Эдийн засагч Д.Ангартай 2016 оны улсын төсвийн тодотголын хүрээнд өргөн барьсан татварын бодлогын шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Засгийн газар 2016 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Тодотголын төсөлд нэлээд хэдэн татварыг нэмэгдүүлэхээр тусгасан. Гэхдээ иргэд нийтээр нь татвар нэмнэ гэдэг дээр сөрөг хандлагатай байна. Таны хувьд татвар нэмэх асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Иргэн, аж ахуйн нэгж хэн ч бай төр гэдэг зүйлийг зөв ойлгох ёстой. Төр гэдэг бол Үндсэн хуульд бичсэн 2-3 заалтыг хэлдэг. Иргэн, аж ахуйн нэгжид татвар тавих эрхтэй институцийг төр гэнэ. Иргэн, аж ахуйн нэгжээс авсан татвараараа буцаад иргэн, аж ахуйн нэгждээ үйлчилгээ үзүүлэх зорилготой. Төр бол нэг ч төгрөгийн орлого бүтээдэггүй институци. Нэг хүнээс татвар аваад төсвийн зарлага болгож нөгөө хүнд хуваарилдаг. Гэтэл манай ард түмэн төрөөсөө л мөнгө нэхдэг. Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянга, ажилгүйдлийн тэтгэмж нэхдэг. Арилжааны банкны хүү 30 байхад ипотекийн зээлээ заавал найман хувиар авна, хувьцааны мөнгө гээд төрөөсөө мөнгө нэхээд л байдаг. Гэтэл нөгөө талд төр өөрөө нэг ч төгрөгийн орлогогүй. Тиймээс энэ мөнгийг гаргах хоёр арга төрд байдаг. Нэг нь татвар. Нэг иргэн, аж ахуйн нэгжид мөнгө өгөхийн тулд өөр нэгэн иргэнээс нь татвар авдаг. Тухайн жилдээ татварын орлого нь төлөвлөсөндөө хүрэхгүй тохиолдолд өр тавьдаг. Ийм хоёр эх үүсвэрээс төр орлого олдог. Гэхдээ өрийг хэзээ нэгэн цагт мөн л иргэн, аж ахуйн нэгжийн төлсөн татвараас төлнө. Төрд нэг ч төгрөг байдаггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Засгийн газар татвар нэмнэ гэсэн асуудал ярьж байна. Энэ нь төр зарлагаа санхүүжүүлж чадахгүй байгаатай л холбоотой. Олон мянган хүнийг төрийн албан хаагч нэрээр төр өөр дээрээ авсан. Өнөөдөр төрийн албан хаагчдын тоо 180 мянга хол давсан. Энэ бол Монгол Улсын хувьд ахадсан тоо. Төрийн албаны үйлчилгээ гэж ямар байдгийг бүгд мэднэ. Маш сул дорой, чанаргүй, хүнд сурталтай, асуудал шийддэггүй. Ийм чанаргүй үйлчилгээг үзүүлдэг хэр нь хөдөлмөрийн чадвартай нийт иргэдийн 1/5 нь төрийн албан хаагч болсон байна. Гэтэл үлдсэн 4/5 нь эдгээр төрийн албан хаагчдын зардлыг төлж байна гэсэн үг. Энэ хэрээр төсвийн зардал өндөр байгаа нь ойлгомжтой. Нэгэнт төр өөрөө баялаг бүтээдэггүй учраас татвараар санхүүжүүлэхээс өөр аргагүй. Миний зүгээс Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдын татвар нэмнэ гэсэн бодлогыг сайшааж байгаа. Хамгийн чухал нь данхайж байсан төрийн албыг багасгаж, төрийн зарим зардлыг бууруулж байна. Энэ маш зөв. Ингэж байж суурь асуудлаа шийдэх боломж бүрдэнэ. Нөгөө талд нь татвар нэмэх зайлшгүй шаардлага бий болсон байна.
-Зайлшгүй нэмэх ямар шаардлага гэдэг нь юу вэ. Нөгөө талдаа татвар нэмнэ гэж байгаа нь Засгийн газар сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан шийдвэр биш үү?
-Ихэнхи иргэд татвар нэмнэ гэдгийг эсэргүүцэх хандлагатай байна. Гэхдээ энэ иргэд дутуу мэдээлэл, буруу ойлголттой байна. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын танилцуулсан татварын бодлого бол харин ч МАН-ын үзэл баримтлалтай нийцэж байгаа. Зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намын татвар нэмэх бодлого. Өөрөөр хэлбэл, орлого өндөртэй хэсгээсээ татвар авч, орлого багатай бүлгийнхэнд өгдөг татварын систем. Ашиг, орлого өндөртэй бизнесээс өндөр татвар авч дундаас доогуур орлоготой, эмзэг бүлгийнхний төсвийн зардлыг нөхөж, тэтгэмж, халамж байдлаар тараадаг. Энэ бол зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намын сонгодог бодлого. Монгол Улсын төрийг сүүлийн 26 жилийн турш хоёр том нам ээлжлэн жолоодож ирсэн. Цаасан дээр бичсэн намын үзэл баримтлалыг авч үзэхэд АН баруун талдаа, МАН зүүн талдаа гэдэг. Гэхдээ хоёулаа зүүний бодлогыг хэрэгжүүлж ирсэн. АН нь МАН-аасаа илүү зүүний бодлогыг явуулж, иргэдээ халамжилсан байх жишээтэй. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танилцуулж байгаа татварын бодлогууд илүү тансаг хэрэглээ рүү чиглэж чадсан. Нарийн судлаад харвал, нийтэд бус хэсэгхэн бүлэгт л хамаарах татварыг нэмэгдүүлсэн. Жишээ нь, үл хөдлөх хөрөнгө дээр татвар шинээр бий болгохоор тусгасан. Өнөөдөр 150 ам метрээс дээш байртай хүнд жилийн 450 мянган төгрөгийн татвар нэмэгдэж байна. Төсөв, эдийн засаг хүнд байгаа үед төрд төлөх боломжийн хэмжээний татвар. Иргэн төрийн өмнө дөрвөн үндсэн үүрэг хүлээдгийн нэг нь татвар төлөх. Нэгэнт л энэ улсын хувь заяаг шийдэх иргэн учраас ногдуулсан татварыг төлөх ёстой. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн татвараас хэн хамгийн их татвар төлж байгааг нь харвал Зайсан, Нүхт, Гачуурт зэрэг зэрэглэл өндөртэй газарт амьдарч байгаа хэсгийнхэн илүү өртөж байгаа. Талбай томтой байшин, хаусанд амьдарч байгаа тансаг байрууд л ихэвчлэн хамрагдаж байгаа. Зайсангийн том хаусууд жилд 5-18 сая төгрөгийн татвар төлнө. Өнөөдөр ипотекийн зээлээр байртай болсон дундаж амьдралтай иргэдэд хамаарахгүй, энэ төрөлд татвар нэмэгдээгүй. Харин тансаг хэрэглээтэй 400, 800 ам метртэй байранд амьдарч байгаа бүлгийнхэнд хамаарах татвар байтал үүнийг 80, 100, 150 ам метрийн байртай хүмүүс илүү шүүмжлээд байна. Энэ бууруу шүүмжлэлээс үүдэж төр нь ард иргэд эсэргүүцэж тансаг хэрэглээнээс татвар авах тогтолцоогоо болиулах эрсдэлтэй. Хэрвээ энэ төрлийн татварыг нэмэгдүүлж чадахгүй бол өнөөдөр шүүмжилж байгаа дундаж амьдралтай хүмүүс л хохирно. Харин татвар тавиулах ёстой тансаг хэрэглээтэй хүмүүс л завшина. Татвар тооцох талбайн хэмжээ нь 150 ам.метрээс эхлэх үү, арай өндөр ёстой юу гэдгийг ярьж, хэлэлцүүлэг өрнүүлж болно. Бусдаар энэ бол маш зөв бөгөөд шударга татвар.
-Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах асуудал дээр?
-Дэлхийн аль ч улсад хадгаламжийн хүүг хөрөнгийн орлого буюу энгийн орлогоос илүү амархан байдлаар олсон орлого гэж үздэг. Бүтэн найман цаг дэлгүүрийн шал угааж олсон орлого, банкинд мөнгөө хадгалуулаад олсон орлогыг шингэсэн хөдөлмөрөөр нь үнэлвэл хөрөнгийн орлогыг илүү амар аргаар олсон гэж үздэг. Тийм учраас хөрөнгийн орлого илүү татвартай байдаг. Дэлхийн жишгээр бол энгийн орлогод 10-20 хувийн татвар ногдуулдаг бол хөрөнгийн орлогод 30-40 хувь байдаг. Зарим тохиолдолд 45 хувь байдаг. АНУ-д хамгийн том хөрөнгийн орлогууд 45-50 хувийн татвартай байдаг. Гэтэл Монголд сүүлийн 26 жилийн турш ганцхан салбар татвар төлөхгүй, нуугдаж ирсэн. Энэ бол банкны сектор. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар банкны хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна гэж маш зоригтой дуугарлаа. Үе үеийн Засгийн газраас түүхэндээ анх удаа банкны хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах шийдвэр гаргалаа. Гэтэл үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн олонхи нь нөгөө л хадгаламжгүй, хэсэг лоббичдын гар хөл болсон хүмүүс байна. Өнөөдөр дансандаа 30, 50, 100 тэрбум төгрөгийн хадгаламжтай 200-300 хүн байдаг. Энэ хүмүүс 26 жил татвараас зайлсхийж, нуудаж ирсэн. Үүнийг л Ж.Эрдэнэбатын Засгийн газар дэлхийн жишгээр нь явуулж, эдгээр хүмүүст татвар тавих, тавихдаа нэлээд зоригтой тавьсан гэж харж байна. Хадгаламжийн хүүгийн орлогоос 25 хувийн татвар авахаар тооцсон. Өнөөдөр Монголын жирийн иргэнд 20 тэрбум битгийн хэл хоёр сая төгрөгийн хадгаламж байхгүй шүү дээ. Ийм хэмжээний хадгаламж хэнд байгааг нь судлаад үзэхээр УИХ-ын гишүүд, сайд нар л байна. Гэтэл эдгээр хүмүүс өөртөө зориулан татварын хууль бичээд 26 жил хадгаламжийн татвараас чөлөөлөгдөж ирсэн. Өнөөдөр 20, 50 тэрбумын хадгаламжтай хүмүүс өнөөгийн болон өнгөрсөн УИХ-ын гишүүд дунд цөөнгүй бий. Хорин тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн жилийн 16 хувийн хүүгийн өгөөж авах бөгөөд жилийн 3.2 тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн орлого гэж авдаг гэсэн үг. Гэтэл энэ ашгаасаа нэг ч төгрөгийн татвар төрд төлөхгүй өдий хүрсэн. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар хадгаламжийнхаа хүүгээс олсон 3.2 тэрбум төгрөгийн ашгаасаа нэг тэрбумыг нь улсад татвар хэлбэрээр төлүүлэх гэж байна. Энэ шударга зохицуулалт мөн үү гэвэл мөн. Гэтэл 20 тэрбум төгрөгийн хадгаламжтай хүнийг татвар төлүүлье гэхээр хадгаламжгүй хүмүүс учраа олохгүй эсэргүүцээд байна. Тиймээс шинэ Засгийн газрын татвар нэмэх бодлогыг бодитой харах хэрэгтэй. Хөндлөнгийн шинжээчийн хувьд маш зөв шийдвэр гэж харж байна.
-Автомашины татварын хувьд иргэд мөн эсэргүүцэж байна. Тухайлбал, приус авахад, бас хуучин сэлбэгт татвар ногдуулахаар байна гээд байгаа л даа?
-Хэн хамгийн их татвар төлөх вэ гэвэл 4500 дээш цлиндерийн багтаамжтай том оврын автомашинуудад илүү хамаарна. Ийм машиныг хэн унаж байна гэвэл нөгөө л сайд дарга нар, УИХ-ын гишүүд, орлого өндөртэй хэсгийнхэн. Жирийн иргэдийн унаж байгаа приус маркийн автомашинд татвар тийм ч айхтар нөлөөлөхгүй. Хөдөлгүүрийн багтаамж нь 1500-2500-тай автомашинуудад бараг нөлөөлөхгүй.
-Хувь хүний орлогын албан татварын хувьд?
-Дэлхийн аль ч улс оронд орлогын албан татвар шатлалтай байдаг. Бусад улсад улстөрчид гэхээр жирийн дундаж орлоготой, судлаач, эдийн засагчид байдаг. Ялангуяа Англид парламентын гишүүд бүгд цалингаараа амьдардаг.Монголын парламентад тийм хүмүүс ганц нэг байгаа л байх. Гэхдээ олонхи нь Монголын хамгийн том бизнесмэнүүд, хамгийн их мөнгөтэй хүмүүс байдаг. Энэ хүмүүс сүүлийн 26 жил Монголын парламентад байсан учраас өөрсдөдөө зориулсан хууль баталсан гэж хардаг. Өнөөдөр нэг шатлалтай татварын системтэй улс Монголоос өөр байхгүй байх. Нэг шатлалтай байвал баячууд татвараас зугтах таатай орчин бүрддэг. АНУ, Англи, Европын холбоо бүгд олон шатлалтай татвар авдаг. Хамгийн бага орлоготой иргэд 10 хувийг, арай гайгүй нь 20 хувь гэх зэргээр явсаар хамгийн өндөр орлоготой иргэд 30-45 хувийн татвар төлдөг. Жишээ нь Леброн Жэймс жилийн 100 сая ам.долларын гэрээ хийсэн гэж ярьдаг. Гэтэл 100 сая долларын орлогынх нь 40 хувийг улс нь татвар хэлбэрээр авдаг. Хэзээ ч өндөр орлоготой иргэд жирийн иргэний төлж байгаа хэмжээгээр татвар төлдөггүй. Учир нь, энэ нөхцөлд төр гэдэг институци ажиллахаа больдог. Их орлоготой хүнээс өндөр татвар авч, бага орлоготойд өгөх нь төрийн үндсэн үйл ажиллагаа. Ингэхгүйгээр их, бага орлоготой иргэд ижил хэмжээний татвар төлбөл төсөв нь алдагдалтай болж, баян хоосны ялгаа эрс нэмэгдэж эхэлдэг. Тиймээс хоёр шатлалтай болгох нь мөн л зөв. Ингэснээр бизнесийн зохицуулалт илүү шударга болдог. Татвар бол орлогын дахин хуваарилалт учраас их орлоготойгоос нь их татвар авснаар нийгэмд шударга хуваарилалт бий болно. Нэг шатлалтай татварын сул тал нь нэг этгээдэд орлого төвлөрөх магадлал хамгийн өндөр байдаг. Энэ үзэгдэл Монголд газар авсан. Төрөөс төрсөн тэрбумтан, олигархиуд татварын нэг шатлалтай бодлогоос хүртэгсэд юм. Дэлхий нийт олон шатлалтай татварын системийг өргөнөөр хэрэглэж байгаа нь орлогын дахин хуваарилалтыг хүртээмжтэй, шударга хүргэхэд чиглэсэн. Баячуудыг хэт баяжуулахгүй, нийгмийн эмзэг бүлгээ тэтгэх нь төрийн үндсэн үүрэг. Гэтэл манай төр нийтэд нь 10 хувийн татвар авдаг. Тиймээс татварын шинэчлэлийн бодлогыг нааштайгаар хүлээн авч байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар сүүлийн 26 жилийн дотор хэн ч хийж зүрхлээгүй зоригтой шийдвэр. Төр ихэнхдээ мөнгөтэй, хүчтэй олигархиудын ашиг сонирхол, лоббинд автаад яваад байсан. Энгийн иргэдэд татвар нэг шатлалтай, амар боллоо гэж ярьж байгаа ч цаана нь баячууд л татвараас зайлсхийх орчныг бүрдүүлж ирсэн. Харин татварын шатлал гарч ирснээрээ, шинэ татварууд бий болгосноор, ялангуяа тансаг хэрэглээнд өндөр татвар ногдуулснаар нийгэм дэх баялгийн тэгш хуваарилалтыг бий болгож байна. Энэ бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын зохисон шинэ асуудал биш. Энэ бол хүн төрөлхтний бий болгосон татварын систем, соёлыг л Монголд бий болгож байгаа хэрэг.
-Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авъя, 150 ам метрээс дээш байртай иргэдээ татвар авахад болохгүй зүйлгүй гэж ярьж байна. Гэтэл хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар иргэд хадгаламжаа хуваан байршуулах, татах асуудал гарна. Нөгөө талд 150 ам метрээс дээш байраас татвар авна гэхээр зуслангийн байшинд бүх айлууд татвар төлөх болж байна. Эндээс харахаар баячууд гэхээсээ илүү дундаж амьдралтай өрхүүд илүү өртөх юм шиг санагдаад байна?
-Бага зэргийн хамаарлууд байгаа. Мэдээж социализм, коммунизм гэж байхгүй болсон. Тиймээс хөрөнгөтнөө, баялаг бүтээж байгаа бизнесийнхэндээ нийгмийн хог шаар шиг хандаж, олсон болгоноос нь татвар аваад байж болохгүй. Тиймээс татвар жигд байх ёстой. Өндөр ашиг орлоготой, тансаг хэрэглээтэй хүмүүс их хэмжээний татвар төлнө. Нөгөө талд дундаж орлоготой иргэд тодорхой хэмжээний татвараа төлнө. Энэ нь тухайн аж ахуйн нэгж, иргэнийг дампууралд оруулахаар хэмжээний биш. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авбал хадгаламжаа татна гэдэг бол зүгээр л тархи угаалт. Татвартай болсноор мөнгөө аваад гадагшаа гарна гэдэг. Гэтэл өнөөдөр монгол төгрөг чөлөөтэй хөрвөх чадвартай хатуу валют болоогүй байна. Энэ нөхцөлд төгрөгөө аваад хаашаа гарах юм бэ. Дээр нь Монголоос өөр төгрөгт 15 хувийг өгөөж төлж байгаа газар хаана ч байхгүй. Хамгийн өндөр хүүтэй, эрсдэлээс хамгаалагдсан байдаг. Монголын банкинд төгрөг нь байж төрөөс даатгагддаг. Дээр нь зөвхөн хадгаламжийн хүүгийн орлого 20 сая хүрвэл 15, 30 саяас дээш бол 25 хувийн татвар авна. Энэ нь аюул дагуулах хэмжээний татвар биш. Үүнийг хэн ингэж бууруу тайлбарлаж, нийт хадгаламж эзэмшигчид хамаатай юм шиг ярьж байгаа нь иргэд мэдээлэлгүй байгаатай холбоотой. Эдийн засгаа солонгоруулж, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгохыг зорьж байгаа бол эдгээр татварын шинэчлэлийг хийх л хэрэгтэй.
-Эдийн засаг хямралтай үед иргэн, аж ахуйн нэгжид илүү дарамт болохгүй юу?
-Төрд олгосон хүчтэй хэрэгсэл нь татвар байдаг. Эдийн засгийнхаа үндэс суурьт тохирсон татварын бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөгийн тавигдаж байгаа татварууд эдийн засагт хүчтэй савлагаа үүсгэж, аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барих хэмжээнд нөлөөлнө гэж үзэхгүй байна. Цаад утгаараа аль хэдийнэ их орлоготой, ашиг нь ихэдсэн иргэн, аж ахуйн нэгжид тавигдаж байгаа учраас эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй. Ийм яриа гаргаж байгаа нь татвараас зайлсхийж ирсэн хүмүүсийн л явуулга, лобби гэж хардаж байна.
-Татвар нэмэх асуудал хөндөгдөхөөр татвараас зайлсхийх арга руу зарим иргэн аж ахуйн нэгж шилжинэ. Үүнээс яаж сэргийлэх юм бэ. Эдийн засгийн ил тод байдлын хуулиар нэлээд хэмжээний хөрөнгө орлого ил болсон. Татвар нэмснээр буцаад хумигдах сөрөг нөлөөтэй биш үү?
-Таны асууж байгаа асуудал бол анхаарах ёстой хамгийн чухал асуудлын нэг. Манай татварын систем ил тод биш явж ирсэн. Татварын байцаагчид нь хэдэн төгрөг атгуулахад болчихдог гэж нэг хэсэг ярьдаг байсан. Иргэн, аж ахуйн нэгж татвар төлөх үүргээс биелүүлж төлөөд байхад төр нь өөрөө зүй зохисгүйгээр шамшигдуулдаг байвал сүүлдээ иргэн, аж ахуйн нэгж татвар төлөх сонирхолгүй болно. Энэ төрийн үнэлэмжийг бууруулдаг. Төрийн үнэлэмж өндөр байх тусам ард түмний төрөө дээдлэх, хүндлэх, татвар төлөлт нэмэгдэнэ. Иргэдийн төлсөн татварыг төр нь хувьдаа ашиглаж шамшигдуулдаг байвал төрийн үнэлэмж буурна. Үүнээс болж иргэний дайн, үймээн самуун гардаг. Тиймээс татварын зарцуулалтын хууль эрх зүйн орчныг илүү сайржуулах хэрэгтэй. АНУ-д татвараас нуугдаж байгаад баригдвал эрүүгийн гэмт хэрэгт тооцож, шууд ял шийтгэл ногдуулдаг.Татвар нуун дарагдуулсан үйл ажиллагаанд оролцсон төрийн албан хаагчийг хуулийн хариуцлага хүлээдэг. Ийм хууль эрх зүйн орчинтой газар татвараас нуугдах шаардлагагүй гэсэн ойлголт тогтсон байдаг. Дэлхийн ихэнхи улсад татварын эрх зүйн орчин чанга буюу татвараас цугтвал шоронд орно. Гэтэл Монголд татвараас зугтахад нь татварын байцаагчид нь тусалж байна шүү дээ. Төр нь өөрөө тусалдаг гэсэн үг. Тусалж, тусалж байгаад эргээд баригдах гэхэд нь өршөөлийн хууль гээд гаргачихдаг. Ийм маягаар цааш явбал татвар төлөх иргэн, аж ахуйн нэгжгүй болно. Тиймээс татварын чанга системийг нэвтрүүлж, эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Иргэн, аж ахуйн нэгж төлсөн татвар нь хаашаа юунд зарцуулагдсаныг төрөөсөө шаардаж байх хэрэгтэй. Энэ хэрээр төр цэвэршиж, засаглал нь сайжирч ил тод нээлттэй болно.
Өнөөдөр нөхцөлд төрийн орлого олдог өр тавьдаг хаалга түр хаагдсан. Тиймээс татвар авахаас өөр аргагүй. Сонголтын хувьд өөр гарц байхгүй. Татвар нэмэх асуудал нийтэд биш, тансаг хэрэглээнд тавьж байгаа хэрэг. Нийт хадгаламж эзэмшигчдийн нэг хувь нь нийт хадгаламжийнхаа 99 хувийг эзэмшдэг. Гэтэл хүүгийн орлогоос нь татвар авъя гэтэл хадгаламжгүй иргэд эсэргүүцээд л байгаа юм.
-Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудалд нэлээд бухимдаж байгаа харагдсан?
-Нийгмийн даатгалын сангийн ил тод байдлыг татвар нэмэх гэж байгаатай хамт шаардах хэрэгтэй. Ниймгийн даатгалын сан авлигын маш том уурхай болж ирсэн. Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгийг арилжааны банкуудад бага хүүтэй байршуулж, хүүгээс нь цавчаа хийж, банкууд хувааж авч байсныг УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд хэлж байсан. Хэдэн арван тэрбумаар нь авч байгааг хэлсэн. Үнэхээр ийм асуудал байсан уу гэдгийг судалж, ил тод болгох хэрэгтэй ш дээ. Нэг хүн нэгийгээ зүгээр зүтгэсэн үү, үгүй юү гэдгийг хууль хяналтын байгууллага нь шалгах хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, хасч болно. Харин үүнээс өмнө нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг олон нийтэд тайлагнах хэрэгтэй. Засгийн газрын үнэт цаас 17 хувьтай байхад яагаад банкуудад 7 хувийн хүүтэй байршуулсан юм бэ гэдгийг холбогдох байгууллагууд олон нийтэд тайлагнах ёстой. Үүний дараа нэмэх асуудлаа ярих нь зүйтэй болов уу.