“Novel investment” компанийн захирал, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны төсөв мөнгөний бодлоготой танилцсан байх. Ер нь ямар төсөв болсон гэж харж байна вэ?
-Төсөв, мөнгөний бодлого бол тухайн улсын эдийн засгийн хамгийн том бодлого. Тухайн жил улс орон аль чиглэлд, ямар явах вэ гэдгийг төсөв, мөнгөний бодлогоос л шалтгаална. Нийт эдийн засаг, иргэд, аж ахуйн нэгж компаниудад шууд нөлөө үзүүлдэг нь төсвийн бодлого. Ирэх жил Монгол Улс хэр зэрэг мөнгөтэй бай, улс орон аль зүг рүү чиглэж байгааг тодорхойлдог. Төсөв гэж ярихаар ганц санхүүгийн л асуудал гэж ойлгодог. Тийм биш. Улс төр, нийгмийн бодлого, эрүүл мэндийн зэрэг бүх салбарын бодлого нэгдэж нэгдсэн төсвийн бодлогыг боловсруулдаг. Манай улсын сүүлийн таван жилийн хугацаанд хөөсөрсөн, хариуцлагагүй зардал ихтэй төсөвтэй байж ирсэн. Энэ өнгөрсөн жилээс Шилэн дансны тухай хуулиар ил боллоо. 2013 оноос эдийн засаг муудаж ирснийг хүн бүр л мэдэж байгаа. Ажилгүйдлийн төвшин нэмэгдэж, эдийн засгийн өсөлт саарч байгаагаас харж байна. Эдийн засгийн 17 хувийн өсөлт өнөөдөр гурван хувь болж буурсан. Тиймээс эдийн засгийн бодит байдалдаа л тохирсон төсөв батлах ёстой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн суурь нөхцөлдөө тохирсон төсөв батлах. Засгийн газрын өргөн барьсан төслийг харахаар тэгж харагдахгүй байна. Хөөсөрсөн, үр ашиггүй зардлууд дахиад л суулгасан байна. Төсвийн хэлэлцүүлгийн үед зардлаа танаж, төсвийг бодит хөрсөн дээр буулгаж батлах хэрэгтэй байна. Энэ хэрээрээ төсвийн сахилга бат, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна.
-Төсвийн зардлыг хангалттай хэмжээгээр танаж оруулж ирсэн гэдгийг Сангийн сайд Б.Болор хэлж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулж, тодорхой албан хаагчдыг цомхотгохоор тусгасан. Гэхдээ энэ нь хангалттай хэмнэлт болж чадахгүй гэж зарим УИХ-ын гишүүн ярьж байна. Ер нь алдагдлаа бууруулж, зардлаа бууруулах ямар боломжууд байна вэ?
-Үргүй зардал маш их байгаа учраас зардлаа танах боломж байна. Хамгийн нэгдүгээрт бид эдийн засгийн бүтцээ тодорхойлох ёстой. Уул уурхайд суурилсан эдийн засагтай явж ирсний горыг улсаараа амсч байгаа шүү дээ. Дээр нь, хэдэн малчдынхаа нуруун дээр сууж ирсэн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой, Тавантолгойн оператор хийж байгаа гаднын хэдэн компани, ойролцоогоор 500 мянган малчдын нуруун дээр манай улсын эдийн засаг явж байна. Бусад нь та ч, би ч хэрэглэгч шүү дээ. Тэгэхээр хэрэглэгч эдийн засагтаа тохирсон бодлогыг явуулах нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд хөөсөрсөн зардлаар хэрэглээгээ л дэмжсэн. Зам барилга барьсан л гэдэг. Гэхдээ эдийн засагтаа шингэж үлдсэн нь ховор. Эдийн засагт хуримтлал үүсгэж, мөнгө эргэлдүүлж байгаа нь уурхай, мал аж ахуй. Манайх аж үйлдвэрийн орон биш учраас төсвийг тэлэх нь үр ашгаа өгөхгүй. Харин төсвийн хумих бодлогыг явуулах хэрэгтэй байна. Англи улс Монголтой төстэй, үйлдвэрлэл хөгжөөгүй учраас таван жил төсвийн хумьсан бодлого явуулсны үр дүнд өнөөдөр эдийн засаг нь тэнцвэржиж, хөрөнгө оруулалт нь нэмэгдэж байна. Тиймээс зардлаа хамгийн бага хэмжээнд байлгах ёстой. Төрийн албан хаагчдын тоог бууруулах нь зөв. Нэгэнт хийх гэж байгаа бол зоригтой хийх ёстой. Төрийн албан хаагчдын цомхотгол гэж 2-3 мянган хүний асуудал ярьснаар төсвийн олон жил ужгирсан өвчин алга болохгүй. Үнэхээр хийхээр шийдсэн бол төрийн албан хаагчдын тоог 10 хувиар бууруулах хэрэгтэй. Цалинг дорвитой бууруул, эсвэл өсгөхгүй байх. Энэ бол төсвийн зөвхөн нэг хэсэгт хийх өөрчлөлт. Эдийн засаг нь бүтээгч биш хэрэглэгч учраас хэрэггүй зардлаа буруулах нь хамгийн зөв арга. Төрийн бүх байгууллагын дарга, сайдын өрөө Англи, Америк стандартын бараа бүтээгдэхүүн хэрэглэж байна ш дээ. Тэр нь төсвийн хөрөнгөөр авсан зүйл. Тэгэхээр энэ үр ашиггүй урсгал засвар, эд хогшил худалдан авах, автомашин худалдан авах, гадаад томилолтын зардлыг тултал нь бууруулах ёстой. Энэ бол заавал бууруулах ёстой зардлууд. Ингэснээр төсвийн нийт алдагдал буурч хэмнэлт болж чадна.
-Гэхдээ төсвийн зардлаа зоригтой танах шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа юм биш үү. Сөрөг хүчин, иргэдийн бухимдал нөлөөлж байгаа байх?
-Байгаа бүтэцдээ тохируулсан бодлого явуулах ёстой. Бид үйлдвэрлэгч биш гэдгээ санах хэрэгтэй. Энэ нөхцөлд төсөв, мөнгөний тэлэх бодлого явуулаад үр дүн гарахгүй. Төсөвт реформ хийж, төрийн албыг цомхотгоход ард түмэн, сөрөг хүчин дэмжихгүй. Харамсалтай нь өнөөдөр төсвийн реформ хийх улстөрийн хүчин дутмаг байна. Намууд нь туйлбаргүй, худал ярьдаг. Ард түмэнд амласнаа аажимдаа сааруулж өөрчилдөг. Өөрөөр хэлбэл, улстөрийн хүчин нь эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэх чадамжгүй байна. Нэг нь гарч ирэхээрээ нөгөөхийнхөө хэрэгжүүлснийг зогсоож, шинийг гаргаж ирсээр байгаад өнөөдөр бодлого гэдэг зүйл алдагдаж байна. Манай улс төрийн намууд бүгд л ард түмэндээ хайртай халамжийн бодлого явуулдаг зүүний намууд болж хувирч, эдийн засагт садаа болж байна. Ер нь төрд бодлого шийдвэр л чухал. Хууль журам нь тодорхой байвал төрд олон хүн ч ажиллах хэрэггүй. Хамгийн багадаа 50 мянган албан хаагчидтай төр байж болно ш дээ. Одоо бараг 200 мянга хол давсан байгаа байх. Үүнийхээ 50 хувийг биш юмаа гэхэд 30 хувийг цомхотгох хэрэгтэй.
-Өнгөрсөн жилээс эхлэн төсвийн алдагдлаа санхүүжүүлэхээр маш өндөр хүүтэй Засгийн газрын бонд гаргаж байна. Энэ нь хэр зөв юм бэ?
-Энэ байдал удаан үргэлжилбэл маш муу. Төсвийн алдагдлаа бууруулахын тулд 14, 15 хувийн хүүтэй бонд гаргаж байгаа. Сүүлийн таван жил улсын төсөв нэгдсэн бодлогогүй явж ирсний бодит үр дүн энэ л дээ. 2013 онд хойш Чингис бонд гээд хоёр төсөвтэй явж саяхан хүчээр нэгтгэлээ. Нэг улс хоёр төсөвтэй байж болохгүй. Монголын санхүүгийн түүхэн дэх сахилга батгүй хамгийн том жишээ Чингис бонд байсан. Тендергүй хэдэн дарга нарын үгээр, үзэмжээр хөрөнгө хуваарилсан. Чингис бондын зарцуулалтыг төсөвт хүчээр нэгтгэсний дараа алдагдал нь нэгдсэн төсөвт дарамт болж түүнийгээ хүчээр санхүүжүүлэхийн тулд гадна, дотноос тасралтгүй зээл авч байна. Одоо эхнээсээ 2016 онд өрөө төлж чадахгүй Грек шиг болно гэж ярьж байна. Э.Бат-Үүл даргын ярьж байгаа шиг зүйл арай ч болохгүй л дээ. Гэхдээ ингэж ярих хэмжээнд эдийн засаг хүндэрсэн байна. Дэлхийн зах зээлээс хамгийн сайн нөхцөлөөр зээл авсан нь манай улсын хувьд маш зөв алхам байсан. Харамсалтай нь, зарцуулалт нь буруу байсан. Өнөөдөр тэр хариуцлагыг буруу шийдвэр гаргасан хүмүүс дээр биш нийт иргэдийн нуруун дээр буучихлаа. Улсаараа татвараа нэмж, заримыг нь ажлаас нь халж төлөх гэж байна шүү дээ.
-Нөгөө талд Чингис бондын эх үүсвэрээр эргээд Засгийн газрын бондоо худалдан авч байсан уу. Үгүй юү?
-Ер нь худалдан авч байсан гэж хардах үндэстэй юм байна лээ. Нэг жишээ дурдъя, Чингис бондын эх үүсвэрийг банкуудад 10 хувийн хүүтэй байршуулсан. Маргааш нь Засгийн газар 16 хувийн хүүтэй бонд гаргасан. Ямар ч мэдлэггүй хүн л өөрийнхөө мөнгийг өөртөө өгөөд л зургаан хувийн алдагдал хүлээнэ гэдгийг мэднэ ш дээ. Гэтэл Засгийн газар мэдсээр байж л өндөр хүүтэй гаргаж, өрөнд орсон. Банкууд л хамгийн ашигтай ажилласан. Засгийн газар өөрийн эх үүсвэрээ банкуудад 10 хувиар байршуулчихсан. Эргээд банк хүүгийн ашгаараа Засгийн газрын 16 хувийн хүүтэй бондыг авч, 6 хувийн цэвэр ашиг хийж чадсан. Өнгөрсөн онд банкуудын цэвэр ашиг 350 тэрбум төгрөгт хүрсэн. Улсаараа дампуурах гээд цалин тэтгэврээ тавьж чадахгүй, аж ахуйн нэгжүүд нь хаалгаа барьж байхад банкны секторын 2-3 том банк 200 сая ам.долларын ашигтай ажилласан. Шударга бус, буруу шийдвэр гаргаж нэг хэсэг бүлэг нь хожсон. Банкуудад давуу эрх олгосон. Өөрөөр хэлбэл, төр нь өөрөө дээрэмдүүлчихээд чимээгүй суугаад байгаа юм. Одоо тэгээд ашиггүй өндөр хүүтэй бондын төлбөрийг төсвөөс л төлж байна. Ирэх жилийн төсөвт зөвхөн бондын хүүгийн төлбөрт 900 тэрбумыг зарцуулахаар суулгасан байна. Маш олон цэцэрлэг сургууль, автозам барих мөнгөө бондын хүүгийн төлөлтөд зарцуулж байна. Ойрын таван жилдээ төсвийн хөрөнгөөр шинээр бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болсон.
-Засгийн газрын бондыг иргэн, аж ахуйн нэгж бүгд л худалдан авах боломжтой биз дээ. Ер нь бол түүхэнд байгаагүй өндөр хүү учраас иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох хэрэгтэй гээд байгаа шүү дээ?
-Оролцох хэрэгтэй. Хэдэн банк хувааж идсэн дор нийтээрээ идсэн нь дээр ш дээ. Одоогоор Засгийн газрын бондын хүү 14-15 хувьд хэлбэлзэж байна. Гэхдээ энэ бол хөөсөрсөн хүү. Учир нь, Засгийн газрын бондын хүү банкны хадгаламжийн хүүгээс бага байх ёстой. Гэтэл Засгийн газар арилжааны банкнаасаа өндөр хүүтэй бонд гаргаад байгаа. Энэ хүүг Засгийн газар, Сангийн яам тогтоодоггүй юм. Арилжааны банкууд өөрсдөө “би 15-аар л авна” гээд тулгачихдаг. Үүнд, Төв банкны ч оролцоо байгаа. Бодлогын хүү өндөр байгаа учраас Засгийн газрын үнэт цаасны гол худалдан авагч банкууд өндөр хүүтэй авах сонирхолтой байдаг. Энэ нь Засгийн газар болон Төв банкны хоорондын уялдаа байхгүй байгааг л харуулж байна.
-Засгийн газрын бондын хүү өндөр байгаа учраас иргэд банкнаас хадгаламжаа татаж Засгийн газрын бонд болгох хандлага нэмэгдэж байна гэх юм. Ийм өндөр хүүтэй байх нь эргээд банкны салбараа эрсдэлд оруулж байгаа юм биш үү?
-Энэ гажуудал удаан үргэлжилбэл банкуудад эрсдэл авчирна. Хүн болгон хадгаламжаа татаад Засгийн газрын үнэт цаас руу хийчихвэл яах вэ. Ер нь бол хийх боломж бүрдчихээд байна. Банкуудын хадгаламжийн дундаж хүү 10-11 хувь байна. Дээр нь ирэх нэгдүгээр сарын 1-нээс нэг хувийн татвар төлж есөн хувийн өгөөж авна гэсэн үг. Гэтэл Засгийн газрын үнэт цаасны хүү нь 16 хувь, татваргүй, эрсдэл багатай. Уг нь Засгийн газраас илүү банк эрсдэлтэй учраас өндөр хүү амлах ёстой. Гэтэл эсрэгээрээ санхүүгийн гажуудалтай бодлогыг Засгийн газар Монголбанк хоёр хийчихсэн. Одоо энэ гажуудлаа засахыг ч хүсэхгүй байгаа. Хаалттай үед хэн ч мэдэхгүй арилжаагаа хийгээд л явна. Гэхдээ одоо иргэд, аж ахуйн нэгж Засгийн газрын үнэт цаасыг худалдан авч арилжаанд оролцож байна. Зах зээл нээлттэй болсноор энэ гажуудал засагдаад явах ёстой. Мэдээж засахгүй бол банкны сектор, банк бус санхүүгийн байгууллагад сөргөөр нөлөөлнө.
- Долоо хоногт хэдэн төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалж байгаа вэ?
-Долоо хоногт нэг удаа арилжаа зохион байгуулдаг бөгөөд хамгийн дээд тал нь 10 тэрбум төгрөгийг арилжаалж байна. Төсөв үрэлгэн байгаа учраас алдагдал нэмэгдэж, түүнийгээ бонд гаргаж нөхөхөөс өөр арга алга. Өндөр хүүтэй гаргасан бондын хүүгийн зардал иргэд, аж ахуйн нэгжийн татварыг цацаж байна.Зөвхөн жилдээ Засгийн газрын бондын хүүд 700-800 тэрбумыг зарцуулж байна шүү дээ.
-Төсөвт тусгасан хувьчлалын асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Төрийн банк болон Хөрөнгийн биржийг хувьчлахаар тооцсон байна лээ?
-Энэ оны сүүлээр төрийн өмчит таван цахилгаан станц, Монголын цахилгаан холбоо, Монгол шууданг Хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэлийг хангаж, идэвхжүүлсэн байгаа. Энэ бол УИХ-аар хувьчлах хууль нь гарсан учраас хэрэгжих учиртай. Харин ирэх онд нэмж Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчилна гэж оруулж ирснийг бодлогын хувьд буруу биш . Аливаа төрийн мэдлийн банкинд ямар нэгэн байдлаар улстөрийн нөлөө орж, хууль бус шийдвэр гарах магадлал өндөр байдаг. Тиймээс Төрийн банкийг хувьчлах хэрэгтэй. Гэхдээ нээлттэй ил тод шударга л явагдах учиртай. Хөрөнгийн бирж ч мөн адил. Улстөрийн нөлөө их байдаг учраас шударга бус шийдвэр гаргах эрсдэл байдаг.
-Хөрөнгийн биржийг хувьчлахдаа таван тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцжээ. Бага хувийг л хувьчилна гэсэн үг үү?
-Үгүй ээ. Таван тэрбумаар 100 хувь хувьчлахаар тооцсон байгаа юм шиг байна лээ. Зайсанд зарагдаж байгаа нэг хаусын үнээр зарах гэж байна гэсэн үг. Хотын хамгийн сайн байршилтай газрыг ингэж хувьчлахаар тооцсон байна шүү дээ. Бага үнэ хэлж хэн нэгэнд бэлэг болгох гээгүй л гээгүй бол дуудлага худалдааг нээлттэй, ил тод явуулах хэрэгтэй. Дээр нь, Хөрөнгийн бирж бол зүгээр нэг үнэ хаялцаад авчдаг байгуулга биш. Мэргэжлийн баг авах ёстой. Хувьчлалыг хэрхэн явуулах арга техникийг тусгаагүй байсан.
-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад Монголын хөрөнгийн биржийн захирлын албан тушаалаас ямар шалтгаанаар чөлөөлөгдсөн юм бэ. Одоо ямар ажил эрхэлж байна?
-Хөрөнгийн биржийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх бол миний шийдвэр биш. Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигч Сангийн сайдын шийдвэр. Түүнийг нь биржийн ТУЗ баталгаажуулсан. Миний хувьд зөвшөөрөхгүй байх, тайлбар тавих, тамгаа авч зугтах, өөрийгөө дөвийлгөх ямар ч шаардлага байхгүй. Энэ байгууллагын эрх ашгийн үүднээс л ТУЗ-өөс гаргасан шийдвэрийг хүндэтгэж ажлаа өгсөн. Энэ талаар дэлгэрүүлж ярих илүүц биз ээ.
Улс хямралтай, төсөв алдагдалтай үед хөрөнгийн зах зээл хөгжих таатай боломж бүрддэг гэдэг нь практик дээр батлагдсан.1966, 1997 онд Азийн хямрал гэж болоход азийн Солонгос, Япон, Индонез, Тайванийн хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжсөн байдаг. Учир нь, төсөв алдагдалтай учраас Засгийн газар нь бонд гаргаж, бондыг нь олон нийтэд таниулдаг газар нь Хөрөнгийн бирж байсан. Монголд өнөөдөр ийм боломж ажиглагдаж байна. Хямралыг боломж болгож алдагдалтай жилүүдээ Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх таатай үе гэж харж байна. Төсвийн алдагдлаа 2-3 хувиар бууруулж чаддаг ч бай, чаддаггүй ч бай алдагдалтай ажиллаж бонд гаргах нь тодорхой байна. Дээр нь Монголбанк бодлогын хүүг огцом бууруулах боломжгүй учраас Засгийн газрын үнэт цаас ойрын хоёр жилдээ банкны хадгаламжийн хүүгээс өндөр байхаар байна. Үүнийг боломж болгож Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ боломжийг олж харсан учраас "Novel investment" хувийнхаа хөрөнгө оруулалт, үнэт цаасны компанийг нээгээд ажиллуулж байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.