23 насандаа МУГЖ цол хүртсэн УДБЭТ-ын балетчин О.Анужингийн iToiт.mn-д өгч байсан ярилцлагыг хүргэж байна.
Тэрээр 2016 онд БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанд оролцож хүрэл цом, тусгай шагнал хүртжээ. Энэ амжилт нь 35 жил тасраад байсан балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг үргэлжлүүлсэн томоохон шагнал байжээ.
-Сайн байна уу. Ярилцах болсондоо таатай байна. УДБЭТ-ын гоцлоочоор ажиллаад хэр удаж байна вэ?
-Сайн байна уу. Би анх арван настай байхдаа хөгжим бүжгийн коллежид орж 2012 онд төгссөн. Харин УДБЭТ-д сургуулиа төгсөөгүй байхдаа буюу 2010 онд орж ажиллаад, төгсөөд шууд үндсэн ажилтнаар орж ажилласан. Одоо найман жил болох гэж байна.
-Найман жил гэдэг урт хугацаа шүү. Урлаг гэх том тогооноос яагаад заавал балетыг сонгох болов?
-Сургуулиа 16,17- той төгсөж ирдэг. Тэгэхээр 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг гэсэн. Манайд 40 гараад бүжиглэж байгаа хүн бий. Манай гэрт урлагийн хүн байхгүй. Би багын л бүжгэнд дуртай хүүхэд байсан. Пилхановын сургуульд сурч байхдаа сургуулийнхаа орос бүжгийн хамтлагт бүжиглэдэг байсан юм. Миний найзын ээж нь МУГЖ Д.Наранханд гээд мундаг балетын жүжигчин бий. Бас манай ээжийн сайн найз нь. Тэгээд нэг өдөр ээжийгээ дагаж яваад Наранханд эгчийн бүжиглэж байхыг харчихаад балтечин болохыг чин сэтгэлээсээ хүссэн. Тэгээд ээждээ "би балетчин болно" гэж хэлснээ санадаг. Тухайн үед азаар Хөгжим бүжгийн коллеж шалгалт авч байсан, шалгуулаад тэнцсэн.
-Балетаар хичээллэхэд хувь хүнээс тэсвэр тэвчээр, хатуужил их шаарддаг байх. Шантрах үе олонтаа л гарч байсан байх тэр үе болгондоо хэрхэн даван туулдаг байсан бэ?
-Тийм ээ. Мэдээж хэцүү үе тохиолдолгүй яахав. Хөлд цэврүү үсрэх бол хамгийн наад захын хүндрэл. Цэврүүтэй хөлдөө каскигаа өмсөөд, бүжиглэдэг. Балетаар хичээллэж байгаад ясаа хугалж байсан үе ч бий. Биеийн бүх ачаалал хөлийн хуруу, тавхайн хэсэгт ирдэг. Удаан хичээллээд ирэхээр тэр бэрхшээлүүд энгийн зүйл мэт санагддаг.
Бэрхшээл дунд шантардаггүй шалтгаан нь энэ урлагтаа хайртай болохоор тэр. Дээр нь хэцүү үе болгонд минь араас дэмжиж, тусалж байдаг гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, багш нар маань бас үзэгчид гээд олон гайхалтай хүмүүс байдаг учраас ямар ч үеийг даваад гарч чаддаг. Хэрвээ би цор ганцаараа байсан бол өнөөдөр ингэж явахгүй байсан. Ер нь урлагийнханд сэтгэл хөдлөл их байдаг. Тайзан дээр алдах үе ч байна, эсвэл сэтгэлдээ хүртэл тоглож чадахгүй байх үе ч бий. Балетын урлаг хамгийн сайхан нь мөртлөө хамгийн хэцүү мэргэжлүүдийн нэг. Энэ урлагийг хүндлэхгүй байхын аргагүй юм.
-Балетын жүжигчин байхын давуу тал нь юу вэ?
-Балетыг сонгодог хөгжимгүйгээр төсөөлөшгүй. Тэр утгаараа маш гоё сонгодог хөгжмүүдийг байнга сонсдог. Тэр хэмжээгээрээ сонгодог мэдрэмжүүдийг авч, сонгодог дасгалуудыг их хийдэг. Хамгийн том давуу тал нь тэвчээрт сургадаг явдал. Энгийн жишээ гэхэд л хүүхдийг балетаар багаас нь хичээллүүлэхээр мэргэжил болгоод явахгүй юм гэхэд зөв суух, биеэ авч явах байдал болоод, дотоод гадаад гоо сайхныг сургаад зогсохгүй зан чанарт нь хүртэл нөлөөлдөг. Нийгмийг хүмүүжүүлдэг, соён гэгээрүүлдэг гэж хэлээд байгаа нь тийм л учиртай.
-Өөрөө олон сайхан жүжигт гоцолсон. Одоо жүжиглэхийг хүсдэг ямар дүр байна вэ?
-Миний дуртай дүрийн тухайд гэвэл Жизель. Удахгүй арванхоёрдугаар сарын 2-нд тоглоно. Мөн манайд тоглоогүй, миний тоглож амжаагүй дүрүүд олон бий. Харин тоглож үзэхийг хүсдэг дүр бол Ромео Жулетта, Манон Леско тоглох юмсан гэж боддог.
-Өгөгдөл байхгүй хэрнээ хичээл зүтгэлтэй байхад сайн балетчин болж болох уу?
-Хүн өөрөө хичээхгүй л бол ямар ч сайхан өгөгдөлтэй, биетэй байлаа гээд нэмэргүй. Төгс сайхан биетэй байлаа гээд дусал хөлсөө зарцуулахгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Бас тэр дүр хэзээ ч хүнд хүрэхгүй. Авьяастай мөртлөө хичээгээгүйгээс болоод амжилтад хүрч чаддагүй хүмүүс олон бий. Мөн эсрэгээрээ авьяасгүй мөртлөө хичээл зүтгэлээр амжилтад хүрсэн нь бий. Гэхдээ авьяас, хичээл зүтгэлийн аль алийг нь хослуулж байж оргилд нь хүрэх байх.
-Өөрийн чинь хувьд ямар үгийг хэлэх дургүй вэ?
-Би тэгэх ёстой, ингэх ёстой гэж хэлэх дургүй. Ёстойд баригдана гэдэг чинь утгагүй асуудал. Мэдээж энэ дэлхий дээр ёстой зүйлүүд байдаг. Жишээ нь эцэг эх, ахмад настнаас хайрлаж, хүндлэх ёстой гээд л ёс жаягууд байна л даа. Гэхдээ хүн ганц олдсон амьдралаа 100 хувь ёстойд битгий баригдаж амьдраасай л гэж боддог. Байнга өөртөө би ийм, тийм байх ёстой гээд байвал хүн өөрөө их ядарна. Бас аливаа зүйлд их баригддаг юм шиг санагддаг. Энэ нэг мэдэхэд өөрийнхөө хэн болсныг анзаарахгүй болчихсон явж байх эрсдэлтэй.
-Удахгүй болох тоглолтоосоо гадна хийхээр төлөвлөсөн зүйл бий юу?
-Тоглолт дөхсөн үед бол цаг зав муутай л байдаг. Гэхдээ одоогийн байдлаар ажлынхаа хажуугаар найзуудтайгаа нийлээд сайн дураараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгөх гээд бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Хичээж явахад олон зүйл бүтэх байх аа. Бас хүн юу тарина түүнийгээ хурааж авна гэдэг шүү дээ. Ер нь тэгээд хүний амьдралыг сайхан зүйлгүйгээр төсөөлөхөд их хэцүү. Ийм зүйлүүдээр ч гэсэн өөртөө таашаал авч, бусдыг аз жаргалтай болгож, өөрөө түүнээсээ аз жаргалыг мэдрэх л сайхан. Энэ хорвоо дээр нэг л амьдрах учраас одоо байгаа цаг хугацаагаа үнэтэйд тооцон, бие биедээ тусалж амьдрах юмсан гэж л боддог.
-Тэгэлгүй яах вэ. Өөрт чинь ямар нэгэн сайхан зуршил байдаг уу?
-Зуршил гэвэл би өглөө босоод хамгийн түрүүнд толинд хараад инээдэг. Аль болох өөдрөг л байх юмсан гэж бодоод тэр. Мөн хувьдаа ямар нэгэн зүйлийн төлөө зорьсон бол тэр зорилгодоо заавал хүрэхийг бодож хичээдэг. Тэгвэл би өөртөө үнэнч байж чадаж байгаа хэрэг.
-Таны үлгэр дууриалал авдаг хүн бэ?
-Тэр хүн бол манай ээж. Үнэхээр сайхан ухаантай эмэгтэй бий. Хэт нь ээж шигээ ээж болох юмсан гэж боддог. Манай эмээ ээжийг хэрхэн хүмүүжүүлсэн, ээж намайг яаж хүмүүжүүлсэн шиг л хүүхдүүдээ хүмүүжүүлэх байх. Бас аав гэдэг хүнгүйгээр амьдралаа төсөөлөхийн аргагүй. Аавынхаа хувьд гүнж нь би. Мэдээж бүх аавуудад л охид нь гүнж байх. Аав ээж маань намайг дэндүү сайн мэддэг. Ямар үед буцдаг, ямар үед урагшилдаг вэ гэдгийг мэддэг учраас намайг залаад явдаг энэ хүмүүсээс их үлгэр дурайл авдаг.
-Биеийн жингээ барьдаг аргыг нь охидууд их сонирхож байгаа байх. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Манай ажил нэг, хоёр дахь өдөр амардаг болохоор гэрийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэх цаг хомс байдаг. Манайхан аль болох хамтдаа суугаад хооллохыг их хичээдэг боловч бүгд тус тусдаа ажилтай болохоор тийм цаг бага. Намайг гэртээ орж ирэхээр ганц хэлдэг үг нь хоол идэх үү гэдэг. Би ч урдаас нь үгүй ээ, хоол идэхгүй гэдэг. Би мэргэжлийн онцлогоосоо болоод, дэглэм барих гээд хоол иддэггүй юм л даа. Жин барих тухайд хэлэхэд эрүүл хооллоод, хөдөлгөөн сайн хийх нь л чухал байдаг.
-Таны насны залуус эх орондоо хөрөнгө оруулалт хийхийн тулд юу хийх хэрэгтэй гэж бодож явдаг вэ?
-Ямар ч хэцүү зүйлээс сайхан зүйл олддог. Тэрийг олж харж байгаа хүмүүс нийгмийг илүү сайхан болгох байх. Залуучууд уужим сэтгэлтэй, ухаантай, зорилготой, зорьсон зорилгынхоо төлөө хөдөлмөрлөдөг. Мөн дор бүрнээ хийж байгаа ажлаа сайн хийх нь л улс орондоо хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг байх гэж бодож байна.
-Залуу хүн учраас цаашид бодож төлөвлөсөн их зүйл байгаа байх?
-Тийм ээ. Одоогийн байдлаар хүссэн, зорьсон зүйлдээ хүрээгүй л явж байна. Цаашид олон сайхан зүйл хийнээ.
-Ярилцсанд баярлалаа, ирээдүйд нь амжилт хүсье.