АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хиллари Клинтоны биеийн байдал мууджээ. Тодруулбал, тэрээр 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагын 15 жилийн дурсгалын ёслолоос бие нь муудан эрт явсан байна. Хэвлэлийнхний дүрс бичлэгээр баталгаажуулснаар Хиллари Клинтон машин руугаа хөл дээрээ тогтож чадахгүй, арайхийн туслахуудаараа түшүүлэн орсон байна.
Энэ талаар түүний хувийн эмч Лиза Бардак “Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон харшлаас үүдэлтэй ханиад хүрсэн. Тэрээр өнгөрсөн баасан гаригаас эхлэн ханиалгаж эхэлсэн бөгөөд уушгины хатгаа гэж оношлогдсон. Тэрээр тохирох эм ууж байгаа бөгөөд бага зэрэг амарч, цагийн хуваариа өөрчлөх шаардлагатай болж байна. Дурсгалын ёслолын үеэр гадаа хэт халуун байсан нь үүнд нөлөөлж, шингэний дутагдалд орсон байсан. Түүний бие одоо сайжирсан” гэжээ. “Fox News”-ын мэдээлснээр хатагтай Хиллари Клинтон дурсгалын ёслолын үеэр ухаан алдан унасан бөгөөд түүний оронд охин Челси Клинтон одоогоос 15 жилийн өмнө буву 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод болсон террорист халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцжээ.
Түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп өнгөрсөн долоо хоногоос эхлэн Хиллари Клинтоны ачаалал нь ихэдсэний улмаас биеийн байдал нь тааруу байгаа талаар мэдээлж, түүний биеийн байдал АНУ-ын Ерөнхийлөгч болоход дийлэхгүй хэмээн мэдэгдэж эхэлсэн юм. Харин Клинтоны кампанит ажлын багийнхан үүнийг үгүйсгэж байсан ч ийнхүү Хиллари Клинтоны биеийн байдал олны нүдэн дээр муудаж, Бүгд найрамдах намынхны ярьж байсныг баталжээ.
Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг байсан газар болох “Ground zero” буюу “Тэг цэг”-т өчигдөр болсон уг арга хэмжээнд хохирогчдын ар гэрийнхэн болон АНУ-ын Засгийн газрын албаны хүмүүс оролцсон юм. Ёслолд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп мөн оролцсон юм.
2001 оны есдүгээр сарын 11-ний өглөөгүүр террористууд зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг булааж, онгоцуудаар ДХТ-ийн ихэр цамхийг мөргөн 3000 орчим хүний аминд хүрсэн билээ. “Тэг цэг” өнгөрсөн 15 жилийн хугацаанд хурдацтай өөрчлөгджээ. Тэнд томоохон төслүүд хэрэгжүүлж, олон барилга баригдаж байгаа юм.