Open iToim app
Халуун цэг | 5 мин уншина

Америкийг үзэн ядах Хойд Солонгосын шалтгаан

Америкийг үзэн ядах Хойд Солонгосын шалтгаан
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 23
Долоо хоногийн аль ч өдөр БНАСАУ-аас АНУ-ын эсрэг “империалист, түрэмгийлэл, дайсагнал” бүхий үзэл суртлыг тасралтгүй явуулсаар байна. Хойд Солонгосын удирдагч Ким овогтны гэр бүл сүүлийн 70-аад жил “Америкууд бол бидний үүрдийн дайсан” гэсэн үзэл санааг иргэдийнхээ оюун санаанд шигтгэж байна. Эрт үеэс “ов мэхтэй америк чоно”-оос болгоомжилж, алж устгахыг тэд сургадаг байв. Хүүхдийн цэцэрлэг болон хүүхэд асрах төвүүдийг буу, гар бөмбөг барьсан амьтдаар чимэглэсэн байдаг тухай мэдээлэл бий. Хойд Солонгосын хүүхэлдэйн кинонд Америкийн чононуудыг Хойд Солонгосын хэрмэн цэргүүд устгаж байгаа тухай үзүүлдэг нь үүний тод баталгаа.
Сөүлийн Их сургуульд багшилдаг Хойд Солонгосын суртал ухуулгын шинжээч Татиана Габроуссенко хэлэхдээ “Хойд Солонгос дайны сэтгэлгээн дээр амьдардаг бөгөөд Америкийн эсрэг үзэл суртал нь дайны үеийн үзэл суртал бөгөөд энэ нь одоо ч хэвээр оршин байна” гэжээ. Үнэхээр Солонгосын хэрцгий дайн тэдний дотор одоо ч хэвээр үлдсэн байж мэдэх юм.
Сүйрэл мөхөл болоод үгүйрэн хоосрол
“Мартагдсан дайн” гэж нэрлэгддэг Солонгосын дайн Хойд Солонгосын иргэдэд америкууд сүйрэл мөхөл, үгүйрэл хоосрол авчирсан нь мартагдсан дайны мартагдсан дурсамжийн нэг хэсэг” гэж Сөүлийн Ёнсей их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн профессор Жон Делури хэлсэн байна. Мөн тэрээр “Гэхдээ энэ бүхэн Хойд Солонгосчуудын ой тоонд нэвт шингэсэн хэвээр байна” гэжээ. Өмнө нь Японы захиргаадалтад байсан Солонгосын хойг Дэлхийн II дайны төгсгөлд хоёр хуваагдсан. НҮБ байгуулагдаж дэлхийн газрын зураг шинээр бүрэлдэн бий болох үед Солонгосын асуудал мөн л шинээр тавигдсан гэхэд болно. АНУ болон ЗХУ-ын гэрээгээр Солонгосын хойгийг 38 дугаар өргөргөөр хоёр хуваах асуудлыг тохиролцсон бөгөөд уг гэрээний дагуу ЗХУ-ын арми 1945 оны наймдугаар сард өргөргөөс хойшхи нутагт буюу одоогийн Хойд Солонгост, АНУ 1945 оны есдүгээр сард 38 дугаар өргөргөөс өмнөх нутаг болох Өмнөд Солонгост хяналтаа тогтоов. Ийнхүү Солонгос улс хоёр хуваагдаж “Мартагдсан дайн”-ы эхлэл тавигдсан билээ.
1947 оны зун ЗХУ-ын дэмжлэгтэй Ким Ил Сун буюу бидний сайн мэдэхээр Ким Ир Сенээр толгойлуулсан коммунист Засгийн газар байгуулагдсан байна. Ким Ил Сунаар толгойлсон умардууд дайны үед японуудын эсрэг хүчтэй тэмцэж явсан партизануудаас бүрдэж байв. Ким Ил Сун нэг үндэстэн хоёр өөр Засгийн газартай байх ёсгүй. Тиймээс эх орноо ямар ч үнээр хамаагүй нэгтгэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байж АНУ-ын дэмжлэгтэй Засгийн газрын эсрэг дайнд бэлтгэж эхэлжээ.
Харин нөгөө талд НҮБ-ын дэмжлэгтэйгээр сонгууль болж өмнөд солонгосууд Засгийн газраа байгуулсан боловч АНУ-ын дэмжлэгтэйгээр Америкт боловсрол эзэмшсэн коммунизмыг эсэргүүцэгч “Ардчилсан үзэлтэй” Ли Сын Манаар шинэ Засгийн газрыг сольсон байдаг.

АНУ болоод ЗХУ-ын хувьд аль аль нь нийт Солонгосыг өөрийн удирдлагад нэгтгэх зорилготой байлаа. Ийнхүү 1950 оны зургадугаар сарын 25-ны өдөр Хойд Солонгосын арми нь их бууны галын дэмжлэгтэйгээр 38 дугаар өргөргийг зургаан дивиз, 150 Т-34 танкийн хүчээр давснаар дайн эхэлсэн.
Ким Ил Сун Өмнөдийг эзлэх дайн дэгдээсэн нь гурван жил үргэлжилсэн Солонгосын дайн гэгдэж гурван сая солонгос хүний амийг авсан юм. Гэвч дайны дараа тэд анхны байрандаа буцан ирж 38 дугаар өргөргөөр хиллэсэн хэвээр үлджээ. Дайны уршгаар хоёр улсын үйлдвэрлэл, дэд бүтцийн 80 гаруй хувь нь бүрэн устаж, орон сууцны фондын 50 хувь, засаг захиргааны барилга байгууламжийн гуравны хоёр нь бүрэн устсан гэдэг. Үүнээс 70-аад жилийн дараа ч олон сая хүний амь үрэгдсэн ч 38 дугаар өргөргийн дагуух хил дэлхийн хамгийн маргаантай, халуун цэг хэвээр байгаа нь харамсалтай.
Дайны үед Америк Хойд Солонгост хэрхэн хандав
Солонгосын дайны үеэр АНУ Солонгост 635 мянган тонн бөмбөг хаясан байдаг бөгөөд 32557 тоннын түүхий бензин хэрэглэсэн талаар “Хойд Солонгосын дайн” номондоо Чикагогийн Их сургуулийн профессор Брюс Кумингс тэмдэглэгдэн үлдээсэн байдаг.
Дайны энэ гурван жилд хожим америкуудын үүсгэж 13 жил үргэлжилсэн Вьетнамын дайны үед хаяснаас илүү их шатаагч бөмбөгийг Хойд Солонгосын нутагт хаясан байдаг. Ийм ч учраас хойд нутагт барилга байгууламж гэх зүйлгүй үнс нурам үлдсэн гэдэг. Америкууд агаарын бөмбөгдөлтөө “Нийгмийн болон сэтгэлзүйн дайн” хэмээн нэрлэж атомын, химийн, биологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөн сүрдүүлж, улмаар энгийн иргэд, тэдний орон гэрийг зориуд бөмбөгдөн, ард иргэдийг нь өлсгөлөнгөөр буулгаж авахыг хичээж байв.
Ерөнхийлөгч Жон Кеннеди ба Линдон Жонсоны засаг барьсан 1961-1969 онуудад Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Дин Раск хэлэхдээ “АНУ Хойд Солонгос дахь устгаж, нурааж болохоор бүгдийг бөмбөгдсөн” гэв. Америкийн бөмбөгдөгч онгоц тухайн үед тариалангийн талбай, цахилгаан станц, усалгааны далан гээд гээд бүгдийг бөмбөгдсөн байдаг. Энэхүү бөмбөгдөлт Хойд Солонгосыг үнс нурам болгож ард түмнийг нь эмгэнэлтэй байдалд ороход хүргэсэн гэж Колумбийн их сургуулийн Солонгос судлалын тэнхимийн профессорЧарльз Армстронг хэлсэн байдаг.
Дайсагнал одоо ч үргэлжилсээр
Ким овогтны дэглэм одоогийн нөхцөл байдал, тэр дундаа эдийн засгийн хориг арга хэмжээнд АНУ-ыг байнга буруутгаж, хүмүүсийн айдсыг хадгалж байдаг. Энэ нь гадаад аюулын эсрэг ард иргэдийг нэгтгэхэд тусалдаг байж болох юм.
“Америкийн эсрэг байдал бол Хойд Солонгосын Засгийн газрын үзэл суртлын хэрэгсэл юм” гэж Сөүл дэх Бодлого судлалын “Асан” хүрээлэнд хамааралтай Хойд Солонгосын талаар судладаг Петр Вард хэлжээ. Сүүлийн саруудад АНУ, Хойд Солонгосын хооронд үүссэн зөрчилдөөн ширүүсч, улмаар Хойд Солонгос өөрийн үзэл суртлын машиныг дахин эргүүлж түүнийгээ “туршилт” нэрээр пуужин хөөргөх замаар илэрхийлж байна.
Хэдийгээр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп “Ким Чен Унтай уулзахдаа таатай байна” гэж хэлж байгаа ч тэрээр удаа дараа Хойд Солонгост хүч хэрэглэх талаар сүрдүүлэг хийсээр байгаа. АНУ-ын Дайны харгислалын музей Хойд Солонгосын Синчонд байдаг бөгөөд Солонгосын дайны үеэр АНУ Хойд Солонгосын энгийн иргэдийг хэрхэн хоморголон устгаж, эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийг хэрхэн эрүүдэн шүүснийг харуулдаг. Тэд үүгээрээ Америкийн харгислалыг ард иргэддээ үргэлж сануулсаар байдаг гэмээр.
Хойд Солонгос 1950 оноос хойш өнөөг хүртэл Америк болоод Өмнөд Солонгостой дайсагналцсан хэвээр л байна. Магадгүй хэзээ нэгэн цагт Ким овогтны эрх дархыг түлхэн унагааж Хойд Солонгосын дэглэм өөрчлөгдвөл АНУ-тай дайсагнасан тэдний 70-аад жилийн үзэн ядалт тайлагдаж, энэ олон жилийн тэмцэл дуусгавар болж мэдэх юм. Мартагдсан дайны мартагдаагүй дурсамжууд одоо ч хөвөрсөөр. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн