Манай iToim агентлаг залуусын мэргэжил сонголт, гадаад, дотоодын тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Япон улсын топ гурван сургуулийн нэг Осакагийн Их Сургуульд Хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцаж буй Х.Анартай ярилцлаа. Мөн тэрээр Anikod багт орчуулагчаар ажилладаг билээ.
-Сайн байна уу. Хэзээнээс Японд суралцахыг зорьж, бэлтгэж эхэлсэн бэ. Энэ зорилгоодоо хэрхэн хүрсэн талаар яриагаа эхлүүлье?
-Сайн байна уу, намайг Анар гэдэг. 2014 онд Баянгол дүүргийн 93-р сургуулийг төгсөөд, МУИС-ийн Нийгмийн ухааны салбар сургуулд жил жил суралцсан. Одоо Осака их сургуулийн тэтгэлгээр тус сургуульд суралцаж байна. Нэгдүгээр курс учраас хараахан мэргэжлээ сонгоогүй байна. Гэхдээ боловсролын чиглэлд мэргэжил сонгоно гэж төлөвлөсөн. Багаасаа л Японд сурах хүсэлтэй байсан учир маш олон сургууль судалж, ямар тэтгэлгийн боломж байдгийг судалсан. Тэгээд 2015 оны аравдугаар сард Осака Их Сургуулийг сонгож, материалаа бүрдүүлээд хүсэлт явуулсан. 2016 оны гуравдугаар сард эцсийн байдлаар тэнцсэн гэдэг хариу авч их баярласан. Засгийн газрын тэтгэлгийг гүйцэхгүй ч миний хувьд болж байгаа. Элссэн шугам нь Осака Их сургуулийн гадаад оюутны тоог нэмэгдүүлэх зорилгоор шинээр эхлээд удаагүй байгаа хөтөлбөр юм. Энэ тэтгэлэгт Япон хэлний шалгалтын N1 эсвэл N2 төвшний хэлний мэдлэгтэй хүүхдүүд материалаа илгээх бүрэн боломжтой. Англи хэлний TOEFL, IELTS шалгалтын оноотой байвал илүү давуу тал болж өгнө.
-Осака Их Сургуулийн тэтгэлгийн материалаа хэрхэн бүрдүүлж өгсөн бэ. Эссэгээ хэрхэн бичсэн талаар туршлагаа хуваалцаж болох уу?
-Нийгмийн идэвх, сурлагын дүнгээс эхлээд, яагаад тухайн сургуулийг сонгож байгаа вэ гэсэн шалтгаанаа бичсэн эссэг явуулах ёстой. Тэтгэлэгт хамрагдах гэж бэлтгэж буй хүүхдүүдэд Япон хэлний төвшингөө сайжруулахаас гадна нийгмийн идэвхтэй байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Жишээ нь, сайн дурын ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Эссэний хувьд анхандаа би өөрөө яаж бичих арга, эв дүйгээ олохгүй их тулгамдаж байсан. Интернетээс хайж, Монгол Япон төвийн номын санд очиж олон ном уншиж үзсэн. “Бусдаас ялгарч байж л сонгогдоно” гэдгийг тэтгэлэгт хамрагдсан хүмүүс бүгд хэлдэг. Тийм учраас яг өөрийн зорьж буй зорилго, үнэхээр тэр сургуульд чи сурснаараа юуг олж мэдэж чадах вэ, юуг сурч мэдмээр байна гэдгээ сайн тусгаж өгсөн.
-Сургуулийнхаа талаар танилцуулж болох уу. Тэтгэлгээр суралцахын ялгааг юу гэж харж байна вэ?
-Токиогийн их сургууль, Киото их сургууль, Осака их сургууль нь Японы гурван том улсын их сургууль юм. Миний суралцаж буй хүмүүнлэгийн чиглэлээр Японд хамгийн анх Осакад байгуулагдаж байсан гэдгээрээ алдартай.
Тэтгэлэг авна гэдэг гоё мэдрэмж шүү. Тэтгэлгээ үргэлжлүүлж авахын тулд сурлагын дүн чухал. Тиймээс хичээлээ сайн хийх хэрэгтэй. Бүх зүйл чамаас өөрөөс чинь л шалтгаална. Чи өөрөө чадаж байвал боломж бий гэдгийг ойлгуулдаг.Монголд суралцах, энд суралцах арга барил их өөр. Хамгийн гоё боломж Засгийн газрын тэтгэлэг. Энэ тэтгэлгээр жилд арван хүүхэд Монголоос ирдэг. Өндөр шалгууртай. Би авч чадаагүй болохоор өөртөө их сэтгэл дундуур л байдаг. Сурахыг хүсэж байгаа хүүхдүүдэд Засгийн газрын тэтгэлэг авах нь их чухал гэж хэлмээр байна. Гэхдээ Засгийн газрын тэтгэлэгт тэнцээгүй ч өөр их сургуулиудад шууд өөрөө материалаа бүрдүүлээд, шалгалт өгч ярилцлагад ороод тэнцэх боломж бий. Энд суралцаад сэтгэгдэл их өндөр байгаа. Оюутанд суралцах сэдлийг төрүүлэх орчинг бүрдүүлж чадсан. Эхний жилдээ адилхан суурь боловсрол үздэг ч дандаа лекцээр хичээл нь ордог. Тиймээс бие даалт ихтэй.
-Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдэд хэлний мэдлэг, дүнгээс гадна тавигддаг чухал шалгуур юу вэ?
-Миний хувьд ерөнхий боловсролын сургуульд байхдаа сайн үйлсийн аянд бараг оролцож байгаагүй. Сайн мэддэг ч үгүй байсан. Одоо бодохоор арван жилдээ юу хийж байсан юм бэ гэж өөрийгөө их буруутгадаг. Оюутан болоод, “Азийн залуучуудын туялзуур сэлмийн аварга шалгаруулах тэмцээн”, “Олимпын эрхийн төлөөх чөлөөт бөхийн тэмцээн” гэх мэт ихэвчлэн спортын тэмцээнүүдэд орчуулагчаар сайн дураараа ажиллаж байсан. Найзуудаасаа сонсоод л, хамт хийх үү гэхэд нь “Өө тэгье” гээд л хийж байсан. Ер нь фэйсбүүкээр сайн дурын ажил, volunteers гэх мэт групп их юм билээ. Тэдгээр группид ороод, мэдээллийг цаг тухайд нь аваад нийгмийн ажилд идэвхтэй амьдрах хэрэгтэй юм болов уу. Манай найзын байгуулсан “Найз нь найзыгаа дэмжье” гэдэг групп байдаг. Энд сайн дурын ажлын мэдээллүүд их харагддаг. Жил болгон хүүхдийн баяраар “нэг хогийг нэг амттан”-аар гээд аян хүртэл зохиогддог. Ийм төрлийн сайн дурын ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй.
-Япон хэлийг хэзээнээс сурч эхэлсэн бэ. N2 төвшин тогтоох шалгалтад хэрхэн бэлтгэсэн бэ?
-Япон хэлийг тавдугаар ангиасаа есдүгээр анги хүртлээ Ерөнхий боловсролын сургуульд сурсан. Аравдугаар ангиас энэ хичээл хаагддаг. Түүнээс хойш өөрөө бие дааж суралцаж эхэлсэн дээ. N2 төвшинд би хоёр удаа унасан. 3 дахь дээрээ л тэнцэж чадсан. N1, N2 бол академик төвшин учир их хүнд. Гэхдээ хичээвэл болохгүй зүйл гэж байхгүй ээ. Монгол Японы төвийн номын санд маш их материал байдаг учир тэдгээрийг ашиглаж бэлдвэл их үр дүнтэй гэж бодож байна.
Би аравдугаар ангиас хойш Япон хэлний ном огт барьж суугаагүй юм байна лээ. Харин япон кино, аниме их үздэг байсан. Сүүлдээ сайн дураараа орчуулга хийдэг болсон. Anikod-д орчуулагч хийдгийг үздэг хүмүүс мэдэх байх. Ер нь би сурахгүй бол болохгүй гэж өөртөө даалгавар мэт хэлэхээс илүү сурмаар байна гэсэн чин хүсэл эрмэлзлэлээр л хүн аливаа зүйлийг тууштай сурч чадна гэж боддог. Тийм болохоор хийхгүй бол болохгүй биш хиймээр байна гэсэн сэтгэлээр л суралцах хэрэгтэй болов уу? Өөрийн сонирхлоороо дамжуулан хэл сурах нь илүү үр дүнтэй. Гэхдээ хүн бүр янз бүрийн аргаар хэл сурах боломжтой. Өөрийнхөөрөө л сурах хэрэгтэй гэж боддог. Япон хэлний хувьд үг өгүүлбэрийн байршил гээд л монгол хэлний дүрэмтэй яг адилхан. Бас их гоё сонсголтой. Дуудлагыг нь сонсоход гоё байдаг.
-Anikod-д Нино нэрээр орчуулга хийдэг. Ийм төрлийн ажил хийснээр ямар ач холбогдолтой вэ?
-Би Anikod-д 2015 оны дөрөвдүгээр сараас орсон. Япон анимег орчуулдаг багууд нэг хэсэг маш олноор гарч ирсэн ба орчуулгын чанар ч маш муу, буруу орчуулга их хийгдсэн. Үүнд их сэтгэл дундуур байсан. Тэгсэн anikod шинэ хүн авч байна гэхээр нь орохоор шийдсэн. Одоохондоо бие дааж авсан төсөл байхгүй байгаа. Хичээл, ажил гээд л завгүй байгаа болохоор завсарлага авсан. Зунаас идэвхтэй болно. Бусад багууд маань идэвхтэй байгаа. Манай anikod-ийн админ гэхэд Энэтхэгт компьютерийн чиглэлээр суралцаад одоо төгсөж байгаа. Орчуулагчаас гадна кодлогчид гээд бүгд сайн дураараа үүнийг хийдэг. Энэ бол бидний сонирхол юм. Мөн үүнийг хийснээрээ компьютерийн програм дээр ажиллаж сурахаас гадна хэлний төвшин сайжирдаг. Бас сонирхол нэгтэй найзуудтай болно. Хамгийн гоё нь үзэж буй хүмүүсээс талархлын үг сонсох. Хүн өөрөө сэтгэлийн амьтан болохоор баярлаад л явчихдаг.
- Японд очоод юу хамгийн их таалагдсан бэ. Бас эх орныхоо юуг их санаж байна.
-Энд хамгийн их сонирхол татсан зүйл нь метро байсан юм болов уу. Анх учраа ч олохгүй, тасалбар авах, чиглэлээ олох зэргийг нь ойлгохгүй их сандарч байсан. Бүх юм автомат болохоор “Аргагүй л Япон юм даа” гэж бодож байсан. Япончууд угаасаа цагийг яс барьдаг учраас бүх юм цаг, цагаараа. Энийг л Монголд нутагшуулмаар байна. Манай Монголд бүр цагтаа ирсэн нь бусдыгаа хүлээнэ гэдэг үг хүртэл гарсан шүү дээ. Хүн бүр цагаа яг бариад сурчихвал их зүгээр юмсан. Хэн хэнийхээ ажлыг алдагдуулахгүй, уур бухимдлыг төрүүлэхгүй.
Бас Монголынхоо бороог их санаад байх юм. Энд бороо нь их муухай. Нэг орчихвол өдөржингөө асгана. Тэгээд үнэр гэж юу ч байхгүй. Монголд борооны дараах үнэр ямар гоё билээ дээ. Энд ирээд бороонд дургүй болж байна даа. Монголдоо бороонд нороод явна. Энд нороод явбал халзарна.
-1 хувийн авьяас, 99 хувийн хичээл зүтгэл, Keep moving forward (Хичээгээд бай!) гэж хэлэх дуртай.
-Ярилцсанд баярлалаа. Ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.