮБХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Тус зөвлөл нь намын үзэл баримтлалын хүрээнд улс орны хөгжлийн чиглэлийг тодорхойлох, намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах, хүний нөөцийн бодлогыг чиглүүлэх үндсэн бүтэц байна.
  6. Үндэсний бодлогын хорооны чөлөөт цагт намыг шуурхай удирдлагаар хангахад чиглэсэн намын гүйцэтгэх удирдлагын төв байгууллага нь Ерөнхий зөвлөл байна. Ерөнхий зөвлөл нь ҮБХ-ноос батлагдсан 31 гишүүнээс бүрдэнэ. Намын дэд тэргүүн нар, ЕНБД, Нийслэлийн намын хорооны дарга, УИХ-ын дарга эсвэл дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Ерөнхий сайд, намын дэргэдэх Ахмад, Эмэгтэйчүүд, Залуучуудын байгууллагын дарга нар шууд суудалд, үлдсэн чөлөөт суудалд ҮБХ-ны гишүүд нэрээ дэвшүүлж сонгогдоно.
  7. АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд намын тэргүүн /дарга/, дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн даргыг огцорсонд тооцно. Эдгээр нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй.
  8. АН нь нийслэл, аймаг, дүүргийн сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд тухайн шатны намын хорооны дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын даргыг огцорсонд тооцно. Эдгээр нь намын дараагийн удирдлагын сонгуульд нэр дэвших эрхгүй.
  9. АН-ын тэргүүн нам нь УИХ-ын сонгуульд олонхи суудал авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвших, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүнд бусдыг нэр дэвшүүлэх эрхтэй.
  10. Намын дэд тэргүүн нь насны эрэмбээр намын тэргүүнийг орлоно. Харин намын тэргүүн огцорсон тохиолдолд дэд тэргүүн биш ҮБХ-ны даргад намын тэргүүний бүрэн эрх түр шилжинэ. Намын ерөнхий нарийн бичгийн дарга аль нэг байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэх эрхгүй.
  11. Аймаг, Дүүргийн намын хорооны дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Нэр дэвших тохиолдолд ээлжит сонгууль болохоос 2 жилийн өмнө намын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгнө.
  12. Намын анхан шатны байгууллагыг тухайн засаг захиргааны нэгжид харъяалагдах АН-ын бүх гишүүдийн хурлаас байгуулна. Суманд намын хороо, дүүргийн хороо болон сумын /10000 аас дээш хүн ам төвлөрсөн/ багт намын үүр байна. Намын үүрийн бүх гишүүдийн хурлаас намын үүрийн дарга, тэргүүлэгч гишүүдийг сонгоно. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчид нь намын даргыг оруулан нийт 7 гишүүнээс бүрдэнэ.
  13. Нийслэл, аймаг, дүүргийн намын эрх барих дээд байгууллага нь намын Чуулган байна. Нийслэлийн Ардчилсан намын Чуулганы бүрэлдэхүүнд Нийслэлийн намын хорооны дарга, гишүүд, Ёс зүйн салбар хороо, СоНДХ-ны гишүүд, дүүргийн намын хорооны дарга, хорооны намын үүр тус бүрээс 3 төлөөлөгч багтана. Аймаг, Дүүргийн Ардчилсан намын Чуулганы бүрэлдэхүүнд намын хорооны дарга, тэргүүлэгчид, гишүүд, сумын намын хороо, хорооны намын үүр бүрээс аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тойргийн мандатыг 10-аар үржүүлсэнтэй тэнцүү тооны төлөөлөгчид багтана. Намын Чуулганаас Нийслэл, Аймаг, Дүүргийн намын хорооны даргыг сонгон, дэд даргын тоо, чиг үүргийг тогтоож, Ёс зүйн салбар хороо, Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хороо /цаашид “СоНДХ” гэх/-г байгуулна.
  14. Нийслэл, аймаг, дүүрэг дэх намын байгууллага нь намын хороо. Намын хорооны гишүүний тоо нь ИТХ-ын мандатын тоог нийслэлд тав, аймаг дүүрэгт дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. Намын хорооны тэргүүлэгчид намын удирдлага, намын дэргэдэх байгууллагын даргыг шууд томилох бөгөөд намын хорооны хурлаас хамгийн олон санал авсан эхний 15 нэр дэвшигчийг хоёр жилийн хугацаагаар сонгоно.
  15. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг жил бүр гардуулдаг. Тэгвэл АН Үндсэн дүрмийн төсөлдөө намын дээд шагналыг “Чингисийн одон” гэж тодорхойлжээ. Мөн намын анхдугаар хурал хуралдсан дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг намын баярын өдөр болгон жил бүр тэмдэглэх бөгөөд 1990 оноос эхлэн тоолно гэсэн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн