Open iToim app
Эрх зүй | 6 мин уншина

​АН, МАН-ын гишүүд “Хүний кноп дарах буруу” л гэх юм

​АН, МАН-ын гишүүд “Хүний кноп дарах буруу” л гэх юм
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 2
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага бол УИХ. УИХ-аас гаргасан хууль, тогтоол шийдвэрийг манай улсын иргэн бүр дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг. Гэтэл хууль тогтоогчид нэгнийхээ өмнөөс товчлуур дарж хууль баталдаг, хууль буцаадаг явдал олон жил гарч байна. Төрд төлөөлөгчөө сонгосон иргэд энэ явдлыг үзэн яддаг. Яагаад УИХ-ын гишүүн хуралдаа суухгүй байна, яагаад сонгож илгээсэн гишүүнийх нь өмнөөс өөр хүн санал өгөөд байна. Парламентын чуулганы хуралдааны талаар телевизээр гаргаж байгаа дүрс “тавилттай” байдаг. Өөрөөр хэлбэл, дүрсийг УИХ-аас бэлтгэж телевизүүдэд өгдөг. Ийм учраас ард иргэд УИХ-ын чуулганд УИХ-ын хэдэн гишүүн яг суусан, хэн нь хэнийхээ өмнөөс саналаа өгөөд байгааг мэддэггүй. 76 гишүүний 39 нь ирцийн картаа уншуулахад л УИХ-ын чуулганы ирц бүрдэж, хууль батлах боломжтой болдог. 39 хүний 20 нь ирж бусдынхаа өмнөөс хууль батлах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, 20 хүний саналаар бүх монголчуудын мөрдөх хууль батлагдах эрсдэл бодитой оршдог. Ийм учраас УИХ-ын гишүүдийг хуралдаа тогтмол сууж, өөрөө өөрийгөө төлөөлж санал өгдөг, олон нийтийг УИХ-аас “тавилттай” бэлтгэж өгсөн дүрсээр хуурдаггүй байх шаардлагатай байна. УИХ-ын дарга М.Энхболд бол УИХ-ын 65 гишүүний дарга буюу МАН-ын дарга. МАН гишүүддээ шаардлага тавьж, УИХ-ын даргын хувиар М.Энхболд шахаад өгвөл “хулгайгаар кноп дарагчид”-ын үйлдэл хязгаарлагдах гээд байна. Дэгийн хууль болон Хариуцлагын хуулиар хориглох ч бүрэн боломжтой. Улс төр, эдийн засгийн хүсэл зориг тэдэнд байна уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Бид өнөөдөр УИХ-ын зарим гишүүнээс байр суурийг нь сонирхлоо.

-Нэг УИХ-ын гишүүн нөгөөдөө “Надад түр гаргах ажил гарлаа. Миний кнопыг тэр санал дээр дараарай” гэж захьсан бол өмнөөс нь дардаг байхгүй юу. Хэрэв зөвшөөрөөгүй бол дарах эрх алинд нь ч байхгүй. Албан газрууд хурууны хээгээр цаг бүртгэдэг болсон. Санал өгөх товчлуур нь тийм болчихоосой гэж бодож байна. УИХ-ын гишүүн хууль, тогтоолын төсөл дээр өөрөө санал өгөх нь ирцээ бүртгүүлэхээс чухал. Тийм учраас хурууны хээ мэдэрдэг төхөөрөмжтэй болох хэрэгтэй гэж бодож байна.

-Би өөрийнхөө товчлуурыг л дарсан. Хүний товчлуурыг ерөөсөө дараагүй байхгүй юу. Зураг дээр байгаа гурван сандлын зүүн талд нь би суудаг. Хэлэлцүүлгийн үеэр Д.Сумъяабазар гишүүнтэй ажил ярьж байхад санал хураалт явсан. Тэгэхэд яарч ирээд л өөрийнхөө товчлуурыг дарахдаа хүний суудал дээр суучихсан юм шиг байгаа юм. Тэрнээс хүний товчлуур дараагүй. Надтай хамт суудаг Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа гишүүдийн бичиг баримт нь ширээн дээр байсан. Тэр хоёр түр гарсан байсан юм. Ер нь хажуу дахь гишүүн нь өрөө рүүгээ орох ажилтай болсон, нутаг орноос нь сонгогчид нь ирээд уулзах шаардлагатай болсон бол нэгэндээ “Энэ асуудал дээр би нэг саналтай байгаа шүү. Миний өмнөөс дараад өгөөрэй” гэж туслалцаа хүсдэг. Энийг бас зөвөөр ойлгох хэрэгтэй. Ер нь бол хүний өмнөөс зөвшөөрөлгүй товчлуур дарах ёс зүйн хувьд буруу гэж боддог.

-Хүний өмнөөс товчлуур дарах нь ёс зүйгүй асуудал гэж боддог. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг чангалаад хүний өмнөөс товчлуур дардаг явдлыг зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы ирцийг ердийн олонхи буюу 39 гишүүний ирцээр бүрдсэнд тооцдог. 39 гишүүний зарим нь бусаддаа картаа өгөөд оруулдаг. Ингээд хуралдаанд суусан 20 хүн хууль баталж, асуудал шийдчих гээд байгаа. 20 хүн бол УИХ-ын 76 гишүүний 30 хувьд ч хүрэхгүй. Ийм учраас ирцтэй холбоотой асуудлыг анхаарах хэрэгтэй гэж боддог. Байнгын хороо 19 гишүүнтэй. 19 хүний олонх нь 10 гишүүн. 10 хүрэхгүй хүн ирээд нэгнийхээ картыг шургуулж, өмнөөс нь товчлуур дарж асуудал шийдээд байгаа. Цаашдаа хүний товчлуур дардаг, хүний карт хийж ирц бүрдүүлдэг, 76 гишүүний ердийн олонхиор ирц бүрдүүлдэг явдлыг анхаарах цаг болсон.

-Би хүний өмнөөс товчлуур дардаггүй. Бусдын кноп дараад суудаг гишүүд бидний хажууд хэдэн арваараа сууж байна. Бусдын картыг сугалаад зугтдаг гишүүдийг олон жил харлаа. Согтуугаараа чуулганы хурал дээр үг хэлдэг гишүүнтэй ч таарч байлаа. Монголын төр ийм л дампуу байгаа. Тийм учраас Монголын төрийн эмгэнэлийг засъя гэж Ерөнхийлөгч Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, эргүүлэн татах хуулийн төслийг оруулж ирсэн. Өмнөх парламентад УИХ-ын гишүүд хүндэтгэх шалтгаангүйгээр хурлаа тасалдаг, хүний товчлуурыг дураараа дардаг байсан. Ард түмэн үүнийг хүсээгүй. Энэ “уламжлал”-ыг энэ УИХ таслан зогсоох ёстой. МАН энэ муухай “уламжлал”-д мөн ч их дургүй байсан даа. Энэ “уламжлал” 26 жил явсан юм. Бусдын өмнөөс товчлуур дардаггүй байж, үлгэрлээрэй гэж энэ УИХ-аас хүсч байгаа.

-Техник, технологийн дэвшлийг ашиглаад УИХ-ын гишүүн тус бүрийн хурууны хээг таньдаг сканнер төхөөрөмж оруулж ирэхэд буруудах зүйл байхгүй. Гэхдээ амьдрал өөрөө баян. Зарим үед УИХ-ын хоёр гишүүн цуг сууж байхад нэг нь бие засах, цайнд гарах тохиолдол гардаг. Энэ тохиолдолд хажуу хүндээ, “Энэ асуудал дээр би дэмжих байр суурьтай. Санал хураавал дэмжинэ гэдэг товчлуур дараад өгөөрэй” гэдэг. Товчлуур дарах хугацаа 10-хан секундээр хэмжигддэг. Зарим тохиолдолд байр сууриа захиад явсан хүн орж ирж амждаггүй. Энэ үед хажууд байгаа хүн нь товчлуурыг нь дардаг. Харин маш цөөхөн хүн чуулганы хуралдааны үеэр маш олон хүний товчлуурыг зэрэг зэрэг дараад гүйнэ гэдэг утгагүй. Өөрт нь мэдэгдэхгүйгээр өмнөөс нь товчлуур дарах буруу. Ер нь цаашдаа хурууны хээгээр санал өгдөг технологийн шинэчлэлийг хийхэд буруудах зүйлгүй. Хэн хэнийгээ хардаж сэрдэх зүйлгүй болно. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд чуулганы хурал дээрээ хариуцлагатайгаар сууж, өөрийнхөө саналыг өөрөө ирж өгнө.

-Би хүний кноп дардаггүй. Угаасаа байж болохгүй зүйл. УИХ дээр цаг үеэ аргацаасан хуулиуд их гарч байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлтэй, хямдралтай байгааг хязгаарлах хуулиудыг нэн яаралтай хэрэгжүүлэх ёстой. Гэтэл бүр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх хэд хэдэн хуулийг оруулж ирж хэлэлцэж байх жишээтэй. 2016 онд баталсан хуулиуд нь 2018 онд хэрэгжинэ гэдэг юу гэсэн үг вэ. Ийм учраас АН-ын гишүүд ихэнх хууль дээр эсрэг байр суурьтай байдаг. Тиймээс хүний өмнөөс товчлуур дараад байх шаардлагагүй. Би чуулганы танхим дээр өчнөөн л “Хүний товчлуур битгий дараач” гэж хашгирдаг. Олон улсын гэрээний тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг хойшлуулах тухай асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүдийг хүний өмнөөс товчлуур дарахыг эсэргүүцсэн. Гэтэл ирц хангалтгүй байхад хүртэл байгаа нэг нь бусдынхаа өмнөөс товчлуур дараад гүйдэг.

-Хүний товчлуурыг дарна гэдэг бол УИХ-ын гишүүнийг сонгосон сонгогчдын эрх ашигт харшилж байна гэсэн үг. Манай парламент дээр “төгөлдөр хуур” дарах явдал гарч байгаа нь туйлын буруу зүйл. Яагаад гэвэл, байхгүй хүний өмнөөс товчлуур дарсны улмаас хэрэгтэй хууль нэг, хоёр саналаар унаж байна. Нэг хоёр хүний саналаар буруу хууль дэмжигдэж байх жишээтэй. Лоббины хуулиуд батлагдаж байна. Цаашдаа “Дамдин” өөрөө хуруугаа дарж байж “Дамдин”-гийн санал өгөгддөг төхөөрөмж нэвтрүүлэх хэрэгтэй байна. Бусад улс ч тийм. Тэгж байж хууль сахилга баттай батлагдана. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн