Open iToim app
Чөлөөт цаг | 4 мин уншина

​Амжилтад хүрэх найман нууцыг гурван минутад

​Амжилтад хүрэх найман нууцыг гурван минутад
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 2
Корпорацийн бизнесийн ертөнцөд Nortel Networks R & D лабораторийн эрдэм шинжилгээний ажилтнаас амжилтын гараагаа эхэлж, хүссэндээ хүрсэн хүн бол Ричард Жон юм. Арван жилийн дотор тэрээр судлаач, маркетингийн багш, дараа нь гүйцэтгэх захирал болтлоо дэвшиж чадсан байдаг.
Бизнес хөгжүүлэлтийн ертөнцөд тэрээр 30 гаруй жилийн туршид дэвшилтэт технологийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан Марк Жон группийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн. Ричард Жон дэлхийн хамгийн шилдэг корпорацийн видео бичлэг, скрипт, бизнесийн харилцаа холбооны шилдэг шагналыг хүртсэн байдаг. Тэр дуртай зүйлээ хийж байсан бөгөөд үүнийхээ үр дүнд саятан болж чадсан нэгэн юм.
Түүний хийсэн нэгэн гайхалтай зүйл бол өөрийн амьдралын арваад жилийг амжилтад хүрсэн хүмүүстэй уулзаж ярилцахад зарцуулсан явдал. Энэ хугацаанд дэлхий дахинд хамгийн амжилттай яваа 500 гаруй хүмүүстэй уулзаж ярилцсан бөгөөд тэдгээрийн дотор Билл Гейтс, Марта Стюарт, Ричард Брэнсон, Google-ыийн үүсгэн байгуулагчид, Руберт Мурдок зэрэг олон алдартнууд багтсан.
Ричард Жон алдартнуудтай ярилцсан ярилцлагууддаа дүн шинжилгээ хийн, бүх саналыг харьцуулан амжилтын тухай дэлхийн хамгийн том, хамгийн эмх цэгцтэй өгөгдлийн санг бий болгожээ. Үүнээс тэр аль ч салбарт амжилтад хүрэх чухал хүчин зүйлсийг олж илрүүлсэн бөгөөд “Амжилттай яваа хүмүүст байдаг нийтлэг 8 шинж” ном бичсэн нь шилдэг борлуулалттай номын жагсаалтад орсон байдаг.
Гайхалтай нь шинжээч Ричард Жон амжилтын нууцын тухай энэхүү олон жилийн ярилцлагаа 3 минутын илтгэлд багтаан TED talk-д танилцуулсныг та бүхэнд хүргэж байна.
Арван жилийн сурагчдад хоёр цаг хүргэдэг илтгэлээ өнөөдөр би энд хүрэлцэн ирсэн та бүхэнд зориулан гурван минутад хураангуйлан бэлтгэлээ.
Энэ бүхэн одоогоос долоон жилийн өмнө онгоцонд нисч байхад минь эхэлсэн юм. Миний хажуугийн суудал дээр нэгэн өсвөр насны, арван жилийн охин сууж байсан. Тэр охин үнэхээр амьдралын боломж муутай, ядуу гэр бүлээс гаралтай байв. Тэр өөрийн амьдралаа ямар нэгэн хэрэгтэй зүйлд зориулахыг хүсч байлаа. Ингээд тэр надаас ердийн нэгэн асуултыг асуусан юм. “Амжилтад хүргэдэг зүйл юу вэ” гэж. Яг тэр мөчид би тун эвгүй байдалд орсон. Учир нь надад түүнд өгөх хамгийн сайн хариулт олдсонгүй. Ингээд би онгоцноосоо буугаад “Ted x” хөтөлбөр дээр очлоо. Тэр үед “хөөх, би чинь амжилтад хүрсэн хүмүүсийн дунд байна шүү дээ. Яагаад тэднээс амжилтад хүрэхэд юу тусалдаг талаар асууж, түүнийг бусдад дамжуулж болохгүй гэж” гэсэн бодол төрсөн юм.
Ингээд долоон жилийн хугацаанд хийсэн 500 ярилцлагын дараа Ted-д илтгэл тавигчдыг юу амжилтад хөтөлснийг та бүхэнтэй хуваалцъя.
1.Хүсэл тэмүүлэл
Фрийман Томас хэлэхдээ “би хүсэл тэмүүллээрээ хөтлүүлдэг” гэсэн юм. TED-чид мөнгөний төлөө хөөцөлдөхөөс илүү өөрийн хүсэл тэмүүллээ дагадаг. Сонирхолтой нэг зүйл нь, хэрвээ чи хийж байгаа зүйлдээ дурлах аваас мөнгө өөрөө аяндаа дагаад ирдэг.
2.Шаргуу хөдөлмөр
Руберт Мурдок надад нэг удаа “Шаргуу хөдөлмөрлө. Амар хялбар бүтдэг зүйл гэж нэг ч үгүй. Гэхдээ надад энэ зүйл их зугаатай байдаг” гэж хэлж байсан. Хариуд нь би “Зугаатай гэнэ ээ? Чи надаар тоглоод байна уу Руберт” гэж асуусан юм. Харин тэр торох зүйлгүй “тийм” гэж хариулсан юм даа. TED-чид шаргуу ажилладаг хэрнээ түүгээрээ мөн зугаацаж чаддаг. Тэд ажилдаа улайрсан хэнээтнүүд биш, харин ажлаасаа баяр баяслыг авагчид гэдгийг би ойлгосон.
3.Хамгийн сайн нь байх
Алекс Гарден “Амжилтад хүрэхийн тулд нэг зүйлийг сонгон авч, тэр талаараа гүнзгий мэргэш” гэж зөвлөсөн. Үүнд ямар ч ид шид хэрэггүй, ердөө л туршлага хуримтлуулах явдал.
4.Төвлөрөл
Норман Жевисон надад хэлэхдээ “ямар нэг зүйлд өөрийн анхаарлыг төвлөрүүлж сурах нь чухал” гэсэн юм.
5.Шаардлага
Өөрийгөө бие махбод болоод оюун санааны тал дээр ямагт шахалтад оруулж, шаардлага тавих ёстой тухай Девид Галло хэлж байсан. Тухайлбал, ичимхий, өөртөө итгэлгүй байдлаа орхихыг өөрөөсөө шаардах хэрэгтэй. Голди Хавн үргэлж өөртөө итгэдэггүй нэгэн байсан бөгөөд “Би хангалттай сайн биш, би хангалттай ухаалаг биш, тиймээс би энэ зүйлийг хэзээ ч хийж чадахгүй” гэж өөрийг голдог байснаа хуучилж байсан удаатай. Ингээд харахаар өөрийгөө шахаж шаардах нь тийм ч амар зүйл биш гэдэг нь тодорхой. Тиймээс л ээж гэж хүн бий (инээв).
6.Үйлчил
Шервин Нуланд “эмч болж үйлчлэх нь надад нэр төрийн хэрэг юм” гэсэн байдаг. Өнөөдөр олон хүүхдүүд саятан болохыг хүсдэгээ хэлдэг. Харин би тэдэнд хамгийн түрүүнд хэлдэг зүйл бол “одоохондоо чи өөртөө ч тусалж чадахгүй шүү дээ. Чи бусад хүмүүст ямар нэгэн үнэ цэнэтэй зүйлээр үйлчлэх хэрэгтэй. Учир нь хүмүүс ийм байдлаар саятан болдог юм” гэж хэлдэг.
7.Шинэ санаа
TED-ийн илтгэгч Билл Гэйтс “Надад нэг санаа төрсөн. Тэр бол микро компьютерийн программ хангамжийн хамгийн анхны компанийг байгуулах талаар юм” гэсэн байдаг. Мэдээж түүний санаа үнэхээр сайхан санаа байсан шүү дээ. Бүтээлч байж, шинэ санаа гаргахад ид шид хэрэггүй. Хамгийн хялбар зүйлсийг л хийхэд хангалттай.
8.Цөхрөлтгүй урагшлах
Жое Краус хэлэхдээ, “Шаргуу байдал бол биднийг амжилтад хүргэх нэн тэргүүний, хамгийн чухал шалтгаан” гэсэн юм. Шаргуу байж чадаж байж уналт, бүтэлгүйтлийг давж гарна. Энэ нь шүүмжлэл, гологдол, өөдгүй муу хүмүүс, дарамт шахалтыг хэлж байгаа юм.
Үүнийг хэрэгжүүлэхэд их энгийн. Надад итгээд дээрх найман зарчмыг өөртөө төлөвшүүл. Энэ бол амжилтад хүргэх гол түлхүүр юм. Надтай ярилцсан бүх TED-чиддээ маш их баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн