Open iToim app
Тэд бидний тухай | 3 мин уншина

Америкт амралтын газрууд Монгол гэрээр "гангарах" болжээ

Америкт амралтын газрууд Монгол гэрээр "гангарах" болжээ
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 29
"Insider" сайт Америк дахь Монгол гэрээр тохижсон амралтын газруудыг онцолжээ . Ингэхдээ "Төв Азийн нүүдэлчдийн МЭӨ 600 оноос хойш ашиглаж буй дугуй модон гэр бол байгалийн сайхныг мэдрэх дуртай аялагчдын сонгон тухлах ёстой байр юм. Мод болон эсгийгээр хийдэг энэхүү гэр гайхалтай тав тухтай орчинг мэдрүүлэхээс гадна хөгжилтэй амьдралын хэв маягийг бий болгоно" гэжээ. Ингээд тус сайт Америк дахь Монгол гэртэй амралтын газруудыг онцолсныг хүргэж байна.
Калифорнийн Биг-Сур дахь "Treebones" ресорт

"Treebones" ресорт Монгол гэрийг "дижитал ертөнцөөс салгах хамгийн сайн арга замуудын нэг" хэмээн нэрлэж, ийм орчныг ч бүрдүүлжээ . Энэхүү амралтын газарт нийт 16 Монгол гэр байрлах бөгөөд тус бүр нэг том ор, жижиг ширээ, сандал, ном унших гэрэл болон шаардлагатай цахилгаан хэрэгслүүд байдаг аж.

Мөн усны талаар санаа зоволтгүй бөгөөд гэр тус бүрт нэг угаалтуур, халуун хүйтэн ус ашиглах боломжтойгоор барьжээ. Гэрийн хэмжээ болон далай, уултай ойр, эсэхээс шалтгаалж хоногийн мөнгө 263-350 ам.долларын хооронд хэлбэлздэг байна.
Техасын Марфа дахь "El Cosmico" амралтын газар

6.2 диаметртэй энэхүү гэрийн дотоод заслыг гайхалтай шийдэж өгчээ. Тус амралтын газарт хоёр гэр байдаг бөгөөд хоногийн мөнгө нь 65 ам.доллар аж.

Модон шал, том ор, ширээ, буйдан болон хувцасны шүүгээ, тогны залгуур, гэрэл зэрэг бүх зүйлийг цогцлоож чадсан энэхүү гэрийн хажууд ариун цэврийн өрөө болон усанд орох өрөөн тусад нь бэлджээ.
Калифорнийн Малибу дахь “Airbnb”

Энэхүү амралтын газарт нэг хоноход 165 ам.доллар аж. Гэр доторх орыг шат хийж, давхар ор маягаар шийдэж өгсөн нь зай хэмнэх шилдэг санаа болжээ. Түүнчлэн буйдан, плитка, хөргөгч зэрэг гал тогооны бүх хэрэгслийг шийдэж өгчээ. Гэрийн гадаа амрах саад болон жижиг бассейн хийж өгсөн нь цогц шийдэл болжээ.
Хойд Каролины Ашвилл дахь “Asheville Glamping” амралтын газар

Зургаан хүн орох боломжтой энэхүү гэр нь дотроо унтлагын өрөө болон амрах хэсэг зэргийг тохижуулж өгчээ. Гал тогооны өрөө болон ариун цэврийн өрөөг бас мартаагүй байна. Ариун цэврийн өрөөнд шүршүүр болон жорлон зэргийг шийдэж өгчээ. Энэ гэрт хоноглох нэг хоногийн мөнгө 155 ам.доллар.
Индианагийн Бристоу дахь “Mary Rose”-ийн ферм

Энэхүү гэрт Индиана мужийн Бристоу дахь нэгэн гэр бүл амьдардаг байна. Гэхдээ тэд энэ жилээс гэрээ жилийн турш нээлттэй болгон, зочид хүлээн авч эхэлсэн байна. Ингэхдээ зочдоос нэг хоногийн 99 ам.доллар авдаг аж. Гэрт байж болох бүхий л зүйлийг нэг дор шийдсэн энэхүү гэр нь нуур болон ферм, ой модоор хүрээлүүлэн оршдог байна.
Хойд Каролины Брисон хот дахь “Sky Ridge” амралтын газар
“Great Smokey” уул болон түүнийг тойрон байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байгуулагдсан энэхүү амралтын газрын гэрт гал төгөө, ор, агааржуулагч, халаагуур, шүршүүр, зурагт, Wifi гээд орчин үеийн амьдралд хэрэгцээтэй бүх зүйл байдаг. Энэ гэрт хонохын тулд 84 ам.доллараар захиалга өгөх хэрэгтэй аж.

Колорадогийн Фишхүк дэх “Sun Valley” амралтын газар

Уулын оройд орших энэхүү амралтын газар нь нэг дор 14 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, халаагуур болон нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаантай аж. Нэг хоногийн түрээсийн үнэ 350 ам.доллар.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн