Дэлхийн 170 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлдэг "America's Next Top Model" реалити шоуг Монголд хийхээр болжээ. Нэвтрүүлгийн албан ёсны Монгол хувилбарыг хийх эрхийг Монголын "Боловсрол" телевиз авсан байна. Тус телевизийн хамт олон АНУ-ын "CBS Studios International" компани энэ талаар тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд "Mongolia's Next Top Model" нэвтрүүлгийг 16 ангитайгаар хийхээр болжээ. Загвар өмсөгчдөд ажлын гараагаа эхлэх, томоохон загварын агентлагуудтай хамтран ажиллах боломжийг нээж өгдөг тус нэвтрүүлгийг анх 2003 онд АНУ-д цацсанаас хойш өдгөө 22 бүлэг нэвтрүүлэг гараад байгаа юм. "Боловсрол" телевизийн гүйцэтгэх продюсер Г.Ханхүү энэхүү төслийг хариуцан ажиллаж байгаа бололтой. АНУ-ын загвар өмсөгч Тайра Бэнксийн хөтлөн явуулдаг "ANTM" нэвтрүүлгийн Монгол хувилбарыг одоогоор хэн хөтлөн явуулах нь тодорхой бус байна. Тус нэвтрүүлгийн албан ёсны эрхтэй хувилбарыг улс орон бүрийн алдартай, туршлагатай загвар өмсөгч хөтөлдөг билээ.