"Mongolia's Next Top Model" шоуны шилдэг таван оролцогчийн нэг М.Анхбаяртай ярилцлаа. Өдгөө тэрбээр ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн гуравдугаар дамжаанд суралцаж байна. Даруу төлөв аашаараа үзэгчдийн хайрыг булаасан түүнийг шоуны шүүгч Д.Оргил “Цоо шинээр гарч ирээд, дэлхийд цахиур хагалах чадалтай гэж үзэж байна” хэмээн тодотгож байсан. "Mongolia's Next Top Model" шоу болж өнгөрснөөс хойш хамгийн нам гүм амьдарч буй түүнтэй хүсэл мөрөөдөл, загварын ертөнцтэй холбогдсон түүхийнх нь талаар ярилцсан юм. Түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-"Mongolia's Next Top Model" шоунаас хойш нам гүм байлаа. Өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав?
-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Шоу дууссанаас хойш хичээлдээ орж, тасарсан хичээлүүдээ нөхөөд цаг зав маш бага байна.
-"Mongolia's Next Top Model" шоуны шилдэг таван оролцогчийн нэг болох зам хэр хэцүү байсан бэ?
-Шоуны шат болгонд хувирах, өгөгдсөн нөхцөл даалгаварт тохирон өөрчлөгдөх зэрэг олон сорилттой тулгарч байсан ч өөрийгөө дайчлан, бусдаасаа суралцсаар шилдэг тавд шалгарсандаа баяртай байна. Туршлага дутан, даалгавраа өөрийн хүссэн хэмжээнд гүйцэтгэж чадахгүй байх үе байсан ч хамгийн гол нь өөртөө бүрэн итгэлтэй болж, өөрийгөө цоо шинээр нээж чадсандаа баяртай байдаг. Намайг хурцалж, мөн урам өгч дэмжиж байсан бүх хүнд баярлаж байгаагаа танай сониноор дамжуулж хэлэхийг хүсч байна.
-Унгар Улсыг яагаад зорих болсон юм бэ?
-2014 онд Унгар Улсад төрийн сангийн тэтгэлгээр суралцах эрх авсан боловч насанд хүрээгүйн улмаас нэг жил хойшилж, 2015 оны есдүгээр сараас Унгар Улсын Будапештэд “Balassi Institute”-д суралцаж байгаа. Тэтгэлгээр суралцах боломж олдсоноор Унгар Улс руу явахаар болсон гэж хэлж болно.
-Унгарт байхад тань загварын агентлагаас санал тавьж, энэ салбартай холбогдох болсон гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Унгарт очоод нэг сар орчим болж байхад “Highlight model”, “Prime look model” агентлагийн хүмүүс ирж танилцан өөрийн агентлагтаа шалгуулах санал тавьж байсан. Ингэж л загварын ертөнцтэй холбогдсон түүхтэй.
-“Унгарын загварын долоо хоног”-т оролцож байсан зураг олж харсан. Унгарт моделиор ажиллаж байсан талаараа ярихгүй юу?
-Унгарт 2016 оны гуравдугаар сараас эхлэн наймдугаар сар хүртэл “Prime look models” агентлагт харьяалагддаг байсан. Манай агентлагийг бусад агентлагтай харьцуулахад моделиудаа мэргэжлийн модель болгох хичээл заадаг. Унгарт байхдаа хичээлдээ явахын хажуугаар моделийн сургалтад сууж төгссөн. Мөн орсон шоунууддаа ганцаараа Ази модель нь байдаг байсан.
-Моделийн чиглэлээр ажиллах болсноор амьдралд тань гарсан хамгийн том өөрчлөлт юу вэ?
-Урьд нь би моделиудыг гоё хувцас өмсч, нүүрээ сайхан будаж, тайзан дээр алхдаг, сэтгүүл сурталчилгаанд зураг авахуулж байдаг хүмүүс гэж боддог байсан. Магадгүй хоёр жилийн өмнө намайг хэн нэгэн хүн “Загварын зураг авахуулаач” гэсэн бол өөрийгөө чадна гэж хэзээ ч итгэхгүй байх байсан. Унгарт мэргэжлийн хүмүүс анх олж харж санал тавихад бас л эргэлзэж байсан.
Харин "Mongolia's Next Top Model”-д оролцсоны дараа дээр хэлсэнчлэн өөртөө итгэх итгэл маань бараг 200 хувь болж шинээр төрсөн мэт болсон. Учир нь би Эрдэнэтийн технологийн сургуулийн дэргэдэх лицей сургууль төгссөн. Мөн баяжуулалтын технологийн инженерийн чиглэлээр сурдаг болохоор юмыг илүү бодит байдлаар хардаг, сурч судалж байгаа зүйл маань техник, технологи тал руу байсан. Харин энэ тэмцээнд орсноор амьдралыг харах өнцөг, дотоод ертөнцөд минь тодорхой өөрчлөлт гарсан.
-"Mongolia's Next Top Model" нэвтрүүлгээс олж авсан хамгийн чухал зүйл гэвэл юуг нэрлэх вэ?
-Хүмүүс ямар нэгэн дамжаа, курст сурснаа өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийлээ гэж ярьдаг. Харин энэ тэмцээн миний хувьд болон бусад оролцогчийн хувьд нэгэн төрлийн маш том хөрөнгө оруулалт болсон.
-Шоуны шүүгч Д.Оргилын хувьд таныг шоуны турш хамгийн их дэмжиж байсан хүмүүсийн нэг. “Цоо шинээр гарч ирээд, дэлхийд цахиур хагалах чадалтай гэж үзэж байна” хэмээн ярилцлагадаа хэлсэн байдаг. Таны хувьд бусад оролцогчоосоо юугаараа давуу байсан гэж хэлэх вэ?
-Би аливаа зүйлийг хийхийн өмнө төсөөлөн бодож, түүнийгээ илэрхийлэн гаргахыг эрмэлздэг. Дотоод ертөнцийн илэрхийллээ тэмцээний сорилын богино хугацаанд бүрэн гаргах тал дээр туршлага дутдаг байсан ч үүнийг Д.Оргил шүүгч мэргэжлийн хүний хувьд олж харсан байх. Тэмцээний туршид намайг төдийлөн өөрчлөгдөж чадахгүй байна гэдэг байсан ч Т.Нансалмаа шүүгч 11 дэх дугаар дээр “Өөрчлөгдөж чадсан байна” гэж хэлж байсан. Унгарын загварын мэргэжилтнүүд “Нэг их хүчлэхгүй, өөрийнхөөрөө зургаа авахуул” гэж зөвлөсний дагуу би зураг авалтад оролцдог байсан.
-Хамгийн хэцүү зураг авалтын талаар ярихгүй юу?
-Циркийн савлууртай зураг авалт хамгийн хүнд байсан. Мөн үнэртний сурталчилгааны зураг дээр хосоороо биеийн хэлэмж гаргаж авахуулахад бас хэцүү байсан.
-Шоуны оролцогчдоос хэнтэй хамгийн сайн найз болсон бэ?
-Шоунд орсон охид бүгд л бие биетэйгээ дотно бас холбоотой байгаа.
-Шоуны үеэр сонссон хамгийн гоё магтаал юу байсан бэ?
-11 дэх дугаар дээр Д.Оргил шүүгч “Дэлхийн супер модель Ирина Пантаева яг чам шиг царайтай хүн байсан. Өөртөө итгэлтэй байгаарай” гэсэн үг надад маш их урам өгсөн.
-Шоуны оролцогчдоос таны онцлог чанарыг нэрлээч гэвэл олонх нь таныг хамгийн төлөв, даруу оролцогчоор нэрлэх байх. Гэр бүлийн хүмүүжил үүнд хамгийн их нөлөөтэй болов уу?
-Миний үндсэн суурь хүмүүжил л байх. Хэрэв би Унгарт очоод загварын үзүүлбэрт оролцож байгаагүй бол манай өвөө, эмээ энэ шоунд орохыг зөвшөөрөхгүй байх байсан.
-Ээжээсээ өвлөж авсан хамгийн гоё чанар гэвэл юуг нэрлэх вэ?
-Миний ээж маш цэвэрч, нямбай, ухаантай, оюунлаг бүсгүй байдаг. Ээжээсээ цэвэрч нямбай, эрдэмлэг чанарыг нь дуурайхыг хүсдэг.
-Тэмцээний дараа хамтарч ажиллах санал их ирж байна уу?
-Унгарын агентлагаас надад буцаж ирэх санал тавьсан.
-Сургуулиа төгссөнийхөө дараа явах бодол байгаа.
-Ирээдүйн зорилгынхоо талаар хуваалцахгүй юу?
-Би гуравдугаар курст сурч байгаа учраас эхний ээлжинд сургуулиа амжилттай төгсөх зорилт тавиад байгаа. Үүний зэрэгцээ загварын талаарх мэдлэг, чадвараа дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх болно.
-М.Анхбаярын хобби юу вэ?
-Дуу хөгжим сонсох, алдартай хүмүүсийн намтар, онч мэргэн үгс бодит явдлаас сэдэвлэсэн зохиол унших, кино үзэх дуртай. Өөрөөр хэлбэл чадварлаг хүмүүсийн бүтээлийг үзэх, сонсох дуртай.
-Шатрын спортын зэрэгтэй. Аливаад дүгнэлт гарган, дүн шинжилгээ хийх нь магадгүй миний нууц авьяас байж болох юм.
-Тайвшрал өгдөг, гоёыг мэдрүүлдэг нэг тийм очих дуртай газар байдаг болов уу?
-Ганцаараа байж бүхнийг эргэцүүлж бодож нам гүм, тайван орчинд байхыг эрмэлздэг.
-Хүүхэд насыг хүний амьдралын хамгийн сайхан үе гэдэг. Энэ үед тохиолдсон онцгой содон дурсамжийг бид ер нь хэзээ ч мартдаггүй байх. Хүүхэд насны хамгийн нандин дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Намайг сургуульд орохын өмнөх жил ээж маань Хүүхдийн баяраар Америкаас бор болон шар өнгөтөй хоёр барбиг Үнсгэлжингийн ортой хамт маш олон амттаны хамт явуулж байсан. Тэр тоглоом миний мөрөөдлийн тоглоом байсан учраас одоо хүртэл хадгалж байгаа.
-Үе тэнгийн залуусаа анзаарч байхад бахархмаар болон шүүмжлэлтэй хандмаар санагддаг зүйл юу байдаг вэ?
-Манай үеийн залуус аливааг хэт хялбар талаар хардаг. Мөн цахим орчинд цагийг их өнгөрөөдөг болсонд эмзэглэж байдаг. Харин зорилго тавин хичээллэж, өөрийгөө хөгжүүлж, олон улсын хэмжээнд Монголынхоо нэрийг гаргаж байгаа үеийнхнээрээ бахархдаг.
Хэлэх дуртай үг: Санаа зөв бол заяа зөв. Цаг бол алт.
Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: Эрүүл байх, байгаадаа сэтгэл хангалуун байх.
Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Гэр бүл.
Худалдаж авах дуртай зүйл: Ном бичгийн хэрэгсэл. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн.
Амьдралдаа мөрддөг зарчим: Цаг баримтлах.
Хамгийн дуртай баяр: Цагаан сар.
Унших дуртай ном: Зохиолч Л.Өлзийтөгсийн номнуудыг унших дуртай.
Мөрөөдөл: Оюунлаг загвар өмсөгч л болохыг маш ихээр хүсч байна даа.
Таны бахархал: Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.